Оддын хамгийн алдартай бизнесүүд


Олны танил хүмүүс сүрчгийн саван дээр нэрээ наагаад л өөрийн брэндтэй болж, бүтээгдэхүүний чанар биш нэр хүндийнхээ ачаар хэдэн сая долларын эзэд болцгоодог уу? Алдартнуудыг хөөрхөн царайнаас цаашгүй гэх үе Монголд төдийгүй дэлхий дахинд байсан. Гэхдээ тэд өдгөө бизнесийн салбарт хүч түрэн орж ирж, тэрбумтнууд болсоор. Рианнагийн Fenty эзэнт гүрнээс эхлээд Харри Стайлсын хүйс үл харгалзах гоо сайхны брэнд хүртэлх оддын бизнес ертөнцийг шинжицгээе.
“Side hustle”-аас СЕО хүртэл
“Side hustle” гэх нэр томьёо бидний хувьд хэдийнээ танил болсон. Орлогын гол эх үүсвэр болох үндсэн ажлаас гадна нэмэлт орлого олохын тулд хийсэн ажил, үйл ажиллагааг ийнхүү нэрийддэг. Энтертайнмент салбар дахь гол ажлаасаа салбарлан эхлүүлсэн бизнесээсээ нийт хөрөнгийнхөө дийлэнх хувийг бүрдүүлдэг захирал болсон одууд мэдээж олон.
Рианна: Дуучнаас загвар, гоо сайхны салбар руу

Нийт хөрөнгө: 1.4 тэрбум доллар
- Fenty Beauty
2017 онд анх худалдаанд гарсан “Fenty Beauty” нь янз бүрийн арьсны өнгөнд тохирсон 40 төрлийн суурь өнгөний шинэлэг цувралыг санал болгосноор гоо сайхны салбарыг орвонгоор нь эргүүлсэн. Таны арьсанд тохирсон өнгийн крем огт байхгүй, та өөрийн арьснаас бор эсвэл цайвар өнгийг байнга хэрэглэдэг байтал нэг л өдөр яг танд тохирох өнгө гараад ирлээ гээд төсөөл дөө. Одоо л нэг таны арьс хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм шиг санагдахгүй гэж үү. Иймээс ч энэхүү хүртээмжтэй байдал нь гоо сайхны ертөнцөд шинэ стандартыг тогтоосон юм. Рианнагийн хөрөнгийн дийлэнх нь Fenty Beauty-ийн амжилтаас бүрддэг бөгөөд жилд 2 тэрбум доллароос илүү орлого олдог аж.
- Savage X Fenty
2018 онд тэрбээр “Savage X Fenty” нэртэй дотуур хувцасны цувралыг эхлүүлсэн бөгөөд энэ нь бүх бие сайхан гэх хандлагыг (body positivity) дэмжиж, төрөл бүрийн размерыг санал болгосон. Тус брэнд загварын шоунд зориулсан шинэлэг тансаг загварууд болон жил бүр зохиодог А зэрэглэлийн загварын шоугаараа тэр даруй үнэнч хэрэглэгчидтэй болж чаджээ. 2025 онд “Savage X Fenty” нь “Victoria's Secret” зэрэг салбарын титануудтай эн зэрэгцэх дотуур хувцасны алдартай брэнд болно гэж мэргэжилтнүүд тооцоолж буй. Түүнчлэн жил бүр зохион байгуулдаг загварын шоу нь дэлхийн хамгийн их үзэгчтэй загварын арга хэмжээнүүдийн нэг бөгөөд төрөл бүрийн размер өмсдөг загвар өмсөгчидтэй гэдгээрээ онцлог юм. Тус брэндийн үнэлгээ нь 1 тэрбум долларт хүрсэн бөгөөд Рианна 30 хувийг эзэмшдэг.
Др.Дре: Хип хопоос аудио технологийн салбар руу

Нийт хөрөнгө: 2024 онд Forbes түүний хөрөнгийг 850 сая доллароор үнэлсэн.
- Beats by Dre
2014 онд Apple компани Beats Electronics-ийг 3 тэрбум доллароор худалдан авсан нь Apple-ийн хамгийн том худалдан авалтуудын нэг болсон юм. Энэхүү гэрээнд Beats by Dre чихэвчний брэнд болон Beats Music стриминг үйлчилгээ (дараа нь Apple Music-д нэгдсэн) хоёулаа багтсан. Өдгөө Beats by Dre нь аудио зах зээлд хүчтэй байр сууриа хадгалсаар байгаа бөгөөд YouGov-ын мэдээлснээр тус брэндийн алдар нэр 83% байгаа бөгөөд судалгаанд оролцогчдын 49% нь эерэг санал бодол илэрхийлжээ.
Ким Кардашиан: Реалити одоос тэрбум долларын загварын магнат хүртэл

Нийт хөрөнгө: 1.7 тэрбум доллар
- SKIMS
“Savage X Fenty”-ийн адилаар Skims нь биеийн эерэг байдлыг дэмжиж, олон төрлийн биеийн онцлогт тохирсон XXS-ээс 4X+ хүртэлх янз бүрийн хэмжээг санал болгодог. Энэхүү хүртээмжтэй байдлаараа бүх төрлийн хэрэглэгчдийг татаж чадсан юм. Мөн байгаль орчинд ээлтэй сав баглаа боодол хэрэглэж, тогтвортой хөгжлийг хангах үүднээс зарим бүтээгдэхүүнд дахин боловсруулсан материал ашигладгаараа онцлогтой. Өдгөө уг брэнд 4 тэрбум ам.долларын үнэлгээтэй байгаа юм. Ким брэндийнхээ гуравны нэгийг эзэмшдэг. Тэгэхээр Кимийн эзэмшиж буй хувьцаа нь ойролцоогоор 1.33 тэрбум доллар болж үнэлэгдэх ба энэ нь түүний нийт хөрөнгийн 78%-ийг SKIMS бүрдүүлдэг гэсэн үг ажээ.
Харри Стайлс: Хөгжмийн супер одоос гоо сайхны бизнес эрхлэгч

Нийт орлого: 250 сая доллар (The Sun-ийн мэдээлснээр Харри Стайлс 30-аас доош насны Британийн хамгийн баян од аж.)
- Pleasing
Pleasing нь хүйс үл хамааран бүх хүйсийн хүн хэрэглэж болох (unisex) олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн, хумсны будгийг санал болгодог. Түүнчлэн бүтээгдэхүүний дизайны энгийн, дэгжин байдлыг үнэлдэг хэрэглэгчдийн анхаарлыг татах минималист хэв шинжтэй. Pleasing-ийн жилийн орлогын тодорхой тоо баримтыг олон нийтэд зарладаггүй тул эл брэндийн Харри Стайлсын цэвэр хөрөнгөд оруулсан хувь нэмрийг тодорхойлоход хэцүү аж.
Амжилтын нууц жор: Фенүүд = Үйлчлүүлэгчид
Таны зарсан бүх зүйлийг худалдаж авахад бэлэн сая сая шүтэн бишрэгчидтэй байхад ямар ч бизнес тэгээс эхлэхгүй. Дээрх олны танил эрхмүүд ч энэ л жишгээр бизнесээ амжилтад хүргэсэн.
“Frontiers in Psychology” сэтгүүл дэх судалгаагаар шүтэн бишрэгчид өөрсдийн дуртай алдартнуудтайгаа холбоотой бүтээгдэхүүнийг дэмжиж, үнэнч хэвээр үлдэх магадлал өндөр гэсэн үр дүн гарчээ. Учир нь олны танил хүмүүст итгэх итгэл огт танихгүй хүн цоо шинэ брэнд эхлүүлэхээс илүү байдаг аж. Гэхдээ мэдээж бэлэн худалдан авагч, хэрэглэгчидтэй байх нь стратегийн давуу талыг бий болгодог ч оддын бизнесийн эцсийн амжилт нь бүтээгдэхүүний чанараас хамаарах нь дамжиггүй. Хэн нэгэн алдартны брэндийг нийт олноороо хошууран шуурч ававч, чанаргүй байх юм бол зах зээлийн зарчмаар тоглоомоос хасагдах нь тодорхой.
Алдартнууд бизнесийн ертөнцөд өөрсдийн өвөрмөц дуу хоолой, хувийн түүх, шүтэн бишрэгчдээ хамтад нь авчирдаг бөгөөд энэ нь тэдний бүтээгдэхүүнийг илүү хувийн шинжтэй, утга учиртай болгодог. Дуртай дуучин, жүжигчин, загвар өмсөгчийнхөө нэрийн бүтээгдэхүүнийг авч хэрэглэнэ гэдэг мэдээж онцгой. Би ч гэсэн Fenty-ийн будгаар нүүрээ будаад, Pleasing-ийн хумсны будагтай, Skims-ээр гангараад, Beats-ийн чихэвчээр хөгжим сонсоод хотын гудмаар алхахаас хэзээ ч татгалзахгүй дэг.