Итгэлцлийн эдийн засаг: Бүтээгдэхүүн, үйлчилгээ хангалттай бий боловч хариуцлагатай удирдлага ховор байна

2026.05.295 минут унших
Итгэлцлийн эдийн засаг: Бүтээгдэхүүн, үйлчилгээ хангалттай бий боловч хариуцлагатай удирдлага ховор байна - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Өнөөдөр Монголын бизнесийн орчинд тулгамдаж буй хамгийн том сорилт нь эдийн засгийн мөчлөг эсвэл хөрөнгө оруулалтын хэмжээнээс илүүтэйгээр итгэлцэл болоод байна. Итгэлцэл суларсан нөхцөлд хамтын ажиллагааны тогтвортой байдал алдагдаж, хүний нөөцийн тогтворгүй байдал үүсэж, хөрөнгө оруулалтын идэвх болгоомжлох төлөвт шилждэг. Үндсэндээ итгэлцэл нь байгууллагын нэр хүндээс гадна эдийн засгийн өсөлтийг тодорхойлогч суурь хүчин зүйл юм.

Дэлхийн үнэт зүйлийн судалгааны (World Values Survey) сүүлийн үеийн дүнгээс үзэхэд Монгол Улсад хүмүүс хоорондын итгэлцэл 15-18%-тай байгаа нь дэлхийн дунджаас доогуур үзүүлэлт юм. Энэ нь бид нийгмийн гишүүдэд итгэхээс илүүтэй зөвхөн өөрийн хүрээлэлд найдах хандлага давамгайлж байгааг харуулна. Өөрөөр хэлбэл, монголчууд гэр бүл, найз нөхдөдөө өндөр итгэлтэй байдаг ч институц, нийтийн систем болон танихгүй хүмүүст болгоомжтой ханддаг, харин хувийн харилцаанд итгэх итгэлцэл харьцангуй өндөр нийгэмд хамаардаг ажээ.

Итгэлцлийн эдийн засаг: Бүтээгдэхүүн, үйлчилгээ хангалттай бий боловч хариуцлагатай удирдлага ховор байна нийтлэлийн зураг

Мөн SICA судалгааны байгууллагын “Нийгмийн үеийн судалгаа”-гаар монголчуудын ирээдүйдээ итгэх итгэл сүүлийн таван жилд 14.8%-иар буурсан байна. Энэ нь бизнесүүдийг урт хугацааны алсын хараатай ажиллахаас илүү богино хугацааны ашиг эрэлхийлэхэд түлхэж буй хэрэг юм. Итгэлцэл сул орчинд гэрээ хэлцэл, хяналт шалгалтын зардал өсдөг буюу “итгэлцлийн татвар” үүсдэг болохыг МҮХАҮТ-ын “Red Tape Index” судалгаа ч харуулна.

Итгэл бол PR биш, харин байгууллагын зан чанар

Итгэлийг зөв имиж, контент эсвэл маркетингийн ажилтай андуурах нь түгээмэл. Гэвч бодит байдал дээр итгэлцэл гэдэг нь цаг хугацааны явцад төлөвшсөн зан чанарын илэрхийлэл юм. АНУ-ын Флорида их сургуулийн 2025 онд гаргасан “Ажлын байран дахь итгэлцлийг бий болгодог бодит хүчин зүйлсийн судалгаа”-нд итгэлцэл нь зөвхөн нөгөө талын чадвараас гадна урт хугацаанд бий болсон зан төлөв, тууштай байдал, мэдээллийн ил тод орчноос хамаардаг гэж дурдсан байдаг байна.

Итгэлцлийн эдийн засаг: Бүтээгдэхүүн, үйлчилгээ хангалттай бий боловч хариуцлагатай удирдлага ховор байна нийтлэлийн зураг

Байгууллагын нэр хүнд дараах хүчин зүйлсийн давтамж дээр тогтдог:

  • Ажилтнуудтай харилцах соёл болон шударга үнэлэмж;
  • Алдаа гаргасан үедээ хүлээх хариуцлага;
  • Ашигтай болон хүнд үед зарчмаасаа хазайдаггүй байдал.

Харин Монголын бизнесийн орчинд бид заримдаа том харагдахад хэт анхаарч, тогтвортой итгэл төрүүлэхээ орхигдуулах тохиолдол бий. Гэтэл урт хугацаанд ялдаг байгууллагуудын нийтлэг чанар нь түр зуурын анхаарал татахаас илүү тогтвортой итгэлцэл байдаг. Өнөөдөр зах зээл дээр бүтээгдэхүүн, үйлчилгээ хангалттай бий боловч хариуцлагатай удирдлага ховор байна. Шинэ үеийн ажилтнууд болон хэрэглэгчид зөвхөн санхүүгийн үзүүлэлтийг чухалчлахаа больж, байгууллагын үнэт зүйл болон удирдлагуудын баримталдаг зарчмыг илүү анхаардаг болж. Тэгэхээр ирэх арван жилд Монголын бизнесийн орчинд их хөрөнгөтэй байгууллагуудаас илүүтэй “итгэлцлийн капитал” өндөр компаниуд хүчтэй өсөх төлөвтэй байна.

Залуу үе итгэл төрүүлэхүйц, үнэн орчинг хүсэж байна

Монголын хүн амын дийлэнх хувийг эзэлж буй залуучуудын итгэлийг хүлээхгүйгээр бизнесийн ирээдүйг төсөөлөхөд бэрх. Залуучууд өнөөдөр төгс дүрээс илүү үнэн бодит буюу алдаа дутагдалдаа бодит дүгнэлт хийж чаддаг, амьдрал дээр үлгэрлэдэг ажлын орчин, удирдагчийг хүндэтгэх болсон.

Нөгөө талаас ажил болон амьдралын тэнцвэр, багийн соёл, хариуцлага хүлээх чадвар зэрэг нь өнөө цагийн манлайллын салшгүй хэсэг болоод байна. Энэ ч утгаараа SICA-гийн судалгаанд илэрч буй залуу үеийн ирээдүйдээ итгэх итгэлийн хүлээлтийг нөхөх гол хөшүүрэг нь эдгээр чанарууд юм.

Монголын нийгэмд танил тал буюу ойрын хүрээлэлд тулгуурласан итгэлцэл давамгайлсаар ирсэн. МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн 2024 оны судалгаанд төрийн байгууллагад итгэх итгэл буурах тусам хүмүүс институцээс илүү хувийн сүлжээ, танил талдаа найдах хандлага өсдөг хэмээн тайлбарласан байдаг. Энэ нь бизнесийн хүрээнд өөрийн хүнийг ажилд авах, гэрээ хэлцлийг хувийн харилцаагаар шийдвэрлэх зэрэг институцийн бус тогтолцоо нэмэгдэхэд нөлөөлж байна.

Итгэлцлийн эдийн засаг: Бүтээгдэхүүн, үйлчилгээ хангалттай бий боловч хариуцлагатай удирдлага ховор байна нийтлэлийн зураг

Гэтэл орчин үеийн бизнесийн амжилт нь танил талаас илүү системдээ итгэдэг соёл руу шилжихийг шаарддаг. Бусдад залилуулахгүй байх гэсэн хамгаалалтын сэтгэл зүй давамгайлсан орчинд бизнесийн хурд удааширч, хамтын ажиллагааны өртөг өсдөг. Тиймээс итгэлцлийг хариуцлагын тогтолцоог нутагшуулах замаар сэргээх нь бидний хамтын даалгавар болоод байна.

Итгэлцэл хувь хүнээс эхэлдэг

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар “итгэлцлийн хямрал” нүүрлэж буйг Edelman Trust Barometer онцолсон. Манай улсын хувьд ч хууль дүрэм хүн бүрд тэгш үйлчилдэггүй гэх ойлголт, томоохон хэргүүд шийдэгдэхгүй удах, сошиал орчин дахь хэт сөрөг мэдээллийн урсгал зэрэг нь иргэдийн итгэх итгэлцлийг сулруулахад нөлөөлж байна. Гэтэл өндөр итгэлцэлтэй улс орнуудад бизнесийн зардал буурч, хамтын ажиллагаа сайжирч, инновац, иргэдийн оролцоо нэмэгддэг талаар олон улсын судалгаанууд онцолсоор байгаа юм.

Гэвч бизнесийн орчин дан ганц хууль эрх зүй, бодлого эсвэл эдийн засгийн мөчлөгөөр хязгаарлагдахгүй. Үүнийг хувь хүн, байгууллагын өдөр тутмын жижиг шийдвэрүүд бүрдүүлдэг.

  • Амлалтаа биелүүлэх;
  • Ажилтнуудаа сонсох;
  • Алдаагаа хүлээн зөвшөөрөх;
  • Хүнд үед ч зарчмаа хадгалах. Эдгээр нь энгийн мэт боловч бодит итгэлцлийг бий болгодог суурь алхмууд юм.

Өнөөдөр Монголын бизнесийн орчинд хүчтэй дуу хоолойноос илүүтэй итгэл даах чадвартай удирдагчид хэрэгтэй байна. Учир нь итгэлцэл бол зөвхөн нэр хүндийн асуудал биш эдийн засгийн хөгжлийг түүчээлэх хамгийн хүчтэй хурдасгуур юм.

Богд банк ХК-ийн Байгууллагын банк хариуцсан дэд захирал, Бодь даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга Болдхуягийн Билэгт

Итгэлцлийн эдийн засаг: Бүтээгдэхүүн, үйлчилгээ хангалттай бий боловч хариуцлагатай удирдлага ховор байна нийтлэлийн зураг

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Итгэлцлийн эдийн засаг: Бүтээгдэхүүн, үйлчилгээ хангалтта...