ChatGPT хиймэл оюуны шинэ загвар GPT-5-ыг танилцууллаа


Хиймэл оюуны салбарт хүлээлт үүсгээд байсан OpenAI компани GPT-5 загвараа өчигдөр олон нийтэд танилцууллаа.
Шинэ загварыг өмнөх загваруудтай харьцуулан тайлбарлахдаа тэрбээр “GPT-3 ахлах ангийн сурагч, GPT-4 их сургуулийн оюутан шиг бол GPT-5 нь эдгээр түвшнийг давж, гүн ойлголт, логик задлан шинжилгээ, бичгийн бүтээлийн чанарыг мэдэгдэхүйц сайжруулсан” хэмээн онцолжээ. Түүнчлэн тус загвар код бичих, программ бүтээх ажлыг бие даан хийх чадвартай бөгөөд хариулт бүрдээ үндэслэл, логик, задлан шинжилгээ өгдгөөрөө онцлог аж.
GPT-5 дахь гол өөрчлөлтүүд
Хэт хувийн асуултад дүгнэлт өгөхгүй
OpenAI компани ChatGPT-ын хариулах хэв маягт шинэчлэл хийж, хэрэглэгчидтэй илүү хариуцлагатай, бодитой харилцдаг байлгах тал дээр анхаарчээ. Ялангуяа сэтгэлзүйн хувьд эмзэг нөхцөл байдалд байгаа хэрэглэгчдэд AI хэт хувийн дүгнэлт өгч, нөлөөлөхөөс сэргийлэх зорилгоор ChatGPT тодорхой төрлийн асуултад шууд хариулахгүй болсон байна. Тухайлбал, “Би найз залуугаасаа салах уу?” гэх мэт шийдвэр гаргах агуулгатай асуултад ChatGPT одоо “тийм” эсвэл “үгүй” гэж хариулахгүй, харин тухайн нөхцөл байдлыг хамтдаа эргэцүүлж, давуу ба сул талуудыг харьцуулан тунгаахад туслах маягаар хариулдаг болжээ. Энэ нь AI-ыг сэтгэл зүйн дэмжигч биш, харин хамт эргэцүүлэх нэгэн болгох зорилготой аж.

Хэт их магтаалаар урамшуулахгүй
ChatGPT хэрэглэгчдийг хэт магтдаг, эергээр ханддаг хэлбэрт шилжсэн нь бодит бус мэдрэмж төрүүлдэг, таалагдахыг хичээсэн байдалтай болсон хэмээн 2024 онд олон нийт дүгнэж байв. Үүнийг OpenAI компанийн Гүйцэтгэх захирал Сэм Алтман хүлээн зөвшөөрч, уг горимыг бүрэн цуцалсан бөгөөд энэ нь AI-ыг хүний үнэн хэрэгцээ, бодит байдлаас хөндийрүүлэхгүй байхад чиглэсэн шийдвэр болсон гэж үзжээ.
GPT-5 бүх хэрэглэгчдэд нээлттэй
OpenAI анх удаа “reasoning” чадвартай буюу дотоод эргэцүүллээр хариу өгдөг хэлбэрийн AI-ыг бүх хэрэглэгчдэд, тэр дундаа үнэгүй хэрэглэгчдэд хүртээмжтэй болгосон байна. Өмнө нь зөвхөн Plus эсвэл Enterprise хэрэглэгчид энэ загварыг ашиглах боломжтой байсан бол одоо GPT-5-ыг үнэ төлбөргүй хэрэглэх хэсэгт багтааснаар хиймэл оюун илүү хүртээмжтэй, байдал руу шилжиж байна. Хэрвээ хэрэглэгч хэрэглээний хязгаарт хүрвэл GPT-5 mini хувилбар руу шилжих аж.

"Vibe coding" буюу бичгээр програмчлах боломж
GPT-5-аар код бичлүүлэхдээ “бичгээр даалгавар өгөх” хэлбэрээр ашиглах боломжтой болжээ. OpenAI-ын танилцуулгад, хэрэглэгч зөвхөн “флашкарт, асуулт-хариулт бүхий франц хэлний суралцах веб апп” гэсэн бичвэр оруулахад, GPT-5 хоёр өөр загвартай бүрэн аппыг хэдхэн секундэд бүтээсэн байна. Ингэснээр бичвэрээс шууд программ бүтээдэг хэрэглээ бодит хэрэгцээ рүү шилжиж байгаа юм.
GPT-5 Microsoft 365, Azure, Copilot зэрэгт нэвтэрлээ
OpenAI-ын гол хөрөнгө оруулагч Microsoft шинэ GPT-5 загварыг өөрийн бүх системд нэгэн зэрэг нэвтрүүлж эхэлжээ. Microsoft 365 Copilot, Azure AI Foundry, хэрэглэгчийн Copilot гэх зэрэг бүтээгдэхүүнүүд одоо GPT-5-ыг ашиглах боломжтой болсноор хиймэл оюуны ажлын бүтээмжид үзүүлэх нөлөө улам бодитой болох юм.
Эх сурвалж: BBC, CNBC