АНУ-ын Зүрх Судасны Холбооны сэтгүүл болох Journal of the American Heart Association-д нийтлэгдсэн Их Британийн 39-74 насны ойролцоогоор 320,000 хүн хамрагдсан “зүрхний эрүүл мэнд (өглөө, оройн хэв маяг) ба зүрх судасны эрсдэлийн судалгаа” хэмээх бүтээлд “шөнийн хүн” буюу оройн цагаар идэвхтэй байдаг хүмүүс зүрхний шигдээс, цус харвах эрсдэл өндөр байх магадлалтайг тогтоожээ. Тодруулбал, тус судалгаанд, шөнийн амьдралын хэв маягтай хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад зүрхний шигдээс, цус харвах эрсдэл нь ойролцоогоор 16%-иар өндөр байсан аж.
Судалгаанд оролцогчдоос өөрсдийгөө өглөөний хүн, шөнийн хүн эсвэл дундыг сахигч гэж үздэг эсэхийг нь тодруулсан байна. Ингэхдээ оролцогч бүрийн зүрх судасны эрүүл мэндийг Америкийн Зүрх Судасны Холбооноос гаргасан “Life’s Essential 8” (LE8) үнэлгээний системээр тооцож үзжээ. Энэхүү үнэлгээний системд,
- Хоолны дэглэмийн чанар
- Идэвхтэй дасгал хөдөлгөөн
- Чанартай нойр зэрэг эрүүл амьдралын дадал зуршил багтахаас гадна никотины нөлөөлөл буюу эрүүл мэндийн үзүүлэлт болох,
- Цусны даралт
- Биеийн жингийн индекс (BMI)
- Цусан дахь сахрын хэмжээ
- Цусан дахь өөх тосны хэмжээ зэрэг нь багтдаг байна.
Судалгаагаар шөнийн амьдралтай хүмүүс дундыг сахигч хүмүүстэй харьцуулахад зүрх судасны эрүүл мэнд тааруу байх магадлал 79%-иар өндөр байсан ажээ. Харин өглөөний хэв маягтай хүмүүс, дундыг сахигч бүлгээс илүү үзүүлэлттэй байсан бөгөөд LE8-ийн үнэлгээ 5%-иар бага гарсан ажээ.
Гэвч судалгааны багийнхан зүрх судасны өвчлөлөөр өвчлөх магадлал нэмэгдэж байгаа нь шөнийн хүн байхдаа биш харин шөнийн хэв маягтай хэдий ч өглөөний хүмүүсийн хэмнэлд тааруулах гэж хичээдэгтэй холбоотой хэмээн тайлбарласан байна.
Зүрх судасны өвчлөл нь АНУ-ын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байгаа юм. Иймд судлаачид шөнийн цагаар илүү сэргэг байдаг хүмүүсийн хувьд амьдралын хэв маягаа сайжруулж ирээдүйд үүсэж болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой хэмээн үзэж, эрүүл мэндийнхээ төлөө тамхинаас гарч, тогтмол цагт унтаж, эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.
Эх сурвалж: abc news


Сэтгэгдэл