Хүн бүрийн хувь нэмэр үнэ цэнтэй: Өнөөдөр олон улсын сайн дурынхны өдөр тохиож байна


Өнөөдөр “Олон улсын сайн дурынхны өдөр” тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд энэ жил “Хүн бүрийн хувь нэмэр үнэ цэнтэй” хэмээх уриан доор хүн бүрийн жижиг ч болов оролцоо нийгмийн том өөрчлөлтийн эхлэл болдог гэдгийг онцолж байгаа ажээ.
Монгол Улсад сайн дурын ажил улам бүр тогтмолжиж, олон салбарт бодит үр нөлөө үзүүлж байгаа билээ.
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын тооцоогоор 2018 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 90 мянга гаруй иргэн сайн дурын ажилд идэвхтэй оролцжээ.
2021 оны байдлаар Монгол Улсад нийт 21,480 гаруй сайн дурын ажилтан бүртгэгдсэн бөгөөд тэд улсын эдийн засагт 4.4 тэрбум төгрөгийн хувь нэмэр оруулж байжээ. Сайн дурын хөдөлгөөний тухай иж бүрэн статистик, хүйсийн нарийвчилсан мэдээлэл хангалтгүй байдаг ч эмэгтэйчүүд илүү их төлбөргүй хөдөлмөр гүйцэтгэдэг бол эрэгтэйчүүд албан ёсны сайн дурын цаг илүү бүртгүүлдэг нь судалгаагаар ажиглагджээ.
Түүнчлэн төрийн бус байгууллагууд, олон улсын хөтөлбөрүүдээр дамжсан байгууллага түшиглэсэн, албан ёсны, бүтэцтэй сайн дурын үйл ажиллагаа Монголд давамгайлж буй гэсэн мэдээ байна.
Сайн дурынхны оролцоог дэмжих шинэ загвар, шинэлэг орон зай Монгол Улсад шаардлагатай байгаа энэ үед Лантуун Дохио ТББ болон ЦойлогсоZ коммьюнитигийн залуус нийгмийн оролцоо, хүүхэд хамгаалал, сайн дурын үйлсийг дэмжих зорилгоор хамтран ажиллаж, олон нийтэд чиглэсэн мэдлэг түгээх, бодит оролцоог дэмжих нэгдсэн талбарыг бий болгохоор ажиллаж байгаа ажээ.
Ингэснээр сайн дурын ажлын үнэт зүйлийг нийгэмд шинэчлэн ойлгуулж, залуусын боловсрол, оролцоог өсгөх, хүүхэд хамгааллын чиглэлд урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлж, нийгэмд бодит үр нөлөө бий болгох юм.