

Бид нэг товч дараад л дуртай зургаа хуваалцаж, бусдын бичсэн нийтлэлийг түгээж, сонирхолтой контентыг өөрийн мэт ашигладаг дижитал эрин үед амьдарч байна. Гэвч энэ хялбар үйлдэл бүрийн цаана бусдын оюуны хөдөлмөр, өмчлөх эрхийн асуудал үргэлж дагалддаг. Иймд бусдын бүтээлийг зохистойгоор ашиглах нь тухайн хүний ёс зүй, нэр хүндийн баталгаа юм. Үүнтэй холбогдуулан бид өөрийн оюуны өмчийг хамгаалах арга зам, бусдын бүтээлийг зохистой ашиглах болон оюуны өмчийн соёлтой хэрэглээ нь хувь хүнд ямар боломж олгох талаар мэргэжилтэн, иргэдийн байр суурийг нэгтгэн сурвалжиллаа.
Майкл Жексон бүтээлч санаагаа хэрхэн хамгаалсан бэ?

Оюуны өмч гэдэг бидний амьдралаас хол хөндий ойлголт биш гэдгийг Поп хөгжмийн хаан Майкл Жексоны нэгэн алдартай жишээнээс харж болно. Түүний "Smooth Criminal" дууны клип болон тоглолтын үеэрх 45 градусын налуу бүжгийн хөдөлгөөнийг (anti-gravity lean) тусгайлан зохион бүтээсэн гутлын тусламжтайгаар хийдэг байжээ. Тодруулбал, тэрбээр гутлынхаа өсгий хэсэгт "V" хэлбэрийн ховил гаргаж, түүнийгээ тайзны бэхэлгээтэй холбон түгжих аргыг зохион бүтээжээ. Энэхүү технологи нь бүжигчин урагш тонгойх үед биеийг нь тайзтай бат бөх холбож, тэнцвэрээ хадгалахад тусалдаг байсан юм. Хамгийн гол нь Майкл Жексон энэхүү шийдлээ АНУ-ын №5255452 дугаартай патентаар баталгаажуулж, өөрийн бүтээлч санааг бусдад хуулбарлахаас хамгаалж, зохиогчийн онцгой эрхээ албан ёсоор тогтоосон байна.
Оюуны өмчийн төрлүүд ба хууль эрх зүйн хамгаалалт
Тэгвэл цахим орчин хурдтай хөгжиж буй энэ цаг үед бид өөрсдийн бүтээлийг хэрхэн хамгаалах, бусдын оюуны өмчийг хэрхэн зөв ашиглах ёстой вэ? Энэхүү асуултын хүрээнд бид Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, зөвлөх С.Дүүрэнжаргалтай ярилцлаа.

- Оюуны өмч гэхээр хүмүүс ихэвчлэн хууль дүрэм, эсвэл шинжлэх ухааны том нээлт гэж төсөөлдөг шүү дээ. Гэтэл энэ нь бидний өдөр тутмын хэрэглээтэй хэрхэн холбогддог юм бол?
- Оюуны өмч биднээс хол хөндий зүйл огт биш. Өглөө босоод подкаст сонсох, гар утсаараа Apple Pay-ээр төлбөр төлөх, Булганы Сайханы айраг уух, эсвэл гоё загвартай гүйлтийн пүүз өмсөхөд л та оюуны өмчийг хэрэглэж байна гэсэн үг. Энгийнээр хэлбэл, таны хэрэглэж буй дуу хөгжим, лого, технологийн шийдэл, бизнесийн нууц дата бүгд оюуны өмч юм.
- Тэгвэл эдгээр олон төрлийн зүйлсийг хуулиар яаж ялгаж хамгаалдаг юм бэ?
- Оюуны өмчийн төрлүүд өөр өөр байдаг. Улс орнуудын хууль эрх зүйн зохицуулалтаас хамаараад тодорхой шалгуурт нийцсэн бүтээлийг оюуны өмчөөр бүртгэдэг. Жишээлбэл:
- Зохиогчийн эрх: Дуу хөгжим , видео, подкаст зэрэг бүтээлч контентод;
- Патент: Шинэ технологи, аяганы дулаан барих шийдэл зэрэг өвөрмөц загварт;
- Барааны тэмдэг: Брэндийн нэр, логонд;
- Газар зүйн заалт: Сайханы айраг шиг тухайн бүс нутгийн онцлогийг шингээсэн бүтээгдэхүүнд олгодог.
- Худалдааны нууцын гэрээ: Бизнесийн дата мэдээлэл, нууц аргачлал гэх мэт ангиллаар зохицуулан бүртгэнэ.
Хамгийн гол нь патентын эрх болон барааны тэмдэг дээр “First come - First served” буюу хэн түрүүлж бүртгүүлсэн нь эрхээ хамгаалах зарчим үйлчилдэг учир цаг алдалгүй бүртгүүлэх нь чухал.
- Өөрийн бүтээлийг бүртгүүлээд л болоо гэсэн үг үү. Цаашид яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ?
- Зүгээр нэг гэрчилгээ аваад орхих биш, түүнийгээ бусдад төлбөртэй ашиглуулж "роялти" хүртэх боломжтой. Мөн сошиал медиад контент оруулахдаа платформын нөхцөлтэй танилцаж, юуг нийтэд нээлттэй постлох вэ гэдэг сонголтоо зөв хийх хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн таны өмчийг зөвшөөрөлгүй ашиглаж байвал түүнийг зогсоох, арга хэмжээ авах нь тухайн бүтээгчийн хариуцлага байдаг.
Оюуны өмчийн талаарх залуусын үзэл бодол
Интернэт дэх мэдээллийн асар их урсгал дунд бид бусдын оюуны бүтээлийг "нийтийн өмч" мэтээр андуурч, үнэгүйдүүлэх тохиолдол цөөнгүй. Тэгвэл иргэд өдөр тутмын үйл ажиллагаандаа оюуны өмчийг хэрхэн ашигладаг болон яагаад үүнийг чухал гэж үзэж байгааг тодрууллаа.

“Миний хувьд оюуны өмч бол хүний цаг хугацаа, сэтгэл зүрх шингэсэн хамгийн үнэ цэнтэй зүйл. Мэдээллийн эрин зуунд интернэтэд байршсан л бол хүссэнээрээ ашиглаж болно гэж андуурч болохгүй. Бусдын бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг заавал дурдах нь өөрийгөө болон бусдыг хүндэтгэж буй хэрэг юм. Бид өөрийн оюуны өмчийг хамгаалж сурахгүй бол хүч хөдөлмөрөө бусдад амархан алдах эрсдэлтэй.”

“Бид өдөр бүр контент хуваалцдаг нээлттэй эринд амьдарч байна. Нэг богино видео, сошиал пост хүртэл тухайн хүний бүтээлч сэтгэлгээний үр шим юм. Оюуны өмчийг хамгаална гэдэг нь бүтээлээ нуух биш, харин хийсэн зүйлээ үнэлж, ашиглах дүрмийг нь тодорхой болгож буй хэрэг. Энэ бол хууль дүрэм гэхээсээ илүү бусдын хөдөлмөрийг хүндэтгэх хандлага юм. Ингэснээр бид зөвшөөрөлтэй, соёлтой ашиглах балансыг барьж чадна.”

“Дизайн, уран бүтээлийн салбарт оюуны өмч нь тухайн хүний дахин давтагдашгүй өнгө төрх байдаг. Бид бусдын ажлыг ёс зүйтэй ашиглах нь уран бүтээлчдийг дэмжиж, соёлын хөгжилд хөрөнгө оруулж буй хэрэг юм. Хэрэв бид оюуны өмчийг хүндэтгэхгүй бол хүмүүсийн шинийг бүтээх урам зориг буурч, салбар маань зогсонги байдалд орох аюултай.”

“Би 40 гаруй жил ажиллахдаа тооцооллын программаа байнга төлбөр төлж, албан ёсны эрхтэйгээр нь ашиглаж ирсэн. Энэ нь мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, техникийн эрсдэл гарахаас сэргийлдэг. Өөрт ашигтай байлаа гээд бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглах нь мэргэжлийн ёс зүйд нийцэхгүй үйлдэл юм.”
Цахим орчинд бусдын бүтээлийг ашиглахдаа анхаарах зүйлс
Иргэд, залуусын энэхүү хандлагыг бодит ажил хэрэг болгоход юуг анхаарах ёстойг, мөн цахим орчин дахь оюуны өмчийн зохистой хэрэглээний талаар мэргэжилтэн Д.Дүүрэнжаргал дараах байдлаар тодотголоо.
- Бид бусдын контент, бүтээлийг цахим орчинд ашиглахдаа яг юуг анхаарах ёстой вэ?
- Хамгийн наад захын соёл бол эх сурвалжийг дурдах юм. Бага хэмжээний эшлэл авч байгаа бол зохиогчийн нэрийг заавал бичнэ. Харин ашиг олох зорилгоор ашиглах, орчуулах, эсвэл өөрчлөн борлуулах бол эрх эзэмшигчээс заавал албан ёсны зөвшөөрөл авах шаардлагатай. Эрх эзэмшигчийг ©, ®, ™ гэсэн тэмдэглэгээнүүдээр таньж болно. Мөн Creative Commons (CC) тэмдэглэгээг харснаар тухайн бүтээлийг ямар нөхцөлөөр түгээж байгааг мэдэх боломжтой.
- Хэрэв бусдын эрхийг зөрчвөл ямар үр дагавар хүлээх вэ. Платформууд үүн дээр хэрхэн ажилладаг бол?
- Одоо Meta, YouTube, TikTok зэрэг платформуудад зөрчлийг мэдээлэх "IP reporting tool" бий болсон. Хэрэв таны эрх зөрчигдсөн бол зохиогчийн эрхийн гэрчилгээгээ хавсаргаад мэдээлэхэд л тухайн контент устгагддаг. Харин бодит амьдрал дээр зөрчлийн хэмжээнээс хамаарч иргэний, захиргааны, тэр байтугай эрүүгийн хариуцлага хүлээх ч эрсдэлтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.
- Оюуны өмчийг дээдэлж, зөв ашиглах нь хэрэглэгч бидэнд ямар давуу талтай вэ?
- Бид талх худалдаж авдагтай л адил чанартай кино үзэж, дуу хөгжим сонсож, шилдэг технологи хэрэглэхийг хүсвэл бусдын оюуны өмчийг үнэлж, худалдаж авч сурах нь чухал. Энэ нь эргээд бүтээгчдийг дэмжиж, бидний амьдралыг хөнгөвчлөх илүү гоё, ухаалаг шийдлүүд төрөх боломжийг бүрдүүлдэг юм шүү.
Бид энэхүү сурвалжилгаараа оюуны өмчийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, бусдын хөдөлмөрийг хүндэтгэх соёлыг түгээх болон бүтээлээ хамгаалах бодит арга замыг таниулахыг зорилоо. Бид бусдын оюуны өмчийг хүндэтгэн ашиглах нь цаашдын хөгжил, бүтээгдэхүүн чанаржихын эхлэл болдог аж. Иймээс бусдын хичээл зүтгэл хөдөлмөрийг үнэлэх, өөрийн оюуны өмчийг хамгаалахын тулд энэ талаарх мэдлэг, мэдээлэлтэй байхыг эрмэлздэг байцгаая!
Сэтгүүлч: А.Дүүрэнбилэг
Сэтгэгдэл