

Хүнийг хатгадаг, хаздаг бүр цус сордог ч гэгддэг зөгий хэрэв алга болбол эх дэлхийн амьдрал тэс өөр болохыг та мэдэх үү? Үнэхээр зөгий гэдэг шавжны ач тус нь бал төдийгөөр л хязгаарлагдахгүй онцгой ажээ. Posted.mn сайтын редакцаас алаг шар зөгийнүүд амьдралыг хэрхэн тэтгэдэг талаар дараах нийтлэлийг бэлтгэн хүргэж байна.
Ажилсаг, ухаалаг “алагхан” зөгий
Зөгий бол сүргээрээ ч, дангаараа ч амьдардаг амьтан. Сүрэг зөгийн үүрэнд нэг хатан зөгий, мөн эрэгчин ба эмэгчин нийлсэн 20-60 мянган зөгий амьдарна. Сүргийн “манлай” болсон хатан зөгий өдөрт 2,000 орчим өндөг гаргах бөгөөд тэр бүгдийг ажилчин зөгийнүүд асран хамгаалж, өсгөн бойжуулна. Харин бусад эмэгчин зөгий нь өндөг шахах чадваргүй бөгөөд амьдралынхаа бүх цаг хугацааг хатан зөгийн төрүүлсэн авгалдайг тэжээх, үүр барих, бүлээ хамгаалах, хүнс зөөх зэрэг ажилд зарцуулдаг аж. Тэд бол үржилд орох чадваргүй учраас ажилчин зөгийнүүд. Харин эрэгчин зөгий нь байгалийн зөн совингоо даган зөвхөн үр удмаа үлдээх үндсэн үүрэгтэй бөгөөд хорвоод хоёрхон сар орчим л амьд явдаг.
Тэгвэл хатан зөгий нь бусдаасаа юугаараа ялгаатай гэдгийг тайлбарлая. Өндөглөх чадвартай хатан зөгий нь генийн хувьд бусдаасаа ялгарах зүйлгүй юм. Түүнийг төрснөөс хойш цаг үргэлж “royal jelly” гэдэг шим тэжээлтэй хоол хүнсээр тэжээснээр өндөг шахах чадвартай болдог юм байна. Ажилчин зөгийнүүд нэг жил ч хүрэхгүй богино настай бол хатан зөгий 2-3 жил амьдардаг аж.
Нэг зөгий бал цуглуулахаар явахдаа дээд тал нь 8 км нисдэг аж. 450 грамм буюу нэг шил бал гаргахын тулд зөгий хоёр сая орчим цэцгэн дээр очих ба 88.5 мянган км зам туулдаг байна. Энэ нь дэлхийг 3 тойрсонтой тэнцэх хэмжээний урт зам юм. Ердөө ганцхан халбага зөгийн балны төлөө 8 зөгий бүхэл амьдралынхаа туршид зүтгэдэг ажээ. Английн Royal Holloway коллежийн эрдэмтэд 2010 оны үед зөгийн дээр хийсэн урт хугацааны судалгааныхаа дүнг мэдээлэхдээ “зөгийний тархи компьютер шиг хурдан ажилладаг” хэмээн тодорхойлсон байдаг. Энэ нь зөгий цэцэгнээс шүүс цуглуулах явцдаа хамгийн богино замыг сонгон, хамгийн бага хүч зарцуулдаг чадвартай болохыг нарийвчлан тогтоосон дүгнэлт юм.
Зөгий бидний төлөө хөдөлмөрлөдөг гэдгийг мэдэх үү?
Ажилчин зөгийнүүд бал цуглуулан, цэцэг цэцгийн дэлбээ хэсэн явахдаа хүмүүсийн хоол тэжээлийг ч тэтгэж байдаг ажээ. Учир нь зөгий бол тоос хүртээх үүргээрээ ургамлын экосистемд чухал үүрэгтэй. Жимс, хүнсний ногоо, самар, ургамлын тос, шоколад, кофе зэрэг бидний өдөр тутам хэрэглэдэг олон хүнсэнд зөгийн хүртээсэн тоос агуулагддаг юм байна. Хүнсэнд хэрэглэгддэг ургамлын ⅓ нь тоос хүртээгчээс хамааралтайг тодорхойлсон судалгаа ч бий. Тиймээс зөгий нь хоол хүнсийг олон төрлийн шим тэжээлтэй байлгахад нөлөөлдөг байх нь. Зөгийгүй бол хүмүүс бид шууд өлсгөлөнд автана гэж хэтрүүлэн дүгнэж болохгүй ч гэлээ хоол хүнсний нэр төрөл, шим тэжээл үнэмлэхүй буурах аж.
Үүнээс гадна зөгий ургамалд ургамал хэвийн ургах нь олон амьтны амьдрах орчны таатай байдлыг ханган, хөрсний элэгдлээс сэргийлэх тул зөгий экосистемийн төдийгүй биологийн олон янз байдлыг хадгалагч болдог юм байна.
Зөгийн тоо буурсаар байна гэв үү?

Дэлхий даяарх 20 сая гаруй зөгийн бүртгэлд хийсэн судалгаагаар 1990-ээд оноос хойш зөгийн төрөл зүйлийн олон янз байдал огцом буурч, зарим бүсэд дөрөвний нэгээр цөөрсөн нь ажиглагджээ. Өнөөдөр дэлхий дээр зөгий зөвхөн тоогоороо биш, төрөл зүйлээрээ ч устаж эхэлсэн байна. Ялангуяа сүргээр биш ганцаар амьдардаг зэрлэг зөгийн 100 гаруй зүйл улаан дансны устах аюултай ангилалд багтжээ. Судлаачид үүний гол шалтгааныг амьдрах орчны доройтол гэж үзжээ.
Тухайлбал хотжилт, зам барилга, уул уурхай, эрчимжсэн газар тариалан зэргээс үүдэн ургамал ногоо багасах, хөрсний бүтэц өөрчлөгдөх, үүрлэх газар орчин доройтох зэрэг нь байгальд зөгийн тоо толгой буурах наад захын шалтгаан болно. Зэрлэг зөгийнүүд ямагт дасал болсон ургамал, хөрс, бичил орчноос хамааралтай байдаг учраас үл ялиг өөрчлөлтөд ч мэдрэг аж.
Мөн зөгийн тоо толгой буурахад пестицидийн үлдэгдэл маш ихээр нөлөөлдөг юм байна. Өөрөөр хэлбэл хүнсэнд хэрэглэдэг ургамлыг хамгаалах зорилгоор хэрэглэсэн химийн бодисны байгальд үлдсэн хэсэг нь зөгийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ажээ. Зөгий хоолоо эрж олох аянд нарны тусгал, үнэр, соронзон орон зэргээр баримжаалдаг бол зарим төрлийн пестицидийн үлдэгдэл тархи, мэдрэлийн системд нөлөөлж тэднийг цэцэг, үүрээ ололгүй төөрөхөд хүргэдэг. Тэд цэцэг хаана байгаа болон, үүрэндээ ирэх замыг цээжилдэг ч пестицидийн нөлөөгөөр ой санамж нь муудчихдаг аж. Химийн хорт бодист зөгий өртсөнөөр дархлаа нь суларч халдвар авах эрсдэл ихээр нэмэгддэг. Энэ нь хатан зөгий өвчлөх, өндөгний тоо буурах зэргээр зөгийн тоо толгой буурахад нөлөөлдөг ажээ.
Судлаачид мөн уур амьсгалын өөрчлөлт асуудлыг улам хүндрүүлж байгааг онцолжээ. Температурын өөрчлөлтөөс болж ургамал цэцэглэх хугацаа өөрчлөгдөх, хуурайшилт нэмэгдэх зэрэг нь зөгийн идэвхтэй үе ургамлын мөчлөгтэй зөрөхөд хүргэдэг юм байна.
Байгальдаа ээлтэй амьдрах сан...
Байгаль дэлхийн амьтай, амьгүй юмс бүхэн биесээ шүтэлцэн тогтдог. Өөрөөр хэлбэл энэ газар дэлхий дээрх амьтан, ургамал, хөрс шороо бүгд өөр өөрийн үүргийг гүйцэтгэн оршдог аж. Тоо толгой нь цөөрч, амьдрах орчин нь доройтож буй олон амьтны зөвхөн нэг нь л зөгий юм. Үүнээс гадна байгаль эхийн олон үр сад хорвоогийн жамаар бус харамсалтайгаар эх дэлхийг орхиж буй билээ.
Үзэгдэхүйн юмс бүхэн хувьсан өөрчлөгдөх нь бичигдээгүй хууль. Үнэндээ эх дэлхий хүссэн хүсээгүй өөрчлөгдөнө. Харин хүмүүсийн буруутай үйл ажиллагаа тэр хувьслыг дэндүү хурдан өрнүүлж байгаа нь харамсалтай. Мянган жилийн дараа үзэх ёстой байгалийн дүр зургийг бид хэдхэн арван жилийн дотор бий болгож, эх дэлхий болон ирээдүйн хүн төрөлхтнөө ч хохироох магадлалтай байна. Ганцхан зөгий гэдэг шавж, эсвэл ганцхан мөөг гэдэг ургамал алга болоход л тэнцвэр нь алдагдаж, тэр чигтээ өөрчлөгдөж ч мэдэх. Ийм л дэндүү гэмээр эмзэг нандин, энгүй их шүтэн барилдлагатай цэнхэрхэн дэлхийгээ хайрлан хамгаалж, хор хөнөөл багатай амьдрах сан.
Сэтгүүлч Б.Нарангэрэл
Сэтгэгдэл