С.Тунгалаг: Хүүхдийн ном унших хүсэлд аав ээжийн үзүүлэх нөлөө маш чухал

2026.03.097 минут унших
С.Тунгалаг: Хүүхдийн ном унших хүсэлд аав ээжийн үзүүлэх нөлөө маш чухал - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Posted.mn сайтын редакцаас салбар салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан, тухайн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар онцлон ярилцдаг “Solution Journal” булангаа уншигч та бүхэндээ хүргэдэг билээ. “Solution Journal” булангийн энэ удаагийн дугаарт бид Монголын Хүүхдийн төв номын сангийн Мэдээлэл технологи арга зүйн хэлтсийн эрхлэгч С.Тунгалагийг урьж, хүүхдийн номын сангийн үндсэн чиг үүрэг, хүүхдийн номын хэвлэлийн стандарт болон Монголын Хүүхдийн номын санд тулгамддаг асуудлыг хөндөн тэдгээрийн боломжит шийдлийн талаар ярилцлаа. 

Бидний ярилцлага Хүүхдийн төв номын сангийн зургаан танхимыг онцлон тус номын санд тулгамдаж буй гол гурван асуудлыг тодорхойлж, олон улсын жишгээс бид юу суралцаж, хэрхэн засаж сайжруулах шаардлагатай, мөн ирээдүйд зөв монгол хүнийг төлөвшүүлэхийн тулд хүүхдийг бага наснаас нь номтой нөхөрлүүлэх нэн чухал болохыг энэ удаагийн дугаарт онцоллоо.

“Номтой нөхөрлөсөн хүүхдийн ирээдүй гэгээлэг байдаг”

Манай Хүүхдийн төв номын сан нь анх 2003 оны тавдугаар сарын 9-нд үүсгэн байгуулагдсан. Тэр цагаас хойш хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон зургаан төрлийн уншлагын танхимаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулж, хүүхэд бүрийн насны онцлог, сонирхолд тохирсон орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

Зургаан уншлагын танхимаас онцлох нь 0-9 насны уншигчдад зориулсан “Их мэдэх” танхим юм. Энэхүү танхимд бага насны хүүхдийн танин мэдэхүй, сэтгэхүйн хөгжилд нийцсэн ном бүтээлүүдийг чөлөөт сонголтын хэлбэрээр байршуулж, хүүхэд өөрийн сонирхлоор номоо сонгон унших боломжийг бүрдүүлсэн байдаг. Мөн зөвхөн уншихаар хязгаарлахгүйгээр тоглох, зурах, бүтээлчээр сэтгэх орчныг цогцоор нь шийдсэн нь хүүхдийг илүү номтой ойр өсөхөд дэмжлэг болох юм. 

С.Тунгалаг: Хүүхдийн ном унших хүсэлд аав ээжийн үзүүлэх нөлөө маш чухал нийтлэлийн зураг

Хүүхдийг “орж ирээд ном уншаарай” гэж хэлээд л номд дуртай болгох боломжгүй шүү дээ. 20 гаруй жилийн туршлагаас харахад хүүхэд дангаараа номд дуртай болох нь бараг л боломжгүй зүйл. Хүүхдийн ном унших хүслээс гадна эцэг эхийн нөлөө маш чухал байдаг юм. Ээж аав нар өөрсдөө ном уншдаггүй бол хүүхэд ч мөн адил унших сонирхолгүй, номын сан руу тэмүүлэхгүй болж өсдөг. 

Иймд “Их мэдэх” танхимд хүүхдүүд аав ээжтэйгээ хамт үйлчлүүлэх боломжийг бүрэн хангаж, эцэг эхчүүд хүүхдээ номтой нөхөрлүүлэх соёлыг ойлгож, дэмжих орчныг биеэр мэдрэх боломжийг нь бүрдүүлэхийн төлөө тус танхимыг тусгайлан тохижуулсан байдаг. Аав ээж нар хүүхэдтэйгээ хамт унших соёлд суралцах нь хүүхдийг номд дуртай болгох энгийн хэр нь хамгийн үр дүнтэй арга юм.

Олон улсад хүүхдийн унших чадварыг хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн институт ажилладаг ажээ. Тодруулбал, 0-1 насны хүүхдэд номыг хэрхэн хүргэх, анх уншиж эхэлж байгаа хүүхдэд номыг өнгө, дүрсээр таниулах уу, унших дадлын хажуугаар хөдөлгөөн, дуу авиаг хэрхэн хослуулж оруулах вэ, ямар хэлбэрийн номыг сонгож өгөх вэ, гэдгийг нарийн судалж, системтэй хүргэдэг юм байна. Монгол Улсын хувьд ч мөн ойрын хугацаанд хүүхдийн унших чадварыг хэрхэн дэмжих талаар судалгаа, шинжилгээний ажил явуулах шаардлагатай байгааг номын санч С.Тунгалаг онцолж байлаа. 

Хүүхдэд зориулсан барилга байгууламж яагаад хэрэгтэй вэ?

Бидний одоогоор үйл ажиллагаагаа явуулж буй Соёлын төв өргөө бол нийслэлийн өмчид хамаарах бөгөөд бид түрээсийн нөхцөлтэй ажилладаг. Мөн уг барилга маань нийтийн номын сангийн зориулалтаар баригдсан. Гэтэл энд хүүхдийн номын сан байгуулагдсан нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах, хөгжих боломжийг хангах, хүүхэд хамгааллын бодлогыг бодитоор хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хүндрэл учирч байна. 

С.Тунгалаг: Хүүхдийн ном унших хүсэлд аав ээжийн үзүүлэх нөлөө маш чухал нийтлэлийн зураг

Тэгэхээр бид ойрын хугацаанд нэн тэргүүнд хүүхдэд ээлтэй, олон улсын жишигт нийцсэн хүүхдийн номын сантай болох шаардлагатай байгаа юм. Учир нь зөвхөн хүүхдэд зориулсан барилга байгууламж, тэр тусмаа номын сан олон байх нь хүүхдийн хөгжилд маш эергээр нөлөөлдөг. Жишээ нь, Сонгинохайрхан дүүрэгт Хүүхэд залуучуудын театр байгуулагдсанаар тухайн хорооны хүүхдүүд соёл, урлагийн үйлчилгээг илүү ойроос, бодитоор хүртэж эхэлсэн шүү дээ. Үүнтэй адил нийслэлийн бүх дүүрэг, хороонд хүүхдийн номын сан, хүүхэд хөгжлийн төвийг хөрөнгө мөнгө, сэтгэл зүрхээ харамлахгүйгээр байгуулаасай гэж хүсдэг юм. Тэгж чадвал хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар нь нэмэгдэж улмаар, өөрийн хүсэл сонирхол, авьяас чадвараа нээн хөгжүүлж, ирээдүйд эх орондоо ихийг хийж бүтээсэн, Монголын нэрийг дэлхийд дуурьсгасан чадварлаг, бахархам иргэд болон өсөх юм шүү дээ.

Өнгөрсөн онд хүүхдийн номын сангийн шинэ барилгын ажлыг эхлүүлэхээр ярилцсан ч одоогоор баттай үр дүнд хүрч чадаагүй л байна. Гэхдээ бид зүгээр хараад суухыг хүсээгүй. Тиймээс манай номын сан хүүхдүүддээ зориулан номын сангийн доторх өрөө тасалгаа, уншлагын танхимуудыг өөрсдөө засаж сайжруулж, хаалт суурилуулж, сандал ширээ, тавилга, тоног төхөөрөмжийг нэмж, дахин зохион байгуулж, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон орчныг бүрдүүлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна.

“2025 онд 29 мянга гаруй ирцэд 45 мянга гаруй ном олгож үйлчилсэн байна…”

Номын сангаар тогтмол үйлчлүүлдэг хүүхдүүдийн 90-ээд хувь нь оюунлаг ажил эрхэлдэг, улс эх орондоо хэрэгтэй зүйл хийдэг, амжилттай яваа хүмүүс байдаг. Үүний тод жишээ бол анх “мөрөөдөл” танхим байгуулагдахад л үйлчлүүлж эхэлсэн аавын хүүгийн түүх юм. Ойрхон компанид нягтлан бодогч хийдэг нэг аав байсан юм. Долоо хоногт тогтсон гурван өдөр хоёр хүүхдээ номын санд суулгадаг байлаа. Саяхан тэр аав тэтгэвэртээ гарсан гээд ирж уулзахад хоёр хүүхэд нь хоёулаа МУИС-ийг амжилттай төгсөөд одоо нэг нь гадаадад суралцаж, нөгөө нь эдийн засгийн салбарт ажиллаж байгаа гэдгийг сонсоод үнэхээр их баярлаж бас бахархсан. Эндээс л номтой нөхөрлөсөн хүүхдүүдийн ирээдүй ямар гэгээлэг байдгийг харж болох юм. Ганц энэ түүхээр хязгаарлагдахгүй үүнтэй адил маш олон түүх бидэнд бий.

Би хүүхдийн номын санд анх орохдоо “мөрөөдөл” танхимд ажилладаг байсан юм. Тэр үед эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ маш их ирж үйлчлүүлдэг байлаа. 2020 оноос өмнө гэхэд л жилд дунджаар 75 мянган ирцэд 150 мянга гаруй ном олгож үйлчилдэг байв. Ковид цар тахлаас хойш хүүхдүүд цахим орчинд илүү цаг зарцуулдаг болсон юм шиг ажиглагдсан. Гэсэн ч бид үйлчилгээний цар хүрээгээ тэлж ажиллахыг зорьж байгаа бөгөөд 2025 онд 29 мянга гаруй ирцэд 45 мянга гаруй ном хэвлэлийн бүтээгдэхүүн олгож үйлчилсэн байна.

С.Тунгалаг: Хүүхдийн ном унших хүсэлд аав ээжийн үзүүлэх нөлөө маш чухал нийтлэлийн зураг

Танхим бүр өөр өөрсдийн онцлогт тохирсон соёлын ажлуудаа хүүхдүүдэд зориулж идэвхтэй явуулдаг. Тодруулбал, “их мэдэх” танхимд долоо хоног бүр үлгэрийн цаг, уншлагын цаг зохион байгуулдаг. Мөн гадаад уншлагын танхимд хоёр хэлний уншлага явуулж, хэл хэлний клубүүд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Ингэж 7-14 хоног эсвэл сар болгон шинэ ажил зохион байгуулсаар номын сан маань жилдээ 260 гаруй арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг юм.

Манай хамт олон эдгээр ажлыг хийхдээ хэзээ ч хүний нөөц дутмаг, ачаалалтай гээд хойш сууж байгаагүй. Үргэлж сайжруулж, дээшлүүлж, хүүхдэд зориулсан чанартай үйлчилгээг бий болгохыг зорин ажилласаар ирсэн. Гэвч сүүлийн үед цалин хөлс бага, ачаалал ихтэй гэх шалтгаанаар энэ мэргэжлийг сонирхох залуусын тоо жил ирэх тусам цөөрч, номын сангийн чиглэлээр дурлан ажиллах боловсон хүчин хомсодсоор байна.

Сүүлийн жилүүдэд хүүхдийн номын сангийн салбарт тулгамдаж буй гол асуудлуудын нэг нь хүний нөөцийн хомсдол болж байгаа аж. Орон тооны цомхотгол, цалин хөлсний асуудал, хүртээмжгүй байдал зэрэг нь номын сангийн салбарт урт хугацаанд тогтвортой ажиллах боловсон хүчингүй болсон гол шалтгаан болжээ. Ийнхүү хүний нөөцийн хомсдолоос үүдэлтэй ажлын ачааллаа хэрхэн зохицуулж байгаа талаар бид тодруулсан юм.

“Хүүхдэд зориулсан арга хэмжээ зохион байгуулахад номын санчид олон талын мэдлэгтэй байх ёстой”

Хүүхэд, залуучууд, иргэдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ажлын бус цагаар ч үйлчлүүлэх боломжийг нь хангах үүднээс манай номын санч нар бүтэн долоо хоног, зургаан уншлагын танхимдаа ээлжээр ажилладаг. Манай номын сан анх 18 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2005 онд Үндэсний номын сангаас тусдаа гарахад 26 хүний баг бүрдсэн. 2016 онд номын сангийн бүтэц, орон тоог өргөтгөж 65 хүнтэй байх ёстой гэж заасан ч одоогоор 32 хүний орон тоотой ажиллаж байна. Саяхан Засгийн газрын 9%-ийн цомхотголын улмаас бид 29 хүний орон тоотой ажиллах болсноор, нэг номын санч өөрийн албан тушаалд заагаагүй чиг үүргийг давхар гүйцэтгэх шаардлагатай тулгарч байна.

Хүүхдэд зориулан хэрэгжүүлдэг ихэнх үйл ажиллагаа ажлын бус цагаар болон амралтын өдрүүдэд явагддаг. Тиймээс бид маш ачаалалтай ажилладаг гэсэн үг. Гэтэл ачааллаа арай гэж зохицуулж байхад дахиад л орон тооны цомхотгол гээд 3 орон тоо хасчихаар нэг хүний хүлээх үүрэг ахиад 3%-иар нэмэгдэж байх жишээний. Энэ нь хүүхдэд хүргэх үйлчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул цаашид хүний нөөцийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангаж ажиллах шаардлагатай байна.

С.Тунгалаг: Хүүхдийн ном унших хүсэлд аав ээжийн үзүүлэх нөлөө маш чухал нийтлэлийн зураг

Номын санч нар зөвхөн үйлчлүүлэгчдэд ном тараагаад суудаг юм биш шүү дээ. Олон улсад номын санчдыг багштай адил үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг нь биднээс хүүхэдтэй ажиллаж, давхар сурган хүмүүжүүлэх чиглэлийн мэдлэг боловсрол шаарддагтай холбоотой. Иймд номын санчдын мэргэжлийн ур чадварыг байнга хөгжүүлж байх нь хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааны чанарыг сайжруулах үндсэн нөхцөл болох юм.

Их сургуульд заадаг номын санч мэргэжлийн сургалт нь ихэвчлэн номын санг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрхэн хөгжүүлэх, уншигчдын эрэлт хэрэгцээг хэрхэн хангах тал дээр төвлөрдөг бол хүүхдийн номын сан нь арай өөр чиг үүрэгтэй ажилладаг. Тиймээс хүүхдийг соён гэгээрүүлэх, номд дурлуулах, соёлын арга хэмжээг зохион байгуулахад хүүхдийн номын санчид олон талын мэдлэгтэй байх ёстой. Иймд бид номоор дамжуулан хүүхдэд зориулсан ажлыг зохион байгуулахын тулд тогтмол судалгаа, шинжилгээний ажил хийх хэрэгтэй байдаг.  

Хүүхдийн номын стандарт

Цаасан номын үнэр, хавтас, хуудас бүрийг имрэх зэрэг нь хүүхдэд маш онцгой мэдрэмж төрүүлдэг. Тиймээс хүүхдийн ном агуулгаас гадна, хийц болон дүрслэлийн хувьд тогтсон стандартыг заавал дагасан байх ёстой. Хамгийн энгийн жишээ гэхэд л хүүхдийн номын зураг нь мэргэжлийн хүүхдийн номын зураачийн бүтээл байхыг шаарддаг. Учир нь бага насны хүүхэд зургаар дамжуулан шинэ санаа, ойлголт, мэдлэгийг өөртөө шингээж авдаг бөгөөд зураг болон текстийн уялдаа холбоо нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд шууд нөлөөлдөг.

Монгол Улсад анх хүүхдийн номын хэвлэлтийн стандарт бараг мөрдөгддөггүй байсан гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Харин сүүлийн жилүүдэд энэ асуудал харьцангуй цэгцэрч 0-3, 3-5 зэргээр хүүхдийн номын насны ангиллыг тодорхойлж, номын хийц нь хатуу хавтас, мохоо булантай, том үсэгтэй байхаас гадна, зураг болон текст нь хоорондоо уялдаа холбоотой байх ёстой зэрэг нарийн стандарт шаардлагыг хангаж нас насны онцлогт тохируулан хэвлэдэг болсон нь нэн сайшаалтай өөрчлөлт болсон юм. 

UNESCO-гийн 2021 онд хийгдсэн боловсролын судалгаанд дурдсанаар хүүхдийн унших материал буюу ном, сурах бичгийн чанар, дизайн нь хүүхдийн суралцах үйл явцад шууд нөлөөлдөг болохыг онцолжээ. Тодруулбал, хүүхдийн номын стандартыг хангаагүй бүтээл нь хүүхдийн анхаарлыг сарниулж, гол агуулгыг ойлгоход саад болдог бол сайн бүтэц дизайнтай, ойлгомжтой, фонтын хэмжээ, хуудасны өнгө зэрэг нь унших явцад дарамт учруулахааргүй байх нь хүүхдийн үгийн сан болон ойлгох чадварыг богино хугацаанд хөгжүүлдэг байна.

“Номын сан бол бүтээлийг хуулбарлан түгээдэг биш, зохиогчийн эрхийг хүндэтгэн хамгаалдаг мэргэжлийн байгууллага”

С.Тунгалаг: Хүүхдийн ном унших хүсэлд аав ээжийн үзүүлэх нөлөө маш чухал нийтлэлийн зураг

Монголын Хүүхдийн төв номын сан нь улсын хэмжээнд хэвлэгдэж буй хүүхдэд зориулсан бүтээлийн нэг хувийг архивлах чиг үүргийг хуулиар хүлээдэг. Гэхдээ бүх зохиолч, хэвлэлийн байгууллага уг хуульд заасан үүргээ биелүүлдэггүй. Гэтэл номын сангийн архивын сан хөмрөгт хадгалсан бүтээлүүд хожим нь судалгаа шинжилгээ, соёлын өвийн чухал баримт бичиг болох ач холбогдолтой байдгийг тэрбээр онцолж байлаа.

Хэвлэлийн газрууд хуулийн дагуу бүтээлийнхээ нэг хувийг хүүхдийн номын санд хандивлавал манай сан хөмрөгийн баяжилт бодитоор нэмэгдэх боломжтой. Ганц ширхэг ном хандивлахад бизнесийн байгууллагуудад тийм ч их хохирол учрахгүй байх гэж бодож байна. Тиймээс зохиолч, хэвлэлийн байгууллагууд үндэсний хэмжээнд архивын үнэт өв сан бүрдэхэд хувь нэмрээ оруулдаг байгаасай. Номын сан бол аливаа бүтээлийг хуулбарлан түгээдэг биш, зохиогчийн эрхийг хүндэтгэн хадгалж хамгаалдаг мэргэжлийн байгууллага шүү дээ. Олон жилийн дараа зохиолч өөрийн хэвлүүлсэн бүтээлийг эргэн харах, судалгааны эх сурвалж болгох шаардлага тулгарвал номын сан л хамгийн найдвартай газар болох юм. Тиймээс номын сан бол өнөө маргаашийн ашиг сонирхлоос ямагт ангид байдаг, соёлын өвийг үе дамжин хадгалах боломжтой баталгаат газар гэдгийг олон нийт ойлгоосой гэж хүсэж байна. 

Номын сангийн сан хөмрөг бүрдүүлэлтийн төсөв жилээс жилд буурч байна. Өнгөрсөн хугацаанд буюу 2020 оноос өмнө 35 сая төгрөгийн төсвөөр 4,500 орчим нэр төрлийн ном авч, таван уншлагын танхимдаа хуваарилан, шаардлагатай бүтээлийг 5-10 хувиар бүрдүүлдэг байсан бол өнгөрсөн жил ердөө 3 сая төгрөгийн төсөв баталж өгсөн. Номын үнэ өссөн энэ цаг үед 3 саяын төсвөөр бүхэл бүтэн хүүхдийн төв номын сангийн сан хөмрөгт баяжилт хийнэ гэдэг ямар ч боломжгүй зүйл шүү дээ. Энэ жил ч төсөв тодорхойгүй хэвээр байгаа нь номын сангийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх вий гэж болгоомжилж байна.

С.Тунгалаг: Хүүхдийн ном унших хүсэлд аав ээжийн үзүүлэх нөлөө маш чухал нийтлэлийн зураг

- Номын санд байгаа эртний бүтээлийг хадгалж хамгаалах ажлыг хэрхэн явуулдаг вэ?

Монгол Улсын Хүүхдийн төв номын сангийн архивд хадгалагдаж буй хамгийн эртний ном бол 1925 оны шашин, сургууль хоёр хосолсон системтэй байх үед монгол бичгээр хэвлэгдсэн “хөвгүүдийн сурах бичиг” бүтээл юм. Хүүхдийн төв номын сангийн сан хөмрөгийн ном зүйн бүртгэл гээд 1921–1940, 1940-1980, 1980-2000 он хүртэлх Монголын хэвлэлийн бүтээлийг үе үеэр нь жагсаасан гурван боть ном гарсан бөгөөд одоо 2000 оноос хойших баримт бичгийг цахим бүртгэлд оруулахаар бэлтгэж байна. Энэ бүртгэл нь номын сангийн сан хөмрөгийг системтэйгээр хадгалах, судалгааны зориулалтаар ашиглахад ихээхэн дэм болох юм.

Цаасан баримтат өвийг удаан хугацаанд хадгална гэдэг их ажиллагаатай, орчны температур, хадгалах нөхцөл нь маш нарийн бөгөөд номын сангийн сан хөмрөгт дулаан, чийгшлийн стандарт тогтоосон байдаг юм. Жишээ нь, агаарын чийгшил нь 45-55 хувийн чийгшилтэй, ойролцоогоор +20 градуст байлгах нь зохистой гэж үздэг. Ийм нөхцөлд номыг олон зуун жилээр эвдрэл, гэмтэлгүй хадгалах боломжтой. Гэвч манай номын сангийн барилга нь эдгээр стандартыг бүрэн хангахуйц агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байхгүй, агаарын солилцоо муу явагддаг тул гар аргаар чийгшлийг зохицуулж байна даа.

Гэхдээ улс орон болгон өөрсдийн гэсэн цаасан баримтат өвийг хадгалах стандарттай байдаг. Жишээлбэл, Солонгос улсын хувьд чийглэг уур амьсгалтай учраас баримт бичиг амархан үрчийж элэгдэх эрсдэлтэй тул Солонгосын сан хөмрөг манайхтай харьцуулахад арай хуурай орчинд хадгалахаас гадна, тусгай барилгатай, агааржуулалт, чийгийг автоматаар тохируулдаг төхөөрөмжтэй, нарийн технологийн туламжтай хадгалдаг байх жишээний. Харин манайх эрс тэс уур амьсгалтай тул номын чийгийг зохицуулахад бэрхшээлтэй байх нь бий.

Цахим номын сан ба уламжлалт номын сан

С.Тунгалаг: Хүүхдийн ном унших хүсэлд аав ээжийн үзүүлэх нөлөө маш чухал нийтлэлийн зураг

- Манай улсын хувьд цахим номын сангийн хөгжил ямар түвшинд явж байна гэж та харж байна вэ?

Монгол Улсын хэмжээнд 2015 оноос хойш Коха гээд олон улсын номын сангийн нэгдсэн цахим программ хангамжтай болоод Үндэсний номын сан дээр түлхүү төвлөрсөн байдалтай явж байна. Гэхдээ бид яг бүх үйл ажиллагаагаа жигд цахимжуулсан гэж хэлэхэд учир дутагдалтай. Хүүхдийн төв номын сангийн хувьд үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих үүднээс бид монгол хүний зохиосон Lib4u номын сангийн программыг хэрэглэж байгаа. Lib4u программаас бид маш олон давуу талыг олж авсан. Хамгийн энгийн жишээ гэхэд л өмнө нь бид заавал номын санд өөрийн биеэр ирж байж л номоо хайж олж, уншдаг байсан бол одоо орон зай, цаг хугацаа хязгааргүйгээр интернэтийн тусламжтайгаар Хүүхдийн төв номын сангийн сан хөмрөгтэй танилцаад цахим каталогоос өөрийн сонирхож байгаа ном, хэвлэлийг шүүж олдог боллоо шүү дээ. Харин бүрэн цахимжаад яг цахим номын сан үүсгэнэ гэвэл маш их цаг хугацаа орно. Дээрээс нь инженер, техник технологийн чиглэлийн хүний нөөц шаардлагатай болох юм.

Цахим ном хүүхдэд цаг хугацаа, хил хязгаар харгалзахгүйгээр түргэн шуурхай хүрдэг байж болох ч, эрүүл мэндийн хувьд маш сөрөг нөлөөтэй шүү дээ. Япон улсын хувьд аль хэдийн бүх зүйл нь цахимжаад ирсэн чинь хүн хоорондын амьд харилцаа улам багасаад, өндөр хөгжилтэй орнууд  “бүрэн цахимжих нь тийм ч зөв зүйл биш юм байна, цаасан номоо унших хэрэгтэй юм байна” гээд эргээд цаасан ном унших дадал руугаа анхаарлаа хандуулаад эхэлсэн байдаг. Тиймээс бид яалт ч үгүй хүүхдийг багаас нь цаасан номтой нөхөрлүүлж, дараа нь унших дадалд суралцаад, аливаа зүйлийн сайн, мууг ялгаж салгаж ойлгодог болсон цагт нь цахим номтой танилцуулах ёстой юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд цахимаар унших уу, цаасаар унших уу, аль нь надад тохирох вэ, гэж эргэцүүлэл хийх чадамжтай, ном унших дархлаатай болсон цагтаа номыг цахимаар унших хэрэгтэй гэсэн үг.

Монгол Улсын Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгээс гаргасан 2025 оны  “Монгол улсын цахим номын сангийн хөгжлийн талаарх судалгаа”-нд хамрагдсан нийт ЕБС-ийн 10.32% нь цахим номын сангийн системтэй гэсэн тоо баримт гарчээ. Үлдсэн  цахим  системгүй  сургуулийн  номын  санчдаас  цахим  номын  сангийн хэрэгцээ байгаа эсэх талаар асуулга авахад 81.29% нь хэрэгцээтэй гэж хариулсан байна. Харин цахим номын сантай сургуулийн ихэнх нь буюу 39.58% нь Lib4U системийг хэрэглэдэг аж.

“Улсын нийт номын сангийн ойролцоогоор 50-60 хувийг сургуулийн номын сан эзэлдэг”

С.Тунгалаг: Хүүхдийн ном унших хүсэлд аав ээжийн үзүүлэх нөлөө маш чухал нийтлэлийн зураг

Хүүхдийн төв номын сан зөвхөн хүүхдэд ном олгоод зогсохгүй улсын хэмжээний Ерөнхий Боловсролын Сургуулийн номын сан, номын санч нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангадаг байгууллага юм. Монгол Улсын хэмжээнд одоогоор 1,509 номын сан үйл ажиллагаа явуулж байгаагийн 880 нь анхан шатны нэгж дээр буюу ЕБС дээр ажиллаж байгаа бөгөөд улсын нийт номын сангийн ойролцоогоор 50-60 хувийг сургуулийн номын сан эзэлдэг.

Тиймээс аливаа сургуулийн номын сан, төв номын сан хоёр хөл нийлүүлэн алхаж, хамтдаа хөгждөг байх нь чухал бөгөөд аль ч шатны сургуулийн номын санд бидний явуулж байгаа үйл ажиллагаа хүрдэг байх шаардлагатай. Хүүхэд захын нэг сургуулийн номын санд очоод “ийм ном авъя” гээд асуухад л тэр ном нь сургуулийнх нь номын санд байхгүй байх тохиолдол бий. Ингэснээр хүүхэд номын сангаас чанартай үйлчилгээ авч чадахгүйд хүрэх, улмаар сурч боловсрох, хөгжих эрх нь хязгаарлагдах эрсдэлтэй байдаг. Тиймээс сургуулийн номын сангууд сан хөмрөгөө тогтмол баяжуулж, үйл ажиллагаагаа тэлж л байх шаардлагатай юм.

“Өөрсдийн боломжоор хүүхэд бүрд хүрч ажиллахыг хичээж байна”

2022–2024 онуудад номын баяжилт буюу шинэ ном авах төсөв багассаны улмаас хүүхдүүдийн сонирхож буй “орчин үеийн” номын хүртээмж хязгаарлагдаж, улмаар хүүхдүүд номын санг зорин ирж, үйлчлүүлэх нь аажмаар багасаж байлаа. Энэ нь “номын сан ажлаа хийхгүй байна” гэсэн буруу ойлголт олон нийтийн дунд үүсэх гол шалтгаан болсон юм. Бодит байдал дээр номын баяжилт, сан хөмрөгийн хүрэлцээ, төсөв санхүүжилт, орчин нөхцөл зэрэг олон хүчин зүйлс нөлөөлсөн гэдгийг хүмүүс ойлгож зөв мэдээлэлтэй байгаасай гэж хүсэж байна.

Энэ нөхцөлд номын сан маань зөвхөн ном олгож суухаас илүү хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж өөр аргаар уншигч хүүхдүүдээ татахаар ажиллаж эхэлсэн юм. Тодруулбал, хүүхдийн сонирхолд нийцсэн олон арга хэмжээг зохион байгуулж, төрөл бүрийн үзэсгэлэн дэглэж тавьсны нэг нь “Үлэг гүрвэл” хөтөлбөр байв. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүүхдүүд их дуртай хүлээж авсан. Үлэг гүрвэл гэж ямар амьтан байсан юм бол гээд үзэх гээд найзуудаараа хамтдаа зориод ирж байх жишээний.

Мөн Монгол өв соёл, ёс уламжлалаа түгээн дэлгэрүүлж, шинэ үеийн хүүхдүүддээ сурталчлан таниулах зорилгоор бид “Соёлын өвийн музей”-гээ нээсэн юм. Музейд тавигдсан ихэнх бүтээл нь манай номын санд хандивын журмаар орж ирснээс гадна өнгөрсөн 2023 онд хүүхдэд соёлын өвийг таниулах чиглэлээр 3 насны ангилалтай зургийн уралдаан зарласан. Тус зургийн уралдаанд ирсэн 90 гаруй бүтээлийг мөн Соёлын өвийн музейд байрлуулсан байгаа юм.

С.Тунгалаг: Хүүхдийн ном унших хүсэлд аав ээжийн үзүүлэх нөлөө маш чухал нийтлэлийн зураг

Оюунлаг, эх орноороо бахархах сэтгэлтэй, ирээдүйд зөв монгол хүүхдийг төлөвшүүлэхийн төлөө хүүхдийн номын сан бүхнээ зориулдаг. Өнөөдөр Хүүхдийн төв номын санд дутагдалтай тал их байгаа ч бид чин сэтгэлээсээ ажлаа хийж, байгаа бүхий л боломж чадлаараа хүүхэд бүрд хүрч ажиллахыг хичээж байна. Сая дурдсанчлан хүүхдэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад эцэг эх, соёл урлагийн байгууллага, боловсролын салбар болон төрийн бус байгууллагууд, төрийн оролцоо гээд бүх нийтийн оролцоо маш чухал гэдгийг онцолмоор байна. Хэрвээ бид хамтран ажиллаж чадвал хүүхдийн номын сангийн үйлчилгээг олон мянган хүүхдэд тэгш хүртээмжтэй хүргэх бүрэн боломжтой юм. 

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа!

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

С.Тунгалаг: Хүүхдийн ном унших хүсэлд аав ээжий... | Posted