Залуусын орон зай

Global Dignity: 5,000 гаруй хүн нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх аянд нэгдлээ

Б.Хулан2024.11.132 минут унших
Global Dignity: 5,000 гаруй хүн нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх аянд нэгдлээ - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Магадгүй нэр төр гэдэг нь хүн бүрд танил сонсогдох боловч, түүний гүн гүнзгий мөн чанарыг үнэнхүү ойлгож ухаарсан нь ховор болов уу. Бид бүгд энэ ойлголтын утга учрыг жинхэнээсээ ойлгож, хүлээн зөвшөөрч чадвал нийгэмдээ илүү эерэг хандлагыг цогцлоох боломжтой мэт. Товчхондоо нэр төр бол өөрийн үнэ цэнийг мэдэрч, бусдын оршихуйг хүндэтгэн, зөв үйлдэл хийж амьдрах тухай ойлголт юм шүү дээ. Өмнөх нийтлэлүүдээрээ ч бид энэ ойлголтын чухлыг дэлгэрүүлэн хуваалцаж байсан билээ.

Хэрэв та өмнөх нийтлэлүүдийг уншсан бол нэр төрийн тухай ойлголтын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байх. Бид энэ ойлголтын үнэ цэнийг олон нийтэд түгээж, амьдралд хэрэгжүүлэх зорилгоор "Global Dignity" аяныг Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиуд болон нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн дунд ЦойлогсоZ залуусын нэгдэл болон “Ард” санхүүгийн нэгдэлтэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Эхний зогсоол: ЕБ-ын 75, 52, 2-р сургууль

Бидний зорилго сурагчдад нэр төрийн үнэ цэн, утга учрыг ойлгуулж, энэ нь нийгэмд хэрхэн зөв хандлагыг бий болгон, эерэг өөрчлөлтүүдийг авчрах талаар таниулах байлаа. Үүний тулд бид Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчидтай уулзан, харилцан ярилцаж, тэдэнд энэ ойлголтыг илүү ойртуулах ажлыг эхлүүлсэн юм.

Ангийн хаалгыг нээж, сурагчдын анхаарал төвлөрөх мөчид асуулт тавьж, хичээл эхэллээ. 

Та бүхэн “НЭР ТӨР” гэх ойлголтын талаар нухацтай бодож байв уу?

Олонх хүүхэд “энэ тухай бодож үзэж байгаагүй” гэж хариулж байв. Ингээд бид нэр төрийг энгийн үгээр тэдэнд тайлбарлаж өгснөөр хүүхдүүд хоорондоо хэлэлцүүлэг өрнүүлж, хичээл цааш сурагчдын нэр төрийн талаар үзэл бодлыг сонсох хэсгээр маш сонирхолтой үргэлжилсэн юм.

“Нэр төр бол алтан шаргал нарны гэрэл”

Бид нэр төрийг нарны гэрэл болон сүүдэртэй зүйрлэнэ. Нэр төр бол алтан шаргал нарны гэрэл мэт тод бөгөөд үнэ цэнтэй зүйл. Нэр төртэй үйлдэл нь бусдад эерэг энерги түгээж, хайр, хүндлэлийг бий болгодог. Нөгөө талаас өөрийн буруу үйлдлээс болж нэр төрдөө сүүдэр тусгах боломжтой. Гэгээн мөн чанараа алдаж, буруутах үед энэ гэрэлтэй зүйл бүдгэрч, сүүдэрт дарагддаг. Тэгэхээр нэр төр бол нарны цацраг мэт бүгдэд нэгэн адил түгэх учиртай зүйл юм. 


Global Dignity: 5,000 гаруй хүн нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх аянд нэгдлээ нийтлэлийн зураг

“Нэр төр бол хүн бүрийн халдашгүй үнэт зүйл”

Нэр төр гэдэг үнэ цэнтэй, халдашгүй, заяагдмал зүйл. Бусдын нэр төр миний нэр төртэй адил чухал болохоор бусдыг хүндлэх хэрэгтэй. Хэнийг ч ялгахгүй, хүндлэн харьцаж, хэнд ч гай болохгүй байх нь нэр төртэй үйлдэл юм. Нэр төр гэдэг хувь хүнийг тодорхойлох үнэт зүйл. Өөрөөр хэлбэл, эдийн бус хувь хүний дотоод сэтгэлд байдаг үнэт зүйл юм. Муу муухай үйлдэл хийснээр бидний нэр төр сарнин алга болох аюултай. Бүх хүнийг хүндэлж, ялгаварлан гадуурхахгүй харьцсанаар нэр төртэй амьдарч байна гэж хэлж болно. 

Global Dignity: 5,000 гаруй хүн нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх аянд нэгдлээ нийтлэлийн зураг

“Хүндлэл, ёс суртахуунтай байдал нэр төрийн баталгаа”

Нэр төртэй үйлдэл гэдэг бусдад том жижиг хамаагүй тус хүргэх юм гэж бодож байна. Ахмад настай хүн хүнд юм өргөөд явж байвал “Танд туслах уу?” гэж асуугаад, барьж яваа юмыг нь өргөлцөх хэрэгтэй. Ингэснээр бид нэр төртэй үйлдэл хийж байна гэсэн үг. Ерөөсөө тус хэрэгтэй байгаа хүн бүхэнд чадах чинээгээрээ туслах нь тухайн хүний болон өөрийнхөө ч нэр төрийг өндөрт өргөж байна гэсэн үг юм. 

Бидний “Global Dignity” аяны буухиа зөвхөн хүүхдүүдээр хязгаарлагдсангүй. Насанд хүрэгчид ч нэр төрөө эрхэмлэн, энэхүү үйлсэд идэвхтэй оролцож байна. “Global Dignity” аяны хүрээнд Mongol.net платформыг ашиглагч хэн бүхэн “Dignity Community” нэртэй энэ давлагаанд нэгдэн, өөрт тохиолдсон сайхан үйл явдал, өөрийн болон бусдын хийсэн нэр төртэй үйлдлийг бахархан хуваалцаж, алдаршуулсаар байна.

Global Dignity: 5,000 гаруй хүн нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх аянд нэгдлээ нийтлэлийн зураг

Траншейны нүхийг таглуулж, хүн унаж бэртэхээс сэргийлсэн нь

Баянзүрх дүүргийн оршин суугч Г.Хандсүрэн орчиндоо анхаарал тавьж, онгорхой траншейны нүх байсныг холбогдох газарт нь мэдээлэн таглуулжээ. Энэ үйлдэл нь харанхуй шөнө хэн нэгэн нүхэнд унаж бэртэх, жаахан хүүхдүүд гүйж яваад унах эрсдэлээс сэргийлсэн байна. Бидний хийсэн нэг энгийн үйлдэл олон хүнд эерэг нөлөө авчирч чадах нь.

Global Dignity: 5,000 гаруй хүн нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх аянд нэгдлээ нийтлэлийн зураг
Гарцан дээр хурд сааруулагч тавьж, осол гарах эрсдлээс сэргийлсэн нь

Х.Олонбаяр гарцан дээр хурд сааруулагч байрлуулж, хүүхдүүд болон томчуудын зам хөндлөн гарахдаа машинд дайруулах эрсдэлийг бууруулах алхам хийжээ. Өдөрт 800 гаруй хүүхэд энэ замаар зорчиж байгааг тэрээр онцлон тэмдэглэж, эрүүл, аюулгүй, амар тайван орчинд амьдрах нь хүн бүрийн оролцооноос шалтгаалдаг гэдгийг дурджээ. "Бид эрүүл, аюулгүй амьдрах эрхээ хүндэтгэх ёстой" хэмээн тэрбээр постондоо өгүүлсэн бөгөөд осол, гаднын хүчин зүйлээс шалтгаалан бэртэж гэмтэх тохиолдлыг багасгах нь хүмүүст бодитой тус нэмэр болно гэж үзсэн байна.

Global Dignity: 5,000 гаруй хүн нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх аянд нэгдлээ нийтлэлийн зураг

Гэр бүлтэйгээ тодорхой цагийг өнгөрүүлэх ч нэр төртэй үйлдэл 

А.Ганчөдөр хүүтэйгээ навчаар наамал хийснээ хуваалцаж, бид гэр бүлдээ тодорхой цаг зарцуулж, хайртай хүмүүсээ хайрлах нь ч нэр төртэй үйлдэл гэдгийг дурдсан байна. Нэр төртэй үйлдэл гэдэг заавал том зүйлийг хэлэхгүй. Хайртай хүмүүстээ хангалттай цаг зарцуулах, байгаадаа талархаж амьдрах нь нэр төрийн хэрэг юм. 

Global Dignity: 5,000 гаруй хүн нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх аянд нэгдлээ нийтлэлийн зураг

"Цойлогсоз" залуусын нэгдэл болон "Ард" санхүүгийн нэгдэл хамтран нэр төр, зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой "Global Dignity" аяныг Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиуд болон нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн дунд амжилттай зохион байгууллаа. Энэ аяны хүрээнд 5000 гаруй насанд хүрэгчид болон сурагчид нэр төртэй үйлдэл хийж, эерэг өөрчлөлтүүдийг бүтээж, хүндлэл, хайр, эерэг энергийг бусдад түгээх хөдөлгөөн өрнүүлсэн юм. Энэхүү аян нь нийгэмд эерэг хандлага, нэр төрийн үнэт чанарыг ойлгуулж, сайхан ирээдүйг бүтээхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.

Холбоотой нийтлэлүүд