“Grow with Google Mongolia” хөтөлбөр 1,125 суралцагчийн үр дүнг нэгтгэсэн анхны Нөлөөллийн тайлангаа танилцууллаа


Google компанийн албан ёсны эрхтэйгээр хэрэгжиж буй “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн 2026 оны төгсөлтийн арга хэмжээ энэ сарын 13-нд амжилттай зохион байгуулагдаж, энэ жилийн ээлжит төгсөлтөөр 371 суралцагч олон улсын түвшний дижитал ур чадварын сургалтаа амжилттай дүүргэлээ. Ингэснээр “Grow with Google Mongolia” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 1,125 суралцагчийг хамруулж, Монголын хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай дижитал ур чадвар эзэмшүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар байна.
Төгсөгчид Project Management, Data Analytics, Advanced Data Analytics, Cybersecurity, Digital Marketing & E-Commerce, UX Design, IT Automation with Python, AI Essentials, AI for Business зэрэг ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй есөн чиглэлийн сургалтад хамрагдсан бөгөөд хөтөлбөрийг амжилттай төгссөн оролцогч бүр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны “Google Career Certificate”-г авсан юм.
Энэ жилийн төгсөлтийн арга хэмжээний үеэр “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн Нөлөөллийн тайланг олон нийтэд танилцууллаа. Тус тайланд гурван жилийн хугацаанд хөтөлбөрт хамрагдсан 1,000 гаруй оролцогчийн үр дүн, карьерын ахиц дэвшил, хөдөлмөр эрхлэлт болон ур чадварын өсөлтийн талаарх мэдээллийг нэгтгэн хүргэжээ.
Нөлөөллийн тайлантай ЭНД дарж танилцаарай

Тайлангийн үр дүнгээс харахад хөтөлбөрийн оролцогчдын сургалтын гүйцэтгэл 89 хувьд хүрч, олон улсын онлайн сургалтын дундаж үзүүлэлтээс хэд дахин өндөр түвшинд гарсан байна. Мөн төгсөгчдийн дийлэнх нь шинэ ур чадвар эзэмшсэн, карьерын шинэ боломжуудыг нээсэн, эсвэл ажлын байрандаа бодит ахиц гаргасан болохыг тайлангийн судалгаа харуулжээ.
Төгсөлийн арга хэмжээний үеэр “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн санаачлагч Б.Тэмүүлэн “Хөтөлбөр маань энэ жил гурав дахь жилийн төгсөгчдөө хүлээн авч байна. Бид жил бүр хөтөлбөрийн агуулга, дизайнаа хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлттэй уялдуулан шинэчилдэг бөгөөд энэ жилийн хамгийн том онцлог нь хөтөлбөрт хиймэл оюун ухааны агуулгыг бүх сургалтын чиглэлд шингээсэн явдал байлаа. Үүнээс гадна хиймэл оюун ухаанд чиглэсэн хоёр шинэ хөтөлбөрийг нэвтрүүлснээр энэ жил нийт есөн чиглэлээр 371 төгсөгчийг бэлтгэлээ.

Мөн өнөөдөр бид төгсөлтийн арга хэмжээнийхээ хүрээнд 1,125 суралцагчийн үр дүнг нэгтгэсэн анхны нөлөөллийн тайлангаа танилцуулж байна. Энэхүү тайлангаас харахад төгсөгчдийн 14.3 хувь нь ажлын байрандаа дэвшин ажиллаж, 34.5% нь бизнесээ өргөжүүлж, олон суралцагч маань бизнесийн орлогоо мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн бодит үр дүн гарсан. Үүнээс гадна байгууллагууд хөтөлбөрийг баг, хамт олноороо сонгон суралцаж, хиймэл оюун ухааны шилжилтээ эхлүүлэхэд ашиглаж байгаа нь бидний хувьд онцлох өөрчлөлтийн нэг болсон гэж харж байна” хэмээлээ.
Харин Data Analytics-ийн үндсэн багш Ж.Болор “Өнөөдөр дата анализын салбарт ажлын байрны эрэлт байгаа ч ур чадварын эрэлт, нийлүүлэлтийн зөрүү өндөр хэвээр байна. Энэхүү зөрүүг нөхөж, өгөгдлийн бодит үнэ цэнийг бүтээхийн тулд тууштай суралцсан та бүхэндээ баярлалаа. Хөтөлбөрийн хүрээнд эзэмшсэн ур чадвараа ажлын байран дээрээ шууд хэрэгжүүлж, үр дүн гаргаж буй тань багш нарынх нь хувьд хамгийн том бахархал байлаа гэж хэлмээр байна” гэв.
IT Automation with Python хөтөлбөрийн төгсөгч Б.Наранцогт “Би мэс заслын эмч мэргэжилтэй ч анагаах ухаан, технологийг хослуулах хүсэлдээ хөтлөгдөн програмчлалын чиглэлээр суралцаж эхэлсэн. “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн IT Automation with Python анги нь Python, Cloud, автоматжуулалтын мэдлэгээ системтэй хөгжүүлэх боломж олгож, ‘эмч-инженер’ болох зорилгодоо нэг алхам ойртоход тусалсан. Өнөөдөр би эрүүл мэндийн салбарт технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Гурав дахь жилдээ үргэлжилж буй хөтөлбөрийн хүрээнд 1,125 суралцагчид нийт 46,000 гаруй цагийн онлайн сургалтад хамрагдаж, 672 цагийн танхимын хичээлд оролцон, 93,926 удаагийн шалгалт, үнэлгээг амжилттай гүйцэтгэсэн байна. Энэ нь зөвхөн суралцагчдын хичээл зүтгэлийн үр дүн төдийгүй дижитал ур чадварын хөгжлийг дэмжин хамтран ажилласан багш нар, хамтрагч байгууллагууд, ивээн тэтгэгчдийн хамтын оролцооны үр шим хэмээн зохион байгуулагчид онцолж байгаа юм. Тухайлбал, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ЦойлогсоZ залуусын коммьюнити, Гөү Лаб, ерөнхий ивээн тэтгэгч Нэткапитал Санхүүгийн Нэгдэл, Гүнд Инвестмент, дижитал ур чадварыг дэмжигч АПУ компани, ивээн тэтгэгч Storepay болон дэмжигч байгууллагууд болох ЦХИХХЯ, ССАЖЗЯ, АНУ-ын Элчин сайдын яам зэрэг байгууллагууд энэхүү үр дүнд үнэтэй хувь нэмрийн оруулжээ.
Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн сургалтууд нь зөвхөн техникийн мэдлэг олгохоос гадна өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, төслийн удирдлага, хиймэл оюун ухааны хэрэглээ, дижитал маркетинг, хэрэглэгч төвтэй бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг орчин үеийн ажлын байранд шаардлагатай практик ур чадваруудыг хөгжүүлэхэд чиглэж, суралцагчдын хамтын ажиллагаа, туршлага солилцоо, тасралтгүй суралцах соёлыг дэмжих зорилгоор олон төрлийн коммьюнити арга хэмжээ, карьер хөгжлийн уулзалт, зөөлөн ур чадварын сургалтуудыг тогтмол зохион байгуулж ирсэн нь хөтөлбөрийг онцлогтой болгожээ.
Дижитал ур чадвар нь технологийн салбараас гадна бусад бүх салбарын ажилтан, мэргэжилтнүүдэд шаардлагатай суурь чадамж болж байгаа энэ үед “Grow with Google Mongolia” хөтөлбөр нь Монголын залуусыг ирээдүйн ажлын байранд бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлийн ур чадварын зөрүүг бууруулах, насан туршийн суралцах соёлыг түгээх зорилгынхоо хүрээнд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлэхээр ажиллаж байгаа юм.
Grow with Google Mongolia хөтөлбөртэй дараах холбоосуудаар танилцаарай
Албан ёсны вебсайт: https://www.gwg.mn/
Фэйсбүүк: https://www.facebook.com/GwGMongolia/
Инстаграм: https://www.instagram.com/gwg.mongolia/
Имэйл: Info@gwg.mn





Сэтгэгдэл