Хэрхэн “Үгүй” гэж хэлж сурах вэ?


Эелдэг ёсыг бодоод ч юм уу, нэрэлхүү зантайдаа ч тэр үү хэн нэгэн юм асууж, гуйхаар “үгүй” гэж хэлж чадахгүй зөвшөөрөөд, адаг сүүлд нь амаа барьж харамссаар байна уу? “How to” буланд яг энэ асуудалтайгаа тэмцэж, шийдэл эрж яваа нэгэн уншигч маань захиа илгээжээ. Танд ч бас шийдмээр байгаа асуудал бий бол hello@tsoilogsoz.com хаяг руу “How to” буланд гэж гарчиглаад илгээгээрэй!
“How to” буланд
Би бусад хүний нүдэнд яг л ажлын морь шиг харагддаг байх. Хүмүүс “Үүнийг хийгээд өг” гэхэд нь татгалзчих юм бол гомдох байх даа гээд шууд л зөвшөөрчихдөг. Би яаж энэ байдлаасаа гарч, өөрийнхөө хил хязгаарыг тогтоож сурах вэ? Би өөрийгөө алдахгүй, хүмүүсийг ч гомдоохгүй байх аль алиныг нь зэрэгцүүлж сурахыг хүсэж байна.
~Хүндэтгэсэн, Ноён “За” ~
Ноён “За”-д өгөх зөвлөгөө
Юуны өмнө та ганцаараа биш шүү гэдгийг сануулъя. Мөн энэ нь сул доройн шинж биш харин ч бусдын баяр, гунигийг адилхан мэдэрч, аливаа асуудалд тухай хүний оронд өөрийгөө тавьж үздэг эмпати өндөртэй хүн гэдгийг илэрхийлж буй. Эмпати нь тархин дахь толин мэдрэлийн эсийг идэвхжүүлж, бусдын сэтгэл хөдлөлийг адилхан мэдрэхэд тусалдаг /Decety,J.,& Jackson, P. L. (2004). “The functional architecture of human empathy.” Behavioral and Cognitive Neuroscience Reviews/. Хэдийгээр бидний бие махбодын гайхалтай үзэсгэлэнт үйл явц ч гэлээ энэ нь заримдаа бусдыг өөрөөсөө илүүд үзэж, өөрийгөө умартахад хүргэдэг аж.

1.Траумагийн дөрөв дэх хариу үйлдэл: Дуулгавартай байж, зусардах
Траума буюу өнгөрсөн үеийн гэмтлээс үүдэлтэй хариу үйлдлүүдийн нэг нь аливаа зүйлд дуулгавартай хандаж, зусардах явдал юм. Өөрөөр хэлбэл аюултай тэмцэхийн оронд бусдад таалагдах гэж хэт эелдэг зан гарган, зөрчилдөөнөөс ямар ч үнээр хамаагүй зайлсхийх замаар аюулгүй байхыг хичээдэг гэсэн үг /Pete Walker, “Complex PTSD: From Surviving to Thriving/. Энэ нь ихэвчлэн бага наснаас эхэлдэг бөгөөд ялангуяа хайр, анхаарал нь зөвхөн тодорхой байдлаар биеэ авч явсан тохиолдолд л шагнал болж ирдэг мөн үзэл бодлоо илэрхийлснийхээ хариуд шийтгүүлдэг байсан хүмүүст энэ шинж тэмдэг илэрдэг. Тиймээс хүүхэд “Хэрэв би хүн бүрийг аз жаргалтай байлгаж, хэзээ ч үгүй гэж хэлэхгүй, дуулгавартай байвал би аюулгүй байх болно” гэсэн ойлголттой өсдөг ажээ.
2. Хаягдахаас айх мэдрэмж
Хүн бол нийгмийн амьтан. Хувьслын үүднээс авч үзвэл бусад хүмүүст ялангуяа овог аймаг, гэр бүл, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх нь бид оршин тогтноход чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Тархины дүрслэлийг ашиглан хийсэн судалгаагаар аливаа зүйлд татгалзах мэдрэмж нь бие махбодын өвдөлттэй адил тархины хэсгүүдийг, ялангуяа урд талын зангилааны кортекс ба инсулаг идэвхжүүлдэг ажээ /Eisenberger, N. I., Lieberman, M.D., & Williams, K.D. (2003). Does rejection hurt? An fMRI study of social exclusion. Science/. Энэ нь тархи шууд утгаараа хэн нэгнийг няцаах, саналд нь татгалзах үйлдлийг зовуурьтай гэж ойлгож болно гэсэн үг юм. Тиймээс хүн ойр дотнын хүмүүстээ "үгүй" гэж хэлэх үед далд ухамсар нь “Би үгүй гэж хэлснээс болж тэд надад уурлаж, дургүйцэж магадгүй” хэмээн айдаг аж.
Яаж санаа зоволгүйгээр “Үгүй” гэж хэлэх вэ?

Сэндвичийн техник 🍞
Шууд л үгүй, чадахгүй гэх нь бүдүүлэг байж болох юм. Тэгвэл "Үгүй" гэсэн үгээ магтаал, эелдэг зангаараа халхлан, сэндвич шиг ороож байгаад хэлчих. "Надад санал тавьсанд үнэхээр их баярлалаа! Гэхдээ би энэ удаа чадахгүй нь ээ. Дараагийн удаа хамтарч ажиллацгаая/ Дараа хамтдаа цагийг өнгөрүүлцгээе" гэж болох юм.
Цагийн хуваариа буруутгах
Муу л юм болбол хойд гэрийн хар овоохой гэдэг дээ. “Үгүй” гэж зоригтой хэлж суртлаа цагийн хуваарь, завгүй амьдрал руугаа буруугаа чихэж болох юм. "Өө, харамсалтай нь би энэ долоо хоногт маш завгүй байгаа. Яагаад ч амжихгүй нь ээ" гэдэг үг “Үгүй” гэдгийг арай өөрөөр хэлсэн л хувилбар шүү дээ.
Эелдэг завсарлага

Дүрмээ баримтал
Шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөл багатай байхын тулд хувийн "дүрэм" тогтоогоорой. Яагаад татгалзаж байгаа шалтгаанаа бусдад хэлэхэд ч тэд таныг сахилга баттай, үнэ цэнтэй хүн хэмээн хүндлэх болно. Та ч бусдад үгүй гэж хэлсэндээ өөрийгөө буруутгаж, гэмшихгүй. Жишээ нь, "Би 22 цаг гэхэд унтаж байж маргааш нь бүтээмжтэй ажиллаж, дархлаагаа дэмжин эрүүл байдаг учраас шөнө сууж ажиллах, орой уулзалт хийхгүй байх дүрэмтэй" гэх мэтээр хатуу чанга, өөртөө амласан амлалтаа биелүүлдэг хүн гэдгээ харуулаарай.
Өөр зүйлд “Тийм” гэж хэл ✅
Энэ хамгийн гоё арга шүү. Үгүй гэж хэлэхүйц нөхцөл байдал байгаа бол тийм гэж хэлэх нь ч байж л таарна. Тиймээс танд тохирох хувилбарыг санал болго.
"Би амралтын өдөр оффис дээр очиж ажиллах боломжгүй. Гэхдээ даалгасан ажлыг гэрээсээ хийж болно", “Би орой кино үзмээргүй байна. Оронд нь боулинг тоглож цагийг хөгжилтэй өнгөрүүлцгээе” зэргээр татгалзсаныхаа хариуд өөр санал дэвшүүлээд үзээрэй.
Зөв “Үгүй”-г сонгож хэлээрэй!
2013 онд “Journal of Consumer Research” сэтгүүлээс хийсэн судалгаагаар “Би чадахгүй” гэхийн оронд “Би хийхгүй” гэж хэлдэг хүмүүс зорилгодоо хүрч, амжилттай байх нь илүү их байсныг тогтоожээ. Мэдээж хэрэг “Би чадахгүй нь ээ” гэдэг үг өөртөө итгэлгүй, сул дорой сонсогдож байгаа бол "Би ажлын цаг дууссаны дараа уулзалт хийдэггүй" гэх нь илүү хүчтэй, өөртөө итгэлтэй, сахилга баттай хувилбар юм.
