Grow with Google Mongolia 2026 хөтөлбөрийн эргэн тойронд: Хэрвээ би...

2026.03.165 минут унших
Grow with Google Mongolia 2026 хөтөлбөрийн эргэн тойронд: Хэрвээ би... - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Мэдээлэл технологийн хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлэн алхахаар зорьж буй монгол залууст зориулсан “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн 2026 оны элсэлтийн нээлтийн үйл ажиллагаа гуравдугаар сарын 15-нд ITC тауэрын ZU Ballroom-д амжилттай зохион байгуулагдлаа.

Гурав дахь жилдээ хэрэгжиж буй уг хөтөлбөрийн зохион байгуулагчаар ЦойлогсоZ залуусын коммьюнити, Go Lab LLС ажиллаж, ерөнхий ивээн тэтгэгчээр Нэткапитал Санхүүгийн Групп, Gund Investment, дижитал ур чадварыг дэмжигчээр АПУ ХК, ивээн тэтгэгчээр Storepay, Bonaqua, хамтрагч байгууллагаар Монгол Улсын Үндэсний номын сан, IT Park болон бусад түнш байгууллагууд хамтран ажиллаж, монгол залуусын ур чадварыг нэмэгдүүлж, мэдлэг туршлагаар хангах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.

Ийнхүү “Grow with Google Mongolia” хөтөлбөрт нэгдэж өөрийн ирээдүйн карьерынхаа чиг баримжааг тодорхойлон дэлхийн боловсролыг дэргэдээсээ авахыг хүссэн 300 гаруй оролцогч залууст маань мэдлэг туршлагаасаа хуваалцах хөтөлбөрийн үндсэн багш нар, төгсөгч, шинэ элсэгчдийн сэтгэгдэл болон ХЭРВЭЭ БИ… хэмээх асуултад хэрхэн хариулсныг уншигч та бүхэнд сонирхуулж байна. 

Хөтөлбөрийн Cybersecurity ангийн үндсэн багш У.Ганбаяр

Grow with Google Mongolia 2026 хөтөлбөрийн эргэн тойронд: Хэрвээ би... нийтлэлийн зураг

“Grow with Google Mongolia” хөтөлбөр нь өөр өөр насны, олон төрлийн ажил мэргэжил, хүсэл сонирхолтой хүмүүс нэг зорилго дор цуглан суралцдагаараа онцлогтой юм. Анх 2024 онд хөтөлбөр эхэлж байхад насны ангилал тодорхой заагаагүй байсан тул арван жилийн сурагчдаас эхлээд тэтгэвэрт гарсан хүмүүс хүртэл нэг ангид хамт суралцаж байлаа. Энэ нь багш хүний хувьд маш сонирхолтой, шинэлэг туршлага болсон. Ийм олон талын оролцогчдод тохируулан хичээлээ ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхийн тулд агуулга, заах арга барилаа нухацтай төлөвлөж, илүү уян хатан байдлаар ажиллах шаардлага гарч байсан юм.

Өнгөрсөн хугацаанд бусад Google-ийн хамт олон болон багш, суралцагчидтайгаа гар нийлж ажилласан гэж бодож байна. Хамгийн анхны элсэгчид маань кибер аюулгүй байдал гэж юу болохыг маш сайн ойлгож, түүнийгээ амьдралдаа бодитоор хэрэгжүүлж, зарим нь энэ чиглэлээр дагнан ажиллах эсвэл өөрийн үндсэн мэргэжилтэйгээ хослуулан ашиглаж байгааг харахад маш сайхан байна.

Хэрвээ би…

Хэрвээ би энэхүү хөтөлбөрийн суралцагч байсан бол Advanced Data Analytics, AI for Business болон өөрийн багшилдаг Cybersecurity ангийг заавал сонгох байсан. Учир нь технологийн хөгжил хурдацтай нэмэгдэж байгаа энэ цаг үед кибер аюулгүй байдал бол хүн бүрийн анхаарах ёстой чухал сэдэв болсон. Харин Advanced Data Analytics нь математик, алгоритмд суурилан их хэмжээний өгөгдөл дээр ажиллах ур чадварыг хөгжүүлдэг учраас ирээдүйд маш хэрэгтэй мэдлэг болох юм. 

Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа

Grow with Google Mongolia 2026 хөтөлбөрийн эргэн тойронд: Хэрвээ би... нийтлэлийн зураг

Мэдээллийн технологийн үндэсний паркийн хувьд “Grow with Google Mongolia” хөтөлбөрийг анх 2024 онд эхэлсэн цагаас нь өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна. Анхны сургалтууд ч мөн IT Park дээр зохион байгуулагдаж байсан. Жил бүр залуучуудын дижитал ур чадварыг нэмэгдүүлж, хөгжих боломжийг нь олгодог энэхүү хөтөлбөрт хэрэгжүүлэхэд Go Lab, ЦойлогсоZ багийн хамт олонтойгоо хамтран ажиллаж буйдаа баяртай байдаг.

“Grow with Google Mongolia” хөтөлбөр нь залуучуудад ур чадвараа хөгжүүлэх, карьераа дараагийн түвшинд гаргах бодит боломжийг олгодог. Тиймээс хөтөлбөрт хамрагдаж буй оролцогчидтой эргэх холбоотой байхын зэрэгцээ өөрсдийн IT Park-ийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх тал дээр мөн анхаарч ажилладаг. 

Хэрвээ би…

Хэрвээ би энэхүү хөтөлбөрийн багш байсан бол өөрийн маркетингийн чиглэлийн туршлагадаа тулгуурлан дижитал маркетингийн мэдлэг, зөвлөгөөг залуучуудтайгаа хуваалцан хамтран ажиллахыг зорих байсан. 

Циркийн жүжигчин, рингмастер, комедиан М.Баяржаргал

Grow with Google Mongolia 2026 хөтөлбөрийн эргэн тойронд: Хэрвээ би... нийтлэлийн зураг

Дэлхийн технологийн тэргүүлэгч компани болох Google-ийн ноу-хау, экспертүүдийн боловсруулсан сургалтын хөтөлбөрөөс шууд суралцах боломж олдож байгаад маш их баяртай байна. Хөтөлбөрийн бусад ангиудыг судалж үзсэн ч миний одоогийн хэрэгцээ, ур чадварт хамгийн сайн тохирох нь AI for Business анги байсан юм. Би өөрөө хувиараа бизнес эрхэлдэг учраас үйл ажиллагаагаа илүү автоматжуулахыг хүссэн. Тус сургалтаас олж авах мэдлэг, ур чадварыг бодит ажил болгож, бизнесээ дараагийн түвшинд гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна. Мөн сурсан зүйлсээ бусадтай заавал хуваалцаж, илүү олон хүнийг “Grow with Google Mongolia” хөтөлбөрт хамрагдахыг уриална аа.

Хэрвээ би…

Хэрвээ би энэ хөтөлбөрийн багш байсан бол Data Analytics ангийг сонирхох байсан. Би Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд суралцаж байхдаа статистикийн хичээлдээ их дуртай байлаа. Мөн байгууллагад ажиллах хугацаандаа өгөгдөлд тулгуурлан бүтээгдэхүүн хөгжүүлэх, дүн шинжилгээ хийх үйл явц надад их сонирхолтой санагддаг байсан юм. Дата аналитикийг би зарим талаар мөрдөгчийн ажилтай адилтгаж хийдэг. Өгөгдлөөс сэжүүр хайж, утга учрыг нь тайлах үйл явц нь маш сонирхолтой. Тиймээс энэ чиглэл миний зан төлөв, сонирхолд хамгийн сайн нийцэх байх гэж бодож байна.

АПУ ДЭЙРИ ХХК-ийн Сургалт хөгжил хариуцсан хүний нөөц Э.Буяндарь

Grow with Google Mongolia 2026 хөтөлбөрийн эргэн тойронд: Хэрвээ би... нийтлэлийн зураг

Миний хувьд “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн AI for Business ангид суралцах гэж байгаадаа маш их баяртай байна. Нээлтийн арга хэмжээний үеэр хиймэл оюун ухаан ашиглан “10 жилийн дараа та ямар байх вэ?” гэсэн сонирхолтой хэсгийг бэлдсэн нь их таалагдлаа. Богино хугацаанд ирээдүйн дүр төрхийг маань бүтээлч байдлаар харуулсан нь хиймэл оюун ухааны боломж, хэрэглээг илүү өргөн хүрээнд ашиглах боломжтой гэдгийн тод жишээ болов уу. 

Энэхүү хөтөлбөрт хамрагдах санал анх манай компаниас ирсэн. Тиймээс аль ангид суралцахаа сайтар судалж үзээд, сүүлийн үед хиймэл оюун ухааны хэрэглээ маш хурдтай нэмэгдэж байгаа учраас түүнийг бизнесийн орчинд хэрхэн ашиглах талаар суралцах нь хамгийн хэрэгтэй гэж үзээд AI for Business ангийг сонгосон. Хөтөлбөрийн бусад ангиуд ч мөн сонирхолтой санагдсан ч эрэлт ихтэй байсан учраас аль хэдийн бүгд дүүрчихсэн байсан. Тиймээс эхний ээлжид AI for Business ангидаа суралцаж төгсөөд дараагийн элсэлтүүдэд амжиж бүртгүүлэн бусад хичээлийг нь ч гэсэн судалж үзмээр байна. Шинэ мэдлэг, чадварт суралцахад гурван сар хангалттай урт хугацаа гэж бодож байна. Иймд олдсон цаг хугацаагаа өөрийгөө хөгжүүлэхэд бүрэн зориулна.

Хэрвээ би…

Хэрвээ би AI for Business ангийн багш байсан бол суралцагчдадаа аль болох амьдралдаа шууд хэрэгжүүлэх боломжтой практик чадваруудыг заах байсан болов уу. Учир нь хиймэл оюун ухааныг зөв ашиглаж чадвал өдөр тутмын ажлын процессыг хялбарчлах, шийдвэр гаргалтыг сайжруулах, цаг хугацааг хэмнэх гээд олон боломж бидний өмнө нээгдэх юм.

Хөтөлбөрийн 2026 оны элсэгч Ж.Энхмэнд

Grow with Google Mongolia 2026 хөтөлбөрийн эргэн тойронд: Хэрвээ би... нийтлэлийн зураг

Би санхүүч мэргэжилтэй. Монголын Хөрөнгийн Бирж дээр итгэмжлэгдсэн, өөрийн зуучлалын эрхтэй брокер. Тиймээс AI for Business ангид суралцаж, энэхүү хөтөлбөрөөс олж авсан мэдлэгээ өөрийн мэргэжлийн ур чадвараа хөгжүүлж, бизнесээ өргөжүүлэх, цаашлаад өөрийгөө шинэ түвшинд гаргахад ашиглах боломжтой юм.

Монгол Улсад хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж, ялангуяа залуучууд энэ салбарт идэвхтэй оролцож эхэлж байна. Тиймээс технологид суурилсан, шинэ шийдлүүдийг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх боломжтой юм. Цаашдаа хиймэл оюун ухаанаас эхлээд технологид суурилсан шийдлүүдийг хөрөнгийн биржийн орчинд санал болгохыг зорьж байна.

Хэрвээ би…

Хэрвээ би “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн багш байсан бол өөрийн мэргэшсэн чиглэлдээ тулгуурлан арилжаа болон хөрөнгө оруулалтын тухай шинэ анги нээх байсан. Мөн хиймэл оюун ухааныг ашиглан хөрөнгө оруулалтын боломжийг хэрхэн шинжих, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах талаар суралцагчдад ойлгомжтой, анхан шатны мэдлэг олгохыг хичээх байсан болов уу. 

Хөтөлбөрийн Advanced Data Analytics & Data Analytic ангийн үндсэн багш Ж.Болор

Grow with Google Mongolia 2026 хөтөлбөрийн эргэн тойронд: Хэрвээ би... нийтлэлийн зураг

Advanced Data Analytics & Data Analytic ангийг би энэ жил хоёр дахь удаагаа зааж байна. Сургалтад хамрагдаж буй залуучууд зах зээлийн өөрчлөлт, шинэ шаардлагыг сайн мэдэрч, дижитал болон дата анализын ур чадвараа хөгжүүлэхийг зорьж байгаа нь маш сайшаалтай санагдаж байгаа. Манай ангид мэргэжлээ солихоор зорьж буй хүмүүс, одоо байгаа мэргэжлийнхээ ур чадварыг нэмэгдүүлэхийг хүссэн хүмүүс, мөн өгөгдөл дээр илүү ажиллаж сурах сонирхолтой гээд л олон төрлийн сурагчид бий. Тиймээс энэхүү сургалт нь карьераа дараагийн түвшинд гаргах бодит боломжийг эрэлхийлж буй хэн бүхэнд нээлттэй шүү гэж хэлмээр байна.

Хэрвээ би…

Хэрвээ би хөтөлбөрийн өөр ангийг даахаар болбол харилцааны ур чадварын хичээлийг шинээр нэмэх санал гаргах байсан. Учир нь дата анализын суурь чадваруудын нэг нь техникийн мэдлэгээс гадна зөөлөн ур чадвар, ялангуяа харилцааны чадвар маш чухал нөлөөтэй байдаг. Ерөнхийдөө дата анализын зорилго нь мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг сайжруулахад оршдог. Тиймээс хийсэн дүн шинжилгээ, гаргасан нотолгоо баримтаа удирдлага болон багийн гишүүдэд ойлгомжтой байдлаар хүргэх шаардлагатай. Иймд дата аналист хүний хувьд харилцааны ур чадвар бол зайлшгүй хөгжүүлэх ёстой чухал чадваруудын нэг юм.

Хөтөлбөрийн 2024 оны төгсөгч О.Элбэгмөрөн

Grow with Google Mongolia 2026 хөтөлбөрийн эргэн тойронд: Хэрвээ би... нийтлэлийн зураг

“Grow with Google Mongolia” хөтөлбөрийн анхны 350 оролцогчдын нэг болж, Дижитал маркетинг ба онлайн худалдаа ангид суралцаж байсан нь миний хувьд маш үнэ цэнтэй туршлага, боломж болон үлдсэн юм. Тухайн үед сургалтын агуулга ойлгомжтой, зохион байгуулалт сайтай байсан бөгөөд миний хувьд Суданаас оролцож байсан ч цагийн зөрүүнээс бусдаар ямар ч асуудалгүй сурч төгссөн. Өмнө нь дижитал маркетингийг сонирхдог байсан учраас эргэлзэхгүйгээр энэхүү хөтөлбөрт элсэхээр шийдсэн дээ.

Анхны оролцогчдын нэг гэдэг утгаараа энэ хөтөлбөрт хамрагдах эсэхдээ эргэлзэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, тус хөтөлбөрөөс сурсан мэдлэгээ бодит амьдрал дээр хэрэгжүүлдэг учраас маш богино хугацаанд ур чадвараа ахиулах боломжтой байдаг. Миний хувьд одоо Bonum компанид ажиллаж байгаа бөгөөд GWG хөтөлбөрийн хүрээнд дижитал маркетингийн чиглэлээр сурсан мэдлэгээ ажлын байран дээрээ ашиглаж байна.

Хэрвээ би…

Хэрвээ би Grow with Google Mongolia хөтөлбөрийн багш байсан бол энэ улирал шинээр зааж буй AI for Business ангийг заах байлаа. Гэхдээ би одоо энэ чиглэлийн гүнзгий мэдлэггүй учраас эхлээд өөрөө суралцаж, мэдлэгээ нэмэгдүүлэх байсан. Хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж буй энэ үед олон хүн энэ чиглэлийг сонирхож, суралцахыг хүсэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Grow with Google Mongolia 2026 хөтөлбөрийн эргэ... | Posted