Posted.mn сайтын редакцаас салбар салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан, тухайн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар онцлон ярилцдаг “Solution Journal” булангаа уншигч та бүхэндээ хүргэж байгаа билээ. Харин энэ удаа өмнөх дугааруудад багтаагүй чухал санаа, агуулгуудыг багцлан уншигчдадаа хүргэж байна. Тус бүрийн гарчиг дээр дарж дэлгэрэнгүй ярилцлага, бусад агуулгыг унших боломжтой.
А.Билгүүн: Амьтан хайрлаж байна гээд олноор нь цуглуулах нь золгүй явдал гарах үндэс болдог

“Өнөөдрийн байдлаар манай улсад амьтны асрамжийн газар, түр хамгаалах байрны үйл ажиллагааг зохицуулах албан ёсны бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байхгүй байна. Тиймээс бид Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд эдгээр байгууламжуудад Мал эмнэлгийн ерөнхий газраас тусгай зөвшөөрөл олгож, мэргэжлийн хяналт тавьдаг байх зохицуулалтыг тусгасан. Амьтныг хайрлах нь хариуцлагатай шууд холбогддог бөгөөд зориулалтын бус зай талбай, хангалтгүй орчинд олон тооны амьтныг нэг дор цуглуулах нь халдварт өвчин дэгдэх, улмаар амьтад бөөнөөрөө эндэх зэрэг эрсдэлийг дагуулдаг. Бид “Азтай савар” ТББ-ын үйл ажиллагааны явцад вакцин, туулганд хамрагдаагүй амьтад нэг дор байснаас үүдэн ийм золгүй явдлууд гарч байсныг олонтаа харсан. Энэхүү хууль нь салбарын шинэ суурийг тавьж буй анхдагч зохицуулалт учраас бид төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, хуулийг дагалдан гарах нарийвчилсан журмуудыг боловсруулах ажилд мэргэжлийн түвшинд, туйлын болгоомжтой хандаж байна.
Үүнээс гадна нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрөл, мэргэжлийн хяналт дор явуулдаг тогтолцоонд шилжүүлнэ. Өнөөдөр "амьтны дэлгүүр" нэрээр амьтныг торонд хорьж, яг л хэрэглээний бүтээгдэхүүн мэт худалдаалж байгаа нь амьтны эрхийг ноцтой зөрчиж буй хэрэг юм. Тиймээс цаашид үржүүлэгч нарт амьтдын амьдрах орчны стандарт, хангалттай зай талбай, арчилгааны горимыг чанд мөрдүүлж, малын эмч нарын хяналт дор үйл ажиллагааг нь цэгцлэх шаардлагатай. Амьтан бол ашиг олох хэрэгсэл биш, өөрийн гэсэн эрхтэй бодгаль гэх үзэл санааг бид энэхүү хуулийн хэрэгжилтээр дамжуулан нийгэмд хэвшүүлэхийг зорьж байна.
Дэлгэрэнгүй ярилцлага унших бол ЭНД дарна уу.
С.Тунгалаг: Хүүхдийг 3-6 сартайгаас нь эхлээд номтой нөхөрлүүлэх хэрэгтэй

Монголын Хүүхдийн төв номын сан нь дан ганц ном олгодог газар биш, хүүхэд, залуусын хөгжлийг дэмжих нээлттэй орон зай болдгоороо онцлогтой. Манай улсад хүүхэд, залуучуудын хөгжлийн төв хомс учраас чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж хязгаарлагдмал байдаг тул хүүхдийн номын сан энэ үүргийг давхар гүйцэтгэдэг. Жишээлбэл, хүүхэд манай номын санг зорьж ирээд, карт нээлгээд хэдэн цагаар ч хамаагүй өөрийн сонирхсон чиглэлийн номыг чөлөөтэй сонгож аваад уншиж, суралцах боломжтой.
Номын сангийн танхимууд хүүхдийн нас, сонирхолд тохирсон зохион байгуулалттай байдаг. Тодруулбал, хамгийн том танхим нь 120 хүний суудалтай бол бага, дунд насны хүүхдэд зориулсан танхимууд нь 30-60 хүний суудалтай байдаг. Гэвч сургуулийн нэг ангийн хүүхдийн тоо 50-60 байдаг шүү дээ. Тиймээс нэг ангийн хүүхдүүд ирэхэд манай номын сангийн танхимууд хүрэлцэхгүй, ачаалалаа дийлэхгүйд хүрдэг. Гэтэл хүүхдийн номын сан нь хүүхдийг хөгжүүлэх, номтой нөхөрлүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нээлттэй орчин байх ёстой. Тиймээс орчин, танхимын зохион байгуулалт, насны онцлогийг нарийн тооцох нь маш чухал. Манай улсын хувьд одоогоор 0-9 насны хүүхдэд зориулсан танхим байхгүйгээс гадна бусад уншлагийн танхим стандарт шаардлагыг хангахгүй байх нь бий.
Сингапур улс гэхэд л дүүрэг бүртээ хүүхдийн номын сантай байдаг бөгөөд насны онцлогт тохирсон хөтөлбөр, тоглоом, сургалтын хэрэгсэл бүхий танхимуудаар дамжуулан хүүхдийг хөгжүүлдэг. Манай улсад танхим хүрэлцээгүйгээс болоод насны онцлогийг 0-9 гээд нэлээн өндөр тогтоочихсон байдаг.
Дэлгэрэнгүй ярилцлага унших бол ЭНД дарна уу.
Х.Амантай: Ардчиллын талаар илүү зөв, гүнзгий ойлгож, хүн бүр өөрийн оролцоог нэмэгдүүлэх нь нийгмийн хөгжлийн чухал нөхцөл болно

- Та “философи ардчилал хоёр хүйн холбоотой” гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл ардчилсан засаглалтай манай улсын хувьд философи хэрхэн хөгжиж байна вэ. Олон нийт ардчиллын талаар хэр ойлголттой явдаг бол?
“Философи бол завтай хүний ажил” гэж Аристотиль хэлсэн байдаг юм. Маргаашийнхаа хоолыг яая даа гэж байгаа, анхдагч хэрэгцээндээ анхаарсан хэвээр байгаа хүн бол философи ярихгүй нь тодорхой. Тодорхой хэмжээнд суурь хэрэгцээгээ хангачихсан хүн л дараагийн түвшний буюу илүү соёл, урлаг, боловсролын зүйлд анхаарч бодож сэтгэх таатай нөхцөл нь бүрдэнэ шүү дээ. Тиймээс философийн салбар хөгжих хөрс нь байх ёстой. Хүнд төрөхөөс нь эргэцүүлж, тунгаан бодох эрэлт хэрэгцээ угаас байдаг. Учир нь бидний уураг тархи, оюун санаа байнгын ажиллаж байдаг учраас “би өдийг хүртэл амьдрахдаа юу хийж бүтээв, юунд хүрэв” гэсэн бодол хүссэн хүсээгүй төрдөг. Энэ бол жам ёсны л зүйл байхгүй юу. Үүнд хариулт олохдоо бус энэ асуултынхаа хариултыг олох явцдаа эрэл хайгуул хийж байгаа нь чухал. Зөв асуулт бол хариултын тавин хувь гэдэг үг байдаг шүү дээ.
Ардчиллыг олон хүн өнгөц ойлгох хандлагатай байдаг. Үнэн хэрэгтээ ардчилал гэдэг нь зөвхөн төрийн тогтолцоо биш, харин чөлөөт иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурласан нийгмийн харилцааны хэлбэр юм шүү дээ. Иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэж, нийгмийн үйл явцад оролцож, өөрсдийн дуу хоолойг илэрхийлэх нь ардчиллын суурь шаардлага болдог.
Дэлгэрэнгүй ярилцлага унших бол ЭНД дарна уу.



Сэтгэгдэл