МИНИЙ ДОШ: Улаанбаатарын “АМЕРИК” буюу III, IV ХОРООЛОЛ


Дурсамж заримдаа зангирч өвддөг. Дурсамж заримдаа загатнуулж зовоодог. Дурсамж заримдаа дулаахан мэдрэмж төрүүлдэг. Дурсамж төрсөн газраа ч эргэж очихыг ч хүсдэг. Тэгвэл posted.mn сайтын дурсамжийн галт тэрэг таны ой санамжийг төрсөн газарт тань хүргэхээр зугуухан хөдөлж эхэллээ.
Гурав, дөрөвдүгээр хорооллын цэнхэр байрууд, модны хоёрын “матаргүй орчин”, Гандангийн дэнж, Өргөөгийн арын 2А байр, зургаадугаар Бичил хороолол, Харанхуй, Зүүн-Наран, Энхбаярын зам, Энхболдын зам, Таац, Түмэн плаза, 1,000, 10,000 мянган нэрийн бараа, Мөөмтэй хөшөө, Мянган найз гэж хэлэнгүүт л таны ой санамж байрнаасаа хөдөлж байна уу? Байрнаасаа хөдөлсөн дурсамж гурван жил зовдог л гэлцдэг. Зовох биш жаргаж уншихыг зөвлөе.
ТӨСӨӨЛЦГӨӨЕ, ДУРСАЦГААЯ!

Удахгүй ч зун боллоо доо. Аав ээж нь ажилдаа явсан хойгуур хэдэн бяцхан жаал “аагим халууны ерөндөг” нэртэй тоглоом зохиож байна. 10-ын гялгар уутанд крантнаас ус дүүргээд амыг нь зангидаж байна гэж төсөөлье. Танайх 10 давхарт шүү. Доогуур явах цэцгэн даашинзтай эгчийн толгой дээр өнөөх бэлдцээ шидчихээд бушуухан нуугдах ёстой. Өнөөх усанд шалба норсон эмэгтэй хашхирч байна. Аймшигтай хорлол үйлдсэн бяцхан жаалууд ахиад хэн дээр өнөөх ууттай усаа шидэх вэ хэмээн цонхоор доош хараална. Шидсэн ус заримдаа ононо, заримдаа яг ардхан талд нь бууна.

Энэ тоглоом нэг л уйтгартай болчихлоо шүү. Одоо гарч гадуур хэсэцгээе. Гараад иртэл орос ах нарын барьж өгсөн яг адилхан цэнхэр байрууд ярайна. Сагсан бөмбөгийн талбайд ах нар сагс тоглож, өвгөд хөгшид нарлажээ. Болдоо, Батаа, Сууяа, Зэрлэг Анхаа ах нартай таарахаас болгоомжилъё. Аягүй бол ундаа тамхинд гүйлгэчхэж мэднэ.
Орой болгон сагс тоглосоор шилбэний булчин нь чангарсан ах нар дандаа л гоё, гоё эгч дагуулчихсан явдаг сан.
Энэ байрууд өдгөө гадна, дотно өнгө төрхөө шинэчилж нэг л их хээ угалзлаг болсон харагдана билээ. Хуучин цагийн төрхийг нь эргэн саная гэвэл та “Би чамд хайртай” киног үзээрэй. Бичлийн 16 дугаар байр гардаг санагдана.

Бяцхан жаалууд Мөөмтэй хөшөөний урд талын усан оргилуур орж жаахан тоглоод, “Мянган найз” орж муур, нохой, туулай зэрэг амьтдыг сонжино. Худалдаж авах мөнгө байхгүй л дээ. Мянган найзын эзэн ах “авахгүй бол гарцгаа, гарцгаа” гэж шамдуулна. Гараад бас л хийх юм олдохгүй. Алтан төгрөгийн урд талын хүнсний зах орж “наполеон” хулгайлж идэх санаа хэн нэг жаалаас нь гарна. Гэвч тэдэнд тийм боломж яахан гаргах билээ дээ. Гэтэл хүнсний захын худалдаачдын голоор нэгэн ах “Хот догоо аваарай, ход догоо аваарай” хэмээн баргил хоолойгоор орилж явна. “Хот догоо аваарай, хот догоо аваарай”. Хэрвээ та хороололд өссөн л бол энэ дуу хоолойг мартах учиргүй. Яаж ч мартах вэ дээ. Тэр хүн их л сонирхолтой баргил хоолойтой хүн байсан. Одоо хаана явдаг юм бол доо гэсэн бодол хүн болгонд төрдөг гэж сонссон юм байна.

БИДНИЙ СУРГУУЛЬ
Дараах сургуулийн төгсөгчид байвал гараа өргө!
Оюуны ундраа, 28, Хүрээ тулга, 77, 47, 40, 93, 56, 13, 113-р сургуулиудыг төгссөн бол та гараа өргөөд арван жилийнхээ дурсамжийг онгичоорой. Одоо ямар ажил мэргэжил эрхэлж яваагаа ч гэсэн хуваалцаж болно шүү. Угаас хороололд сургууль төгссөн залуус зах зээлийн мэдлэг аль хэдийн олоод авчихсан, хүнтэй харилцах харьцаа нь жигдэрчихсэн амжилттай яваа харагддаг. Нэг ёсондоо оготнын нүхээр ороод гарахад ч буцахааргүй сэргэлэн нөхөд болсон байдаг даа. Бидний өссөн, торнисон орчин нөлөөлдөг гэхэд хилсдэхгүй. Угаас худалдаа, шоуны гудамжтай залгаа байдаг учир ахлах ангийн сурагч байхаасаа л бааранд зөөгч, "пс"-д админ хийгээд эхэлчихдэг шүү дээ.

Сургуулийнхаа гуанзанд сурагчийн үнэмлэхээ барьцаанд үлдээж пирожки, пирог эргүүлнэ. Ангийн охидоосоо мөнгө босгоно. 50, 100 хамаагүй өгч буян болоорой гээд л авчихдаг байсан биз дээ. Ахлах ангид орсон дараа нэг л том, том ах эгч нар болсон мэдрэмж төрөөд л. Аав ээжийнхнээ машиныг нууцаар унаж гарч ирээд л 96-гийн ногоон талбай, 45, өнчин ногоон, бичлийн шийдийн ойролцоо дөрвөн хаалгыг нь нээж орхичхоод үеийн охидтой буу халж өдөржин шөнөжин суугаагүй гэж үү?
Хичээлээ таслан панда, лофт "пс"-д өдөр шөнөгүй тоглож ангийн багш чинь эрэл сурал болж орж ирээгүй гэж үү? Тэгээгүй бол “өө, гайхамшигтай” гэдэг үгийг л хэлье дээ.
РЕППЕР, ЗАГВАР ӨМСӨГЧ БОЛЖ ЧАДСАН УУ? АЛЬ ЭСВЭЛ…

Яагаад ч юм Гандан, Модны хоёр, ер нь л хороололд өссөн хүүхдүүдийн эрэгтэй нь реппер, эмэгтэй нь загвар өмсөгч болох мөрөөдөлтэй байсан юм шиг санагддаг. Хөвгүүдээс дуу бичүүлж үзээгүй, райм зохиож байгаагүй хүн ховор байх аа.
Арга ч үгүй дээ Хорооллын репперүүдийг нэрлэ гэвэл гарын арван хуруунаас лав халина. Опозитын Энэрэл, Gemlest, Choi гээд л нэрлээд байвал өч дөчнөөн уран бүтээлчид бий. Охидоос ч гэсэн олон загвар өмсөгчид төрсөн байдаг. Гудамж талбайн жижиглэн худалдаа эрхлэгчид, залуусын эрх чөлөөний тухай үзэл баримтлал, чөлөөт зах зээл, амьдралын орчин нөхцөл зэргийг нь харахаар яагаад ч юм Улаанбаатар дахь АМЕРИК юм шиг мэдрэмж төрдгөө нуух юун.
Уг нь нэгэн цагт өнөөгийн Хүүхдийн зуу шиг л шоуны гудамж байлаа шүү дээ. Си, Жоё, гээд л баарнуудын тухай ярина гэвэл буруу тийш хазайх магадлалтай тул дурсамжийн амыг скочдоод уншигч таны цээжинд үлдээе.