Ж.Бат-Ирээдүй: Google-ийн бүтээгдэхүүнийг байгууллагын түвшинд ашигласнаар бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой

2026.06.133 минут унших
Ж.Бат-Ирээдүй: Google-ийн бүтээгдэхүүнийг байгууллагын түвшинд ашигласнаар бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Google компани дэлхийн 60 гаруй улсад дижитал ур чадварыг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор "Grow with Google" хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн зах зээлд өндөр эрэлттэй технологийн мэдлэг, чадварыг суурь түвшнээс мэргэжлийн хэмжээнд хүртэл эзэмшүүлдэг онцлогтой. Өдгөө Монгол Улсад гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй “Grow with Google Mongolia” хөтөлбөрийг "Гүнд Инвестмент" холдинг эхний жилээс нь эхлэн дэмжсэн бөгөөд энэ жил Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Иймд бид тус холдингийн Гүйцэтгэх захирал Ж.Бат-Ирээдүйтэй уулзаж, Google-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын бизнесийн хөрсөнд хэрхэн нутагшуулж буй бодит туршлага болон уламжлалт гэр бүлийн бизнест тулгардаг засаглал, соёлын шинэчлэлийн сорилтуудын талаар ярилцлаа.

"Гүнд Инвестмент" холдинг бол 2016 оноос хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гэр бүлийн бизнес юм. Санхүү даатгал, боловсрол, хүнсний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн менежмент, гарааны болон ЖДҮ бойжуулах зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг тус холдинг өдгөө дараагийн үеийн удирдлага руу шилжиж, үйл ажиллагаагаа бүрэн дижиталжуулах шинэчлэлийг эхлүүлээд байна. Энэхүү технологийн шилжилтийн гол цөм нь тэдний арав гаруй жилийн өмнөөс байгууллагын соёлдоо нэвтрүүлж эхэлсэн Google-ийн экосистем юм.

Тухайлбал, Ж.Бат-Ирээдүй удирдах албан тушаалд очсон даруйдаа компанийн дотоод бүтээмжийг өсгөх гарцыг Google Workspace-ээс харжээ. Тус холдинг Монголд Google-ийн үйл ажиллагаа идэвхжихээс ч өмнө Хромбүүк (Chromebook) зөөврийн компьютерыг анхлан импортолж, байгууллагын хэрэглээнд нэвтрүүлж байсан туршлагатай. Түүнийг технологийн ертөнцөд хөтөлсөн анхны гүүр нь Google байсан тул өдгөө тус компанийн арга барил, туршлага буюу ноу-хауг (know-how) "Grow with Google" хөтөлбөрөөр дамжуулан Монголын залууст хүргэхэд хамтран ажиллаж буй нь энэ юм.

Систем солихоос илүү дадал зуршлыг өөрчлөх нь

Ж.Бат-Ирээдүй: Google-ийн бүтээгдэхүүнийг байгууллагын түвшинд ашигласнаар бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой нийтлэлийн зураг

Байгууллагын дижитал шилжилт гэдгийг ихэнхдээ шинэ программ суулгах төдийхнөөр хязгаарлан ойлгох нь бий. Гэвч хөрсөн дээрээ энэ нь олон жил хэвшсэн хүний дадал зуршил, хуучин системээс татгалзах сэтгэлгээний томоохон сорилт болдог байна. "Гүнд Инвестмент" холдинг уламжлалт системээс Google-ийн экосистем рүү арав гаруй компанийг зэрэг шилжүүлэхдээ яг ийм соёл, хандлагын өөрчлөлтийг урьтал болгожээ.

- Технологи нэвтрүүлэх явцад байгууллагын соёлыг өөрчлөх, ажилтнуудыг дасгах хамгийн том сорилт юу байв?

- Технологийг нэвтрүүлнэ гэдэг хэрэглэж буй системээ өөрчлөөд л болчихдог ажил биш, хүний дадал зуршил, байгууллагын соёлыг өөрчлөх сорилт байдаг. Тухайн үед ихэнх компани болон ажилтнууд Microsoft суурьтай системд дадчихсан байсан тул арав гаруй компанийг нэг дор Google Workspace рүү шилжүүлэхэд бодит хүндрэлүүд гарч байсан. Гэвч урт хугацааны үр өгөөжийг нь тооцсон учраас тууштай байж, энэхүү шилжилтийг хийсэн.

- Сүүлийн жилүүдэд Google-ийн үйлчилгээнүүд Монголд нэлээд идэвхтэй нэвтэрч байна. Танай холдингийн хувьд үүнийг бизнестээ хэрхэн тусгаж байна вэ?

- 2023 оноос өмнө Google-ийн ихэнх үйлчилгээнүүд Монголд хаалттай байсан бол өнөөдөр Google for Education, Google for Startups, Google Maps, Google Pay зэрэг үйлчилгээнүүд албан ёсоор нэвтрээд байна. Энэхүү өргөжилтийн хүрээнд "Гүнд Инвестмент"-ийн нэг компани Google-ийн Клауд түнш (Google Cloud Partner) болсон бөгөөд даатгалын бизнесээ Google Pay-ийн урамшууллын системтэй холбон ажиллуулж байна.

- "Grow with Google" хөтөлбөрийн Монгол дахь хамтын ажиллагааны гол үр дүнг та хэрхэн харж байна вэ?

- Энэ хөтөлбөрийн гол үнэ цэн нь харилцааны болон төслийн менежментийн зөөлөн ур чадваруудыг өргөн цар хүрээтэй түгээж байгаад оршиж байна. Хиймэл оюун маш хурдтай хөгжиж буй өнөө үед хүн технологид орлогдохгүй үлдэх гол ялгарах хүчин зүйл нь яг эдгээр зөөлөн ур чадвар бөгөөд энэ нь манай залуус, компаниуд дэлхийн зах зээлд гарч өрсөлдөх суурь нөхцөл болно гэж үзэж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өдгөө 1,000 гаруй монгол залуус хөтөлбөрөө төгсөөд байна.

Технологийг практикт хэрхэн хэрэглэж байна вэ?

Өнөөдөр хиймэл оюуны давуу талыг онолын хувьд хүн бүр мэддэг ч, өдөр тутмын үйл ажиллагаандаа яг яаж нутагшуулах вэ гэдэг дээр ихэнх байгууллагууд гацдаг. Тэгвэл технологийн шилжилтийг яриад өнгөрөхийн оронд бизнесийн бодит үр ашиг, цаг хугацааны хэмнэлт болгон хувиргаж чадсан хэд хэдэн жишээг "Гүнд Инвестмент" холдингийн үйл ажиллагаанаас харж болохоор байна.

Ж.Бат-Ирээдүй: Google-ийн бүтээгдэхүүнийг байгууллагын түвшинд ашигласнаар бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой нийтлэлийн зураг

- Та бүхэн хиймэл оюун, шинэ технологиудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлж байна вэ?

- Манайх гурван гол чиглэлд технологийн давуу талыг гаргаж байна. Тухайлбал, 

Нэгдүгээрт, Gemini ашиглан долоо хоногийн гадаад орчны шинэ мэдээ мэдээлэл цуглуулалтыг автоматжууллаа. Өмнө нь тусдаа ажилтан долоо хоногийн турш гар аргаар хайж, нэгтгэдэг байсан мэдээллийг одоо хиймэл оюунаар автоматжуулснаар удирдлагын шийдвэр гаргах хугацаа богиносож, ажилтнууд илүү бүтээлч ажилд цагаа зарцуулах боломж бүрдсэн.

Хоёрдугаарт, даатгалын салбар дахь алгоритмын шийдэл ашиглаж байна. Даатгалын компаниудад хуурамч бичиг баримт бүрдүүлж нөхөн төлбөр авах оролдлого цөөнгүй гардаг бөгөөд тэдгээрийг гараар шалгахад асар их нөөц үрэгддэг. Харин хиймэл оюуны алгоритм нэвтрүүлснээр залилангийн эрсдэлийг 30-40 хувийн ахицтайгаар илрүүлж байна.

Гуравдугаарт, "Due Diligence" буюу хөрөнгө оруулалтын эрсдэлийн үнэлгээ, танилцуулга бэлтгэх ажил. Өмнө нь үүнд маш их цаг зарцуулдаг байсан бол одоо Gemini болон NotebookLM-ээр анхны төслийг бэлдүүлж, түүнийгээ ажилтанбаяжуулах замаар хугацааг хэд дахин товчилсон. Бизнесийн орчинд боломж маш хурдан хувирдаг тул шийдвэр гаргах энэхүү хурд чухал давуу тал болдог.

Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаан дахь технологийн шийдлүүд

Технологийн дэвшлийг бизнесийн хурдтай холбохоос гадна, түүнийг урт хугацаанд авч явах засаглалын модель хамгийн чухал байдаг. Монголын нөхцөлд "гэр бүлийн бизнес" гэх ойлголтыг явцуу хүрээнд харах хандлага байдаг ч, дэлхийн жишигт энэ нь эдийн засгийн хамгийн тогтвортой, мэдлэгт суурилсан суурь бүтэц юм. Ж.Бат-Ирээдүй захирлын хувьд программист, нягтлан бодогч мэргэжлийн логикоо засаглалын шинэчлэлтэй ийнхүү холбожээ.

- Монголын нийгэмд "гэр бүлийн бизнес" гэхээр жаахан өрөөсгөл ойлгох хандлага байдаг. Таны хувьд энэ моделийг хэрхэн хардаг вэ, засаглалын хувьд ямар шинэчлэл хийж байна?

- Хөшигний цаана энэхүү модель нь дэлхийн эдийн засгийн нэлээд хэсгийг нуруундаа үүрч яваа тогтвортой тогтолцоо юм. Миний хувьд программист болон нягтлан бодогч мэргэжлийнхээ хослолыг ашиглан гэр бүлийн бизнесээ орчин үеийн корпорацын засаглал руу шилжүүлэхэд олон жил анхаарч ирсэн. Мэргэжлийн удирдлагуудыг хөлслөн ажиллуулдаг корпорацууд олон талын ашиг сонирхлыг зохицуулдаг бол, гэр бүлийн бизнес тухайн гэр бүлийн суурь үнэт зүйл, үзэл баримтлалыг шууд компанийн соёл болгон нутагшуулах боломжтой байдгаараа онцлогтой.

- "Гүнд Инвестмент"-ийн хувьд ямар үнэт зүйл, алсын харааг бизнестээ баримталдаг вэ?

- “Гүнд Инвестмент"-ийн хувьд аливаа зүйлд эмх цэгцтэй байхыг эрхэмлэдэг бөгөөд мэдлэгт суурилсан бизнесийг ирээдүй гэж хардаг. Сүүлийн арван жил хийсэн хөрөнгө оруулалтуудаа эргээд харахад технологи, инновацын төрлийн бизнесүүдэд давамгай хөрөнгө оруулсан нь үүний илрэл юм. Мэдээж хэрэг, шийдвэр гаргахдаа мэргэжлийн байх үүднээс хувь хүний нөлөөг аль болох дарж, засаглалын зарчмаар ажиллахыг хичээдэг. Гэр бүлийн бизнесийн гол үнэ цэнийг хэмжээ далайцдаа биш, харин тогтвортой урт хугацаанд оршин тогтнох чадварт байдгийг хэлмээр байна. Үүний тод жишээ нь Японд 1,300 гаруй жил үргэлжилж буй уламжлалт "рёкан" буюу гэр бүлийн дэн буудлуудын бизнес юм.

Ийнхүү "Гүнд Инвестмент" холдингийн хувьд гэр бүлийн бизнесийн засаглалыг шинэчлэх, үйл ажиллагаагаа дижиталжуулах явцдаа Google-ийн экосистемийг дотооддоо нэвтрүүлж иржээ. Тэд энэхүү өөрсдийн туршлага, ноу-хау дээр үндэслэн "Grow with Google Mongolia" хөтөлбөрийг гурав дахь жилдээ хамтран хэрэгжүүлж, дотоодын залууст дижитал ур чадвар эзэмших боломжийг ийнхүү олгож байгаа нь энэ юм.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд