Цаа бугын мөр бүдгэрэх аюул ойртсоор…

2026.07.035 минут унших
Цаа бугын мөр бүдгэрэх аюул ойртсоор… - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Манай орны хоймор нутагт Сибирийн их тайгын шилмүүст ойн урд зах оршдог. Цаа бугын өлгий тайга нутаг өвөлдөө 54-55 хэмд хүрч хүйтэрнэ. Эгц цавчим хадан оргил, шигүү ойгоор хүрээлэгдсэн тайгад машин тэрэг тэр болгон очоод байх боломжгүй аж. Хотжилтын сүүдэрт дарагдаж, хүний хөлд талхлагдалгүй онгон зэрлэг төрхөө хадгалан үлдсэн энэ л нутгийг байгаль ээж өөрөө л олны хөлөөс хамгаалдаг ч юм уу гэмээр. 

Гэвч дэлхийг нөмөрсөн уур амьсгалын өөрчлөлтийн “салхи” унаган зэлүүд тайгыг ч тойрохгүй нь. Сүүлийн жилүүдэд эрчимжээд буй температурын өөрчлөлт, цэвдгийн хайлалт, ойн түймэр зэрэг хүчин зүйлс тайгын экосистемийг өөрчлөн, амьтан ургамлын амьдрах орчин доройтоход нөлөөлөх боллоо. Иймд Posted.mn сайтын редакцаас байгаль орчны өөрчлөлт тайга нутгийн экологийн тэнцвэр, цаа бугын амьдрах орчинд хэрхэн нөлөөлж буй талаар энэхүү нийтлэлийг бэлтгэн хүргэж байна. 

Тайгын эзэн цаатан түмэн

Манай орны умард хязгаар Соён, Хөвсгөлийн уулсаар цаа буга адгуулан маллах цөөн хэдэн нүүдэлчдийг цаатан гэнэ. Хил орчмын тэр л үзэсгэлэнт тайгадаа тэд цаа бугынхаа бэлчээрийг даган нүүдэллэж амьдардаг. Зуны халуунд уул өөд өгсөн нүүж, өвлийн жаварт нөмөр газар уруудан нутагласаар жил жилийн өнгийг үзэх нь цаатан түмний нүүдлийн тойрог гэлтэй.

Цаатнууд өөрсдийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, амьдралын өвөрмөц хэв маягтай үндэсний цөөнх юм. Тэднийг Тувагаас нүүдэллэн ирж, Хөвсгөлийн тайгад суурьшсан гэж түүхчид үздэг. Ямартаа ч цаатан хүмүүс Монголын түүх сурвалжид тэмдэглэгдэх болсноос хойш 200 жил өнгөрчээ. 

Цаатан хүмүүс цаа бугаа мах, сүүнээс гадна уналга ачлагадаа ч хэрэглэнэ. Цааны сүү бусад малын сүүнээс өтгөн тул тогоо дүүрэн цайнд ганцхан халбагыг хийхэд л сүлэг сайхан цай болдог аж. Цаа буга халуунд дургүй амьтан тул зуны халуунд сэрүү даган уулын орой өөд бэлчинэ. Харин өвөлдөө уулын бэлд өвөлжих аж. Цаатан хүмүүс ан хийхээс өөр гэвэл цаа буга тэжээж л амьдралаа залгуулах тул цаа бугын эрүүл мэнд, аюулгүй байдал нь тэдний амьжиргаатай шууд хамааралтай юм. 

Гэвч хүн, тайга хоёрыг холбон тогтоож байсан цаа бугын тоо жилээс жилд цөөрсөөр байгаа нь харамсалтай. Манай цаатан өрхүүд 2023 онд 2,931 цаа тоолуулж байв. Гэтэл 2024 оны жилийн эцсийн тооллогоор энэ тоо 2,765 болж цөөрсөн байна. Нэг жилийн дотор 166 цаа буга хорогдож тоо толгой нь 5.7 хувиар буурчээ. 

Ургамал, амьтнаар баян тайгын амьдрал

Цаа бугын мөр бүдгэрэх аюул ойртсоор… нийтлэлийн зураг

Тайга нь манай дэлхийн хамгийн том шилмүүст ойт газар нутаг юм. Энд жилийн хамгийн халуун өдрүүдэд л 20 градус хүрэх бөгөөд ихэнхдээ бусад бүс нутгаас үнэмлэхүй сэрүүн аж. Амьтан, ургамал, хөрсний гүн дэх цэвдэг зэрэг нь сэрүүн нөхцөлдөө л дасан зохилдсон учраас температур хэдхэн хэмээр нэмэгдэн, дулаарахад ч байгалийн тэнцвэр алдагдах эрсдэлтэй байна. 

Манай орны тайгад жилдээ 250-400 мм хур тунадас унах бөгөөд дийлэнх нь зуны улиралд орно. Хүйтний улирлын ихэнх хугацаанд цасаар бүрхэгдсэн байх хэдий ч тайгад цас хунгарладаггүй нь сонин. Бүр ойн жижиг амьтан, шувууд өвөлдөө цасан доогуур шургаж биеэ хамгаалдаг аж. Агаар нь цэвэр тунгалаг бөгөөд хүйтэн сэрүүнээ дагаад ч тэр үү өвчин үүсгэгч бактери багатай гэдгээрээ давуу талтай. Ер нь цаа бугын дунд элдэв халдварт өвчин гараад байдаггүй нь хүйтэн сэрүүн уур амьсгалтайгаас гадна тоо толгой нь цөөн учраас тэр биз. 

Харин тайгын нэг сул тал нь цус сорогч шавж ихтэй юм байна. Хандгай хүртэл зуны дэлгэр цагт тэдгээр цус сорогчдоос нуугдан хамар, чихээ ил гарган намагт шигдэн зогсдог гэнэ шүү. Өтгөн шигүү модод нарны хэт тод туяаг халхлан, хүчтэй салхины хурдыг ч сааруулах тул ой ямагт гэрэл багатай, салхи тогтуун байх аж. Энэ нь цас хунгарлахгүй байхад ч нөлөөлнө. Мөн элдэв дуу чимээг сайтар шингээх, агаарын чийгшлийг сайжруулах гээд тоочоод барамгүй олон давуу талтай юм байна. 

Шилмүүст ойд олон зүйл сөөг (бутлаг ургамал) ургана. Мөн жамьянмядаг, цээнэ, удвал зэрэг олон өвслөг ургамал ургах аж. Харин хаг, хөвд зэрэг нь өвсний ёроол хэсгээр хөрсний гадаргууг бүрхэн ургадаг байна. 

Тайга бол амьтан ургамал амьдрах нөхцлийн хувьд тундр бүсээс хавьгүй таатай нутаг аж. Буга, хүдэр, чоно, булга, суусар, баавгай зэргээс эхлээд чандага, хэрэм, жирх мэтийн олон зүйлийн мэрэгчид, мөн шавж, шувуудаар дүүрэн. Ой нь амьтдын орогнон үүрлэх, биеэ хамгаалах таатай нөхцөл болдгоос гадна тайга ургамлаар баялаг тул хоол тэжээлийнх нь хэрэгцээг хангаж чаддаг гэсэн үг юм. 

Уур амьсгалын өөрчлөлт цаа бугын идэш тэжээлд заналхийлэх нь…

Цаа бугын өвөл идэх гол идэш тэжээл нь цагаан хаг юм. Энэ ургамал нь жилд ердөө 3-11 мм ургадаг, маш удаан өсөлттэй хэр нь тайгын экосистемд чухал үүрэгтэй. Агаарын бохирдол, температурын өөрчлөлтөд мэдрэг учраас ургасан орчныхоо экологийн цэвэр байдлыг илтгэх амьд хэмжүүр болдог ч гэгддэг. Хэрвээ цагаан хаг хэт их бэлчээрлэлт эсвэл түймэрт өртөх юм бол эргээд сэргэхэд хэдэн арван жил шаарддаг аж. Тиймээс манай дэлхийд нүүрлээд байгаа дулаарал болон хуурайшилтын үүднээс цагаан хагийн ургалт удааширч, энэ уур амьсгалд тэсвэртэй бутлаг ургамлууд ихээр ургах нөхцөл бүрдэж байгаа юм. 

Цаа бугын мөр бүдгэрэх аюул ойртсоор… нийтлэлийн зураг

Мөн хур тунадас орох давтамж өөрчлөгдөн, цас бороо холилдон орох нь газрын хөрсийг мөстүүлсний улмаас цаа тэжээлээ олж идэхэд бэрхшээл учруулах эрсдэлтэй юм байна. Энэ нь цааны тугал хоол тэжээлийн дутагдалд орох, цаашлаад сүргийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх аж. 

Дээрх асуудал зөвхөн манай улсын ч биш олон улсын байгаль орчны ажиглагч, судлаачдын анхаарлыг ихээр татаж байна. Тухайлбал, 2024 онд Science of the total environment сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд газрын гадаргын хаг багасаж, сөөг ургамал нэмэгдэж буйг өгүүлжээ. Цайвар өнгийн хаг багасан, оронд нь ургах болсон бараан өнгийн бут сөөг нь нарны дулааныг шингээн, уур амьсгалыг улам ч дулааруулах магадлалтайг мөн онцолсон байна. 

Мөнх цэвдэг хайлбал тайга доройтно

Цаа бугын амьдрах орчин доройтоход мөнх цэвдгийн хайлалт ч сөрөг нөлөө үзүүлж байна. Цэвдэг бол газрын гүний 0 болон түүнээс доош хэмд 2 жил болон түүнээс удаан хугацаанд хадгалагдсан хөлдүү хөрс, чулуулаг юм. Манай гарагийн 48 орны нутагт цэвдэг тархсан байдаг. Түүнээс хамгийн их цэвдэгтэй 5 орны нэг нь манайх. Газрын гүнд чийг, мөс агуулан оршдог тул цэвдэг нь гүний болон гадаргын усны нөөц, гол горхины эх бүрэлдэн тогтох, байгаль эхийн өвөрмөц шинж чанарыг хадгалах өөрийн гэсэн үүрэг, үнэ цэнтэй зүйл гэж хэлж болно. 

Харин дэлхийн дулаарлын үүднээс мөнх цэвдэг хайлах болсон нь хүрээлэн буй орчиндоо олон ч эрсдэлийг дагуулж байна. Наанадаж хөрсөнд суулт үүсэх, намгархаг болохоос эхлээд цаашид зарим ургамал, амьтан үгүй болох, хүлэмжийн хий их хэмжээгээр ялгарах зэрэг сөрөг үр дагавартай юм. 

“Тайгыг хамгаалах нь байгаль төдийгүй уламжлалаа хамгаалж буй хэрэг”

Иймд бид тайгын ургамал, амьтны амьдрах орчинд гараад буй өөрчлөлтийг Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Э.Ариунболдоос тодруулсан юм. 

Цаа бугын мөр бүдгэрэх аюул ойртсоор… нийтлэлийн зураг
Биологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Э.Ариунболд

-Дэлхийн дулаарлаас үүдэн тайгын экосистемд ямар ямар өөрчлөлтүүд гарч байна вэ. Цаашид ямар эрсдэл үүсэх магадлалтай вэ?

-Дэлхийн дулаарал нь хөрсний чийгийг бууруулж, органик бодисын задралыг хурдасган, элэгдэл, цөлжилтийг эрчимжүүлдэг. Үүний зэрэгцээ ургамлын ургалт, тархалт, зүйлийн бүрэлдэхүүн, фенологи болон бүтээмжид томоохон өөрчлөлт авчирч байна. Монгол Улс дэлхийн дунджаас илүү хурдтай дулаарч байгаа бүс нутгийн нэг. 

Уг нь тайгын экосистем бол дэлхийн уур амьсгалыг тогтворжуулахад онцгой үүрэгтэй. Гэвч дулаарал, мөнх цэвдгийн хайлалт, ойн түймэр, хортон шавжийн олшрол, зүйлийн тархалтын өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр тайгын бүтэц, үйл ажиллагаа эрчимтэй өөрчлөгдөж байна. Хэрэв хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ой хамгаалах, түймэр болон хортонтой тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэхгүй бол тайгын зарим хэсэг эргэн сэргэшгүй өөрчлөгдөж, дэлхийн хамгийн том нүүрстөрөгчийн үйлдвэрлэгчийн нэг буюу эх үүсвэр үгүй болох эрсдэлтэй юм. 

Монгол орны хувьд Хөвсгөлийн тайга болон Дархадын хотгор зэрэг тайгын экосистемүүдэд мөнх цэвдгийн хайлалт эрчимжих,  шилмүүст ойн зах хумигдах, хуурайшилтаас шалтгаалсан ойн түймэр олшрох, хортон болон мөөгөнцрийн өвчин нэмэгдэх, усны эх, булаг шандын ундарга багасах, хөвд, хаг давамгайлсан хөрсний бүрхэвч доройтох, ойн байгалийн нөхөн сэргээлт удаашрах зэрэг олон сөрөг үр дагаврууд нүүрлэх эрсдэлтэй юм.

- Мөнх цэвдгийн хайлалт манай орны хойд бүсийн хөрс, бэлчээрийн ургамлуудад хэрхэн нөлөөлөх вэ?

- Монгол орны хойд бүсийн мөнх цэвдэг нь хөрсний чийг, усны горим, үржил шим болон бэлчээрийн ургамлын бүтээмжийг хадгалдаг гол хүчин зүйл юм. Цэвдэг хайлснаар хөрсний бүтэц эвдэрч, усны горим тогтворгүй болж, ургамлын зүйл бүрэлдэхүүн өөрчлөгдөн, бэлчээрийн бүтээмж буурч, улмаар мал аж ахуй, усны нөөц, биологийн олон янз байдалд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Иймээс цэвдэгтэй бүсийн бэлчээрийг зохистой ашиглах, доройтлыг бууруулах, мөнх цэвдгийн мониторингийг тогтмол хийх нь чухал.

Эдгээр өөрчлөлтүүд нь манай орны хойд бүс буюу хамгийн эмзэг газар нутгуудад хүчтэй нөлөөлөх магадлалтай. Тухайлбал: Хөвсгөлийн тайга, Дархадын хотгор, Хэнтийн нуруу, Хангайн нурууны өндөр уулын цэвдэгтэй бүсүүд багтана. 

-Цаа бугын хоол тэжээл болсон цагаан хагийн ургалт саарах эрсдэл нүүрлээд байгаа. Тэгвэл энэ талаар судалсан болон хэрэгжиж буй судалгаа, ажиглалт хэр олон байна вэ? 

-Цагаан хаг нь тайгын экосистемийн хамгийн үнэ цэнтэй бүрэлдэхүүнүүдийн нэг бөгөөд цаа бугын өвлийн амьдралын үндсэн тэжээл болдог. 1970-аад оноос эхлэн нэрт эрдэмтэн, профессор Ө.Цогт Монгол орны цаа бугын тэжээл, цагаан хаг, хагт бэлчээрийн тухай нарийвчилсан судалгааг Хөвсгөл аймгийн нутгуудад гүйцэтгэн аймаг сумдын хэмжээнд олон арван бүтээл, зураг, зөвлөмж, ашигтай загвар боловсруулан хүлээлгэн өгсөн байдаг.

Энэ ургамал нь маш удаан ургадаг, орчны өөрчлөлтийг эмзэг мэдэрдэг учир дэлхийн дулаарал, ойн түймэр, мөнх цэвдгийн хайлалт, бэлчээрийн доройтол зэрэг хүчин зүйлд амархан өртдөг. Иймээс тайгын бүсийн хагийн нөөцийг хамгаалах нь зөвхөн цаа бугыг бус, мөн Монголын хойд бүсийн биологийн олон янз байдал болон цаатан иргэдийн уламжлалт амьдралын хэв маягийг хадгалахад чухал ач холбогдолтой гэж ойлгож болно.

Мөн өнөөдөр та бидний өмнө тулгараад байгаа асуудал бэрхшээлийг даван туулахад  өмнөх үе, ухаант эрдэмтдийнхээ хийж үлдээсэн ажлыг сэргээн үргэлжлүүлж, гарц боломжийг хайж олоход хэрэг болох болов уу гэж бодож байна.

Байгаль бол эв нэгдэл

Цаа бугын мөр бүдгэрэх аюул ойртсоор… нийтлэлийн зураг

Манай оронд Ойн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах хууль зэрэг эрх зүйн баримт бичгүүдийн ерөнхий заалтуудад суурилан тайгын ой, амьтан, ургамал, усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах зохицуулалт хэрэгждэг. Мөн энэ онд баталсан уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн экосистемийн эмзэг байдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалт нь тайгын ой, мөнх цэвдэг зэрэг экосистемийг хамгаалах эрх зүйн үндэс болж байна. 

Гэвч бидний санаж явах ёстой нэг зүйл нь тайгын өөрчлөлт, хувьсал өөрөө экосистемийн түвшний, олон улсыг хамарсан асуудал юм бол шийдэл нь ч бас экосистемд цогц үйлчлэх, олон улсын жишигт нийцсэн байх учиртай. 

Тайгын өөрчлөлтийг дан ганц нэг улсын байгаль хамгааллын асуудал гэж үзэх боломжгүй юм. Учир нь энэ бол уур амьсгал, хөрсний цэвдэг, ургамал, амьтны гэр орон болсон орчин тойрон, хүний уламжлалт аж ахуйг хамран хил дамнасан экологийн системийн асуудал юм байна. Тиймээс хамгаалах арга зам нь ч судалгаа шинжилгээний салбараа дэмжин, эрчимтэй үйл ажиллагаа явуулах боломжоор нь хангасан, нутгийн иргэдийн амьдралын баталгааг нь бодитоор дэмжсэн, олон улсын хамтын ажиллагааг түшиглэж чадсан урт настай, “амь бөхтэй” бодлого шаардлагатай буй за. Зарим тохиолдолд бид ой модыг эсвэл амьтан ургамлыг дангаар нь хамгаалах гэж үздэг нь учир дутагдалтай юм. Цаа буга тайгадаа, мазаалай  говьдоо, ирвэс ууландаа л жаргалтай. Хөвч тайга үгүй бол цаа буга ч үгүй. Тиймээс бид тэдний энх амгалан байдлыг экосистемийнх нь хэмжээнд бүрдүүлж гэмээнэ хүрээлэн буй орчноо хамгаалахад нэг алхам ойртох биз. Тайгыг хамгаалах нь зөвхөн байгаль экологи төдийгүй тайгад суурилсан уламжлалт, өвөрмөц амьдралын хэв маягийг хамгаалах замын нэгэн үзүүр билээ. Байгаль бол хамт оршихуйн үндэс. Байгаль бол эв нэгдэл юм. 

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Цаа бугын мөр бүдгэрэх аюул ойртсоор… | Posted