МУҮДМ Б.Наранбаатар: Шагайн харваа хүнийг тэсвэр тэвчээр, уужуу ухаанд сургадаг

2026.07.135 минут унших
МУҮДМ Б.Наранбаатар: Шагайн харваа хүнийг тэсвэр тэвчээр, уужуу ухаанд сургадаг - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Монголын Үндэсний их баяр цэнгэл наадмын өдрүүдэд манай редакцын баг Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьж Үндэсний Шагайн харвааны асрын хойморт түр саатан “Номт Даншиг” ХХК “Говь Шанх Тити” ХХК багийн ахлагч Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн Б.Наранбаатартай шагайн харвааны тэмцээнийх нь завсраар даруухан ярилцах завшаан тохиосон юм. 

Шагайн харваан домог түүхийн өлгий нутаг гэгдэх Дорноговийн Мандах сумын харьяат тэрбээр өөрийн “Номт Даншиг" ХХК багтайгаа өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны насанд хүрэгчдийн төрөлд үзүүрлэсэн билээ. Ийнхүү энэ жилийн нутгийнхаа наадмыг өндөрлүүлж, төрийн наадамдаа оролцохоор ирсэн энэ цаг үед нь Монгол түмний дунд дэлгэрэн хөгжиж, өдгөө эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадгай болон хөгжөөд буй Шагайн харвааны талаар хууч хөөрөлдсөнөө уншигч та бүхэндээ хүргэж байна. 

Аавынхаа тавьсан сумыг зөөхөөс халширдаг байсан хүү арав гаруй жил шагай харваж явна…

МУҮДМ Б.Наранбаатар: Шагайн харваа хүнийг тэсвэр тэвчээр, уужуу ухаанд сургадаг нийтлэлийн зураг
-Таны үндсэн мэргэжил юу вэ. Анх шагайн харваатай хэрхэн холбогдож байв?

-Би авто ашиглалтын инженер мэргэжилтэй. 2011 онд ҮБХИС-ийг энэ чиглэлээрээ төгссөн. Шагайтай холбогдсон түүх гэвэл, манай аав шагай тоглодог харваач хүн байсан. Би хүүхэд байхаасаа л шагайн хажууд өссөн хэдий ч огт тоглож үзээгүй явлаа. Сүүлд 2014 онд Дорноговь аймагт өрх тусгаарлан суурьшиж, одоогийн Монголын Шагайн харвааны холбооны Ерөнхийлөгч Отгонбаяр ах надад нэг сум өгч, би анхлан сум тавьж үзэж байлаа.

-Аавыгаа дагаж явдаг байсан хэр нь багадаа яагаад харваж үзээгүй юм бэ?

-Аав харвахлаар би сумыг нь зөөх ажилтай болчихдог байсан болохоор тэрнээс жоохон халшраад зугтчихдаг байсан юм. Нөгөөтээгүүр, тэр үед би үндэсний бөхөд их дуртай, барилддаг байсан учраас нэг хэсэгтээ бөхөө хөөсөн. Тэгээд 2014 оноос барилдахаа болиод шагай руу эргэлт буцалтгүй орсон доо.

-Таныг анх харваж эхэлж байх үед шагайн харваа хүмүүсийн сонирхлыг илүү татаж эхэлж байсан үе шиг санагддаг. Тэр үе болон одоогийн харвааг харьцуулбал ямар ялгаа ажиглагддаг вэ?

-Яг 2014 онд Шагайн харвааны их хурал болоод "өрж харвадаг" дүрэмтэй болж байсан юм. Энэхүү дүрмийн өөрчлөлт шинэ залуу харваачдад их урам өгсөн гэж боддог юм. Өрөө хасаанд онох нь арай амархан байдаг юм. Тиймдээ ч 2014 оноос хойш улсын хэмжээнд шагайн харваачдын тоо даруй нэг дахин нэмэгдсэн гэж хэлж болно. Хуучин "тулаа хасаа"-гаар тоглодог байхад Улсын аварга шалгаруулах тэмцээнд үсрээд л 50-60 баг ордог байсан бол одоо "өрөө хасаа"-гаар тоглоход хамгийн багадаа 100 баг өрсөлдөж байна шүү дээ.

-Өрөө хасаа, тулаа хасааны ялгаа юу вэ? 

-Өрж тоглоно гэдэг нь хоёр айл 30 хасаагаа 15, 15-аар нь өрж тоглоод энэнээсээ хасаад явчихдаг гэсэн үг. Харин тулаа хасаанд хоёрхон хасаа л тавьдаг.

МУҮДМ Б.Наранбаатар: Шагайн харваа хүнийг тэсвэр тэвчээр, уужуу ухаанд сургадаг нийтлэлийн зураг

-Хэн нэгний “зоригтой харва” гэж хэлэхийг сонсож байсан юм байна. Зориг дутсан газар сум байндаа хүрэхгүй үе байдаг бололтой?

-Зоригтой гээд давуулаад байлтай биш. Хүн хэт их хичээхээр тодорхой хэмжээний сандрал үүсдэг шүү дээ. Тиймээс өөрөө өөрийгөө чөлөөлж, биеэ барилгүй чөлөөтэй харвахыг л хэлж байгаа байх. 

Харваач бүр өөр өөрийн нясалгааны онцлогтой байдаг л даа. Түлхүү анх заасан багшийн арга барилаар явах нь бий. Мөн тухайн хүний гар хурууны онцлог, уян хатан чанар зэргээс хамаараад нясалгаа нь янз янз л байдаг. Жишээлбэл, нясалгаа чинь сарвайж байгаа учраас их татдаг харваач байна, богино татдаг ч харваач байна. Их сайхан уян нясалгаатай харваач бол тулаа хасаа 3 хоног тоглосон ч нясалгаа нь хатуурдаггүй юм. Түүнээс гадна цаг агаар, биеийн байдал хүртэл харвахад нөлөөлнө шүү дээ.

-Харваач хүмүүс их буурь суурьтай, барагтай бол түрүүлж хөдлөхгүй улс шиг ажиглагддаг. Удаан сууж, анхаарлаа төвлөрүүлдэг нь ийм дадал зуршилд суулгадаг юм болов уу?

-Шагайн харваа бол маш өндөр төвлөрөл шаарддаг спорт. Харваач хүн маш сайн төвлөрч, бусад зүйлсээс өөрийгөө бүрэн чөлөөлж, яг тэр байгаа онох хэмжээнд сэтгэл зүйгээ нягтруулж чадсан цагт л онодог. Би өөрөө гурван хүүтэй хүн. Манай том хүү бас намайг дагаад шагай тоглоод явж байна. Шагайн харваагаар хичээллэсэн хүүхдүүд наад зах нь сууж сурдаг. Ахмад хүмүүсийн үгийг сонсож, хүндэлж сурдаг зэрэг хүүхдийн хүмүүжилд маш эергээр нөлөөлдөг. Тиймээс ч эцэг эхчүүдийг хүүхдүүдээ шагайн спортоор хичээллүүлэхийг уриалмаар байдаг юм.

-Шагай харваж эхэлснээс хойш танд мөн өөрчлөлт гарч байсан байх?

-Өмнө нь спортоор хичээллэдэг байсан болохоор их зориг зүрхтэй, “яавал ч яачихъя” гэсэн омголон явсан үе бий л дээ. Харин шагай тоглоод, харваачдын дунд ороод ирэхээр аливаа зүйлийг чимээгүй өнгөрөөх хэмжээний тэсвэр тэвчээртэй болдог юм байна. 

-Багийн харваачдыг нь харахад дандаа л залуучууд байх шиг байна. “Номт Даншиг” ХХК баг анх хэрхэн нэгдэж байв?

МУҮДМ Б.Наранбаатар: Шагайн харваа хүнийг тэсвэр тэвчээр, уужуу ухаанд сургадаг нийтлэлийн зураг

-Хоёр жилийн өмнө хуучин багаасаа гарч, ахлах сургуулиа төгсөж байсан багийн дүү нараа цуглуулан шинэ баг бүрдүүлсэн. Багаа аваад шууд аймгийнхаа наадамд тоглож тавдугаар байранд орж байлаа. Үүний дараа хүүхдүүдээ бүтэн нэг жил хотод бөөнд нь амьдруулж, хамтдаа тууштай бэлтгэл хийсэн. Ингэж нэг жил бэлдсэний хүчинд өнгөрсөн жилийн Улсын баяр наадамд багаараа дэд байрт шалгарсан даа. Манай хүүхдүүд бүгд Монгол Улсын мэргэн цолны болзол хангаж, бахархам амжилт гаргасан. Одоо ингээд хоёр дахь жилийнхээ улсын наадамд орох гээд байж байна. Манай багийн дундаж наслалт 23-24 л байгаа. Би өөрөө одоо 37 настай, багийнхаа хамгийн ахмад нь. Надтай насаар дөхөх нь 2003 оны манай Буяка байна. Бусад нь дандаа 2004, 2005, 2006 оны, 19-21 орчим насны залуучууд байна даа.

-Манай үеийн залуус бас л хөдөлгөөнтэй шүү дээ. Багийн даргын хувьд дүү нартаа аминчлан захидаг зүйл бий юу?

-Ахмадаа хүндэтгэх, том цолтноо хүндэтгэх шагайн харвааны өөрийнх нь бичигдээгүй хууль бий. Дээрээс нь өөрсдөө Улсын Мэргэн гэх том цолтон болцгоож байна. Тиймээс улсын цолтой хүн чинь дээл хувцсаа зөв сайхан өмсөхөөс эхлээд хүнтэй мэндтэй устай явах хэрэгтэй гэх мэтчилэн байнга л захидаг юм. 

Зөвхөн өөрийн багийнхандаа гэлтгүй, Монголын шагайн харвааны залуу үеийнхэн дунд “Номтын Наранбаатар гэж ийм Үлэмж дархан мэргэн байдаг юм даа” гэж хүндлэгдэх хэмжээнд байх сан гэж хичээдэг. Тиймдээ ч дүү нарынхаа болохгүй байгааг хэлчихдэг, болж байгааг нь дэмжчихдэг байж, өөртөө нэлээн шаардлага тавьж, үг үйлдлээ цэгнэж явдаг даа.

-“Багийн най” гэж юуг хэлж байна вэ. Танай багийн хувьд “багийн най” хэр чухал вэ?

Багийн най гэдэг нь бие биеэ хүндлэх, ахас ихэсээ хүндлэх, үгийг нь сонсох, найз нөхдөдөө хатуурхалгүй уужуу хандаж, багийн найман хүний үзэл бодол, зорилго яг нэг зүгт харахыг хэлж байгаа юм. Үнэхээр багийн най сайтай баг бол хол явна шүү. Манай багийн хувьд ч гар нийлсэн, сайхан "найтай" хамт олон гэж боддог юм. 

-Нэг багийн харваачид үгээрээ бус харцаараа ойлголцдог гэх юм билээ?

-Шагайн харваа жишээ нь, зоолт дээр, доор гэдэг ч юм уу, тоглолтын үед зааж зөвлөх, хэлэхийг дүрмээрээ хориглодог байхгүй юу. Тиймээс сум тавьж байгаа харваачийнхаа барилтын дээр доор зэргийг нь уухайгаараа илэрхийлдэг юм. Магадгүй жоохон доор барьчихсан байвал өндөр дуугаар уухайлах юм уу, өндөр барьсан бол уухайгаа жаахан намсгах маягтай уухай болон харцаараа ойлголцох хэрэгтэй болдог. Тэгж байж л амжилт нэмнэ дээ.

МУҮДМ Б.Наранбаатар: Шагайн харваа хүнийг тэсвэр тэвчээр, уужуу ухаанд сургадаг нийтлэлийн зураг

-Уухайн талаар асуухаар бэлдэж байлаа. Шагайн харвааны салшгүй нэг хэсэг болох уухайн талаар энд дурдахгүй өнгөрч болохгүй байх. 

-Шагайн харваа дуут наадам гэж явдаг. Шагайн уухай бол үндсэндээ уртын дууны  нэг төрөл шүү дээ. Ерөнхийдөө шагайн харвааны уухай гэдэг маань харваачдаа сайхан урамшуулах, оносон оноог нь мялааж байгаа явдал юм. Найны уухай, тэмцээний уухай газар нутгийн онцлогоос хамаараад олон төрлийн уухай бий. Манай Говьсүмбэр, Дорноговийн хойд хэсэг боржигин уухай гэж ярьдаг юм. 

-Дорноговь аймаг шагайн харваагаараа алдартай шүү дээ. Харваачдын өлгий нутагт төрж өссөн хүний хувьд үлгэр дуурайл авдаг хүн бий юу?

-Мэдээж миний ганц үлгэр жишээ авдаг хүн миний аав байсан. Аав минь их сайхан тоглодог хүн байлаа. Бага байхад орой бүр аав сумын төвийн соёлын төвд тоглох гээд явна. Би ч аавыгаа дагаад л явна. Очоод томчуудын тоглож байгааг жаахан сонирхож харж байгаад унтчихдаг. Тэгээд орой тарах үеэр аавдаа үүрүүлээд л харьдаг байлаа. Одоо эргээд бодоход аавдаа үүрүүлээд явж байсан тэр үе миний амьдралын хамгийн сайхан, нандин дурсамж болон үлджээ. 

Мөн Дорноговиос төрөн гарсан бүх цолтнуудаасаа сайхан үлгэр дуурайл авдаг. Миний багш гэж хэлж болохоор Хөдөлмөрийн баатар М.Энхболд ахтайгаа 2015 онд Америк явж ирээд нэг, хоёр жил хамт тоглохдоо нясалгааны техник, тоглолтын явц гээд тэр хүнээс л их зүйл сурсан даа. Мөн Монгол Улсын гарамгай мэргэн Д.Түвшиндэлгэр ахтайгаа жил гаруй хугацаанд хамт тоглосон. Дараа нь МУГМ Батгараг багийн даргатайгаа хамт тоглож аймгийн цолоо хүртэж байлаа. Ийнхүү том цолтой ах нараасаа суралцсан туршлага дээрээ үндэслэн өөрийн "Номт Даншиг" багаа үүсгэн байгуулаад, өнөөдрийг хүртэл явж байна даа.

-Өмнө жилийн Үндэсний их баяр наадамдаа үзүүрлэсэн шүү дээ. Энэ жил өмнөх амжилтаа анхиулахын төлөө зүтгэх нь ойлгомжтой байх?

МУҮДМ Б.Наранбаатар: Шагайн харваа хүнийг тэсвэр тэвчээр, уужуу ухаанд сургадаг нийтлэлийн зураг

-Түрүү жил бид шинэ, залуу бүрэлдэхүүнтэй байсан учраас шууд финалд үлдэнэ гэсэн өндөр хүлээлттэй байгаагүй. Гэхдээ өвөл, хаврын бэлтгэлээ маш сайн базааж, Шагайн холбооны тэмцээнүүдэд дандаа дээшээ шахаж тоглосон. Энэ жилийн хувьд бид өмнө жилийнхээ дутууг гүйцээнэ гэсэн зорилготой байгаа. Харваачдын маань бэлтгэл ч сайхан, хангагдлаа.

-Таны харваж байгаа энэ цаг үе ч гэсэн ирээдүйд түүх болон үлдэнэ. Харин та ямар түүх бүтээхийг хүсэж байна?

-Би наадамд үзэгч байхаас илүүтэй, өрсөлдөх хэмжээний оролцогч явъя гэж боддог юм. Миний хувьд том цолонд хүрнэ гэхээс илүү надад итгээд, хамтдаа түүх бүтээж яваа энэ олон аавын хүүгийн итгэлийг нь зүтгэлээр хариулж, улсын том цолтой мундаг харваачид болгох сон л гэж хүсдэг. Хамгийн чухал нь хүүхдүүдээ амжилтаас гадна хүнтэй зөв боловсон харьцчихдаг, ноён нуруутай, төлөв түвшин сайхан хүн болгож төлөвшүүлэх зорилго, мөрөөдөл тээж явдаг даа.

-Ямар хүнийг сайн харваач гэх вэ. Шагайн харваанд ингэж тодорхойлох сайн, муугийн хэмжүүр байх боломжтой юу?

-Сайн, муу гэхээс илүү “сайхан” гэж нэрлэвэл зохих байх гэж бодож байна. “Тийм сайхан харваач байсан шүү” л гэж хүмүүс их ярьдаг. Харваачийг ганц их оноогоор нь сайн гэж дүгнэх хэцүү л дээ. Тухайн хүний биеэ авч яваа байдал, олон нийтэд өөрийгөө таниулсан байдал, залуу дүү нартаа үлгэр дуурайл үзүүлж, ахмаддаа хүндэтгэлтэй байх гэдэг ч юм уу, хувь хүний ааш араншин их чухал гэж боддог юм. Мянга сайн онодог байгаад ааш муутай бол хэцүү шүү дээ. Тийм хүнийг сайн харваач гэж хэн ч хэлэхгүй. Тэгэхээр би бол сайн, муу гэхээс илүү “сайхан харваач” гэж ярих их дуртай. 

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Цолны дээдийг хүртэхийн ерөөл өргөе!

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

МУҮДМ Б.Наранбаатар: Шагайн харваа хүнийг тэсвэр тэвчээр,...