Г.Ану-Үжин: Би л ганцаараа мэдэрч байна гэж бодсон зүйлсийг үнэндээ олон хүн чимээгүйхэн туулж явдаг гэдгийг ойлгосон


Бага байхад юмсыг яг байгаагаар нь мэдэрч, орчлон ертөнцийн олон зүйлсийн тухай сониучирхан боддог үе байсан даа. Харин том болох тусам жижиг зүйлсийг гайхах, анзаарах тэрхүү нандин шинж чанараа амьдарлын хаа нэгтээ орхичихдог юм шиг.
Анх түүний инстаграм дээрх “Ээж, би.. Бид хоёр хоёулаа л анх удаа амьдарч үзэж байгаа охид” гэсэн постыг хараад “нээрэн л тийм шүү дээ” гэсэн дулаахан мэдрэмж төрж билээ. Тиймээс “Storytelling” цувралаараа бидний өдөр тутамдаа анзааралгүй өнгөрүүлдэг жижиг мөчүүд, энгийн бодлуудаас өөрийн гэсэн ертөнцийг бүтээж, уран зохиолоос эдийн засаг хүртэл сонирхсон бүхнээ өөрийнхөөрөө холбож илэрхийлдэг Г.Ану-Үжинг онцоллоо.
-Постуудыг нь ажиглаад байхад жижиг зүйлсийг ч анзаараад, түүнийгээ өөрийнхөөрөө тайлбарлаж хүмүүст хүргэдэг юм шиг санагдсан. Багаасаа л ийм ажигч, бүтээлч хүүхэд байсан уу?
-Би өөрийгөө бусдад илэрхийлэх зүйлтэй хүн гэж огт бодож байгаагүй. Гэхдээ эргээд харахад би багаасаа л юмсыг хооронд нь холбож ойлгох, жижиг давхцал, холбоосуудыг анзаарах дуртай хүүхэд байсан юм шиг санагддаг. Тухайн үедээ бусдын л адил мөрөөрөө хичээлээ хийгээд явдаг хүүхэд байсан ч бодол санаа, хийх зүйлс гээд бүгдийг нь тэмдэглэлийн дэвтэр дээрээ буулгадаг тогтсон дадалтай хүүхэд байлаа. Харин том болоод iPad-тай болсноор зөвхөн тэмдэглэхээс гадна түүнийгээ яаж илүү цэгцтэй, гоо зүйтэй илэрхийлэх тал дээр анхаарч эхэлсэн дээ.
Би арван жилдээ монгол хэлний хичээлдээ дуртай, бас гайгүй сайндаа ордог байсан болохоор зохиолууд их уншдаг хүүхэд байлаа. Зарим уншсан зүйлс зүгээр өнгөрөхгүй, олон жилийн дараа хүртэл санаанд үлдчихдэг юм билээ. Жишээ нь “Ламбугайн нулимс”-ыг уншиж байхад “хөнжил дэвсгэрийг цэмцийтэл засаж эрээн даавуугаар хучжээ” гэдэг хэсэг яагаад ч юм бодогдоод л яваад байдаг. Хэзээ нэг өдөр энэ талаар нэг пост хийе дээ гэж бодож явсаар байгаад 12 сард бичсэн. Тэр үед “хуучны зузаан амраг” гэдэг ойлголт чинь одоогийн хэллэгээр “ex situationship” юм биш үү, гэсэн бодол төрөөд, тэр өнцгөөс нь харж бичиж эхэлсэн дээ. Тухайн үед хуудас маань 200, 300 орчим дагагчтай, удаан хугацаанд өөртөө л зориулж юм хийж байсан учраас ямар нэг том хүлээлт байгаагүй. Гэтэл маргааш өглөө сэртэл пост маань маш олон хүнд хүрчихсэн байсан.

-“Ламбугайн нулимс”-ын тухай пост тань олон хүнд хүрсний дараа илүү өргөн сэдвүүд рүү орж эхэлсэн юм шиг санагдлаа. Өөрийн харсан өнцгийг бусадтай хуваалцах итгэл тэр үеэс бий болсон уу?
-Тэр үеэс өөртөө илүү итгэлтэй болсон байх аа. “Аан, би өөрийн харсан өнцгийг бусадтай хуваалцаж болох юм байна” гэж бодсон. Хийж байгаа зүйл маань илүү олон хүнд хүрэх тусам би өөрөө ч бас хийж байгаа сэдвийнхээ хүрээг томруулж болох юм байна гэж мэдрээд, 2025 оны Монголын эдийн засгийн тухай пост хийсэн юм.
Мэргэжлийн хувьд ойр сэдэв байсан болохоор илүү нухацтай хандах гэж зорьсон. Ер нь хүмүүс эдийн засаг, тоо баримт гэхээр ойлгоход хэцүү, хол зүйл гэж боддог юм шиг санагддаг. Гэхдээ том зургаар нь хараад, энгийнээр тайлбарлавал ойлгож болох зүйлс олон байдаг учраас хүмүүс “хүнд сэдэв” гэж харахаас илүү, хөнгөнөөр хүлээж авч ойлгоосой гэж хүссэн юм. Мэдээж хүн бүр өөр өөрөөр хүлээж авсан л даа. Эдийн засаг, улс төрийн сэдвүүд угаасаа л маргаантай байдаг шүү дээ. Гэхдээ надад хамгийн гоё санагдсан зүйл нь олон хүнд хүрсэндээ биш, харин хүрэх ёстой хүмүүстээ хүрч байгаа мэдрэмж байсан. Тэр постыг эдийн засаг, бодлогын түвшинд ажилладаг гишүүд хүртэл хүртэл репост хийсэн байхыг нь хараад нэг талаасаа “миний харсан өнцөг бас үнэ цэнтэй байж болох юм байна” гэсэн мэдрэмжийг төрүүлсэн.
-Танд шинэ пост, контент бүтээх санаа ямар үед, хэрхэн орж ирдэг вэ?
-Санаа орж ирэх үед нь аль болох тэр мэдрэмжээрээ хурдан гаргахыг хичээдэг. Учир нь дотроо удаан хадгалаад, хэт олон дахин бодоод эхлэхээр яг анхны мэдрэмж нь алга болчихдог юм шиг санагддаг. Мэдээж засах, сайжруулах хэрэгтэй үе байдаг ч хэтэрхий удаан бариад, олон салгаж нийлүүлээд эхлэхээр би өөрөө хэт их шүүгээд анх яагаад хийх болсон чигээ алдах гээд байдаг талтай. Тиймээс санаагаа энд тэнд тэмдэглэж аваад, хийх үедээ “хүмүүс юу гэж бодох бол” гэдэг бодлыг аль болох оруулахгүй байхыг хичээдэг дээ. Ер нь санаа их сонин байдлаар орж ирнэ. Заримдаа бүр гэнэтхэн. Заримдаа хоорондоо огт хамааралгүй юм шиг хоёр зүйлийг зориуд холбож “энэ хоёрыг өөр өнцгөөс харвал яаж ойлгож болох вэ” гэх мэтээр бодож үздэг.
Жишээлбэл, “Dealing with life” гэдэг постыг хийх үедээ яг амьдралтайгаа нүүр тулж байгаа юм шиг байсан. Тэгээд зүгээр л нэг өдөр ороо хурааж байхдаа “би өмнө нь ийм мэдрэмжийг яаж давж гардаг байсан билээ” гэж бодоод хийсэн юм. Тухайн постны агуулга нь “би ганцаардахаараа цай уудаг, би өөрийгөө бусадтай харьцуулаад эхлэхээрээ Кристофер Нолан ах лав ингэж боддоггүй байх даа гэж боддог” гээд өөрийн мэдэрдэг янз бүрийн хүнд мэдрэмжүүд, тэдэнтэй яаж нүүр тулдаг талаараа нэг пост оруулж байсан юм. Тэр үед зөвхөн би л ийм мэдрэмжүүдтэй тэмцээд байгаа юм шиг, миний л амьдрал хэцүү байгаа юм шиг санагдаж байсан үе. Гэтэл санаандгүй олон хүнд хүрээд, хүмүүс өөрсдийн мэдрэмжээ хуваалцаж эхлэхийг хараад миний ганцаараа мэдэрч байна гэж бодсон зүйлсийг үнэндээ маш олон хүн чимээгүйхэн туулж явдаг юм байна гэдгийг ойлгосон.
-”Unodostresbyanu” хаягийг хөтөлдөг дүр бодит амьдрал дээрх Ану-Үжинтэй хэр адилхан бэ?

-Би тэнд өөрийн бодож, мэдэрч байгаа зүйлсийнхээ хамаг шим шүүсийг нь л гаргаж тавьдаг. Тэгэхээр хүмүүс заримдаа тэр хэсгээр маань намайг төсөөлдөг байх. Гэхдээ би өдөр тутамдаа байнга тэгж гоё бодож илэрхийлээд, бүх зүйлийг гүнзгий харж яриад явдаг хүн гэсэн үг биш л дээ. Тэр хоёрын хооронд мэдээж зөрүү байдаг. Гэхдээ миний хувьд “энд нэг өөр би, амьдрал дээр нэг өөр би байдаг” гэж мэдэрдэггүй. Зүгээр л хүн өөрөө олон хэсгээс бүрддэг юм шиг. “Unodostresbyanu” хаяг бол миний бүтээсэн дүр биш, харин өдөр тутамдаа тэр болгон ил гаргаад байдаггүй ч дотроо үргэлж хадгалдаг хэсгээ хаяг дээрээ илүү тод харуулдаг байх.
-Энэ бүх пост, бодол, бүтээлүүдийн ард байгаа хүнийг танилцуулбал. Ану-Үжин гэж хэн бэ?
-Намайг Г.Ану-Үжин гэдэг. Голомт банканд судалгааны менежерээр ажилладаг. Анх 2020 онд хальсан камер авч байсан. Тэр үед авсан хальсан зургууд маань өөрийнхөө аккаунт дээр тавихад хэтэрхий олон болоод байсан болохоор тусад нь шинэ хаяг нээгээд нэг нэгээр нь оруулж эхэлсэн. Эхэндээ зүгээр л зураг хадгалдаг орон зай байлаа. Харин яваандаа зураг дээрээ ямар нэг юм бичмээр, эсвэл жижиг зураг зурмаар санагдаад өөрийн бодол, мэдрэмжийг нэмж эхэлсэн дээ. Инстаграм хуудсын нэр болох “unodostresbyanu” ч бас анх зурагтай холбоотойгоор төрсөн. Зураг авахын өмнө “нэг, хоёр, гурав” гэж тоолдгоос санаа авч, бас өөрөө тоонд дуртай учраас испаниар uno, dos, tres буюу 1, 2, 3 гэж нэрлэсэн. Дээрээс нь Mayday-ийн дуунд гардаг “uno, dos, tres, you know the stress” гэдэг хэсэг санаанд үлдчихсэн. Тэгээд энэ бүх жижиг холбоос нийлээд “uno dos tres by Anu” болсон доо.
Ер нь л ажилд ороод амьдрал маань тогтсон хэмнэлтэй болж эхлэхэд “ажлаас гадна өөрийн гэсэн хийдэг зүйлтэй байя” гэж бодсон. Тэгээд амралтын өдрүүдээрээ цаг гаргаад сууж хийдэг болсон юм. Өөрийгөө нэг тодорхой сэдэв, нэг хайрцагт оруулахгүйгээр сонирхсон зүйлсээ чөлөөтэй холбож, өөрийнхөөрөө илэрхийлэх нь надад илүү чухал санагддаг юм.
Сэтгэгдэл