Э.Аръяабазар: Өөрийнхөө түүхээр дамжуулан буйд газрын том мөрөөдөлтэй бүх хүүхдэд урам зориг өгөхийг хүссэн

М.Энхмаа
М.Энхмаа
2026.02.113 минут унших
Э.Аръяабазар: Өөрийнхөө түүхээр дамжуулан буйд газрын том мөрөөдөлтэй бүх хүүхдэд урам зориг өгөхийг хүссэн - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Хөвсгөл далайн эрэгт, Хатгал хэмээх жижигхэн тосгонд өссөн нэгэн охин өнөөдөр өөрийнхөө бага насны бодит түүхээр хүүхдийн ном гаргаж, нутагтаа өөрийн гэсэн бизнесийг цэцэглүүлж явна. Тэр бол “Arya Cafe”-г үүсгэн байгуулагч Э.Аръяабазар юм. Бид түүнтэй саяхан уншигчдын гар дээр очсон “Далайн эргийн охин” хүүхдийн ном болон хүүхдийн ертөнц, ном бүтээх явцад төрсөн нандин түүхүүдийнх нь талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

- Юун түрүүнд “Далайн эргийн охин” хүүхдийн ном уншигчдын гар дээр очсонд баяр хүргэе. Энэхүү ном таны бага насны бодит түүхээс сэдэвлэсэн гэдгээрээ их онцлог шүү дээ?

Э.Аръяабазар: Өөрийнхөө түүхээр дамжуулан буйд газрын том мөрөөдөлтэй бүх хүүхдэд урам зориг өгөхийг хүссэн нийтлэлийн зураг

- Маш их баярлалаа. Би хүүхэдгүй л дээ, гэхдээ хүүхдүүдэд маш их хайртай. Тийм болохоор энэ ном маань миний 10 настай хувилбарт зориулсан бэлэг юм. Би багадаа Хатгалын номын сангийн бүх номыг уншиж дуусгасан, маш дэврүүн хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Тоггүй үед лааны гэрэлд ном, сонин захиалж уншдаг байсан тэр үе миний ертөнцийг үзэх үзлийг нээж өгсөн гэж боддог. Тиймээс өөрийнхөө түүхээр дамжуулж буйд газрын жижигхэн суурины том мөрөөдөлтэй бүх хүүхдүүдэд урам зориг өгөхийг хүссэн юм.

- Номд Хөвсгөл нутгийн байгаль, далай, орон нутгийн ахуй соёл маш гоёор туссан байсан шүү дээ. Энэхүү номоороо дамжуулж хүүхдүүдэд яг юуг мэдрүүлэхийг зорьсон бэ?

Э.Аръяабазар: Өөрийнхөө түүхээр дамжуулан буйд газрын том мөрөөдөлтэй бүх хүүхдэд урам зориг өгөхийг хүссэн нийтлэлийн зураг

- "Далайн эргийн охин" бол ганцхан Аръяабазарын түүх биш юм. Энэ бол буйд газрын жижигхэн суурины бүх охид хөвгүүдийн түүх. Хүүхэд бүр мөрөөдөж чаддаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон бүтээл юм. Би хүүхэд байхдаа нуураа хамгаалах ёстой, байгальдаа хайртай байх ёстой гэсэн ухамсартай өссөн. Энэ л нандин чанарыг номынхоо баатраар дамжуулан орчин үеийн хүүхдүүдэд хүргэхийг хичээсэн. Номын зураг чимэглэл дээр ч их анхаарсан. Номын зураач маань миний ярьсан дурсамжуудыг яг л байгаагаар нь, тэр тунгалаг өнгө төрхөөр амилуулж өгсөн.

- Хүүхдийн ном бичнэ гэдэг өөрөө маш нарийн ажил. Та өөрийнхөө түүхийг ном болгох явцдаа зохиолчтойгоо хэрхэн хамтарч ажилласан бэ?

Э.Аръяабазар: Өөрийнхөө түүхээр дамжуулан буйд газрын том мөрөөдөлтэй бүх хүүхдэд урам зориг өгөхийг хүссэн нийтлэлийн зураг

- Хүүхдийн ном бичнэ гэдэг маш нарийн мэргэжлийн ажил юм билээ. Хүүхдийн нас, сэтгэхүйд нийцүүлэх ёстой гэдгийг ойлгосон учраас найз Б.Дэлгэрмаадаа хандаж, зохиолыг нь бичүүлсэн. Би өөрийнхөө бага насны дурсамжууд, мэдрэмжүүдээ ярьж өгч, тэр маань хүүхдийн номын хэлээр амилсан. Номоо гаргачхаад Хатгалынхаа номын санд аваачиж өгөхөд яг л бага насандаа очсон мэт, тэр лааны гэрэлд ном уншдаг байсан охинтойгоо уулзсан мэт маш гоё мэдрэмж төрсөн. Миний ном одоо тэр номын сангийн тавиур дээр бусад номуудтай хамт байж, өөр нэгэн бяцхан охины мөрөөдлийг хөглөж байгаа гэж бодохоор үнэхээр сайхан байдаг.

- Таныг анх “Зүрх зүсэм” бялуугаар тань хүмүүс мэддэг болсон. Энэхүү амттай бизнес нь анх аялах хүсэл мөрөөдлөөс тань эхэлсэн гэдэг?

Э.Аръяабазар: Өөрийнхөө түүхээр дамжуулан буйд газрын том мөрөөдөлтэй бүх хүүхдэд урам зориг өгөхийг хүссэн нийтлэлийн зураг

- Тийм ээ. Анх аялах хүсэлдээ хөтлөгдөн, аяллын зардлаа цуглуулах зорилгоор Бээжинд суралцах хугацаандаа бялуу хийх санаа төрсөн юм. Бялуугаа зараад аяллын зардлаа босгодог байлаа. Ер нь бол хэсэгхэн хугацаанд хийж байгаад л болино гэж бодсон юм. Гэтэл маш олон хүн "Улаанбаатарт очоод чиний бялууг хаанаас идэж болох вэ?" гэж асууж, их урам өгсөн. Тэр хүмүүсийн хандлага л намайг бялууны бизнесээ үргэлжлүүлэхэд хүргэсэн дээ. 2017 онд Бээжинд байхдаа л "ерөөсөө л Хөвсгөлдөө буцаж очих ёстой юм байна" гэдгээ ойлгоод, нутагтаа ирж "Blue Jays" киноноос авсан мэдрэмжээрээ кафегаа нээсэн.

- "Далайн эргийн охин" ном уншигчдын гар дээр очсоноос хойш хүүхдүүдтэй ажиллах тань илүү сонирхолтой болсон байх?

Э.Аръяабазар: Өөрийнхөө түүхээр дамжуулан буйд газрын том мөрөөдөлтэй бүх хүүхдэд урам зориг өгөхийг хүссэн нийтлэлийн зураг

- Маш гоё болсон. Энэ номоо гаргасны дараа хүүхдүүдийн гэгээлэг ертөнцөд дахин дурласан. Одоо манай кафе дээр хүүхдүүдэд зориулсан бялууны сургалт явуулдаг болсон. Хүүхдүүд намайг "бялууны багшаа" гэж дуудаад, энд тэнд явахаар гүйж ирээд "Та Аръяа эгч мөн үү? Би таны номыг уншсан, би өөрөө ч бас ном бичиж байгаа шүү дээ" гэж ярих нь хамгийн гоё мэдрэмж. Хүүхдүүд "Аръяа эгч ээ, би тан шиг болно оо, тан шиг кафетай болно оо" гэж хэлэхийг сонсохдоо л би нутагтаа ирснийхээ, энэ бүхнийг хийснийхээ үнэ цэнийг мэдэрдэг. Одоо манай Мөрөнгийн хүүхдүүд бүгдээрээ бялуу хийх дуртай болчихсон.

- Ном гэдэг хүүхдийн хүмүүжил, танин мэдэхүйд маш том хөрөнгө оруулалт болдог шүү дээ. Таны бодлоор энэхүү ном хүүхдүүдэд ямар үнэ цэнийг үлдээж байгаа вэ?

Э.Аръяабазар: Өөрийнхөө түүхээр дамжуулан буйд газрын том мөрөөдөлтэй бүх хүүхдэд урам зориг өгөхийг хүссэн нийтлэлийн зураг

- Миний номыг уншсан хүүхдүүд өөрийнхөө байгаа орчинд хайртай болоосой, бас "би чадна" гэдэг итгэлийг аваасай гэж хүсэж байна. Намайг бага байхад Хатгалд байтугай Мөрөнд найзуудтайгаа ярилцаад суух газар байдаггүй байлаа. Харин одоогийн хүүхдүүд найзуудтайгаа ярилцах, чөлөөт цагаа өнгөрүүлэх газартай байна. Бүр баристагийн ур чадварыг ч тэндээс сурч болно. Хүүхдүүд зоригтой өсөөсэй, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмүүлээсэй гэж л хүсдэг. Номоороо дамжуулж тэдний төсөөллийн ертөнцийг бага ч болов тэлсэн бол миний зорилго биелж байгаа нь тэр.

  • Ярилцлагын төгсгөлд, "Далайн эргийн охин"-ыг уншиж буй бяцхан уншигчдадаа хандаж юу хэлэх вэ?

- Хүүхдүүд минь, мөрөөдөхөө хэзээ ч бүү зогсоогоорой. Хөвсгөлийн нэг жижигхэн сууринаас Бээжин рүү сурахаар явж, эргээд ирэхдээ өөрийнхөө мөрөөдлийг бодит болгосон тэр охины түүх хүүхэд бүрийн дотор бий. Би ирэх таван жилд хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаагаа улам тэлж, тэдэнд илүү олон боломжийг нээж өгөх гүүр нь болохын төлөө ажиллах болно.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

0
Э.Аръяабазар: Өөрийнхөө түүхээр дамжуулан буйд ... | Posted