PLAY OFF: Энэ жил хэн аварга авах вэ?


Гарди магнай кинонд Далайцэрэнгийн барилдааныг үзэж суусан хоёр “Хоёулаа харах юмтай. Хариад ярих юмтай боллоо” хэмээн ярилцдаг шиг энэ жилийн Үндэсний Дээд лигийн плей-оффын тоглолтууд үзэгчдийг “түймэрдэж” байна.
Улс төр, нийгэм, эдийн засгийн сэдвийн хүрээнд өрнөх өдөр тутмын цахим маргаанд MVP тоглогч, Демаркус Казинс тэргүүтэй Play Off-той холбоотой мэдээллүүд шил шилээ даран гарч үндэсний хэмжээнд сагсан бөмбөгийн “доргилт” явагдаж байгаа өнөө цаг үед бүх мэдээллийг нэг доороос авч болох нийтлэлийг posted.mn сайт бэлдлээ.
Юуны түрүүнд Үндэсний Дээд лигийн 30 жилийн ой тохиож буй энэ цаг мөчид тогтолтуудыг зохион байгуулж буй МҮСБХ-нд талархах нь зүйтэй. Мөн цаашлаад үзэгчдийг тав тух, таатай орчинд үйлчлүүлэх боломжийг олгодог M bank Arena-д ч баярлах хэрэгтэй. Түүнчлэн спортын сувгууд, сагсыг дэмждэг аж ахуйн нэгжүүдийг ч дурдах нь зөв. Учир нь өнөөдөр тэдний ач гавьяагаар хэдэн тэрбум төгрөгийн төсөв бий болж, олон олон тамирчид амьдралын баталгаагаа хангаж, сонирхдог хүүхэд, залуусын тоо ч төдий чинээ өслөө. Бүүр өргөн утгаараа хүүхэд залуусын эрүүл мэнд, хоббинд оруулж буй үнэтэй хувь нэмэр гэж хэлж болохоор байна.
Сагсан бөмбөгийн хөгжил гэх хэт албархуу энэ үгээс зайлсхийж зөвхөн үр дүнг эргэцүүлэх нь зүйтэй. Магадгүй үр дүнд нь та бид өнөөдөр ийнхүү ярилцаж суугаа ч байж мэдэх юм. Яг үнэндээ шимтэж үздэг үзэгчдэд NBA ч сонирхолтой санагдахаа байж өөрийнхөө юмыг тоодог болчихлоо шүү дээ.
ТА АЛЬ БАГИЙГ ДЭМЖДЭГ ВЭ?
Энэ улирлын Үндэсний Дээд лигийн эрэгтэйчүүдийн төрөлд арван баг оролцсоноос шигшээ наймд Хасын Хүлэгүүд, “SG Apes”, “BCH Knights, Selenge Bodons, Bishrelt Metal, Zavkhan Brothers, Erdenet Miners, Darkhan United гэсэн багууд тунаж үлдсэн. Үүнээс Хасын Хүлэгүүд, “SG Apes”, Selenge Bodons, Bishrelt Metal багууд шөвгийн дөрөвт үлдлээ.
Нэмэлт мэдээлэл: Үндэсний Дээд лиг, багууд болон тоглогчдын статистик үзүүлэлт, мэдээллүүд олон улсын сайтад тогтмол гардаг бөгөөд та дараах сайтуудаас хүлээн авч болно.
Одоо уншигч танд зөвхөн багуудын мэдээллийг маш товчхон хүргэе. Харин та ямар баг аварга болохыг таагаарай. Аль хэдийн өөрийн дэмждэг багийг аварга болно гэсэн итгэл үнэмшил байгаа бол цахимдаа хуваалцаж “шүншиглээрэй”. Магадгүй баг тань аваргалах ч юм бил үү.
ХАСЫН ХҮЛЭГҮҮД

Б.Билгүүн ахлагчтай Дээд лигийн долоон удаагийн аварга баг. Ерөнхий дасгалжуулагчаар Зелжко Васеливич ажилладаг бөгөөд энэ улирлын шилдэг болсон юм. Мөн эл багаас улирлын үнэ цэнтэй тоглогчоор А.Азбаяр шалгарсан билээ.
SELENGE BODONS

Энэ жилийн хоёр том шуугианы эзэн баг. Эл багийн сагсан бөмбөгт оруулж буй хувь нэмэр их. Эхнийх нь дотоодын тамирчин А.Базаргүртэй 450 саяар гэрээлж тоглогчдын үнэ цэнийг өсгөв. Удаах нь NBA-ийн тоглогч асан Демаркус Казинсыг багтаа нэгтгэв.
Өмнөх “Демаркус Казинсын цалин хэд вэ?” нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
“SG APES”

М.Өлзий-Орших ахлагчтай SG Apes баг нь Б.Тулуй, Ц.Санчир, Н.Ганбаатар, Т.Мэндбаяр, С.Эрдэнэдалай, Б.Билгүүн зэрэг шилдэг залуу тамирчдаа авч үлдэн Draft-аас Н.Шинэбаярыг нэгтгэн авсан билээ.
Мөн л ширүүн өрсөлдөөнийг үзүүлдэг хамгийн шартай хөгжөөн дэмжигчидтэй энэ багийн төсөв 1 тэрбум 850 сая төгрөг байдаг талаар багийн эзэн нь ярьж байсан удаатай.
BISHRELT METAL

Үндэсний Дээд лигээс 2022-2023, 2023-2024 зэрэг онуудад дараалан МӨНГӨН медаль хүртсэн баг. Одоогоор Zavkhan Brothers багийг гурав хожсон, хожигдоогүй гэсэн амжилттай байна. Т.Ууганбаяр, А.Энхбаясгалан тэргүүтэй олон нүүр царай болсон тамирчидтай.
САГСАН БӨМБӨГИЙН ЛИГИЙН ҮЕ ҮЕИЙН ТЭРГҮҮН ТОГЛОГЧИД ХЭН БЭ?
- 1994-1995 оны улиралд Т.Түвшинбаяр (Азийн Чоно)
- 1995-1996 оны улиралд О.Баярсүх (Алтайн Бүргэдүүд)
- 1996-1997 оны улиралд Ж.Майбаяр (Генералууд)
- 1997-1998 оны улиралд О.Болор (Бизнесийн Чөтгөрүүд)
- 1998-1999 оны улиралд Ц.Шаравжамц (Тас 1+11)
- 1999-2000 оны улиралд М.Отгонбаяр (Азарганууд)
- 2000-2001 оны улиралд Т.Түвшинбаяр (Азарганууд)
- 2001-2002 оны улиралд Д.Ганцогт (Баганат Өргөө)
- 2002-2003 оны улиралд Б.Пүрэвдорж (Хангайн Харцага)
- 2003-2004 оны улиралд лиг завсарлав
- 2004-2005 оны улиралд Г.Ихбаяр (Баганат Өргөө)
- 2005-2006 оны улиралд Ш.Сэдбазар (Хасын Хүлэгүүд)
- 2006-2007 оны улиралд Б.Одбаяр (Шаркс)
- 2007-2008 оны улиралд Д.Бат-Эрдэнэ (Хасын Хүлэгүүд)
- 2008-2009 оны улиралд О.Сайнбаяр (Хасын Хүлэгүүд)
- 2009-2010 оны улиралд О.Ууганбаяр (Хасын Хүлэгүүд)
- 2010-2011 оны улиралд Ц.Мэргэн (Энержи Ресурс Харцага)
- 2011-2012 оны улиралд К.Уиллиамс (Хасын Хүлэгүүд)
- 2012-2013 оны улиралд Б.Одбаяр (Энержи Ресурс Харцага)
- 2013-2014 оны улиралд Б.Билгүүн (SBL Хасын Хүлэгүүд)
- 2014-2015 оны улиралд Д.Мөнхтүвшин (Их өргөө Аравтууд)
- 2015-2016 оны улиралд Т.Санчир (Баянгол Сентоза Ирвэсүүд)
- 2016-2017 оны улиралд Т.Санчир (SBL Хасын Хүлэгүүд)
- 2018-2019 оны улиралд О.Сэргэлэн (SBL Хасын Хүлэгүүд)
- 2019-2020 оны улиралд А.Тэмүүжин (Алдар Танан Гарьд)
- 2020-2021 оны улиралд лиг завсарлав
- 2021-2022 оны улиралд Б.Билгүүн (Хасын Хүлэгүүд)
- 2022-2023 оны улиралд Т.Санчир (Эрдэнэтийн Уурхайчид)
- 2023-2024 оны улиралд М.Өлзий-Орших (SG APES)
- 2024-2025 оны улирал А.Азбаяр (Хасын Хүлэгүүд)
ЭНЭ ЖИЛИЙН ШИЛДГҮҮД ХЭН БАЙВ?
- 2024-2025 оны улирлын "MVP" тоглогч "Хасын Хүлэгүүд" багийн тамирчин А.Азбаяр
- Шилдэг хамгаалагч "Хасын Хүлэгүүд" багийн тамирчин А.Азбаяр
- Шилдэг дасгалжуулагч "Хасын Хүлэгүүд" багийн дасгалжуулагч Zejko Vasiljevic
- Шилдэг гадаад тоглогч "Бишрэлт Металл" багийн тамирчин Байрон Уэсли
- Шилдэг зургаа дахь тоглогч "SG Apes" багийн тамирчин Н.Ганбаатар
- Амжилт нь ахисан тоглогч "Erdenet Miners" багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ
- Шилдэг шинэ тоглогч "TLG" багийн тамирчин М.Чинхутаг нар тодорсон юм.