

Хэрэгтэй үедээ ашиглах жижиг зүйлсээс эхлээд ажлын салшгүй хэрэгсэл, үргэлж биедээ авч яваад, гаргаж ирж уншдаг ном гээд хүн бүр цүнхэндээ заавал авч явдаг зүйлтэй. Hunting цувралынхаа энэ удаагийн дугаараар оффисын таван өөр мэргэжилтэй охидыг урьж, өдөр тутамд цүнхэндээ юу авч явдгийг нь сонирхлоо.
График дизайнер Б.Номин: Хэрэглэж байгаа зүйлс, өмсөж буй хувцсаа аль болох өнгөлөг байхад нь дуртай

Би график дизайнер мэргэжилтэй. Миний хувьд дизайнерын ажил гэдэг зүгээр л зураг зурж, өнгө сонгохоос илүүтэй өдөр бүр шинэ санаа эрэлхийлж, түүнийгээ бодит бүтээл болгох үйл явц байдаг.
Саяхан би инстаграм дээр "бидний амьдрал бага багаар өнгөө алдаж байна" гэсэн агуулгатай нэг пост харчхаад юмс илүү цэвэрхэн, минимал хэв маягтай болохын хэрээр хүмүүсийн хэрэглэдэг зүйлс ч өнгө багатай, нэг хэвийн болж байгаа юм шиг санагдсан. Харин би хэрэглэж байгаа зүйлс, өмсөж буй хувцсаа аль болох өнгөлөг байхад нь дуртай. Өнгө бүр өөрийн гэсэн мэдрэмжийг төрүүлдэг болохоор сэтгэл санаа ч илүү өөдрөг, тав тухтай байдаг юм шиг санагддаг. Тийм учраас эргэн тойрноо дандаа гоё өнгөөр будаарай гээд цүнхэнд байгаа зүйлсээсээ “99 өнгө” номыг онцолмоор байна.
Гадаад харилцааны менежер Г.Удвал: Эмэгтэй хүн жижигхэн зүйлээ л өөрчлөхөд өөртөө илүү итгэлтэй болчихдог

Би санхүүгийн байгууллагад гадаад харилцааны менежерээр ажилладаг. Миний ажил бүх зүйл тодорхой, дэс дараалалтай байхыг шаарддаг болохоор амьдралын бусад зүйл дээр ч энэ дадал маань шингэсэн юм шиг санагддаг. Цүнхэндээ хүртэл аль болох хэрэгтэй, овор багатай зүйлс авч явахыг хичээдэг гэх үү дээ.
Ажлынхаа хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудтай тогтмол хамтарч ажилладаг болохоор өдөр бүр уулзалт эсвэл онлайн хурлуудад орно. Дээрээс нь оффисын орчин агаар их хуурай болохоор уруул амархан хуурайшчихдаг. Ер нь эмэгтэй хүн жижигхэн зүйлээ л өөрчлөхөд өөртөө илүү итгэлтэй болчихдог шүү дээ. Тиймээс ч уруул өнгөлөгчөө хаана ч явсан цүнхэндээ авч явдаг.
Тогтвортой санхүүжилтийн менежер Б.Урнаа: Яруу найргийн ном хүнээс удаан төвлөрөл шаарддаггүй болохоор зав гарсан үедээ уншихад их ханьтай

Би ажлаа аль болох төвлөрч, богино хугацаанд үр бүтээлтэй хийхийг хичээдэг болохоор өдрийн хоолны дараах хэдэн минутад тархиа ажлаас бүрэн салгаж, өөр зүйлд төвлөрүүлэх дуртай. Сүүлийн үед хамгийн их уншиж, авч явдаг ном маань яруу найрагч Б.Батзаяагийн "Лонхонд байсан шүлгүүд" болоод байгаа. Яруу найргийн ном хүнээс нэг дор удаан төвлөрөхийг шаарддаггүй болохоор иймэрхүү богино завсарлага маягийн үеүдэд их ханьтай байдаг шүү.
Тогтвортой санхүүжилтийн менежерийн хувьд байгаль орчин, нийгэмд эерэг нөлөөтэй санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, байгууллагын тогтвортой хөгжлийн бодлого, олон улсын стандартын хэрэгжилт дээр түлхүү ажилладаг. Миний хувьд хамгийн үнэ цэнтэй нь хийж буй ажил маань байгаль орчин, нийгэмд эерэг нөлөө үзүүлж, илүү тогтвортой ирээдүйд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа гэх мэдрэмж юм даа.
Сэтгүүлч Э.Болор-Од: Над шиг өдөржин хүнд цүнх үүрч явдаг хүмүүст Kindle-ийг л хамгийн түрүүнд санал болгомоор байдаг

Миний мэргэжлийн хамгийн сонирхолтой нь хүмүүсийн түүхийг эрэлхийлж, шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй бусдад хүргэх. Нэг сурвалжилга бэлдэхийн тулд эмнэлэг, төрийн байгууллага, уурхай гээд хаана ч очих хэрэг гардаг учраас ямар ч үед бэлэн байхыг шаарддаг ер нь их гэнэтийн мэргэжил дээ. Ганцхан утасны дуудлагаар өдрийн төлөвлөгөө бүхэлдээ өөрчлөгдөх явдал цөөнгүй. Тиймээс микрофон, нөүтбүүк хоёр бол миний ажлын салшгүй хамтрагч. Бас хэл найруулга, үгийн мэдрэмжээ байнга хөгжүүлж байх хэрэгтэй учраас зав гармагц Kindle-ээ нээгээд хэдэн хуудас уншчихдаг. Өдөржин нөүтбүүк, камер гээд нэлээд хүнд зүйлс авч явдаг болохоор цаасан ном нэмээд хийхээр цүнх бүр хүндэрчихнэ шүү дээ. Тиймээс над шиг өдөржин хүнд цүнх үүрч явдаг хүмүүст Kindle-ийг л хамгийн түрүүнд санал болгомоор байдаг юм.
Хуульч О.Одгэрэл: Хүний хамгийн анхан шатны сэтгэл зүйн хэрэгцээ бол “бусдад хэрэгтэй хүн гэдгээ мэдрэх” байх

Хүний хамгийн анхан шатны сэтгэл зүйн хэрэгцээний нэг нь бусдад хэрэгтэй хүн гэдгээ мэдрэх байх гэж боддог. Хуульч мэргэжлийн хувьд энэ мэдрэмжийг өдөр бүр авч, хэн нэгний ажил, амьдралын чухал мөчид бодитой тус болж чаддаг нь энэ мэргэжлээрээ бахархах нэг шалтгаан.
Ажлын нөхцөл байдал, тухайн асуудлын онцлогоос шалтгаалаад хурал, уулзалтад оролцох, салбар нэгжүүдэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай үед шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах гээд нэгэн зэрэг олон ажил хариуцах үе цөөнгүй. Тийм болохоор хийх зүйлсээ бичиж тэмдэглэхгүй бол хааяа мартчих гээд байдаг. Нөгөө талаас хурал, уулзалтын үеэр утсан дээрээ тэмдэглэл хийхээр нөгөө хүндээ анхаарал хандуулахгүй байгаа мэт, нэг л мэргэжлийн бус сэтгэгдэл төрүүлэх гээд байдаг талтай. Тиймээс тэмдэглэлийн дэвтэр, үзэг хоёр миний цүнхэнд байнга байдаг, хамгийн хэрэгтэй зүйлсийн минь нэг.
Өдөр бүр цүнхэндээ авч явдаг зүйлсээс тухайн хүний ажил, дадал зуршил, сонирхол хүртэл харагддаг ажээ.Hunting цувралын энэ удаагийн дугаараар оффисын ажилтнуудын өдөр тутмын "must-have" зүйлсийг хамтдаа сонирхлоо. Магадгүй уншиж байхдаа "үүнийг би ч бас авч явбал хэрэг болох юм байна" гэж бодсон зүйл нэг биш байсан болов уу. Бидэнтэй цайны цагаа хуваалцаж, цүнхээ сонирхуулсан охиддоо баярлалаа. Харин та тэдний цүнхэн доторх зүйлсийг хараад мэргэжлийнх нь онцлогийг тааж чадсан уу?
Сэтгэгдэл