"Хүн бүр монгол соёлынхоо өв тээгч байж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх хэрэгтэй"


1924 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр Монголын түүхэнд нэгэн том үйл явдал болсон нь манай орон Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглан зарласан явдал билээ.
“...Улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг улсын их хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагаваас зохимой.” хэмээн Монголын Анхдугаар Үндсэн хуульд заасан буй. Энэхүү түүхэн үйл явдал нь Монголын эгэл ардын хувьд эрх тэгш амьдрах эрхийг нь хангаж өгөхөөс гадна Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарласан байдаг.
Тэгвэл Монгол Улсын иргэд энэхүү түүхэн өдрийн талаар хэрхэн бодож, тунгааж явдаг Улс тунхагласны баярыг хүүхэд байхаасаа хэрхэн ойлгож, мэдэрч өссөн, тэдний хувьд үндэсний бахархал гэж юу болохыг хамгийн энгийн байдлаар тодруулснаа уншигч та бүхэнд хүргэж байна.
Ц.Жавхлан: Туурга тусгаар улс байгаа нь өөрөө бидний үндэсний бахархал юм

Жоохон байхдаа энэ өдөр яг ямар учиртай болохыг сайн мэддэггүй байлаа. Хүүхэд байсан болохоор амардаг өдөр л гэж боддог байсан. Харин том болохын хэрээр илүү ойлгож ухаарч байна даа. Бас түүхийн хичээл дээр дэлгэрэнгүй үзсэн учраас цаашид түүхээ илүү судалж мэдье гэсэн чин хүсэлтэй болсон.
Өөрсдийн гэсэн газар нутаг, түүх соёл, өв уламжлал, эх хэлтэй туурга тусгаар улс байгаа нь бидний үндэсний бахархал гэж боддог.
Х.Айдос: Бид өдөр бүр үндэсний гэх бүх зүйлээрээ бахархаж явах ёстой

Хүүхэд байхдаа улс тунхагласны баярын өдрийг амралтын өдөр л гэж хүлээж авдаг байсан юм. Харин ахлах ангид ороод нийгмийн ухааны хичээлээр ЭЕШ өгөхөөр бэлдэж байхдаа улс тунхагласны баярын утга учрыг илүү ойлгож авсан.
Өнөөдөр сурагчдаасаа яагаад хичээл орохгүй амарч байгааг асуухад ихэнх нь "олон нийтийн амралтын өдөр учраас” гэж хариулсан. Тэгэхээр бид хүүхдүүддээ, шавь нартаа утга учрыг нь сайн ойлгуулж хэлж өгч байх хэрэгтэй юм билээ. Тиймээс "Энэхүү өдөр Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталснаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөх эхлэлээ тавьсан юм. Аливаа улс орны тусгаар тогтнол нь үндсэн хуулиараа баталгааждаг” гэж тайлбарлахад хүүхэд бүрд бахархах сэтгэл төрж байгаа нь илхэн харагдаж байсан.
Бид өдөр бүр үүх түүх, үндэсний гэх бүх зүйлээр бахархаж явах ёстой гэж боддог. Тэр тусмаа эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Улс тунхагласны баярын өдөр, Үндэсний эрх чөлөөний өдрүүдээр зүгээр л амарч өнгөрөөх биш хүн бүр түүхээ танин мэдэх, хуулиа уншин судлах зэрэг үр бүтээлтэй аргаар нэг өдрийг өнгөрөөх нь эрхэм зүйл мэт санагддаг юм. Ингэснээр бид эрх чөлөө, тусгаар тогтнол тийм ч амархан олдсон зүйл биш гэдгийг ойлгож, өвөг дээдсээрээ бахархаж сурна гэж бодож байна.
Л.Цэнгэл: Хүн бүр монгол соёлынхоо өв тээгч байж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх хэрэгтэй

Бага байхаас л аав ээж хоёр маань надад 1924 онд ард түмний нэгдмэл байдлаар хаант засаглалаа халж, Анхдугаар Үндсэн хуулиа батлан Бүгд Найрамдах Монгол Ард Улс болсон түүхэн өдөр юм шүү гэж захиж Д.Сүхбаатар жанжны талаар ярьж өгдөг байсан юм. Тиймээс хүүхэд байхаасаа энэ өдрийн утга учрыг чамгүй ойлгож өссөн гэж боддог юм.
Бидний үндэсний бахархал гэвэл мэдээж түүх, өв соёл шүү дээ. Тиймээс ч хүн бүр монгол соёлынхоо өв тээгч болж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх хэрэгтэй. Мөн үеийхнээ 11 дүгээр сарын 26-ны өдрийг амралтын өдөр гэж хардаг биш Монголын төр анхны хуулиа баталсан өдөр гэдгээр нь мэддэг байгаасай гэж хүсдэг.
Э.Энхсайхан, О. Дүнжингарав: Үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй амьдарч байгаадаа баярладаг

Эх орон, Монголынхоо байгалийг харах тусам улс үндэстнээрээ бахархах сэтгэл улам төрдөг. Үүнээс гадна үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй амьдарч байгаадаа үнэхээр их баярлаж бас бахархаж явдаг даа.
Бага байхдаа гэхээс илүү дунд ангидаа ороод энэ өдрийн талаар илүү мэдэрч, ойлгож эхэлсэн. 1924 оны Монголын аж байдал, тэр цаг үед яг юу болсон зэргийг түүхийн хичээл дээр үзэж тодорхой хэмжээний ойлголттой болж байлаа. Мөн тухайн өдөр амралтын өдөр биш ажлын өдөр таарвал бүгд сургууль дээрээ үндэсний хувцсаа өмсөж ирэх зэргээр энэ өдрийг тэмдэглэж өнгөрөөдөг байсан.
Б.Амарболд: Хөгжмийн зэмсэг эргээд тус улсынхаа түүх, философийг өөртөө шингээж байдаг
Миний хувьд Монголын түүхэн кинонуудыг үзсэнийхээ дараа энэ өдрийн үнэ цэн, утга учрыг илүү ойлгож байсан юм. Ямар их золиос гаргасны эцэст улсаа тунхаглан зарлаж одоогийн эрх чөлөөг бидэнд үлдээснийг хүн бүр мэддэг байгаасай гэж хүсдэг. Тиймээс энэ өдөр түүхэн кинонуудаа ойлгож, мэдэрч үзээд монгол хүн болж төрснөөрөө бахархаж суух дуртай.
Монголчууд эрт дээр үеэсээ л маш нарийн урласан дэвшилтэт хөгжмүүдийг тоглосоор ирсэн. Тэр хөгжмийн зэмсгүүдээ өнөөг хүртэл яг хэвээр нь нандигнан хадгалж, хамгаалж бидэнд өвлүүлэн үлдээснийг нь бодохоор үнэхээр бахархмаар санагддаг. Хөгжмийн зэмсэг эргээд тус улсынхаа түүх, философийг өөртөө шингээж байдаг учраас тухайн цаг үед хүмүүс урлагийг хэрхэн мэдэрч хүлээж авдаг байсан тэр мэдрэмж нь одоог хүртэл амьд байгаа нь үнэхээр гайхалтай.
Т.Цэнгэлмаа: Өнгөрснөөсөө суралцан, өнөөдрөө хүндлэн, ирээдүйгээ бүтээх итгэлтэй монгол хүн байх нь үндэсний бахархал

Бага байхад энэ өдрийг бөх барилддаг өдөр л гэж ойлгодог байлаа. Өвөө маань бууз жигнээд, бөхөө тухлан үзэж буй дүр зураг санаанд тодхон бууж байна. Гэхдээ том болоод л энэ өдрийн утга учрыг ойлгосон. Монгол Улс Анхны Үндсэн хуулиа баталж, урт хугацааны эцэст тусгаар улс гэдгээ бусад улс оронд хүлээн зөвшөөрүүлэх алхмаа хийсэн. Энэ нь одоогийн бидний амар тайван амьдрах суурь болж, эрх, эрх чөлөөтэй байх үндэс тавигдсан гэсэн үг юм. Тиймээс энэ өдрийг энгийн нэг бүх нийтээрээ амардаг өдөр биш гэдгийг дүү нартаа багаас нь ойлгуулж, үнэ цэнийг нь мэдрүүлэхийг хичээж байгаа.
Өөрийн хэл, соёл, өв уламжлал, түүхээрээ бахархахын зэрэгцээ өнгөрснөөсөө суралцан, өнөөдрөө хүндлэн, ирээдүйгээ бүтээх итгэлтэй монгол хүн байх нь л үндэсний бахархал гэж боддог доо.
Бидний хэлж заншсанаар “Улс тунхагласны баяр” нь байдаг л нэг энгийн өдөр эсвэл олон нийтийн амралтын өдөр мэт санагдаж байж болох юм. Гэвч энэхүү тэмдэглэлт өдөр нь манай улсын хувьд анх удаа хүн төвт суурилсан хуулиа баталж монгол хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж, ардчилсан нийгмийн суурийг цогцлоосон түүхэн өдөр гэдгийг санан дурсаж, үеийн үед үнэн зөвөөр түгээн дэлгэрүүлэх нь монгол хүн бүрийн хүлээх хариуцлага билээ.