"Трэндийг шууд дагах бус, түүнээс өөрийн хувилбарыг гаргаж, хөгжүүлэх нь чухал"


Дэлхийн Залуучуудын Хөгжлийн Төвийн гишүүн Г.Бөридэм болон TikTok Influencer Ацуши Иноэ нар “Бүтээлч байдлаа ашиглах нь” сэдвийн хүрээнд бүтээлч байдал, олон нийтийн платформын нөлөөллийн талаар нээлттэй ярилцлаа.
Тик Ток платформ дээр амжилттай болж чадсан аргаасаа бидэнд хуваалцахгүй юу?
Энэ нь тууштай байдалтай холбоотой. Би TikTok хийж эхлээд жил болж байна. Өдөр бүр бичлэг оруулдаг байсан үе ч байсан. Одоо бол хамгийн багадаа сард нэг контент оруулж байна.
Мөн би өөрийн дуртай контент бүтээгчдийг байнга үзэж, тэдний стиль, санаа, арга барилаас суралцаж ирсэн.
Үүний өмнө би банканд ажилладаг байсан. Контент бүтээхтэй холбоотой ямар ч тодорхой ур чадваргүй байлаа. Гэхдээ дуртай контент бүтээгчдээ хараад “яаж хийдэг юм бол?” гэж сонирхож, өөрөө туршиж, тууштайгаар хичээж ирсэн. Эцэст нь тууштай байдал л намайг өнөөдөр энд хүргэсэн байх гэж бодож байна.
Өөрийн контентыг хэрхэн дэлхий дахинд гаргаж чадсан бэ?
Та бүхний мэдэж байгаачлан, Япон улс 100 сая орчим хүн амтай. Тиймээс анх TikTok хийж эхлэхэд үзэлт нь харьцангуй бага байсан. Тийм учраас TikTok-ийн 10-15 сая орчим хэрэглэгчдэд зориулан зөвхөн япон, англи хэл дээр гэхийн оронд яриагүй контент хийж эхэлсэн нь дэлхийд хүрч чадсан гэж бодож байна.

Samsung, Toyota, Universal Studio Japan зэрэг дэлхийн томоохон брэндүүдтэй хамтран ажилласан байдаг. Ийм том брэндүүдтэй хэрхэн хамтардаг вэ. Та өөрөө холбогддог уу, эсвэл тэд тантай холбогддог уу?
Дүгнээд хэлэхэд, миний хувьд байгууллагууд руу шууд очоод “ингэе, тэгье” гэж санал тавьдаггүй. Учир нь зарим бичлэгүүд маань өөрөө алдартай болоод, хувь хүмүүс болон байгууллагуудад хүрч, ихэнх тохиолдолд тэдний зүгээс надтай холбогддог.
Өдөр тутамдаа би зөвхөн нэг компанид зориулж биш, харин тухайн байгууллагын болон миний дагагчдын аль аль талд үнэ цэнтэй байхаар контент бүтээхийг хичээдэг.
Жишээлбэл, би “хэрхэн бичлэг хийх вэ?” зэрэг зөвлөмж өгөхөөс гадна аялал жуулчлалын чиглэлийн контентууд ч хийдэг. Хэрвээ та, жишээ нь, гоо сайхны салбарт сонирхолтой бол хамтрахыг хүсэж байгаа байгууллагаа эхлээд өөрөө тодорхойл. Тэгээд тухайн компанийн бүтээгдэхүүнийг өөрийн санаачилгаар контент болгон оруулбал, тэд тантай холбогдох магадлал маш их нэмэгдэнэ.
Учир нь байгууллагууд таныг эхлээд олж харах нь хамгийн чухал. Нэг байгууллагаас гадна, тухайн салбарын өрсөлдөгч компаниуд ч бас анхаарч эхэлдэг. Тиймээс би үргэлж “аль нэг тодорхой салбарыг олж, түүгээр чиглэсэн контент бүтээх” зарчмыг баримталдаг.
Чиглэл тодорхой болохоор, тэр салбарын байгууллагууд ч намайг өөрсдөө хайж олдог. Тиймээс миний хувьд хамгийн чухал зүйл бол — өөрөө хайж гүйх биш, харин тодорхой чиглэлд тууштай ажиллаж, бусдад өөрийгөө “олуулахаар” болгох юм.
Контент бүтээгчээс бизнес эрхлэгч болох шилжилтийг та хэрхэн хийсэн бэ. Энэ үйл явцад хамгийн чухал алхам юу байсан бэ?
TikTok-ийн хувьд зөвхөн гар утсаар хийх боломжтой. Дээрээс нь дэлхийн бүх хүн TikTok ашигладаг учраас контентуудаа анх ганцаараа хийдэг байсан. Гэхдээ яахын аргагүй том том байгууллагуудтай хамтрач ажиллахад тухайн контентыг ганцаараа хийх боломжгүй тул тухайн үедээ баг бүрдүүлж эхэлсэн. Одоо бүх төлөвлөлт болон гүйцэтгэлийг багийн ажиллагаагаар хийдэг.

Баг бүрдүүлж эхэлснээр өөрийн контентыг бизнес болгож, илүү урт хугацаанд амжилттай, тогтвортой явах боломж бүрддэг. Миний мэдрэмжээр бол Японд байдаг TikTok бүтээгчид эхэндээ ихэвчлэн ганцаараа ажилладаг. Амжилттай болсон хүмүүс ч анх ганцаараа эхэлсэн байдаг. Дараа нь бизнес болгоод багтай болдог ч юм уу, эсвэл заавал хуулийн этгээд биш байсан ч найз нартайгаа хамтраад баг болж ажилладаг. Юу хэлэх гээд байна вэ гэвэл, ганцаараа явж болох ч нэг түвшинд ирээд тулдаг. Харин багтай болсноор ганцаараа хийх боломжгүй олон ажлуудыг гүйцэтгэх боломжтой болдог.
Таны контентууд маш олон үзэгчтэй, хандалттай байна. Хэрхэн вайрал болох вэ?
Тиктокер хүний хувьд "вайрал болно" гэдэг ойлголт бол хамгийн чухал зүйлсийн нэг. Тикток дээр, сая хэлсэнчлэн, трэнд гэдэг зүйл маш чухал. Сүүлийн жилүүдэд энэ трэндүүд маш богино хугацаанд үүсээд, удалгүй алга болчихдог болсон. Тиймээс тухайн богино хугацааны трэндийн яг ямар үед, яг хэзээ өөрийнхөө контентыг оруулах вэ гэдэг нь маш чухал асуудал болдог. Энд хоёр төрлийн арга барил байдаг.
Нэгдүгээрт, тухайн трэнд үүсэхээс нь өмнө урьдчилж тооцоолох. Жишээ нь: “Энэ сэдэв, энэ дуу, энэ аудио удахгүй трэнд болж магадгүй юм байна” гэдгийг мэдэрч, трэнд эхлэхээс өмнө анхдагч байдлаар контентоо оруулах.
Хоёрдугаарт, трэнд дангаараа дуусдаггүй. Ихэнхдээ нэг трэнд олон төрлөөр салбарлаж, хөгжөөд явдаг. Тэгэхээр трэндээс шууд хуулж дагах бус, өөрийн хувилбараа гаргаж, түүнийг цааш хөгжүүлэх нь чухал.
Тиймээс, хэрвээ сошиал платформ дээр контентоо илүү олон хүнд хүргэж, вайрал болгохыг хүсэж байвал, трэндийг урьдчилж тооцоолох чадвар хамгийн чухал гэж бодож байна.
Бидний урилгыг хүлээн авч, манай үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, ярилцсан танд баярлалаа.