2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-нд зориулсан дуунуудын жагсаалтад "GOALS" дуу нэмэгдлээ


1962 оны Чили улсын ДАШТ-ээс хөл бөмбөгт зориулж тусгайлан дуу гаргах уламжлал эхэлсэн түүхтэй. Тодруулбал, тухайн үед "Los Ramblers" хамтлаг "El Rock del Mundial" хэмээх дууг уг үйл явдалд зориулан гаргаж байжээ.
Энэхүү уламжлалт ёсоор 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ зориулан Dai Dai, Echo, Lighter, Por Ella, Illuminate зэрэг дуунуудыг цацаад байсан бол өчигдөр буюу 5-р сарын 21-нд "GOALS" хэмээх дуу уг жагсаалтад нэмэгджээ. Тус дууны продюсероор Грэммийн шагналт хөгжмийн продюсер Cirkut ажиллаж, Афробитийн од Rema, Өмнөд Солонгосын BLACKPINK хамтлагийн гишүүн LISA, Бразилын дуучин Anitta нар хамтран бүтээжээ.
Өмнөх үеүдэд дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийг нэгтгэх зорилгоор тухайн цаг үеийн шилдэг уран бүтээлчид хамтран дуу гаргадаг байсан бөгөөд эдгээрээс үзэгчдийн сэтгэлд хоногшсон зургаан дууг түүвэрлэн хүргэж байна.

- Queen хамтлагийн “We Are the Champions” дууг 1994 оны ДАШТ-ний үеэр эгшиглүүлснээс хойш спортын ялалтын гол сүлд дуу болж мөнхөрчээ.
- 1998 онд цацагдсан Ricky Martin - The Cup of Life дуу нь Латин Америкийн эрч хүчтэй хэмнэлийг хослуулсан бөгөөд ДАШТ-ний түүхэн дэх хамгийн шилдэг дуу гэгддэг.
- Shakira - Waka Waka (This Time for Africa) дуу нь 2010 онд цацагдаж бүх цаг үеийн хамгийн их хандалттай, хамгийн алдартай хөл бөмбөгийн дуу болсон юм. Уг дуунд Африкийн уламжлалт хэмнэлийг орчин үеийн поп урсгалтай хослуулсан бөгөөд Шакирагийн бүжиг дэлхий даяар тренд болсон.
- We Are One (Ole Ola) дууг 2014 онд Питбулль, Женнифер Лопес, Клаудиа Лэйтте нар хамтран гаргаж, уг дуугаар тэмцээнийг нээж байжээ.
- Shakira - La La La (Brazil 2014) дууны клипэнд Лионель Месси, Неймар, Сеск Фабрегас, Серхио Агуэро, Жерар Пике зэрэг дэлхийн шилдэг хөл бөмбөгчид тоглосон бөгөөд тэмцээний албан ёсны сүлд дуу болох "We Are One (Ole Ola)" дууг хандалтаараа давж, хөгжөөн дэмжигчдэд илүү их таалагдсан дуу гэж үздэг.
- Jung Kook ft Fahad Al Kubaisi - Dreamers дуу нь 2022 оны Катарт болсон ДАШТ-ий нээлтийн үеэр дуулагдсан бөгөөд YouTube болон стриминг платформд богино хугацаанд хандалтын дээд амжилтуудыг тогтоосон юм. Мөн BTS хамтлагийн Jung Kook нь ДАШТ-ний албан ёсны сүлд дууг нээлтийн стадионд биечлэн дуулсан анхны Солонгос уран бүтээлч болсон юм.
Эх сурвалж: FIFA World Cup 2026
Сэтгүүлч: А.Дүүрэнбилэг
Сэтгэгдэл