Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдлаа

2026.07.282 минут унших
Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдлаа - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Өнөөдөр буюу 2026 оны долоодугаар сарын 28-ны өдөр Зууны мэдээ сонины хурлын танхимд ирэх наймдугаар сарын 5-9-ний хооронд манай улсад зохион байгуулагдах Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний талаар Монголын Волейболын холбооноос мэдээлэл хүргэлээ. 

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын “Аса Арена”-д зохион байгуулагдах юм. Монгол Улс тус тэмцээнийг 2000, 2008, 2015, 2017 онуудад зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд Монгол Улсад волейболын спорт үүсэж хөгжөөд эхний зуун жилээ үдэж, дараагийн шинэ зууны өнгийг тодорхойлох чухал мөчид эх орондоо энэхүү тэмцээнийг тав дахь удаагаа хүлээн авах гэж байна. 

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдлаа нийтлэлийн зураг

Энэ талаар Монголын Волейболын холбооны Дэд ерөнхийлөгч Г.Ууганчимэг "Энэ жилийн Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Волейболын Холбоо Зүүн Азийн Волейболын Холбооны албан ёсны эрхийн хүрээнд зохион байгуулж байгаа. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн үндэсний шигшээ багууд оролцож, Зүүн Азийн аваргын төлөө өрсөлдөх юм. Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн нь Азийн Волейболын Холбооны харьяа Зүүн Азийн Волейболын Холбооны гишүүн орнуудын үндэсний шигшээ багуудын албан ёсны тэмцээн бөгөөд анх 1998 онд зохион байгуулагдсан. Энэ жил Улаанбаатар хотод 13 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна" гэсэн юм.

“Манай үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн туршлагатай болон залуу тоглогчдоос бүрдэж байна”

Үргэлжлүүлэн манай улсын баг тамирчдын бэлтгэл сургуулилт, дасгалжуулагчийн арга барил, өрсөлдөгч багуудын судалгааны талаар Монголын Үндэсний эрэгтэй шигшээ багийн тамирчин, Багийн ахлагч М.Цэрэнбаатар мэдээлэл хийлээ. 

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдлаа нийтлэлийн зураг
Монголын Үндэсний эрэгтэй шигшээ багийн тамирчин, Багийн ахлагч М.Цэрэнбаатар

Тэрбээр "Манай багийн хувьд тавдугаар сарын 1-нээс эрчимтэй бэлтгэл эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар сэргээх бэлтгэлийн үе дээрээ явж байна. Энэ хугацаанд манай баг зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 14-ний хооронд БНХАУ болон Вьетнам улсуудад очиж нөхөрсөг тоглолт болон эрчимжүүлсэн бэлтгэл хийсэн. Дасгалжуулгчдын багаас ч чанартай, үр өгөөжтэй бэлтгэл болсон хэмээн дүгнэж байгаа. Манай үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн туршлагатай болон залуу тоглогчдоос бүрдэж байна. Тухайлбал, Олон улсын лигүүдэд легионер тамирчнаар тоглодог 4-5 тамирчин эх орныхоо багт нэгдээд байна. Тиймээс энэ жилийн үндэсний шигшээ баг маань өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү хүчирхэг баг, бүрэлдэхүүнээс бүрдсэн гэж бодож байна. Мөн манай баг тэмцээндээ зориулж сэтгэл зүй болон бие бялдрын бэлтгэлээ маш сайн хангаж чадсан гэж дүгнэж байна" гэв.

Мөн энэхүү тэмцээн нь шинэ залуу тамирчдын хувьд олон улсын чансааны оноогоо ахиулах, өндөр зэрэглэлийн тамирчидтай өрсөлдөж, туршлага хуримтлуулах, гадаадын томоохон лигүүдэд легионер тамирчнаар уригдах боломжийг нээхээс гадна волейболын спортыг сонирхон хичээллэдэг хүүхэд залууст урам зориг өгсөн маш чухал тэмцээн болохыг Монголын Үндэсний эрэгтэй шигшээ багийн тамирчин Б.Баярсайхан онцолж байлаа.

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдлаа нийтлэлийн зураг
Монголын Үндэсний эрэгтэй шигшээ багийн тамирчин Б.Баярсайхан

“Олон улсын шигшээ баг, тамирчдын тав тух, аюулгүй байдлыг хангаж хувийн болон улсын байгууллагуудтай хамтарч ажиллана”

Энэ үеэр тус тэмцээний Гүйцэтгэх хорооны дарга “Уранган палас” компанийн Ерөнхий менежер Э.Нямжав "Энэ удаагийн Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалт дээр өмнө нь Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд Лиг болон BCL клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан туршлагатай хамт олон ажиллаж байна. Удахгүй эхлэх Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд нийт 7 улсын 150 гаруй баг тамирчид оролцохоор манай улсад ирэх төлөвлөгөөтэй байгаа. Үүнтэй холбоотойгоор тэмцээний зохион байгуулагч талаас олон улсын шигшээ баг, тамирчдын тав тух, аюулгүй байдлыг хангаж, зочид буудал, хоол хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ зэргийг үзүүлэхээр хувийн болон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахаар гэрээ хэлэлцээр хийгээд байна. Мөн энэ удаагийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг бид Олон Улсын Волейболын Холбооны (FIVB) жишиг стандартад бүрэн нийцүүлэн зохион байгуулна. Тодруулбал, Заалны зориулалтын шал, тоглолтын систем, гэрэлтүүлэг, лед дэлгэц зэрэг техникийн бүх шийдлийг стандартын дагуу бэлтгэж баг тамирчид 100 хувь тоглолтдоо төвлөрөх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Үүнээс гадна үзэгчдийн тав тухтай байдлыг хангах үүднээс бүх төрлийн үйлчилгээг нэг дор цогцлоож, Аса Аренагийн гадна талбайг тэмцээний үеэр волейбол сонирхогчдод зориулсан байдлаар тохижуулах учраас энэхүү спортоор сонирхон хичээллэдэг хүүхэд залуус маань тус талбайд хүрэлцэн ирж цагийг үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх боломжтой" хэмээн тэмцээний зохион байгуулалтын талаар мэдээлэл хүргэлээ.

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдлаа нийтлэлийн зураг
“Уранган палас” компанийн Ерөнхий менежер Э.Нямжав

Түүнчлэн Монголын Волейболын Холбоо энэхүү тэмцээнийг зохион байгуулах болон волейболын урт хугацааны хөгжлийг дэмжих чиглэлээр бизнес, төр, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямцацогтын ивээл дорх энэ удаагийн Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний дэмжигчээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, тэргүүн түншээр “CU Mongolia”, алтан түншээр “Golomt Bank” оролцож байна. 

“ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН"-ий тасалбарыг дараах холбоосоор авах боломжтой.

Наймдугаар сарын 5-ны тасалбар авах: https://www.portal.mn/events/volleyball-8-5 
Наймдугаар сарын 6-ны тасалбар авах: https://www.portal.mn/events/volleyball-8-6 
Наймдугаар сарын 7-ны тасалбар авах: https://www.portal.mn/events/volleyball-8-7 
Наймдугаар сарын 8-ны тасалбар авах: https://www.portal.mn/events/volleyball-8-8 
Наймдугаар сарын 9-ны тасалбар авах: https://www.portal.mn/events/volleyball-8-9 

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах т...