Залуусын орон зай

Загварын салбарынхан зөвлөж байна: PLAYTIME-д юу өмсөх вэ?

Posted2025.07.013 минут унших
Загварын салбарынхан зөвлөж байна: PLAYTIME-д юу өмсөх вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Монголын хамгийн том хөгжмийн наадам болох Playtime фестиваль болоход хэдхэн хоног үлдээд байна. Дэлхийн алдарт Coachella, Lollapalooza хөгжмийн наадмуудын адил Playtime фестиваль ч хөгжмийг амилуулаад зогсохгүй чамин содон загварын талбар болдгоороо алдартай. Харин та юу өмсөж очихоо шийдэж амжив уу? Хараахан шийдээгүй байгаа бол загварлаг залуучуудын зөвлөгөөг уншигч танд хүргэе.

“Гоёл чимэглэл ямар ч хувцсыг амилуулж чаддаг”

Миний бодлоор монголчууд маш загварлаг хүмүүс. Токио, Милан, Парис, Нью-Йорк хотуудын хувцаслалтын өнгө үзэмжээс дутахааргүй л загварлаг юм шиг санагддаг. Гэхдээ өөрийн зүгээс зөвлөмж хуваалцвал иж бүрэн хувцаслалтыг бүрдүүлэхэд гоёл чимэглэл маш чухал. Энгийн хувцсаа цүнх, бугуйвч, зүүлт, шил, бүс зэргээр чимэхэд л огт өөр хувцас шиг болдог. Бүс, бугуйвчаас гадна пин, зүүлт унжуурга зэргийг нэмж өгч болно. Надад өлзий хээтэй түлхүүрийн оосор шиг зүүлт унжуурга байдаг юм. Түүнийг тэлээнийхээ хажууд зүүх дуртай. Гадаадад амьдраад удаан хугацаа өнгөрсөн болоод ч тэр үү, элдэв бөгж, зүүлт, чимэглэлээс монгол хээ угалз хайж, “Монгол” гэсэн тодотголыг шингээсэн зүйлс рүү тэмүүлэх болсон байна лээ. 

                                М.Буянт, модель, “Silk road vintage” дэлгүүрийн хамтран үүсгэн байгуулагч

Загварын салбарынхан зөвлөж байна: PLAYTIME-д юу өмсөх вэ? нийтлэлийн зураг

Түүнчлэн Инстаграм, Pinterest-ээс хувцаслалтын санаагаа авдаг. Сүүлийн үед Tumblr-ыг их ашиглаж байгаа. Мөн ойрын үед инстаграм дээр @180jcjcjc гэх хаягийг дагаж, хардаг болсон. Өөрийн хэв маягийг олчихсон, янз бүрийн чимэглэлээр хувцаслалтаа чимээд, донжтой төрхийг харуулдаг залуу юм л даа. Өөрт таалагддаг хэв маягаар чинь хувцасладаг хүмүүсийг олоод, зургийг нь хардаг болох нь загварын мэдрэмжид их хувь нэмэр оруулдаг шүү.

“Playtime-д өөрөө оёж, засвар оруулсан жийнсэн өмдөө өмсөж байлаа”

Өөрийгөө оёдолчин, дизайнер гэж хэлэхгүй ч сонирхлоороо хувцсаа оёж янзлах дуртай. Playtime руу ингэж янзалсан жинсэн өмдөө өмсөөд явж байлаа. Найзтайгаа хамт ажиллуулдаг Silk Road дэлгүүртээ ч цаашдаа хуучин хувцсыг янзалж, оёж гаргах төлөвлөгөөтэй байна. Анх дэлгүүрээ нээж байх үед аав ээжийн зүгээс комиссын бараа, хуучин хувцас хэрэггүй гэх байдлаар эсэргүүцдэг байлаа. Харин одоо залуу үеийнхэн байгальд ээлтэй хувцаслалтыг дэмжиж, хувцсаа дахин ашиглаж байгаа нь их таалагддаг.

“Энгийн байдлыг давсан хувцаслалтыг энэ жилийн Playtime наадмаас хүлээж байна”

Э.Халиун, “Дарь Студи” загварын сэтгүүлийн үүсгэн байгуулагч, монгол гоёл, хувцасны соёлыг орчин үеийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэхийг зорьж буй залуу бүтээгчдийн хамтын платформыг хөгжүүлэгч.

Загварын салбарынхан зөвлөж байна: PLAYTIME-д юу өмсөх вэ? нийтлэлийн зураг

Өмнө нь Playtime фестиваль хаана болж байна, цаг агаар ямар байна зэргийг бодолцож хувцсаа сонгодог байлаа. Харин Дарь студи дээр ажиллаж эхэлснээс хойш “Монголын уламжлалт элемент, онцлогийг яаж нэмэх вэ, хэрхэн орчин үеийн загвартай хослуулан иж бүрэн хувцаслалт гаргах вэ” хэмээн эргэцүүлж сонгох болсон.

Саяхан Чикаго хотын музей дэх монгол гоёл чимэглэлийг хараад шинэ хувцаслалтын санаануудыг олсон юм. Түүнчлэн монгол төрх, хэв маяг, загвар гэж юу байдаг билээ гэж бодох үед эмээ маань санаанд буудаг тул эмээгийн дээл, эрих зэргээс санаагаа олох нь бий. Алхам тутамдаа энгийн амьдрал дундаас санаа аваад монгол уламжлалыг агуулсан хувцаслалт бүтээхийг зорьж байна даа. Нэмж дурдахад, Playtime фестивальд Дарь Студи маань оролцогчдын хувцсыг чимэх гурван өртөө (Монгол толгойн гоёл, чимэглэл, бүс) ажиллуулж байгаа.

Зөвлөгөө 1: Гол нь эрүүл мэнд, тав тухаа нэн тэргүүнд тавиарай

Загварын салбарт ажилладаг эдгээр эрхмүүдийн зөвлөгөө танд тусалсан гэж найдаж байна. Одоо хувцсаа бэлдэх л үлдлээ дээ. Гэхдээ хэт бариу хувцас сонгохоос зайлсхийх хэрэгтэй шүү. Японы Шиншү их сургуулийн судалгаагаар цээж, ташаа, бэлхүүсний хэсэгт даралт өгсөн хувцаснууд нь амьсгалын эрхтэн тогтолцооны хэмнэлийг алдуулаг байна /Mitsuno, T. T. (2023). Gradient of clothing pressure for comfortable support wear. Journal of Textile Engineering & Fashion Technology/. Түүнчлэн хувцас болон гоёл чимэглэл дэх химийн материал, будагч бодис, металл зэрэг арьсыг улайлгах, загатнуулах, хорсгох эрсдэл бий. Иймээс гадаад үзэмжээ эрхэмлэхийн зэрэгцээ өөрийн биеийн онцлог, эрүүл мэндийг бодохоо мартуузай.

Зөвлөгөө 2: Байгаль, эх дэлхийгээ бодоорой

Хувцсанд өнгө оруулах үйл явц нь усны ашиггүй зарцуулалтын 20 хувийг эзэлдгийг та мэдэх үү? Мөн хувцас үйлдвэрлэлд ашиглагдах нийт материалын 85 хувь нь хаягдал болдог талаар та дуулж байсан уу? Хувцас үйлдвэрлэл нь жилд Европын Холбооны улсуудтай дүйцэхүйц хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж, байгальд их хэмжээний хор нөлөө үзүүлдэг салбар юм. 

Тэгвэл бид хувцсаа хуучирсан гээд орхихын оронд оёж нэхээд, дахин ашигласнаар энэхүү статистик үзүүлэлтийг бууруулахад хувь нэмрээ оруулах боломжтой. Бид өөрсдийн хэв маягт таарсан хувцсыг хаанаас ч олж болно. Хамар доор үзэгдэх, дурсамж сэдрээх хуучин хувцсаа гаргаж ирээд өөрийгөө хэр уран болохыг шалгаад үз. Таны өмсөхгүй гээд нүүрээ буруулсан нэг цамцыг хийхэд 2,700 литр ус шаардагддаг тул хувцсаа хайраар элээж, гарын эв дүйгээрээ эвлүүлээд өмсөөрэй. 

Зөвлөгөө 3: Хувцаслалтаараа өөрийгөө илэрхийлээрэй

Загварын ертөнц нь олон янзын илэрхийлэмж дээр суурилсан байдаг. Жишээлбэл, томоохон загварын ёслол болох Met Gala нь 2018 онд “Тэнгэрийн эрхэс: Загвар болон Католик төсөөлөл” сэдвээр зохион байгуулагдсан. Энэ сэдвийн дагуу алдарт зочид Христийн шашны Католик урсгалыг дахин сэргээж, шашны илэрхийлэмжийг хувцаслалтаараа тод харуулж өгсөн байдаг. Энэ мэтчилэн загвараар дамжуулан бид олон зүйлийг илэрхийлэх боломжтой юм.

Энэ жилийн Playtime наадамд юу өмсөх талаараа бодож эхэлсэн гэж найдаж байна. Эдгээр зөвлөмжийг дагаад, амьд хөгжимд уярахын хажуугаар загварын шоу үзүүлээд өгөөрэй. 

Бэлтгэсэн: А.Гоомарал

Холбоотой нийтлэлүүд