А.Билгүүн: Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол нийгмийн хариуцлагыг тодорхойлж, иргэд хоорондын харилцааг зохицуулах суурь

2026.03.176 минут унших
А.Билгүүн: Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол нийгмийн хариуцлагыг тодорхойлж, иргэд хоорондын харилцааг зохицуулах суурь  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Posted.mn сайтын редакцаас салбар бүрийн мэргэжилтнүүдийг урьж, нийгэмд тулгамдаж буй асуудлуудын гарц, шийдлийг эрэлхийлдэг “Solution Journal” булангийн энэ удаагийн дугаарт бид СЭЗИС-ийн Хууль зүйн сургуулийн багш А.Билгүүнийг урьж оролцууллаа. Бидний энэ удаагийн ярилцлага амьтны эрх, түүнийг хууль эрх зүйн хүрээнд хэрхэн зөв зохицуулах, иргэдийн ухамсар, хариуцлагыг хэрхэн дээшлүүлэх асуудлын хүрээнд өрнөсөн юм.

Бидний ярилцлага амьтны эрхийг хамгаална гэдэг нь тухайн амьтныг энэрэн хайрлахын цаана нийгмийн дэг журам, хүнлэг ёс суртахуун, байгаль орчны шударга ёсыг цогцлоох амин чухал алхам болохыг тодорхойлохоос эхэллээ. Асран хамгаалагчдыг хуульчлан тогтоох нь иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхийг баталгаажуулж, хүүхэд багачуудыг амьтантай зөв боловсон харилцахад сургах, улмаар нийгмийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах шийдвэрлэх нөлөөтэй болохыг энэ удаагийн дугаарт онцоллоо.

Өөрөө дуугарч чадахгүй байгаа бүхний дуу хоолой болох нь

Монголчууд бид байгаль дэлхий, уул ус, байгалийн баялаг хэмээн ярих дуртай ч тэдгээр нь өөрсдийн эрх ашгийн төлөө дуугарч чаддаггүй гэдэг нь асуудлын гол нь. Хүн өөрт тулгарсан бэрхшээлийг үзэл бодлоороо илэрхийлж, хуулийн хүрээнд хамгаалуулж чаддаг бол байгаль орчин, ан амьтад ийм боломжоос ангид байдаг. Олон улсын жишигт үүнийг “байгаль орчны шударга ёс” хэмээн нэрлэж, өөрөө дуугарч чадахгүй байгаа бүхний өмнөөс дуу хоолой болох нь шударга ёсны гол зарчим гэж үздэг. Хүн гэдэг энэ дэлхийн цорын ганц эзэн биш бөгөөд экосистем гэх агуу том цогц нэгдлийн зөвхөн нэг хэсэг нь гэдгээ ухамсарлах нь амьтны эрхийг хамгаалах суурь үндэс юм.

А.Билгүүн: Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол нийгмийн хариуцлагыг тодорхойлж, иргэд хоорондын харилцааг зохицуулах суурь  нийтлэлийн зураг

Амьтны эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Азтай савар-Амьтанд хайртай залуус” ТББ нь 2013 оноос хойш арван жилийн турш амьтны эрх хамгааллын салбарт бодитой ажиллаж ирсэн түүхтэй. Байгууллагын залуус үйл ажиллагааныхаа эхэн үед шелтер буюу түр хамгаалах байр ажиллуулах, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, нохой түр харах төв байгуулах гээд бүхий л боломжит арга хэлбэрээр амьтдыг аврахаар хүчин зүтгэсэн байдаг. Гэвч түр хамгаалах байр ажиллуулж байхад үүдэнд нь амьтдыг орхиж явах тохиолдол олон гардаг байсан нь ганц хоёр амьтныг авраад асуудал бүрэн шийдэгдэхгүйг бодитоор харуулсан байна. Тиймээс олон жилийн туршлагаасаа үндэслэн, амьтныг ганц нэгээр нь аврахаас илүүтэй, нийгмийн тогтолцооны энэ гажуудлыг хуулиар, бодлогын түвшинд шийдвэрлэх нь хамгийн зөв гарц гэж дүгнэсэн юм билээ.

Тогтолцооны өөрчлөлт: Ганц нэгээр аврахаас бодлогын шийдэл рүү

Азтай саварын хувьд олон жилийн турш нийгмийн энэ хүнд ачааг өөрсдийн нөөц бололцоогоор үүрч ирсэн боловч өнөөдөр ачаалал нь хэрээс хэтэрч, дийлдэхээ болиод байна. Манай сайн дурын ажилтнууд, тэр дундаа сошиал медиа админууд өдөр бүр дайруулсан, зодуулсан, тарчилж буй амьтдын аймшигтай зураг, мэдээллийг хүлээж авдаг. Ийм хүнд орчинд ажиллах нь сэтгэл зүйн хувьд асар их дарамттай байдаг учраас ажиллах хүчин тогтохгүй байгаа нь ч энэ үйл ажиллагааг бодлогын түвшинд зохицуулах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Энэ бол ердөө 5-10 хүний эсвэл хэдхэн төрийн бус байгууллагын хийх ажил биш шүү дээ.

Тиймээс хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулахдаа Азтай саварынхны зүгээс амьтан асран хамгаалагчдад тулгардаг бэрхшээл бүрийг шийдвэрлэхийг зорьсон. Тухайлбал, мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмж муу, яаралтай тусламжийг 24 цагаар авч чаддаггүй нөхцөл байдал зэргийг хуулийн зохицуулалтад оруулах хүсэлтэй байв. Гэвч хуульчдын багтай хамтран ажиллах явцад эдгээр нь амьтны эрхийн асуудлаас гадна мал эмнэлгийн салбарын мэргэжлийн ёс зүй, эдийн засгийн харилцаатай шууд холбоотой болохыг тодорхойлсон. Эмнэлгийн ажиллах цаг, цар хүрээг хуулиар албадан тогтоох боломжгүй тул хуулийн төслийн үзэл баримтлалыг илүү нарийвчилж, бодит хөрсөн дээр буулгасан юм.

Асран хамгаалагчийн үүрэг: Амьтны эрхийг хамгаалах эрх зүйн механизм

Олон улсын жишигт амьтны таван эрх чөлөө гэх ойлголт байдаг бөгөөд “Азтай савар” ТББ-ын зүгээс Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг боловсруулахдаа энэхүү үзэл санааг суурь болгон ашиглажээ. Гэхдээ хуулийн заалтуудад амьтны эрхийг шууд утгаар нь тусгаагүй нь учиртай хэмээн тэрбээр онцлов. 

А.Билгүүн: Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол нийгмийн хариуцлагыг тодорхойлж, иргэд хоорондын харилцааг зохицуулах суурь  нийтлэлийн зураг

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн гол үзэл баримтлал нь амьтны эрхийг хамгаалахын зэрэгцээ асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг тодорхой болгоход оршиж байна. Тухайлбал, амьтныг вакцинжуулах, туулгад хамруулах, жил бүр мал эмнэлгийн үзлэгт оруулах, олон нийтийн газар хошуувч, уяа хөтөлгөөтэй авч явах зэрэг шаардлагуудыг хуульчилсан нь асран хамгаалагчдад тодорхой үүрэг хүлээлгэж буй хэрэг юм.

Энэхүү зохицуулалт нь нийгмийн хоёр талт хандлагыг нэгэн зэрэг хөндсөн. Нэг талаас, амьтан асран хамгаалагчид өдөр тутмын хэвшсэн амьдралдаа шинээр нэмэгдэж буй шаардлага, хориг хязгаарлалтыг хувь хүний эрх чөлөөнд халдсан мэтээр хүлээн авч, багагүй эсэргүүцэл илэрхийлж байв. Нөгөө талаас, амьтнаас айдаг эсвэл гудамж талбайн аюулгүй байдалд санаа зовдог иргэдийн хувьд эдгээр шаардлага нь тэдний аюулгүй, тайван амьдрах эрхийг хамгаалсан, зүй ёсны шийдвэр хэмээн дэмжлэг хүлээсэн юм. Хуульгүй нөхцөлд амьтан тэжээгч болон бусад иргэдийн хоорондын зөрчил нь хувь хүмүүсийн харилцааны зөрчил төдий өрнөдөг байсан бол, хуультай болсноор эдгээр нь нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ болж, хүн хоорондын харилцааг тодорхой бөгөөд шударга зарчимд шилжүүлж буй хэрэг юм.

Сэтгэл хөдлөлөөс хариуцлага руу: Энэрэнгүй нийгмийн төлөөх алхам

Амьтан тэжээх шийдвэр гаргахдаа хүмүүсийн гаргадаг нэг нийтлэг алдаа бол сэтгэл хөдлөлөөр шийдвэрлэх эсвэл хүүхдийнхээ хүслийг дагах явдал юм. Гэвч хэдхэн сарын дараа харшилтай боллоо гэх шалтгаанаар амьтнаа гаргаж хаях тохиолдол маш их гардаг. Бидний зүгээс хүмүүст амьтан үрчлэн авахаас өмнө гэр бүлийн гишүүдээ харшлын сорилд хамруулахыг зөвлөдөг. Хэдийгээр харшлын асуудлыг хуулиар нэг бүрчлэн зохицуулах боломжгүй ч, энэ нь иргэний ухамсар, хариуцлагын асуудал юм. Амьтан бол гэр бүлийн нэг гишүүн болохоос уйдахаараа сольдог тоглоом биш гэдгийг ойлгох нь чухал.

Тиймээс хуулийн төсөлд бид амьтныг эд хөрөнгө гэж үзэхээс татгалзаж, тэднийг тэжээж буй хүнийг асран хамгаалагч хэмээн тодорхойлсон. Энэ нь амьтныг бараа бүтээгдэхүүн мэтээр үйлдвэрлэдэг, дэлгүүрт талх шиг зардаг өнөөгийн тогтолцоог халж, амьтны амьдрах орчин, эрүүл мэндийн тодорхой стандартыг шаардсан чухал алхам юм. Тиймээс нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй, стандартын шаардлага хангасан этгээдүүд эрхлэх ёстой гэж ойлгож болно. Ингэснээр амьтан бэлгэнд авч өгөөд удалгүй хаях гэх мэт хариуцлагагүй үйлдлүүдийг багасгаж, нийгмийн ухамсарыг аажмаар өөрчлөх боломж бүрдэх юм. Хууль гэдэг нийгмийн харилцааг илүү соёлтой, эрх зүйн баталгаатай түвшинд авчирч, ирээдүй хойч үедээ энэрэнгүй нийгмийг өвлүүлэн үлдээхэд чиглэсэн бидний хамтын хариуцлага юм.

Устгалын арга яагаад шийдэл биш вэ?

Хууль батлагдах болсон гол үндэслэлүүдийн нэг нь манай улсад тулгамдаад буй эзэнгүй амьтдын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх байсан аж. Хэдийгээр бид олон жилийн турш нэг л арга барилаар явж ирсэн ч, энэ нь өнөөдөр ёс зүй болон эдийн засгийн хувьд ямар их хор хохирол дагуулж байгааг тэрбээр дараах байдлаар онцолсон юм.

А.Билгүүн: Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол нийгмийн хариуцлагыг тодорхойлж, иргэд хоорондын харилцааг зохицуулах суурь  нийтлэлийн зураг

Хуулийн төслийг боловсруулах үеэр хийсэн судалгаагаар эзэнгүй амьтны тоо толгой 300,000 орчим байгааг тогтоосон. Гэвч энэ тоо нь арга зүйн хувьд баталгаажуулахад төвөгтэй, бодит байдал дээр илүү өндөр байх магадлалтай. Амьтад геометр прогрессоор үрждэг учраас тэдний тоог бууруулахын тулд олон жилийн турш ашиглаж ирсэн буудлага буюу устгалын арга нь нийгмийн эрүүл мэнд, ёс зүйн хувьд ноцтой эрсдэлтэй бөгөөд асуудлыг сууриар нь шийдвэрлэх чадамжгүй юм.

Энэхүү арга нь хүүхэд багачуудын сэтгэхүйд их хэмжээий хор хөнөөл учруулдаг. Гудамж талбай, бүр айлын хашаанд хүртэл ил тодоор амьд амьтныг устгаж буй дүр зураг нь хүүхдэд терроризмтэй дүйцэхүйц сэтгэл зүйн цочрол өгдөг. Хэдийгээр би сэтгэл судлаач биш ч гэлээ амьд амьтныг хэрцгийгээр хороож буй үзэгдлийг хэвийн мэтээр хүлээн авах нь хүүхдийн сэтгэцийн хөгжилд өөрчлөлт орох, хүчирхийллийг зөвтгөх эрсдэл дагуулж болзошгүй шүү дээ. Түүнчлэн, энэхүү үйл ажиллагаа нь айлын нохой, муурыг андууран устгах, хулгайлах зэрэг иргэдийн өмчид халдсан маш олон зөрчлийг дагуулдаг нь ноцтой асуудал юм.

Төсөв санхүүгийн хувьд авч үзвэл, устгалын ажил нь орон нутгийн болон нийслэлийн төсөвт жил бүр тодорхой хэмжээгээр тусгагддаг ч, үр ашиггүй зардлыг улам нэмэгдүүлж байна. Улаанбаатар хот Нийслэлийн төсвөөс, орон нутагт бол Засаг дарга нарын захирамжаар нэг удаагийн шинжтэй устгалын ажлыг санхүүжүүлдэг. Гэтэл буу сумны үнэ өсөх, гүйцэтгэгчдийн зардал нэмэгдэх зэрэг нь санхүүгийн хувьд дийлдэхгүй нөхцөл байдлыг үүсгэсээр байна. Ийм нөхцөлд зарим гүйцэтгэгчдийн хувьд төсвөө хэмнэх эсвэл зардал өндөрсөхөөс сэргийлж, хямд, илүү хэрцгий арга хэрэгсэл (жишээлбэл, гөлгийг хатуу зүйлээр цохих, хананд савах) ашиглах эрсдэл ч гарч байсан нь устгал өөрөө хяналтгүй, ёс зүйгүй үйл явц болон хувирсныг харуулж байна.

Шилжилтийн үеийн зохицуулалт буюу устгалаас үржил хязгаарлах арга руу

А.Билгүүн: Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол нийгмийн хариуцлагыг тодорхойлж, иргэд хоорондын харилцааг зохицуулах суурь  нийтлэлийн зураг

Устгалын арга нь нийгмийн хувьд төсвийн дарамт учруулж, иргэдийн аюулгүй байдал болоод ёс зүйн хэм хэмжээг ноцтойгоор алдагдуулж ирсэн нь тодорхой байна. Асуудлыг ийнхүү мухардалд оруулсан устгалын бодлогыг хэрхэн зогсоож, түүнийг орлох шинжлэх ухаанч, олон улсын жишигт нийцсэн хууль эрх зүйн ямар механизмыг шинэ хуульд тусгасан талаар тэрбээр үргэлжлүүлэн тайлбарлав.

"Энэхүү хуулийн төсөл нь буудлагыг эсэргүүцэх, нийгмийн зөвшилцлийг хангах хүрээнд олон нийтээс ихээхэн итгэл, дэмжлэг хүлээсэн юм. Гэвч буудлагыг шууд зогсоох нь хүүхэд эзэнгүй нохойд хазуулах зэрэг өнөөгийн тулгамдсан эрсдэлийг бүрэн шийдвэрлэх боломжгүйг бид бодит нөхцөл байдалд үндэслэн тооцоолсон. Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр жилд 300 гаруй хүн нохойд хазуулсан шалтгаанаар ханддаг бөгөөд хохирогчдын олонх нь хүүхдүүд байна. Энэ нь зөвхөн албан ёсоор бүртгэгдсэн тоо бөгөөд бүртгэлд ороогүй тохиолдлуудыг нэмбэл эрсдэл хавьгүй өндөр байгаа юм. Энэхүү баримт нь амьтдын эрхийг хангахаас гадна хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн эрүүл саруул тогтолцоог бүрдүүлэх үүднээс цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг илэрхийлж байна шүү дээ.

Тиймээс үүнийг шийдвэрлэхийн тулд хуульд шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгаж, амьтан устгахыг хориглох заалтыг таван жилийн хугацаатайгаар үе шаттай хэрэгжүүлэхээр болсон. Энэ хугацаанд спэй буюу үржил хязгаарлах мэс заслыг боловсон арга хэмжээтэй хослуулан улс орон даяар өргөн хүрээнд хэрэгжүүлэх юм. Ингэснээр таван жилийн дараа устгалын шаардлагагүй, нийгмийн аюулгүй байдал бүрэн хангагдсан орчинд шилжих зорилт тавьж байна." 

Хариуцлагатай хайр…

"Хайр гэдэг ойлголтын ард хариуцлага үргэлж дагалдаж байдаг. Олон хүн гэрийн тэжээвэр амьтныг сэтгэл хөдлөлөөр хайрлаж, “би өөрийнхөөрөө хайрлаж байна” гэх нэрээр амьтандаа хохирол учруулах нь элбэг. Тухайлбал, “манай нохой эмчээс айдаг” гэх шалтгаанаар вакцинжуулалтад хамруулахгүй байх нь хайр биш бөгөөд тухайн амьтан болоод нийгмийн аюулгүй байдалд учруулж буй эрсдэлтэй алхам юм. Эрх гэдэгтэй хамт үүрэг гэдэг ойлголт үргэлж хамт явдаг шиг, амьтан тэжээх нь өөрөө нэгэн амьд бодгалийн өмнө хүлээх хариуцлагатай үүрэг юм.

А.Билгүүн: Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол нийгмийн хариуцлагыг тодорхойлж, иргэд хоорондын харилцааг зохицуулах суурь  нийтлэлийн зураг

Энэхүү хариуцлагын нэг чухал хэсэг нь спэй буюу үржил хязгаарлах мэс засал юм. Олон нийтийн дунд энэ тал дээр ташаа ойлголт их байдаг. Үржил хаах нь амьтдын тоо толгойг бууруулахаас гадна, юун түрүүнд амьтны эрүүл мэндэд нэн чухал. Ороо нь орсон ч үржүүлээгүй тохиолдолд эрүүл мэндийн хүндрэл үүсэх, улмаар өвчлөмтгий болох эрсдэлтэй. Иймээс спэй заслага нь амьтныг урт наслуулах, эрүүл байлгах шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэл юм. Асран хамгаалагчдын хайртай амьтныхаа зулзагыг олноор төрүүлээд, амьдрах баталгаагүйгээр гудамжинд гаргах нь амьтныг хамгийн их тарчлааж буй хэрэг бөгөөд олон улсын жишигт үржлийг хянах нь амьтны эрхийг хамгаалж буй хэлбэр гэж үздэг.

Тиймээс нийгмийн ухамсар дээшлэх нь бидний хайрлах арга барилаас л эхлэх болов уу. Амьтныг хайрлана гэдэг нь миний эрх ашиг ямар нэгэн хэмжээгээр хязгаарлагдаж буйг хүлээн зөвшөөрөх, бусдыг ойлгох том суурь юм. Бага насны хүүхдээ амьтантай ойр өсгөж буй эцэг эхчүүд ч үүнийг анзаардаг байх. Хүүхэд амьтныг хайрлаж, тэдэнд энэрэнгүй хандаж сурснаар бусдад хүндэтгэлтэй хандах, нийгмийн харилцаанд эерэгээр нөлөөлөх сэтгэл зүйн хүмүүжил олж авдаг болов уу хэмээн бодож байна.”

Үржил хязгаарлах мэс засал нь амьтны эрүүл мэндийг хамгаалах шинжлэх ухаанч шийдэл болохыг Америкийн мал эмнэлгийн эмнэлгийн нийгэмлэг (AVMA) болон холбогдох эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа баталдаг байна. Тус байгууллагуудын мэдээллээр, энэхүү мэс засал нь эмэгчин амьтанд тохиолддог, амь насанд аюултай умайн үрэвсэл (пиометра) өвчнийг бүрэн урьдчилан сэргийлж, хөхний хавдар (mammary tumors) үүсэх эрсдэлийг наснаас хамааран эрс бууруулдаг болохыг тогтоожээ. Мөн эр амьтны хувьд төмсөгний хорт хавдар үүсэх эрсдэлийг бүрмөсөн арилгаж, түрүү булчирхайн өвчлөлөөс сэргийлэхэд үр дүнтэй болохыг дурдсан байна. Тиймээс энэхүү шийдэл нь амьтныг урт наслуулах, тэнүүчлэлээс үүдэлтэй осол, гэмтлээс хамгаалах олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн арга хэмжээ ажээ.

Гэрийн тэжээвэр амьтантай оршин суугчдаас нэмэлт төлбөр авах нь шударга шийдэл мөн үү?

А.Билгүүн: Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол нийгмийн хариуцлагыг тодорхойлж, иргэд хоорондын харилцааг зохицуулах суурь  нийтлэлийн зураг

Сүүлийн үед орон сууцанд гэрийн тэжээвэр амьтан тэжээхтэй холбоотой маргаан, хэлэлцүүлэг нэлээд идэвхжиж байна. Ялангуяа тэжээвэр амьтантай айл өрхөөс СӨХ-ны төлбөр дээр нэмэлт хураамж авах тухай асуудал олны анхаарлыг татаж эхэллээ. Энэ төрлийн зохицуулалт нь бодит амьдрал дээр хэр оновчтой бөгөөд шударга шийдэл болох талаар А.Билгүүний байр суурийг тодрууллаа.

"Гэрийн тэжээвэр амьтантай иргэдээс СӨХ-ны хураамж авах тухай асуудал хөндөгдөж байгаа нь нэн эргэлзээтэй бөгөөд оновчгүй зохицуулалт гэж бидний зүгээс үзэж байгаа юм. Энэ нь ихэвчлэн СӨХ-ны удирдлагуудын ахуйн шинжтэй гомдлоос үүдэлтэй боловч бодит байдал дээр иргэдийн хариуцлагыг сулруулах эрсдэлтэй.

Учир нь амьтны эрүүл ахуй, ялгадсыг цэвэрлэх зэрэг бүхий л хариуцлагыг ухамсартайгаар үүрээд явж буй иргэнээс тусгай хураамж авах нь шударга ёсонд нийцэхгүй шүү дээ. Хэрэв “бид нэмэлт хураамж төлж байгаа” гэх сэтгэхүйг суулгачихвал иргэд үүрэг хариуцлагаа хураамжаар орлуулахыг оролдож, улмаар хариуцлагагүй байдал газар авах эрсдэлтэй. Тэр тусмаа гадаа ч гардаггүй муур тэжээдэг айлаас хураамж авах нь утгагүй бөгөөд иргэд хоорондын зөрчилдөөнийг улам дэвэргэж болзошгүй. Тиймээс бид энэ төрлийн зохицуулалтыг дэмжихгүй байгаа бөгөөд иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Азтай савар ТББ нь СӨХ-ны тухай шинэ хуулийн төсөлд энэ нөхцөл байдлыг учирласан тайлбар бүхий саналаа хүргүүлж, энэ харилцааг Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулиар зохицуулж байгааг сайтар хэрэгжүүлэх нь чухал болохоос шинэ хуулиар нэмэлт хураамж авах замаар шийдвэрлэх нь оновчгүй гэдэг байр суурь илэрхийлсэн.” 

- Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч бодит амьдрал дээр хуулийн хэрэгжилт хэр хангагдаж байна вэ? Зарим талаараа нийгэмд амьтны эрхийн асуудлыг хөндөхөөр “хүний эрх хангагдаагүй байхад юун амьтан бэ” гэсэн эсэргүүцэл ч ажиглагддаг шүү дээ. Тэгвэл энэ хуулийг хөрсөн дээр буулгаж, бодит ажил болгохын тулд бид юу хийх ёстой вэ? 

А.Билгүүн: Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол нийгмийн хариуцлагыг тодорхойлж, иргэд хоорондын харилцааг зохицуулах суурь  нийтлэлийн зураг

- Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль нь нийгмийн хариуцлагыг тодорхойлж, иргэд хоорондын харилцааг зохицуулах суурь болж байна. Энэхүү хуулийг боловсруулах явцад Тамхины хяналтын тухай хуультай харьцуулан авч үзэх тохиолдол цөөнгүй байв. Уламжлалт сэтгэлгээтэй хуульчдын зүгээс хэрэгжилт сул, хяналт тавихад хүндрэлтэй заалтууд нь хууль тогтоомжийн үнэ цэнийг бууруулдаг хэмээн шүүмжилдэг. Гэвч ийм төрлийн анхдагч хуулиуд нь нийгмийн ёс суртахууныг зөв чиглүүлж, иргэдийн хандлагыг өөрчлөхөд чухал нөлөө үзүүлдэг юм.

Энэ бол манай улсын хувьд цоо шинэ салбар шүү дээ. Хуулийг сурталчлах ажилд улс төрийн нөхцөл байдал ч нөлөөлсөн. Ковидын дараах эдийн засгийн хүнд үед амьтны тухай хуулийг өргөн хүрээнд сурталчлах нь нийгмийн зүгээс маш их дайралт, эсэргүүцэл хүлээх эрсдэлтэй байсан. Хүмүүс хүүхдийн мөнгө, эдийн засаг гэх мэт амин чухал асуудлаа нэн тэргүүнд тавьж байсан учраас бид хуулийг баталсны дараа хүчтэй сурталчилгаа хийж чадаагүй тал бий.

Иргэдийн дунд амьтны эсрэг хүчирхийлэл эсвэл зөрчлийн зургийг сошиалд оруулаад “үүргээ гүйцэтгэчихлээ” гэж үзэх хандлага түгээмэл байна. Гэвч бодит байдал дээр манай хууль шүүхийн тогтолцоогоор тухайн хэргийн гэрч, үзсэн хүн нь өөрөө цагдаад мэдээлж байж араас нь ажиллагаа явах боломжтой байдаг. Цагдаагийн байгууллагын ачаалал их, хүний амь нас, эд хөрөнгийн хэргийн хажуугаар амьтны асуудлыг анхаарахгүй байна гэх шүүмжлэл бий. Гэсэн хэдий ч цагдаа Монгол Улсын бүх хуулийг зүйл заалт бүрээр нэг бүрчлэн мэдэх боломж хомс тул иргэн өөрөө хуулиа уншаад, Зөрчлийн тухай хуулийн тодорхой заалтыг үндэслэн шаардлага тавивал түүнийг шийдвэрлэхгүй орхих цагдаа байхгүй болов уу. 

Хамтын хариуцлага: Соёлтой нийгмийг хамтдаа бүтээх нь

Тэгвэл энэхүү шинэ салбарыг зөв төлөвшүүлж, хуулиа бодит амьдралд хэрэглэхийн тулд бид юунд анхаарах ёстой вэ? Энэхүү асуултын хүрээнд тэрбээр хуулийн хэрэгжилт болон иргэдийн оролцооны талаар дараах дүгнэлт, уриалгыг дэвшүүлсэн юм.

А.Билгүүн: Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол нийгмийн хариуцлагыг тодорхойлж, иргэд хоорондын харилцааг зохицуулах суурь  нийтлэлийн зураг

Хууль батлагдсанаар нийгмийн сэтгэлгээ шууд өөрчлөгдөхгүй ч нохойгоо уяа хөтөлгөөтэй салхилуулах, хошуувч зүүлгэх, орчноо бохирдуулахгүй байх зэрэг соёл иргэншлийн суурь хэм хэмжээг тогтоож өгч байгаа юм. Энэхүү хууль нь амьтныг хамгаалахаас гадна хариуцлагатай асран хамгаалагчдыг үндэслэлгүй зохицуулалтаас хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой. Бид хуулийн төслийн сүүлийн хувилбар хүртэл мэргэжлийн санал, зөвлөмжөө холбогдох байгууллагуудад хүргүүлсээр байх болно. Хүн бүр хариуцлагатай байснаар бид амьтанд ээлтэй, соёлтой нийгмийг бүрдүүлэх боломжтой шүү дээ.

Тиймээс нохой, мууртай эсэхээс үл хамааран иргэн бүрийг Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг нэг удаа анхааралтай уншиж үзэхийг уриалж байна. Хэрэв таны амьдрах орчинд амьтантай холбоотой ямар нэгэн зөрчил, үл ойлголцол гардаг бол, эсвэл та өөрөө амьтан тэжээх явцад эрх тань зөрчигдөж, бэрхшээл тулгардаг бол энэ хуулийг эхнээс нь дуустал уншаарай. Монгол Улсын хууль тогтоомж харьцангуй энгийн, ойлгомжтой үг хэллэгээр бичигдсэн байдаг тул legalinfo.mn цахим сангаас хуультай танилцах бүрэн боломжтой. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг боловсруулахдаа ч бид энэ асуудлын талаар мэдээлэл багатай хүн уншсан ч бүрэн ойлгохуйц байхаар цэг, таслал бүр дээр нь онцгойлон анхаарсан. Хуулийг хэн нэгэн эсвэл төр дангаараа хэрэгжүүлэхгүй шүү дээ. Иймээс иргэд бид өөрсдөө бие биедээ болон холбогдох байгууллагад хуулийн хүрээнд шаардлага тавьж байж л бодит үр дүн гарна. Ардчилсан, хуульт ёсны нийгэмд амьдарч байгаагийнхаа давуу талыг ашиглаж, хуулиа сайн уншиж, өөрт олгогдсон шаардах эрхээ бодитоор хэрэгжүүлэхийг хүсэж байна.

- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

 

Гэрэл зургийг: Д.Занданбат

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд