Залуусын орон зай

Австрали улс 16-аас доош насныхны сошиал медиа хэрэглээг хориглолоо

Г.Цэнд-Аюуш2025.12.113 минут унших
Австрали улс 16-аас доош насныхны сошиал медиа хэрэглээг хориглолоо - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Дэлхийд анх удаа Австрали улс 16-аас доош насны хүүхэд, өсвөр үеийнхэнд сошиал медиа ашиглахыг хориглосон хууль хэрэгжүүлж эхэллээ. Үүний улмаас TikTok, Facebook, Instagram, YouTube, Snapchat, Reddit, Twitch, Threads зэрэг томоохон платформуудад насанд хүрээгүй хэрэглэгчдийн аккаунтыг устгаж, шинээр бүртгүүлэхийг хориглох болсон байна. Тус хуулийг зөрчсөн тохиолдолд 49.5 сая австрали доллар хүртэлх торгууль ногдуулах аж.

Хориг хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн зарим платформ дээр нас шалгах систем сул ажилласан тухай мэдээллүүд гарчээ. Тухайлбал 14–15 настай хүүхдүүд Snapchat-ын царайгаар нас шалгах тестийг давж, өөрийгөө 18 настайгаар баталгаажуулсан тохиолдлууд гарсан байна.

Энэ тал дээр эцэг эхчүүдийн байр суурь ихээхэн зөрүүтэй байгаа юм. Зарим нь хүүхдээ цахим орчны хамаарлаас гаргахад дэмжлэг болж байна гэж үзэж байгаа бол зарим хэсэг нь хүүхдэдээ платформ ашиглах аргыг хууль бусаар заахаас өөр аргагүй болж байна хэмээн шүүмжилжээ.

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез “Эхний өдрөөс 100% төгс хэрэгжинэ гэж бид хэлээгүй. Гэвч мессеж нь тодорхой. Насанд хүрээгүй хүүхдүүдийг сошиал орчноос хамгаалах нь нийгмийн эрх ашиг” хэмээн мэдэгджээ. Судалгаагаар Австралийн сонгогчдын гуравны хоёр нь 16-аас доош насныхны сошиал хэрэглээг хориглохыг дэмжсэн байна.

Энэ шийдвэр олон улсын анхаарлыг ихээр татаж, Малайз, Дани, Норвеги зэрэг орнууд ижил хориг авч хэрэгжүүлэх талаар хэлэлцэж эхэлжээ. Их Британи ч Австралийн туршлагыг нягт ажиглаж буйгаа мэдэгдсэн байна.

Хориг хэрэгжиж буй эхний өдрүүдэд Австралийн eSafety комиссар платформуудад хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл хүргүүлэхээр мэдэгдэл илгээсэн бөгөөд хэдэн аккаунт устгасан, ямар бэрхшээл гарч буй, хүүхдүүд VPN ашиглаж буй зэрэг асуудлыг хянан үнэлэх аж. Мөн хоригийн богино, дунд, урт хугацааны үр нөлөөг судлах бие даасан академик үнэлгээ хийгдэх юм.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой нийтлэлүүд