Хамгийн үр дүнтэй эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөнүүд


Заримдаа бид өөрийн үнэ цэн, утга учрыг мартчихдаг нь хачирхалтай. Хэн нэгэн “Чи чадна. Бид чинь ийм шүү дээ” гэж хэлэхээс нааш амьдралын завгүй урсгал дунд анзаарахгүй өнгөрдөг нь олонтоо. Яг ийм үед эмэгтэй хүн байх нь ямар үнэ цэнтэй агаад чухал зүйл гэдгийг зарим кампанит ажил, тэмдэглэлт өдрүүд бидэнд сануулах нь бий. Иймд ололт амжилтыг нас, хүйс харгалзалгүй ижил тэгш алдаршуулах учиртайг бидэнд сануулж, урам зориг өгсөн алдартай кампанит ажлуудыг танилцуулж байна.
Мари Клэрийн "Эмэгтэйчүүдэд урам зориг өгөх" кампанит ажил

Мари Клэр нь эмэгтэйчүүдийн загвар, гоо сайхан, карьер, нийгмийн асуудлуудад төвлөрдөг олон улсын сэтгүүл юм. Анх Францад 1937 онд хэвлэгдсэн ба түүнээс хойш дэлхийн хэмжээнд хүрээгээ тэлж, орон орны уншигчдын хүртээл болсон билээ. "Эмэгтэйчүүдэд урам зориг өгөх" кампанит ажил нь тус сэтгүүлийн салбар бүрийн эмэгтэйчүүдийн ололт амжилтыг онцлон тэмдэглэдэг эрхэм зорилготой огтлолцсон юм. 2010 онд эхлүүлсэн “Урам зориг ба зөвлөгч” /Inspire & Mentor/ санаачилга нь мэргэжлийн зөвлөгөө шаардлагатай эмэгтэйчүүдийг амжилттай яваа эмэгтэй бизнес эрхлэгчидтэй уулзуулахад чиглэж байв. Хөтөлбөрт оролцогчид Их Британийн хамгийн амжилттай, нөлөө бүхий бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд, тухайлбал интерьер дизайнер Келли Хоппен, үнэртэн үйлдвэрлэгч Жо Мэлоун нараас зөвлөгөө авч, хамтран ажилладаг болжээ.
Олон жилийн турш уг кампанит ажил улам өргөжин тэлж, өөрчлөгдөн хөгжсөөр ирсэн бөгөөд 2018 онд “WomenKind” кампанит ажлаа эхлүүлж, арга хэмжээ, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулан, төрөл бүрийн бичлэгүүдээр дамжуулан эмэгтэйчүүдэд урам өгч эхэлсэн байна. 2024 онд тус сэтгүүл салбар даяар томоохон нөлөө үзүүлж буй эмэгтэйчүүдийг онцлон "Өөрчлөлтийг бүтээгчид"-ийн жагсаалтыг гаргажээ.
Хершей компанийн “Celebrate SHE” кампанит ажил

Хершей компанийн "Celebrate SHE" аян нь Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Эмэгтэйчүүдийн түүхийн сард зориулан 2021 оны гуравдугаар сард эхэлсэн алдартай аян билээ. Энэхүү санаачилга нь Хершейгийн сүүтэй шоколадны /Hershey's Milk Chocolate/ "SHE" үсгүүдийг онцлон тэмдэглэж, охид, эмэгтэйчүүд бидний амьдралд хэчнээн чухал вэ гэдгийг сануулах зорилготой байв. Уг хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэсэн шоколадуудыг Пенсильвани, Нью-Йорк, Лас Вегасын Хершейгийн дэлгүүрүүдэд худалдаалсан юм. Аяны хүрээнд Хершей залуу охидыг чадавхжуулах зорилготой “Girls on the Run” ашгийн бус байгууллагатай хамтран ажиллаж, эмэгтэйчүүдийн төлөөх үйлсд идэвхтэй хандив өргөсөн билээ.
Nike-ийн “Илүү галзуу мөрөөд” кампанит ажил
2019 онд Nike “Илүү галзуу мөрөөд” кампанит ажлыг эхлүүлсэн бөгөөд Серена Уильямс зэрэг тамирчдыг гол дүрээ болгон, саад бэрхшээлийг даван туулж, хэвшмэл ойлголтыг эвдсэн эмэгтэй тамирчдын амжилтыг онцолж байв. Энэхүү кампанит ажил нь эмэгтэйчүүдийн мөрөөдөл бусдад "галзуу" мэт санагдаж байсан ч мөрөөдлөө биелүүлэх хэрэгтэйг уриалсан юм. Уг ажлын нөлөөгөөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сувгуудаар дамжуулан спорт дахь жендерийн тэгш байдлын талаарх хэлэлцүүлгийг өрнүүлж, хөнгөн атлетикийн спортод эмэгтэйчүүдэд тулгарч буй сорилт, өрөөсгөл байдлын талаарх ойлголтыг нэмсэн билээ.
Юнител групп “Анхны эмэгтэй гудамж” кампанит ажил

2024 онд Юнител групп орчин цагийн Монгол Улсыг бүтээхэд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийг улс даяараа танин мэдэхэд зориулан #АнхныЭмэгтэйГудамж хэмээх санаачилгыг эхлүүлсэн бөгөөд салбар салбартаа түүхийг бүтээсэн анхдагч эмэгтэйчүүдийг онцолж, мөн өнөө цагийн зоригтой бүтээлч бүсгүй бүрийг дэмжиж, урам зориг өгөх аяныг зохион байгуулсан.
Улаанбаатар хотод хүний нэрээр нэрлэсэн 53 гудамж, талбай бий. Харин монгол эмэгтэйн нэрэмжит гудамж, талбай байдаггүй аж. Юнителийнхэн үүнийг зарлахаас өмнө бид ч анзаардаггүй, мэддэггүй, бүр бодож ч үзээгүй байжээ. Гудамж, талбайг тухайн хүний нэрээр нэрлэнэ гэдэг дурсгалыг нь хүндэтгэн, гавьяагаар бахархан, марталгүй үргэлжид санаж буйг илэрхийлж байгаа хэрэг. Иймээс тус компанийн зүгээс өөрсдийн цахим хуудсаар дамжуулан санал асуулга авч, анхны эмэгтэй гудамжтай болох ажлыг эхлүүлж байв. Энэ нь ч олон эмэгтэйчүүдэд урам зориг өгсөн ажил болж чадсан юм.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэдэг зөвхөн тэдний тухай биш. Энэ бол хүн бүрийн эрхийг хамгаалах тухай асуудал юм. Бидний аялал дуусаагүй. Урьдынхаас илүү гэрэлтэй замаар урагшлах болно. Бусдыг дэмжин урагшлах хөшүүрэг болж, замыг нь гэрэлтүүлэн алхах зоригт эмэгтэйчүүд байгаа цагт өөрчлөлт хийх нь бүтэх эсэхийн тухай бус, хэзээ биелэхийн тухай л байх билээ.