Space Hunting: Хотыг бүхэлд нь харах боломжтой спорт цогцолборт очиж үзэцгээе!

2026.05.013 минут унших
Space Hunting: Хотыг бүхэлд нь харах боломжтой спорт цогцолборт очиж үзэцгээе! - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Цаг агаар дулаарч, амралтын өдрүүд ч хаяанд ирлээ. Та энэ өдрүүдийг хаана, ямар дурсамж бүтээж өнгөрүүлэхээр төлөвлөж байна вэ? Бид “Hunting” цувралын энэ удаагийн дугаартаа хотын төвөөс хэт хол явахгүйгээр цэвэр агаарт гарч, хотыг тольдонгоо найз нөхөд, гэр бүлтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой Дарь эх цогцолбор буюу “Зайсан 2”-ыг онцлон хүргэж байна. 

Space Hunting: Хотыг бүхэлд нь харах боломжтой спорт цогцолборт очиж үзэцгээе! нийтлэлийн зураг

Дарь эхийн хуучин эцсээс холгүй орших энэхүү цогцолборт ирэхэд орчны мэдрэмж эрс өөрчлөгдлөө. Өгсүүр замаар дээш алхах тусам замын дуу чимээ бүдгэрч, оронд нь салхи сэвэлзсэн задгай орчин, талбай дээр тоглох хүүхдүүдийн хөгжүүн инээд, спортын талбайд ойх бөмбөгний чимээгээр эрч хүчтэй халуун дулаан уур амьсгал угтсан юм. 

Гэр бүлийн гишүүн бүрд зориулсан зай талбай

Энэхүү цогцолбор нь талбай бүрийг зориулалтаар нь тусгаарлан хашаалж, зохион байгуулалтыг оновчтой шийдсэнээрээ онцлогтой аж. Ингэснээр хүүхдийн тоглоомын хэсгээс гадна бейсбол, теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөгийн талбай болон гүйлтийн замыг тусад нь ангилж, амрах хэсгийг хамт шийдэж өгсөн байна. Олон төрлийн талбай нэг дор байгаа учир найз нөхөд, гэр бүлийн гишүүн бүр хамтдаа чөлөөт цагаа өнгөрүүлэхэд тохиромжтой юм.

Space Hunting: Хотыг бүхэлд нь харах боломжтой спорт цогцолборт очиж үзэцгээе! нийтлэлийн зураг

Space Hunting: Хотыг бүхэлд нь харах боломжтой спорт цогцолборт очиж үзэцгээе! нийтлэлийн зураг

Хүүхдүүдээ салхилуулангаа бөмбөг тоглох найзуудыг Ж.Жавхлан, Э.Жаргалмаа гэдэг. Тэдний гэр Ботаник болон Чингэлтэйн эцэст байдаг ч амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тохиромжтой байдаг учраас энэхүү цогцолборыг зорьж ирдэг аж. Тэд “Хүүхдүүдээ тоглуулахын зэрэгцээ өөрсдөө ч сагс, гар бөмбөг тоглож, хотыг бүхэлд нь харангаа ярилцах боломжтой байдаг нь таалагддаг. Найз маань бүх төрлийн талбай байдаг гэхэд нь нэг дор олон талбай байдаг юм байна гэж төсөөлсөн ч яг ирээд үзэхэд зай талбай том, зохион байгуулалт сайтай, хог хаягдалгүй цэвэрхэн байсан нь тухтай санагдсан” хэмээн ярив.

Биднийг очиход ажлын өдөр байсан ч хичээлээ тараад найзуудаараа ирж буй арван жилийн хүүхдүүд болон хүүхдүүдээ тоглуулахаар ирж байгаа эцэг эхчүүд олширч байлаа. 

Зайсан 2-оос хотыг бүхэлд нь харахуй 

Space Hunting: Хотыг бүхэлд нь харах боломжтой спорт цогцолборт очиж үзэцгээе! нийтлэлийн зураг

Эндхийн бас нэгэн сэтгэл татам хэсэг нь өндөрлөгөөс хотыг бүхэлд нь харах боломжтой уул юм. Тийм ч урт биш шатаар дээш гарахад Улаанбаатар хот алган дээр тавьсан мэт бүхэлдээ харагдах аж. Энэхүү хэсэгт оройн цагаар гарсан ч  хотын гэрлийг харангаа тайван сууж ярилцах боломжтой олон сандалуудыг байршуулсан байна.

Энд ирснээр бид юуг мэдэрч болох вэ?

  • Эрч хүчээ нөхөх амралт: Их хотын хөл хөдөлгөөн, ажлын стрессээ цэвэр агаарт дасгал хөдөлгөөнөөр тайлан, эрч хүчээ нөхөх боломжтой.
  • Хотыг өөр өнцгөөс харах боломж:  Өдөр бүр хэмнэлд нь яарч амьдардаг их хотоо дээрээс нь харахад хэсэгхэн хугацаанд хэмнэлээс гарч, өөр өнцгөөс ажиглаж байгаа мэт мэдрэмж төрнө.
  • Ганцаараа салхилах тайван орчин: Заримдаа ганцаараа хэсэг алхаж, бодлоо цэгцлэх орон зай хэрэг болдог бол энэхүү цогцолборыг зорин очоорой. Бас шинэ хүмүүстэй танилцаж, хамтдаа тоглон чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой юм. 

Зөвлөмж: Энэхүү цогцолбор нь Дарь эхийн хуучин эцсийн автобусны буудлаас 2 км зайтай учир очих унаагаа сайн төлөвлөх хэрэгтэй шүү. Хэрэв өөрийн унаагаар ирэх бол зогсоол нь том учир машинаа байршуулахад санаа зовох шаардлагагүй. Мөн тоглохоор ирж байгаа бол бөмбөг зэрэг өөрсдийн тоглох хэрэгслээ авч ирээрэй. Бас талбайн хог хаягдлыг харуул ах ганцаараа цэвэрлэдэг учир хог хаягдлаа хогийн саванд хаяж, соёлтой амарцгаая!

Hunting rating:

Space Hunting: Хотыг бүхэлд нь харах боломжтой спорт цогцолборт очиж үзэцгээе! нийтлэлийн зураг

Орчин: 4.5/5 Талбайн зохион байгуулалт сайн, хог хаягдалгүй цэвэрхэн, суух сандал олон байсан.

Уур амьсгал: 4.5/5 Хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө очдог учир эерэг, эрч хүчтэй уур амьсгалтай. Хотыг бүхэлд нь харах хэсэгт сандал олон учраас тайван сууж, ярилцах боломжтой. 

Онцлог: 5/5 Цэвэр агаарт дасгал хөдөлгөөн хийх болон хотыг бүхэлд нь харах  боломжийг нэг дор олгосон. Сагсан бөмбөгийн талбай олон байсан бөгөөд бейсбол болон теннисний талбайтайгаараа онцлог. 

Space Hunting: Хотыг бүхэлд нь харах боломжтой спорт цогцолборт очиж үзэцгээе! нийтлэлийн зураг

Space Hunting: Хотыг бүхэлд нь харах боломжтой спорт цогцолборт очиж үзэцгээе! нийтлэлийн зураг

Space Hunting: Хотыг бүхэлд нь харах боломжтой спорт цогцолборт очиж үзэцгээе! нийтлэлийн зураг

Хотоос хол гарч их мөнгө зарцуулах шаардлагагүйгээр чөлөөт цагаа чанартай өнгөрүүлэх боломжтой нэгэн орон зайг бид энэ удаагийн дугаараараа онцоллоо. Дараагийн дугаараар бид хотын өөр нэгэн "тухлаг" байршлыг илрүүлэх болно. Хамтдаа эрж хайцгаая!

 

Сэтгүүлч: А.Дүүрэнбилэг

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Space Hunting: Хотыг бүхэлд нь харах боломжтой спорт цогц...