Тойм: Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн үр дүн


Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтууд Улаанбаатар хотноо өндөрлөж, хэсгийн шатны өрсөлдөөн улам бүр ширүүслээ. Бид энэ өдрийн сонирхолтой үйл явдал, багуудын тоглолтын мэдээлэл болон тамирчдын сэтгэгдлийг нэгтэн хүргэж байна.
Тэмцээний эхний өдөр Монголын шигшээ баг Хонконгийн багийг 3:0 харьцаагаар буулган авч, дэлхийн чансааны оноогоо 5.39-өөр ахиулсан амжилттай гарааг эхэлсэн билээ. Энэхүү тоглолтын үр дүн болон маргаашийн тоглолтын бэлтгэлийн талаар Үндэсний шигшээ багийн тамирчин, довтлогч Т.Хангал сэтгэгдлээ хуваалцлаа.

“Хятадын багтай тоглож байсан туршлагатай тул амжилт гаргах бүрэн боломжтой гэж харж байна”
"Монголдоо анх удаа олон улсын түвшний тэмцээнд шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглож, эхний тоглолтдоо ялалт байгуулсандаа баяртай байна. Хонконгийн багтай тоглохоос өмнө бид өрсөлдөгч багийнхаа өмнөх жилийн бичлэгийг үзэж, тактикаа нарийн ярилцсан юм. Эхний үед төлөвлөгөө ёсоор тоглосон бол хоёрдугаар үед өрсөлдөгч тактикаа өөрчилснийг анзаарч талбай дээр шуурхай зохицуулалт хийснээр давуу байдлаа хадгалж чадсан.
Заал дүүрэн үзэгчтэй, маш сайхан уур амьсгал бүрдсэн нь бидэнд эрч хүч өгсөн. Манай баг маргааш Хятадын шигшээ багтай тоглоно. Саяхан Хятадад 14 хоног бэлтгэл хийхдээ тус багтай хоёр удаа тоглож, 2:1 харьцаатай хожиж байсан учир өрсөлдөгчийнхөө тоглох арга барилыг тодорхой хэмжээнд мэдэж байгаа. Өмнөх тоглолтуудаа дүгнэж, сүүлийн нэг сарын хугацаанд гаргасан алдаануудаа засаж бэлтгэсэн тул маргаашийн тоглолтод амжилт гаргах бүрэн боломжтой гэж харж байна.”
Тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтын үр дүн


Улаанбаатар хотноо үргэлжилж буй Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтууд хуваарийн дагуу явагдаж өндөрлөлөө. Тодруулбал, 13:30 цагт эхэлсэн эхний тоглолтод Японы шигшээ баг Макаогийн багтай учраа таарч, 3:0 (25:19, 25:18, 25:23) харьцаагаар хожиж тэмцээний эхний ялалтаа байгууллаа. Тоглолтын туршид Японы баг тактикийн оновчтой шийдлүүдийг хэрэгжүүлж, онооны давуу байдлаа хадгалсаар ялалт байгуулсан юм.

Тус баг нь их сургуулийн чадварлаг тамирчдаас бүрдсэн залуу бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бөгөөд тоглолтын өмнө Японы шигшээ багийн ахлагч Дои Шүта (Doi Shuta) сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр “Энэ удаагийн тэмцээнд манай баг их сургуулийн оюутнуудаас бүрдсэн шинэ бүрэлдэхүүнээр оролцож байна. Баг маань бүрдээд удаагүй байгаа тул энэхүү олон улсын тэмцээн бидэнд спортын өндөр түвшинд хөгжиж, туршлага хуримтлуулах чухал боломж болж байна. Мэдээж бид финалд шалгарч, аварга болох зорилготой ирсэн ч өрсөлдөгчдийнхөө ур чадварыг тооцож, тоглолт бүрдээ анхаарлаа төвлөрүүлэн амжилттай тоглохыг зорьж байна. Бусад багуудын талаарх мэдээлэл хязгаарлагдмал байгаа хэдий ч эхний тоглолтоо хийсэн БНСУ-ын багийг ажиглахад өндөр нуруутай, хүчтэй бүрэлдэхүүнтэй санагдсан. Тиймээс энэ тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг нь солонгосчууд байх болов уу. Биднийг үргэлж дэмждэг хөгжөөн дэмжигчдэдээ талархал илэрхийлмээр байна. Манай баг шинээр бүрдсэн ч дайчин байж, Японы волейболын арга барилыг харуулж, талбай дээрх мөч бүрийг үр дүнтэй өнгөрүүлэхийг зорьж байна" гэлээ.


Үргэлжлүүлэн 16:30 цагаас Өмнөд Солонгос болон Тайванийн шигшээ багууд талбайд гарч, үзэгчдийн анхаарлыг татсан ширүүн өрсөлдөөнийг үзүүллээ. Хоёр багийн хурд хүч, тактикийн өрсөлдөөн 5 ээлжийн турш үргэлжилж, 3:2 харьцаагаар (25:23, 22:25, 25:22, 21:25, 24:22) Өмнөд Солонгосын шигшээ баг ялалт байгуулав.


Тэмцээний хоёр дахь өдрийн төгсгөлд БНХАУ болон Хонконгийн шигшээ багууд талбайд гарч, хэсгийн хамгийн сонирхолтой тоглолтуудын нэгийг үзүүллээ. Хоёр багийн өрсөлдөөн 5 ээлжийн турш хурц ширүүн үргэлжилж, 3:2 харьцаагаар (23:25, 21:25, 25:18, 25:22, 15:12) БНХАУ-ын шигшээ баг ялалт байгуулснаар энэ өдрийн тоглолтууд өндөрлөлөө.
Маргаашийн тоглолтын хуваарь
Тэмцээний гурав дахь өдөр буюу наймдугаар сарын 7-нд "ACA Aрена"-д хэсгийн сүүлийн тоглолтууд дараах байдлаар үргэлжилнэ.
- 13:30 цагаас: Макао vs Өмнөд Солонгос (MAC vs KOR)
- 16:30 цагаас: Япон vs Тайвань (JPN vs TPE)
- 19:30 цагаас: Монгол Улс vs БНХАУ (MGL vs CHN)
Тоглолтын хуваарь болон үр дүнгүүдийн талаар бид цаг алдалгүй хүргэж байгаа билээ. Иймд уншигч та бүхэн бидэнтэй хамт байж, тэмцээний мэдээллээс бүү хоцроорой.
Сэтгэгдэл