Залуусын орон зай

“Токсик” буюу хортой нөхөрлөлөөс хэрхэн гарах вэ?

М.Энхмаа2025.01.254 минут унших
“Токсик” буюу хортой нөхөрлөлөөс хэрхэн гарах вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Та хэр ганцаарддаг вэ? Дэлхий даяар гурван хүн тутмын нэг нь өдөр тутамдаа ганцаардлыг мэдэрдэг бөгөөд ихэвчлэн нийгмээс тусгаарлагдаж, утга учиртай, үнэ цэнтэй харилцаа дутагдсаны улмаас ганцаардах мэдрэмж төрдөг байна. Хамгийн сонирхолтой нь нөхөрлөлийн харилцаа бидэнд хосын харилцаанаас ч илүү хүчтэй нөлөөлдөг аж. Тиймээс дотнын найздаа үл тоогдох, үл хүндлэгдэх, үл үнэлэгдэх зэрэг мэдрэмжүүд биднийг хамгийн ихээр шархлуулж, эцэст нь “токсик” буюу хортой нөхөрлөл болон хувирдаг. Тэгвэл хортой нөхөрлөл гэж юу болох, хэрхэн хортой харилцаандаа баяртай гэж хэлэх талаар энэхүү нийтлэлээс хүлээн авч уншаарай.

“Токсик” буюу хортой нөхөрлөлөөс хэрхэн гарах вэ? нийтлэлийн зураг

“Уншиж мэдэхэд ном сайхан, уулзаж ярихад нөхөр сайхан” хэмээн өсөхөөс бидэнд сургасаар ирсэн нь нарийн учиртай санагдана. Учир нь бид найз нөхдийнхөө л хажууд хамгийн өөрийнхөөрөө байж, өөрийн дотор орших бяцхан хүүхдээ ил гарган хэний ч санаанд оромгүй хөгжилтэй зүйлсийг сэтгэж, “галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” цог золбоотой болдог билээ. Америкийн сэтгэцийн эмгэг судлалын сэтгүүлд 2020 онд нийтлэгдсэн судалгаагаар найз нөхөдтэйгөө ойр дотно харилцаатай хүмүүс амьдралдаа илүү сэтгэл хангалуун байдаг бөгөөд сэтгэл гутралд өртөх магадлал бага байдгийг тогтоосон байна. Мөн Австралид 10 жилийн турш үргэлжилсэн судалгааны үр дүнд бат бөх найзын хүрээлэлтэй хүмүүсийн урт наслах магадлал 22 хувиар илүү байжээ. Энэ мэтчилэн эрүүл нөхөрлөлийн сайн сайхан талыг дурдаад байвал дуусашгүй олон. Харин таны итгэж найдан сэтгэлээ нээсэн “дотнын” хүмүүс тань “сайн найзууд ийм л байдаг” гэх үгсээр түрий барьж, таныг үл ойшоон, нөхөрлөлийн харилцаанд өөрийгөө нэгт тавиад байвал яг одоо өөрөөсөө “Би нөхөрлөлийн хортой харилцаанд байгаа юм биш биз?” гэж асуугаад үзээрэй. Учир нь танд өнөөх “токсик” шинжүүд хэдийн илэрчихсэн байна!

“Бүхнээ зориулдаг ч хамт байхыг хүсдэггүй найз…”

“Миний хувьд нөхөрлөлийн харилцааг хосын харилцаанаас ч илүү чухалчилдаг болохоор хүрээлэлдээ цензур тавьж, түүнийхээ хэрээр бүхнээ зориулан үнэ цэнтэй нөхөрлөл бүтээхийг хүсдэг. Тэр ч утгаараа шинэ хүмүүстэй танилцахдаа маруухан, цөөн хэдэн дотнын найзтай. Гэхдээ энэ зан минь миний сул тал юм байна гэдгийг саяхнаас анзаарсан юм.

Их сургуулийн хоёрдугаар курсийн намар тал бүрийн авьяастай, хөгжилтэй охинтой танилцаж, дотноссон юм. “Нандин гэвэл найзаа хэлнэ. Намайг гэсэн сэтгэлийг хэлнэ” гэдэг үг байдаг даа. Яг л тийм сэтгэлээр найздаа ханддаг. Өчигдөр ямар хоол идсэн, өнөөдөр юу хийсэн зэрэг өдөр тутмын харилцан ярианаас авхуулаад орчлонгийн үүсэл, хүмүүний утга учир гээд бүх төрлийн сэдвээр ярилцах дуртай, сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг кино гээд ер нь л сонирхол нэгтэй учраас хамт байхад цаг хугацаа маш хурдан өнгөрдөг байлаа. Гэвч жаргал зовлонгоо хуваалцаж, хамтдаа өтлөх юм шигээр төсөөлдөг байсан бидний харилцаа нэг л мэдэхэд “хөрж”, нөхөрлөлийнхөө төлөө ганцхан би л хичээгээд байх шиг мэдрэгддэг болсон. 

Уулзах бүрдээ “Болохгүй байна, бүтэхгүй байна” гэх мэт байнга сөрөг зүйлсийн тухай ярина. Намайг чадваргүй, сул дорой мэт мэдрэмж төрүүлэх дорд үзсэн үг хэллэг ашигладаг. Мөн тэр хэзээ ч миний цаг завыг хүндэлдэггүй. Том болохын хэрээр гэр бүл, найз нөхдөдөө зориулах цаг эрс багассан ч түүнтэй уулзахын төлөө бүх ажлаа эртээс төлөвлөн, чухал ажлуудаа хойш тавин, арай гэж болзсон газраа амжиж ирэхэд тэр намайг 2-3 цаг хүлээлгэдэг. Хоцорч ирэх бүрдээ “Энэ тэглээ, тэр ингэлээ. Ажил ихтэй байна, аав ээж гаргахгүй байна” гэх мэт шалтаг тоочиж, “Би л ажилтай, завгүй” гэх хандлага гаргадаг болсон. Тэр бүрд нь түүнийг ойлгохыг хичээж, “Энэ удаа нээрээ л гэнэтийн ажил гарсан юм байлгүй дээ. Найздаа дарамт болоод яах вэ, ингээд ч хамаагүй уулзаж байгаа нь ашгүй дээ” гээд нэг их юм боддоггүй байв. Гэхдээ энэ явдал байнга давтагдах болсон. Хэдий намайг үл хүндэтгэж, нөхөрлөлийнхөө төлөө хичээл зүтгэл гаргахыг хүсэхгүй байгааг нь мэдрээд байгаа хэр нь би урьдын адил түүнийг хайрлаж, бүхнээ зориулсан хэвээрээ. Харин одоо хамт байхыг хүсэхгүй байна. Нэг тийм өнчин хайр байдаг даа. Хамт байх заяа дутсан ч холоос нэгнээ хайрласаар л байдаг тийм харилцаа…”

Хэдий хортой харилцаа гэдэг бидний бие махбодод шууд хохирол учруулж, гэмтээхгүй ч гэлээ сэтгэл зүйн эрүүл мэндэд хүчтэй нөлөөлдөг байна. Иймд нөхөрлөлийн харилцаагаа эрхэмлэдэг хэн бүхэн “Би найзуудынхаа хажууд байхдаа чин сэтгэлээсээ инээмсэглэдэг үү? Би тэдний хажууд өөрийнхөөрөө байж чаддаг уу? Би найзуудтайгаа цагийг өнгөөрсний дараа тавгүйтсэн, түгшүүртэй, өөртөө урам хугарсан мэдрэмжтэй үлддэг үү аль эсвэл цэнэглэгдсэн, урамшсан, эрч хүчтэй нэгэн болдог уу? Тэднээс дуудлага ирэх үед сэтгэл тавгүйтэж, хариулмааргүй санагддаг бил үү?” гэх эдгээр асуултыг өөрөөсөө асууж, энэ нөхөрлөлийг үргэлжлүүлэх эсэхээ тунгааж үзээсэй гэж хүсмээр байна. 

“Токсик” буюу хортой нөхөрлөлөөс хэрхэн гарах вэ? нийтлэлийн зураг

Таны хил хязгаарыг үл хүндэлдэг: Сайн найзууд хамтдаа өсөж дэвжихийн төлөө нэгэндээ эерэг шүүмжийг хэлдэг ч гэлээ энэ нь тодорхой хил хязгаартай байх хэрэгтэй. Хортой найзууд таныг үл хүндэтгэж, “Чиний төлөө. Найзууд ийм л байдаг” гэх хатуу үгсээр сэтгэл зүйг тань гэмтээж, бүх юмны дарга мэт хэт “би” төвт үзлээр нөхөрлөлдөө ханддаг. Нэг үгээр хэлбэл таныг үл хүндэлдэг.

Харилцаанд зөвхөн та л хүчин чармайлт гаргадаг: Аливаа харилцаа бие биедээ итгэх итгэлцэл, хоёр талын хүчин чармайлт дээр тогтдог шүү дээ. Харин хортой нөхөрлөлийн үед энэ тэнцвэр алдагдсан байдаг. Та л түрүүлж холбоо тогтоож, уулзалт төлөвлөдөг бөгөөд таны юу мэдэрч байгаа нь тэдэнд огт хамаагүй мэт аашилдаг.  Ихэвчлэн “Би завгүй байлаа. Юун сүртэй юм бэ” гэх үгсээр ам таглах нь олонтоо доо. 

Сөрөг байхын төлөө л төрсөн мэт аашилдаг: Аливаа зүйлийн сайн сайхныг харж чаддаг хүн хамгийн үзэсгэлэнтэй байдаг шүү дээ. Харин хортой найзууд үргэлж болж, бүтэхгүй зүйлсийн талаар ярьж, шүүмжилдэг бөгөөд таны өсөлт хөгжилтөд саад болж, амжилтаас тань хойш татдаг. Тэдэнтэй уулзсаны дараа таны хийж бүтээх урам зориг унтарч, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурсан сэтгэлээр унасан мэдрэмж төрдөг.

Чөлөөт цагаа хов жив ярьж өнгөрүүлдэг: Оддын хувийн амьдралаас авхуулаад эргэн тойрны хүмүүсийн сул тал, алдаа дутагдлыг ярьж, бусдын амьдралд хошуу дүрж, түүнээсээ таашаал авдаг бол тэр хүн итгэл даах нэгэн биш байх магадлалтай. Өөрсдийгөө бусдаас дээр гэх мэдрэмжийг авахын төлөө өөр хэн нэгнийг доош хийдэг хүний дэргэд байх нь бидний сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Ашигтай тохиолдолд л нөхөрлөдөг: Өөрийн хүсэл сонирхол, хэрэгцээ зорилгод тулгуурлан өөрт ашигтай тохиолдолд л тантай харьцдаг. “Чи л хамгийн мундаг нь. Найзад нь чамаас өөр үүнийг зохицуулж өгөх хүн байдаггүй ээ. Найз л юм бол ганц удаа тусалчих” гэх мэт зөвхөн таны тусламж хэрэгтэй болсон үед л холбогдож, бусад үед таны оршин байгааг ч үл ойшоодог. Иймэрхүү харилцаа танд ашиглагдсан мэт мэдрэмж төрүүлэхээс гадна, хэтэрхий их ачааг танд үүрүүлэх хандлагатай байдаг.

“Токсик” буюу хортой нөхөрлөлөөс хэрхэн гарах вэ? нийтлэлийн зураг

Аливаа харилцааг төгсгөл болгох нь хамгийн хэцүү шийдвэрүүдийг нэг байдаг шүү дээ. Тэр тусмаа нэгэн үе жаргал, зовлонгоо хуваалцаж, дурсамжтай мөчүүдийг бүтээлцсэн тэр нэгэн найзаасаа холдоно гэдэг хэцүү даваа. Гэхдээ хоёр биеийнхээ сэтгэл зүйн эрүүл мэнд болон сайн сайхны төлөө хэн нэгэн нь зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг санаарай. Иймд хортой нөхөрлөлөө хэрхэн дуусгахаа мэдэхгүй байвал дараах 5 алхмыг дагаж, эерэг харилцааг бүтээгээрэй.

Нэгдүгээрт, хортой харилцааг хүлээн зөвшөөрөх: “Өөрчлөлтийн эхлэл одоо байгаагаа хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг” гэдэг үг байдаг даа. Тиймээс хортой харилцааны шинж тэмдгүүд байнгын давтамжтай илэрч байгаа эсэхийг бодитоор үнэлж, найзтайгаа хамт байхад таагүй, сөрөг мэдрэмжүүд төрж байна гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. 

Хоёрдугаарт, өөрийн хил хязгаарыг зөв тогтоох: Хортой гэх нөхцөл байдлыг үүсгэсэн найздаа өөрийгөө илэрхийлж, чин сэтгэлээсээ ярилцаж үзээрэй. Түүний санаатай болон санамсаргүй гаргадаг үйлдлүүд таныг яаж гомдоодог, танд ямар мэдрэмж төрдөг талаар болон нөхөрлөлийн үнэ цэнийг юу гэж харж байгаагаа чөлөөтэй илэрхийлж, дахин хортой нөхцөлд орохгүйн тулд өөрийн хэрэгцээ шаардлага, юу болно, юу болохгүй гэх хил хязгаараараа зөв тогтоогоорой.

Гуравдугаарт, аажим аажмаар харилцаагаа багасгах: Хэрэв ярилцаж үзээд тодорхой шийдэлд хүрээгүй бөгөөд найз тань нөхөрлөлөө авч үлдэхийн төлөө хүчин чармайлт гаргахыг хүсэхгүй байвал “Үнэхээр л энэ хортой харилцааг дуусгах цаг иржээ” гэж бодоорой. Байнга уулздаг байсан хүнээсээ нэг л өдөр холдоно гэдэг мэдээж хэцүү. Тиймээс хамтдаа өнгөрөөх цаг хугацаагаа багасгаж, аажим аажмаар түүнээс холдоорой. 

Дөрөвдүгээрт, шийдэмгий байгаарай: Нөхөрлөлдөө цэг тавих цаг нь ирснийг мэдэрсэн бол тус харилцааг дуусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, шийдвэртээ шийдэмгий байгаарай. Хэдий хамтдаа бүтээлцсэн цаг хугацаа, нандин дурсамжууд танд үнэ цэнтэй ч эрүүл бус харилцаа цаашдаа улам л хортой болно шүү дээ. Тиймээс хамт өнгөрүүлсэн хором мөч бүхнээ хайрлаж, хоёр биедээ сайн сайхныг хүсээд тавьж явуулаарай. Дотно найзлахаа л больж байгаа болохоос биш насан туршийн өстөн дайснууд болоогүй шүү дээ. 

Тавдугаарт, бусад хүмүүсээс дэмжлэг хүсээрэй: Удаан хугацааны нөхөрлөлөө дуусгавар болгохоор шийднэ гэдэг нь өөрөө хамгийн том шийдвэр шүү дээ. Тиймээс эхэн үед сэтгэл санааны хямралд өртөх, бусад найзуудаасаа өөрийгөө тусгаарлах, шинэ хүмүүстэй танилцах хүсэлгүй болох гэх мэт “салалтын үеийн мэдрэмжүүд” танд илэрч магадгүй. Энэ тохиолдолд бусад найз нөхөд, гэр бүлийнхэн, мэргэжлийн хүмүүстэй ярилцаж, шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг хүсээрэй. Тэдний дэмжлэг хортой нөхөрлөлөө орхиход тань туслах болно. 

Эцэст нь хэлэхэд, хортой нөхөрлөлийнхөө талаар эргэцүүлэн дүгнэж, энэ харилцаа танд хэрхэн нөлөөлсөн талаар бодож үзээрэй. Нэгэн үед бүхнээ зориулдаг байсан та хоёрын харилцаа яг аль мөчөөс эхэлж буруугаар эргэснийг эргэн харж, ирээдүйн шинэ нөхөрлөлийн харилцаандаа юуг анхаарах хэрэгтэй талаар эргэцүүлээрэй. Түүний дараа шинэ зүйлсийг туршиж үзэн, өөрийгөө хөгжүүлэх цаг гаргаарай. Шинэ хүмүүстэй танилцах, ууланд алхах, зураг зурах, шинэ хоббитой болох гээд өөртөө цаг гаргах нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх болно. Амжилт хүсье!

Холбоотой нийтлэлүүд