Х.Амантай: Бид үзэл бодлоороо нэгдэн нийлж аливаа асуудлыг өөрсдөө шийдэх хэрэгтэй

2026.04.065 минут унших
Х.Амантай: Бид үзэл бодлоороо нэгдэн нийлж аливаа асуудлыг өөрсдөө шийдэх хэрэгтэй - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Posted.mn сайтын редакцаас салбар салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан, тухайн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар онцлон ярилцдаг “Solution Journal” булангаа уншигч та бүхэндээ хүргэдэг билээ. “Solution Journal” булангийн энэ удаагийн дугаарт бид ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Х.Амантайг урьж, философи гэж юу болох, Монголын философийн салбарын өнөөгийн байдал болон бидний амьдралд философи үнэхээр хэрэгтэй эсэх талаар ярилцлаа. 

Бидний ярилцлага философийн мөн чанар ардчилалтай салшгүй холбоотой болохыг тайлбарлаж, Монгол Улсын философийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлсноор эхэлсэн юм. Мөн ардчилсан нийгэмд иргэн бүр нээлттэй оролцож, шүүмжлэлтэй, чөлөөтэй сэтгэх чадварыг төлөвшүүлэх нь философийн төдийгүй нийгмийн хөгжлийн суурь нөхцөл болохыг энэ удаагийн дугаарт онцоллоо.

“Философи ардчилал хоёр хүйн холбоотой…”

Монгол Улсын хэмжээнд философийн болон шашны чиглэлээр академик судалгаа шинжилгээ хийдэг, албан ёсны мэргэжлийн сургалт явуулдаг хоёр л газар байдгийн нэг нь МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, нөгөөх нь ШУА-ийн Философийн хүрээлэн ажээ. Философийн талаар ярихаас өмнө тус салбарын үүсэл хөгжил, түүхэн суурийг тодорхой хэмжээнд ойлгох шаардлагатай хэмээн үзэж эртний Грекийн сэтгэгчдээс эхлэн дундад зуун, орчин үе хүртэл хэрхэн хувьсан өөрчлөгдөж ирсэн түүхэн тоймыг товчлон авч үзсэн юм.

Манай философийн хүрээлэн 1967 онд байгуулагдсан түүхтэй. Тухайн үед социалист үзэл суртлаар нийгмийг удирдаж, хяналтдаа байлгаж марксизм, ленинизмийн үзэл баримтлал давамгайлж байсан үе. Тэр хүрээнд философийг тодорхой хэмжээнд үзэл суртлын номлол явуулах замаар ашиглаж байсан юм. Гэсэн ч марксизм, ленинизм нь өөрөө философийн нэг урсгал, онолын тогтолцоо учраас тухайн үеийн философийн хөгжлийг бүрэн үгүйсгэх боломжгүй, харин тодорхой хүрээнд хязгаарлагдмал хэлбэрээр оршин тогтнож байсан гэж үзэх нь зүйтэй.

Харин 1990-ээд оноос ардчилал эхэлж хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, түүнд нь хэн ч хориг хязгаар тогтоох эрхгүй болж эхэлсэн тэр цаг үед философи жинхэнэ утгаараа цэцэглэн хөгжих боломжтой болж байгаа юм. Учир нь философийн гол үндэс суурь нь эрх чөлөө, ардчиллын үзэл баримтлал байдаг юм.

Х.Амантай: Бид үзэл бодлоороо нэгдэн нийлж аливаа асуудлыг өөрсдөө шийдэх хэрэгтэй нийтлэлийн зураг

Өөрөөр хэлбэл, олон янзын үзэл бодол чөлөөтэй оршин тогтнож, хоорондоо үнэн мөний төлөө маргалдаж, мэтгэлцэж, аливаа зүйлийн цаана нь байгаа утга учрыг олохын тулд өөр өөр хүмүүс өөр өөрийн гэсэн үзэл бодол, онол гаргаж ирнэ, түүнийгээ баталж байж тэндээс үнэн гарч ирэх байхгүй юу. Тиймээс философи ардчилал хоёр хүйн холбоотой гэж хэлж болох юм. Эрх чөлөөтэй сэтгэн бодож байгаа, олон ургалч үзэл бодол бол манай ардчилсан нийгмийн амин сүнс гэж тодорхойлж болох юм. Олон ургалч үзэл байхгүй бол ардчилал байхгүй, философи ч байхгүй байх байлаа. Одоо манай улсад философийн салбар байгаагийн гол түлхүүр нь эрх чөлөөт ардчилсан нийгэм гэсэн үг.

Анх эртний Грект философи үүсэж хөгжих гол үндэс суурь нь эрх чөлөө болж байсан юм. Эртний Грект ардчилсан нийгэм анх үүссэн гэдгийг түүхч хүмүүс бол сайн мэдэж байгаа. Боолын нийгэмтэй байсан уу гэвэл байсан хамгийн чухал нь боолчлол, ардчилал хоёр хамтдаа байж чадсан. Гэрийн ажлаас эхлээд бусад бүх хар бор ажлыг боолууд хийнэ. Улмаар бусад төр улсын иргэд буюу чөлөөт иргэд илүү гүн гүнзгий, шинжлэх ухааны асуудлуудыг судалж, танин мэдэх боломж нээгдсэн байдаг. Ийнхүү ардчилсан нийгэм үүсэж зөвхөн Афинд биш бусад бүх жижиг хот улсууд ч гэсэн өөрсдийн гэсэн шүүх, парламенттай болж иргэд нь төр улсын хэрэгт шууд утгаараа оролцдог байв. Жишээлбэл, ямар нэг маргаан гарч шүүх дээр очлоо гэж бодоход эсрэг тал нь буруутгавал өөрийгөө өмгөөлж үг хэлэх эрхтэй. Түүнийг нь бүрэн эрхт ард иргэд гараа өргөж, саналаараа шүүж шийддэг тийм шударга ардчилал байсан. Тэгэхээр ийм чөлөөтэй, “яагаад би ингэж үзэж байгаа вэ” гэдэг өөрийн үзэл бодлыг тайлбарлах эрхтэй, ардчилсан тогтолцоо л анх философи үүсэхэд нөлөөлсөн гэсэн үг. 

Аливаа зүйлд сэтгэлгээний эрх чөлөө байхгүй бол хөгжил цэцэглэлт яригдах ямар ч боломжгүй. “Чи тийм юм бүтээ, ийм онол батал” гэж тушаагаад нэг нь “за” гээд хөгжлийг хүчээр хийх боломжгүй шүү дээ. Эрэл хайгуул хийж, бүх боломжит хувилбаруудыг дэвшүүлж, судалж, задлан шинжлэх явцдаа тухайн судлаачийн хүсэл тэмүүлэл бадарч, зөв асуудал дэвшүүлж түүндээ хариулт хайдаг тэр оюуны болоод сэтгэлийн эрх чөлөөнөөс л шинэ ололт амжилт бий болох нөхцөл бүрддэг юм. Тиймээс ямар нэг дарамт шахалт, хаалт хязгаар байхгүй чөлөөт орчинд л хөгжил явагддаг. Үзэл бодол, сэтгэлгээ, үг хэлэх эрх чөлөө бол зөвхөн ардчилал төдийгүй философийн гол суурь болж байдаг. 

Яагаад бидэнд философи хэрэгтэй вэ?

Х.Амантай: Бид үзэл бодлоороо нэгдэн нийлж аливаа асуудлыг өөрсдөө шийдэх хэрэгтэй нийтлэлийн зураг

Хүнд эргэцүүлэн тунгаан бодох чадвар төрөлхийн заяасан байдаг учраас бид мөнхөд философич байдаг. Хэрвээ “философи гэж байхгүй ээ” гээд үгүйсгэж байгаа хүн бол түүнийгээ нотлох хэрэгтэй. Гэтэл философи байхгүй гэдгийг нотлох гэж оролдох үйл явц, хэлбэр нь өөрөө философи болчихдог байхгүй юу. Учир нь философийг үгүйсгэхийн тулд хүн өөрөө эргэцүүлж бодох хэрэгтэй болно. Ямар ч үндэслэлгүйгээр аливаа асуудлыг няцаах боломжгүй шүү дээ.

Хэрвээ ямар нэг үндэслэл, логикгүйгээр няцаах гэж оролдвол тэр нь дарангуйлал болно гэсэн үг. Үүний тод жишээ нь социализмын үеийн нийгэм шүү дээ. Чөлөөтэй сэтгэн бодох эрхгүй “ чи үүнийг л зөвхөн дагаж мөрдөнө, дуурайна” гэдэг үзлээр хайрцагладаг байсан. Ийм хаалттай орчинд хөгжил явагдах боломжгүй учраас нийгэм нэг хэвдээ байсаар залхаж эхэлдэг. Түүнээс нь эсэргүүцэл бий болж, аажмаар ганц, хоёр хүний бодол биш нийгмийн бодол болж хувирснаар хувьсгал, шинэчлэл явагдаж эхэлдэг. 

“Философи хэрэгтэй гэхээсээ илүү зайлшгүй байх ёстой зүйл шүү дээ. Хоол идэж байж амьдардаг тэр хэрэгцээ биш, өөрийнх нь жам ёсны хэрэгцээ буюу сая дурдсанчлан хүн хариулт хайж асуулт асуудаг мөн чанартай. Эртний Грект “үнэн бол олдог зүйл биш нээдэг зүйл” гэж үздэг байсан. Хүн юмны цаана байгаа зүйлийг олж нээх хэрэгтэй. Түүнээс биш хайсаар байгаад олдог юм биш. Үнэн, мөн чанар аливаа зүйлийн цаад учир шалтгаан үргэлж байдаг. Түүнийг бид олж нээх, илрүүлэх шаардлагатай гэсэн үг” хэмээн тэрбээр онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, хүний уураг тархи, оюун санаа байнгын ажиллаж эргэцүүлж, тунгаан бодох эрэлт хэрэгцээ байдаг учраас философи бидэнд зайлшгүй зүйл болдог ажээ.

“Би мэргэн биш, харин мэргэн ухаанд дурлагч хүн”

Х.Амантай: Бид үзэл бодлоороо нэгдэн нийлж аливаа асуудлыг өөрсдөө шийдэх хэрэгтэй нийтлэлийн зураг

- Философийн ухааныг сонирхон судалдаг хүмүүсийн дунд одоо ч маргаантай байдаг “шинжлэх ухаан анхдагч уу, философи анхдагч уу?” хэмээх асуултад та мэргэжлийн хүний зүгээс хэрхэн хариулах вэ?

Шинжлэх ухаан, философийн үүсэл гарал нь эртний Грект бараг зэрэгцэн бий болсон гэж үздэг. Хэдийгээр он цагийг нарийвчлан тогтоох боломжгүй ч зуун жилийн хүрээнд авч үзвэл эдгээр хоёр салбарын нас ойролцоо гэж хэлж болно. Жишээлбэл, Пифагор бол математикч төдийгүй философич хүн байсан шүү дээ. Эртний Грект философийг өнөөгийнх шиг ийм тусдаа бие даасан салбар гэж ойлгодоггүй байсан юм. Харин философи нь бүх төрлийн мэдлэгийг эрэлхийлэх, танин мэдэхүйн нийтлэг хэлбэр гэж үзэгддэг байсан. Өөрөөр хэлбэл, мэдлэгийн төлөө эрэл хайгуул хийж буй хүнийг философич гэж нэрлэдэг байсан бөгөөд эрдэмтэн гэх ойлголт тухайн үед хараахан үүсээгүй байсан гэж үздэг.

“Философи” хэмээх нэршлийн утга ч үүнтэй холбоотой. Грекийн “philos” (дурлах, тэмүүлэх) болон “sophia” (мэргэн ухаан) гэсэн үгсээс бүтсэн энэ ойлголт нь “мэргэн ухаанд тэмүүлэгч” гэсэн утгыг илэрхийлдэг. Пифагор өөрийг нь мэргэн хүн хэмээн магтахад, “би мэргэн хүн биш, харин мэргэн ухаанд дурлагч хүн” хэмээн хариулсан нь философич хүний мөн чанарыг тодорхойлсон хариулт гэж үздэг. 

Тэгвэл философич гэж хэнийг хэлэх вэ гэвэл бүхнийг мэддэг хүнийг биш, тасралтгүй эрж хайж, үнэнийг эрэлхийлж байдаг, асуулт тавьж, эргэцүүлж чаддаг хүнийг л хэлдэг. Тиймээс философийн нэг эмгэнэлт тал нь огт мэдэхгүй юм уу гэхээр үгүй, мэдээд байдаг. Гэхдээ мэддэг юм байна гэхээр бас үгүй, үргэлж мэдэхийн төлөө тэмүүлж байдаг дундын орчинд оршдог юм.

Х.Амантай: Бид үзэл бодлоороо нэгдэн нийлж аливаа асуудлыг өөрсдөө шийдэх хэрэгтэй нийтлэлийн зураг

- Философийг шинжлэх ухаантай жишдэг байсан бол сүүлийн үед шашинтай харьцуулах болсон юм шиг ажиглагдлаа. Мэргэжлийн байгууллага ч гэсэн “философи, шашин судлалын тэнхим” гэж явдаг шүү дээ. Тэгвэл шашин, философи хоёр хэрхэн зааглагдаж, зэрэгцэн оршдог юм бол?

Түүхээс үзэхэд Грекийн соёл мөхөсхийгээд Христийн шашны номлол нэлээн газар авч эхэлсэн үед Христийн ноёрхлыг дарж, шашны итгэл үнэмшлийн үзэл суртлыг хамгаалах хэрэгцээтэй болсон хүмүүс философичдын үзэл баримтлалыг харж байгаад шашныхаа үзэл номлолыг үндэслэлтэйгээр тайлбарлах, хамгаалах, нэг арга хэрэгсэл болгож эхэлсэн байдаг. 

Дундад зууны үед шашны асуудлаар өрнөсөн мэтгэлцээнүүд философийн хөгжлийг тодорхой хэмжээнд урагшлуулсан. Ялангуяа логик маргаан, нотолгооны хэлбэрүүд эрчимтэй хөгжиж, философийн арга зүй илүү нарийссан. Үүний нэг тод жишээ нь Бурханы оршихуйн тухай онтологийн нотолгоонууд бөгөөд эдгээр нь философийн гүнзгий логик, эргэцүүлэлд тулгуурласан байдаг юм.

Философийн онцлог бол энэ ертөнцийн учир шалтгааныг эрүүл саруул оюун ухаант хүн тайлбарлах оюуны тайлбар гэж үздэг. Сэтгэл зүйн, сэтгэлийн хөөрлийн шинжтэй тайлбар биш. Тэр утгаараа философи бол илүү шинжлэх ухаан суурьтай рационал салбар гэсэн үг. Харин шашин итгэл бишрэл суурьтай байдаг. Шашны гол үндсэн зүйл нэгдүгээрт итгэх шүү дээ. Энгийнээр тайлбарлавал, философи юмыг илүү оюун ухааны талаас нь тайлбарлах гэж оролддог, харин шашин сүсэг бишрэл дээр тулгуурлаад “эргэлзэх хэрэггүй ээ, эхлээд бидэнд итгэчих. Дараа нь би чамд тайлбарлаж өгье” гэдэг байхгүй юу. Тэгэхээр үнэний уул байлаа гэж бодоход тэр уулын нэг талыг оюун ухаан талаас нь харвал философи болж болно. Нөгөө талаас нь буюу сүсэг бишрэлээр харвал шашин болж болно гэсэн үг. Энэ хоёр зөрчилддөг гэхээс илүү нэг зүйлийг хоёр талаас нь харж байгаа хэлбэр гэж тайлбарлаж болох юм. 

"Манай философийн салбар хүн бүхэнд нээлттэй”

Х.Амантай: Бид үзэл бодлоороо нэгдэн нийлж аливаа асуудлыг өөрсдөө шийдэх хэрэгтэй нийтлэлийн зураг

“Философичдыг дотор нь сайн, муу гэж хуваахад хэцүү. Учир нь “хэн нь сайн бэ, хэн нь муу вэ” гэдэг ойлголт чинь өөрөө ёс суртахууны хэмжүүр шүү дээ. Сайн, мууг нь тодруулъя гээд нэг философич дээр очоод “та философич уу” гэвэл ихэнх нь “үгүй” л гэж хариулна. Тиймээс сайн философич гэж хэнийг, ямар хүнийг хэлэх вэ, гэдэг хариултгүй асуулт хэвээр байдаг” хэмээн тодорхойлж, философич хүнийг үнэлэх үнэлэмж, хэмжүүрийн талаар тэрбээр үргэлжлүүлэн тайлбарлав.

Социализмын үед философийн боловсрол өнөөгийнх шиг нээлттэй, эх сурвалжид суурилсан байдлаар хөгжөөгүй байлаа. Тухайн үед философийн хичээлүүд ихэвчлэн нэг чиглэлийн үзэл сурталд тулгуурлаж, оюутнууд багшийн заасан зүйлийг л бичиж авч цээжилдэг, өөр унших ном, бүтээл ч байгаагүй цаг үе. Харин өнөөдөр философийг заах, сурах арга барил үндсээрээ өөрчлөгдсөн. Оюутнууд зөвхөн багшийн тайлбараар хязгаарлагдахгүй, философийн олон онол тайлбарыг эх хэл дээр нь хаанаас ч, хэзээ ч уншиж судлах боломжтой болсон. Эх сурвалжийг гол нь эх хэл дээр нь унших маш чухал. Тэгж байж философичид юу гэж хэлсэн, яаж сэтгэж байсан, ямар үндэслэлтэй маргалдаж байсан гэдгийг илүү ойлгоно шүү дээ. 

Мөн сургалтын арга зүй ч илүү интерактив, оролцоонд суурилсан хэлбэрт шилжсэн. Хичээлийн гол хэсэг нь лекцээс гадна семинар, хэлэлцүүлэг, мэтгэлцээн дээр өрнөдөг. Оюутнууд уншсан эх сурвалждаа тулгуурлан асуулт дэвшүүлж, өөрийн байр суурийг хамгаалж, бусдын үзэл бодолтой маргалдан, аргумент солилцдог. Угаасаа философи ч гэсэн анх ингэж үүсэж байсан гэдгийг дээр дурдсан шүү дээ. Эртний Грект философичид мэдлэгийг бэлэн хэлбэрээр дамжуулахаас илүү асуулт тавих, эргэлзэх, мэтгэлцэх замаар үнэнийг хайдаг байсан. Энэ уламжлал өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй бөгөөд дэлхийн ихэнх их сургуулиудад, тэр дундаа барууны боловсролын системд идэвхтэй хэрэглэгдсээр байна.

Философич гэж бүхнийг мэддэг хүнийг биш, тасралтгүй эрж хайж, үнэнийг эрэлхийлж байдаг хүнийг хэлдэг гэсэн шүү дээ. Тиймээс философичид шууд мөнгө олж чадах эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ Монголд бидний сайн мэддэг нэг хүний мөнгө олж байгаа жишээ бий л дээ. Эртний Грект софистууд гэж байсан юм. Монголоор “цэцэрхэгчид” гэж орчуулбал дүйнэ. Тэр нөхөд юу хийдэг байсан гэхээр “би таныг бүх мэргэжилд сургана” гэж хүмүүсийг итгэж үнэмштэл нь ярина, тэгээд “би чамд сургасныхаа хаиуд мөнгө авна” гэж ярьдаг байхгүй юу. 

Гэтэл софистуудыг үгүйсгэж гарч ирсэн философич бол Сократ. “Яагаад би мөнгө төлөх ёстой юм”, “үнэний төлөө, үнэнийг хайж олсныхоо төлөө, үнэнийг хамт эрэл хайгуул хийснийхээ төлөө би яагаад тэднээс мөнгө авах ёстой юм” гэж эсэргүүцэж эхэлсэн юм. Тиймээс ч Сократ өөрийг нь дагадаг маш олон шавьтай байсан. Тэднээс хэзээ ч мөнгө авч байгаагүй гэдэг. Үнэнд хүрэхийг хичээж байгаа хүмүүст бол мөнгө чухал биш үнэн чухал шүү дээ. Тиймээс ч манай философийн салбар хүн бүхэнд нээлттэй. Мэргэжлийн ангийн оюутан, судлаачдаас эхлээд хүссэн хүн бүхэн нь ирээд манай лекцийг нээлттэй сонсох боломжтой байдаг. 

“‘Философийг бид ингэж хөгжүүлэх ёстой гэх’ хэн нэгний албадлага байж болохгүй”

Х.Амантай: Бид үзэл бодлоороо нэгдэн нийлж аливаа асуудлыг өөрсдөө шийдэх хэрэгтэй нийтлэлийн зураг

Бид ярилцлагын төгсгөлд манай улсын хувьд философийн салбарын хөгжил ямар шатанд яваа талаар тодруулж, тулгамдаж буй гол асуудлуудыг тодорхойлсон юм. Одоогийн байдлаар тус салбарт чиглэсэн бодлого хангалтгүй байгаагаас гадна, хүний нөөцийн хомсдол, энэхүү салбарын дурлан сонирхох шинэ залуу судлаачдын эрэлт хэрэгцээ дутагдаж байгаа ажээ.

Нэгдүгээрт, Монгол Улсын хэмжээнд философийн салбар тусгайлан зориулж гаргасан бодлогогүй явж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь өөрөө зөв зүйл юм. Учир нь “философийг бид ингэж хөгжүүлэх ёстой гэсэн” хэн нэгний үзэл баримтлал, албадлага байж болохгүй. 

Бие даасан тусгаар улсад суурь шинжлэх ухаан буюу математик, физик, хими, биологи, хэл шинжлэл тэгээд философийн салбарууд угаас мөнгө олдоггүй салбар шүү дээ. Учир нь маш гүнзгий онолын зүйл судалдаг болохоор мөнгө олдог арга зам хэрэгсэл нь тэдэнд байдаггүй. Гэвч тусгаар улс болсныхоо хувьд бид аливаа нэг зүйлийг онолын үүднээс судалж, мэдэж, судалгаа шинжилгээний ажил хийгдэж нарийн ширийн зүйлийг суурь шинжлэх ухааны үүднээс нь олж мэдэх, задлан тайлбарлах хэрэгтэй байдаг. Судалж мэдэхгүйгээр бид улс эх орноо хөгжүүлэх боломжгүй шүү дээ. Тиймээс цаашид эдгээр салбарыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол боловсон хүчнийг сайжруулах, хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажилд түлхүү хөрөнгө оруулах тал дээр анхаарахаас өөр аргагүй гэсэн үг.

Хоёрдугаарт, Яг философийн салбарт дурлаад, сонирхож суралцдаг оюутан залуусын тоо жил ирэх тусам цөөрч байна. Сонирхдог хүмүүс бол хангалттай байгаа. Одоо сошиал сүлжээнд философи гэж юу вэ гээд л сонирхолтой контент бэлдээд тавихад л залуучууд дуртай үздэг. Гэвч яг мэргэжил болгодог нь маш цөөхөн байна. Философи өөрөө хоолоо олж идэхэд хэцүү мэргэжил учраас нийгмийн эрэлт хэрэгцээгээ дагаад залуучууд мэргэжил болгох тал дээрээ эргэлзээд байдаг байх. Гэхдээ цалин хөлс багатай гээд энэ мэргэжил нийгэмд хэрэггүй гэсэн үг биш. Улс төр, боловсрол гээд аль ч салбарт хэрэгтэй, улс оронд зайлшгүй байх ёстой салбар юм. 

Философийг маш сайн эзэмшээд мэргэжил дээрээ тулгуурлаад нийгэм, хүмүүнлэг, бизнесийн салбарт амжилт үзүүлж байгаа олон хүн бий. Философи өөрөө хүнийг олон ургалч сэтгэлгээнд сургадаг. Мөн хүн аливаа нэг байр суурийг барьж аваад мэтгэлцэж байх явцдаа аргумент гаргаад сурчихдаг юм. Тиймээс философич хүний давуу тал бол “энэ хүн ингэж бодож байгаа бол ийм аргумент гарна гэдгийг нь урьдчилаад мэдчихдэг, өөрийгөө тэр хүний оронд тавьж үздэг, чөлөөтэй сэтгэдэг, аливаа асуудлыг бүх талын өнцгөөс харах гэж оролддог гэх мэт ур чадварт суралцдаг. Гэхдээ жил бүр МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийг цөөн оюутнууд төгссөөр байгаа. Үнэхээр л философийн салбартаа үнэнч, дур сонирхолтой, хайртай хүмүүс нь энэ салбартаа үлдэж, сургалт судалгаа хийгээд энэ чиглэлээрээ ажиллаад, салбараа цаашид авч явдаг. Тиймээс Монголын философийн салбарыг ер нь жам ёсныхоо дагуу хөгжиж байгаа гэж тодорхойлж болох юм. 

Чөлөөт сэтгэлгээний үнэ цэн

Х.Амантай: Бид үзэл бодлоороо нэгдэн нийлж аливаа асуудлыг өөрсдөө шийдэх хэрэгтэй нийтлэлийн зураг

Манай улсын хөгжилд байнга төр оролцож бүх талаар нь дэмжиж байх ёстой гэх ойлголт олон нийтийн дунд түгээмэл байх шиг ажиглагддаг юм. Гэтэл бид чинь эрх чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Ардчилсан засаглалтай улсад ямар нэгэн асуудал, дутагдалтай тал байвал түүнийг олж харсан хэсэг бүлэг хүмүүс үзэл бодлоороо нэгдэн нийлж, зохион байгуулалтад ороод тухайн асуудлыг өөрсдөө шийддэг, оролцох эрх чөлөөтэй гэдгээ бид ойлгох хэрэгтэй. Тиймээс “энэ асуудлыг төр шийдэх ёстой” гээд хараад, хүлээгээд сууж болохгүй гэсэн үг. Тэгвэл төр ямар үүрэг хүлээх вэ, гэвэл аливаа асуудлыг бүтээлчээр, нэгдэн нийлээд шийдэх гэж оролдох тэр эрх чөлөөт орчин, иргэдийн оролцоот нийгмийг бий болгох явдал.

Энэ утгаараа ардчилсан нийгэм нь хүнийг чөлөөтэй, олон ургалч байдлаар сэтгэх боломжийг олгодог онцлогтой. Тиймээс ардчилал гэдэг ойлголтыг гүнзгий авч үзэж, мөн чанарыг нь танин мэдэх оролдлого хүн бүрд байх ёстой. Зөвхөн “ардчилал” гэсэн нэр томьёогоор хязгаарлагдах бус, түүний цаад утга учир, зарчим, хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлах нь маш чухал.

- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа!

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд