М.Эрдэнэ-Уяа: Цэцэг бол бэлэглэсэн хүнийхээ дотор үргэлж амьд байдаг зүйл

2026.06.033 минут унших
М.Эрдэнэ-Уяа: Цэцэг бол бэлэглэсэн хүнийхээ дотор үргэлж амьд байдаг зүйл - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Зарим хүн цэцгийг хэдхэн хоногийн настай зүйл гэж боддог. Харин цэцэгчин М.Эрдэнэ-Уяагийн хувьд цэцэг гэдэг хэн нэгний дурсамж дотор илүү удаан үлддэг зүйл аж. Үерхэх саналын баглаа, төрсөн өдрийн бэлэг, эсвэл зүгээр л хэн нэгнийг баярлуулах гэсэн бяцхан сэтгэл гээд тэр өдөр бүр хүмүүстэй мэдрэмжээр холбогдож ажилладаг байна. Бид энэ удаад М.Эрдэнэ-Уяатай цэцэг, хүмүүс, бас дуртай ажлаа олох тухай ярилцлаа.

-Үндсэн мэргэжил тань флористоос нэлээн өөр байсан гэж сонссон. Хамгийн анх цэцэгтэй холбогдож байсан дурсамжаасаа хуваалцаж болох уу? 

М.Эрдэнэ-Уяа: Цэцэг бол бэлэглэсэн хүнийхээ дотор үргэлж амьд байдаг зүйл нийтлэлийн зураг

-Уг нь миний үндсэн мэргэжил газар зохион байгуулалт, геодези зураг зүйч. Сурч байх хугацаандаа  дадлага хийгээд “энэ миний хийх ажил биш юм байна даа” гэсэн мэдрэмж анх төрж байсан. Дараа нь төгсөөд нэг хувийн компанид ажиллаж үзэхэд тэр мэдрэмж бүр илүү баттай болсон гэх үү дээ. Тэгээд л энэ мэргэжлээрээ цааш явахгүй юм байна гэдгээ ойлгосон. 

Тэр зундаа хамгийн анх цэцгийн дэлгүүрт ажиллаж эхэлсэн юм. Тэнд л флористоор ажиллаж болох юм байна даа гэдэг анхны бодол төрж байсан юм. Цэцгийн баглаа боолтыг бага багаар заая гэдэг байсан болохоор жаахан удаан санагдаад туршилтын хугацаагаа дуусгаад гарсан л даа. 

Дараа нь Little Heaven-д ажиллаж эхэлсэн. Тэнд байсан Энхжин гэдэг флорист охин надад цэцгийн баглаа урлахыг хэцүү зүйл биш, харин ч улам дурламаар зүйл шиг мэдрүүлсэн. Анх удаа баглаа боож  байгаа болохоор мэдэхгүй, чадахгүй юм их гарна. Тэгэх болгонд “Өө гайгүй ээ, болж байна шдээ”, “Удахгүй сайжирна аа” гэдэг байсан нь надад нээрэн л хичээгээд байвал чадчих юм шиг итгэл болж өгсөн дөө. Ер нь бодоод байхад өдийг хүртэл хамт ажиллаж байсан хүмүүс маань өнөөдрийн намайг бүтээж өгсөн гэж үргэлж талархаж явдаг. Цэцэг боох техникээс илүүтэй яаж мэдрэмжтэй хандах вэ, яаж хүнтэй харьцах вэ гэдгийг тэр хүмүүсээсээ сурсан юм шиг санагддаг. 

Баярын өдрүүдээр бол бүр хонон өнжин олон баглаа боодог. Эхэндээ зүгээр л амжуулах тухай боддог байсан бол сүүлдээ “одоо үүнийгээ яаж илүү гоё болгох вэ”, “яаж илүү мэдрэмжтэй баглаа боох вэ” гэж боддог болсон. Тэр үеэс л би цэцгийг баглаа төдий биш, харин урлаг гэж ойлгож эхэлсэн байх. 

-Дуртай ажлаа хийж байгаа хүнд нэг л өөр мэдрэмж төрдөг шүү дээ. Таны хувьд тэр мэдрэмж нь юу байсан бэ?

М.Эрдэнэ-Уяа: Цэцэг бол бэлэглэсэн хүнийхээ дотор үргэлж амьд байдаг зүйл нийтлэлийн зураг

-Цэцэгчин хүн байна гэдэг хүмүүсийн хамгийн нандин мөчүүдтэй өөрөө ч мэдэлгүй хамт байж чаддаг юм шиг санагддаг. Үерхэх саналын баглаа, хуримын саналын баглаа, аав ээжийн төрсөн өдөр гээд дандаа л хэн нэгний чухал дурсамжийн нэг хэсэг болж үлдэнэ. Тийм болохоор би баглаа бүрээ аль болох чин сэтгэлээсээ хийхийг хичээдэг. Учир нь цэцэг авч байгаа хүний мэдрэмж их үнэн байдаг болохоор ийм зүйлийг ерөөсөө аргацааж хийж болохгүй гэсэн хувийн зарчим надад байдаг юм.  

-Хүнтэй харилцана гэдэг нэг талаараа их амархан мөртлөө нөгөө талаараа маш их мэдрэмж шаарддаг юм шиг санагддаг. Тэр дундаа үйлчлүүлэгчдээсээ хүртэл суралцах зүйл их байдаг байх. Таны хувьд хүмүүсээс хамгийн их мэдэрч, сурч авсан зүйл юу вэ? 

-Залуучууд хайртай эмэгтэйдээ цэцэг авахдаа яг өөрсдөө авч байгаа юм шиг баярладаг нь их хөөрхөн. Гэхдээ ихэнх нь дуртай цэцгийг нь мэддэггүй. Ямар өнгөнд дуртайг нь асуухаар “хар хувцас л өмсдөг” гэх мэтээр хариулна. Тэгээд хамтдаа инстаграмыг нь хүртэл ухаж байгаад цэцгээ сонгоно шүү дээ. Дараа нь нөгөө залуу маань дахиад орж ирээд “манай найз охинд ёстой их таалагдсан” гээд өөр баглаа боолгоод явдаг. 

Нэг удаа нэг үйлчлүүлэгч залуу маань “цэцэг бэлэглэсэн хүн нь нөгөө цэцгээ вааранд хийгээд, усыг нь солиод арчилж байгааг харах их гоё юм байна” гэж хэлж байсан. Үүнийг сонсоод их гоё санагдсан. Ер нь хүмүүс цэцэгт дуртай, дургүй гэж хоёр хуваагддаг шүү дээ. Би үүнийг харахдаа нэг нь матча уудаг байхад нөгөө нь кофе уудагтай адилхан л гэж боддог. Гэхдээ зарим хүн зүгээр л хангалттай цэцэг авч үзээгүй, эсвэл хүнд цэцэг өгч үзээгүй байдаг байх. Хэн нэгнийг чин сэтгэлээсээ баярлуулахын хэрээр хүн өөрөө ч бас бүтэн болж байдаг шүү дээ.  

-Хүмүүс өөрсдөө цэцгээ сонгоод баглаа бэлдэх боломжтой воркшопууд тань их сонирхолтой санагдсан. Анх яаж эхэлж байсан бэ? 

-Сүүлд тусдаа цэцгийн дэлгүүр ажиллуулж эхлээд хүмүүс өөрсдөө цэцгээ сонгоод баглаа бэлдэх  боломжтой воркшоп хийдэг болсон. Анхандаа зүгээр л эвент маягаар эхэлж байсан ч одоо бол цэцгийн дэлгүүр нээх гэж байгаа хүмүүс хүртэл ирдэг. Тэр болгонд нь би аль болох мэддэг зүйлсээ харамгүй хэлж өгөхийг хүсдэг. Хоёр сарын өмнөх воркшопт маань Баян-Өлгийд цэцгийн дэлгүүр нээх гэж байгаа нэг эгч ирээд, одоо хүртэл надтай холбоотой байдаг.

Анх бол ашгийн төлөө хийж эхэлсэн байж магадгүй. Харин одоо бол хүмүүс цэцэг бэлэглэх, цэцэг хүлээж авах мэдрэмжийг илүү ойлгоосой гэсэндээ, нөгөөтээгүүр тухайн цэцэгт ямар арчилгаа хэрэгтэй байдаг талаар илүү дэлгэрэнгүй зааж, зөвлөхийг хүссэндээ воркшопоо зохион байгуулдаг.  

-Ярилцлагынхаа төгсгөлд таны цаашдын хүсэл, мөрөөдлийн талаар асуумаар санагдлаа. Одоо хамгийн их догдлуулж байгаа зүйл тань юу вэ? 

М.Эрдэнэ-Уяа: Цэцэг бол бэлэглэсэн хүнийхээ дотор үргэлж амьд байдаг зүйл нийтлэлийн зураг

-Миний бүр алсын зорилго гэвэл хуримын бүтэн чимэглэл хийж үзэх. Бас гадаадад ийм төрлийн цэцгэн чимэглэлийн сургалтууд их болдог юм байна лээ. Одоо ингээд харахад баглаа цэцэг гэдэг энэ салбарын ердөө 20, 30 хувь нь л юм шиг. Үүнээс цаашаа сурах юм маш их байгаа гэж  бодохоор догдлоод байдаг гэх үү дээ. 

Хааяа дэлгүүрээ нээгээд цонхоороо харахаар хүмүүс улс орныхоо төлөө том ажил хийж байхад “би яг юу хийж байгаа юм бол” гэж бодох үе байдаг. Гэхдээ энэ ажлыг хийсэн 4, 5 жилийн хугацаанд би сэтгэл зүйн хувьд их тайван хүн болсон. Маш олон хүнтэй танилцсан. Бас хүмүүсийн амьдралын хамгийн нандин мөчүүдэд өөрөө ч мэдэлгүй хамт байж иржээ гэдгээ ойлгодог. 

Магадгүй тийм болохоор л би одоо хүртэл цэцэг боохоос уйдаагүй байх. Зарим хүний хувьд цэцэг хэдхэн хоногийн настай зүйл байж болох ч, түүнийг дагасан мэдрэмж, дурсамж нь илүү удаан үлддэг юм шүү дээ.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд