Залуусын орон зай

Романтик кино хосын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

М.Энхмаа2025.04.053 минут унших
Романтик кино хосын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Хэн бүхний зүрх сэтгэлийг хөдөлгөж, хайрын олон өнгөөр аялуулах “Амьдрал чамд жүрж өгөхөд” (When Life Gives You Tangerines) цувралыг үзээд, хамгийн түрүүнд бодогдсон бодол бол “Намайг надаас илүү хайрлаж, миний хүсэл мөрөөдлийг гэр бүлийнхнээс минь илүү дэмжиж, ойлгох нэгэн энэ хорвоо дээр үнэхээр байдаг болов уу?”

Үг, үйлдэл бүрээс нь хайр, хүсэл тэмүүлэл оргилох Гван Шиг, Ай Сун нар нийгмийн хүлээлт, хэвшмэл ойлголтыг хэрхэн даван туулж, өөрсдийн нандин хайрыг бүтээхийн төлөө бие бие рүүгээ л тэмүүлэх тэдний эрэмгий байдлыг киноны үйл явдал бүхэлдээ гэрчлэх шиг. Хайрлахын тулд, хайрлагдахын төлөө төрсөн мэт тэднийг хараад “Бидний хайрын талаарх ойлголт, харилцаанаас хүлээх хүлээлт хэрхэн өөрчлөгдөж байгаа бол?” гэх сониуч бодолд хөтлөгдөн энэхүү нийтлэлээ бичихээр шийдсэн минь энэ юм.

Гүнжийн синдром буюу үлгэрээс ургасан хүлээлт

Романтик кино хосын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? нийтлэлийн зураг

Бидний дийлэнх нь өнөөг хүртэл өөрийн цагаан морьтой ханхүү, нойрсож буй гүнжээ хүлээж, үлгэрийн мэт учралд итгэдэг гэдэгт эргэлзэх зүйлгүй. Учир нь бидний багадаа үзэж, харж өссөн бүхэн амьдралыг төсөөлөх төсөөлөлд нөлөөлдөг болохыг судлаачид тогтоосон байдаг. Тухайлбал, хүүхэд ахуй насандаа Цасан цагаан ба долоон одой, Нойрсож буй гүнж, Гуталт муур зэрэг гүнжийн үлгэрүүдийг үзэж өссөн эмэгтэйчүүд бодит амьдрал дээр ч цагаан морьтой ханхүүтэй учрахыг мөрөөддөг бөгөөд романтик төрлийн кино үзэх нь эмэгтэйчүүдэд “гүнжийн синдром” гэх ойлголтыг бий болгодог аж. “Гүнжийн синдром” гэдэг нь эмэгтэйчүүд бодит байдлаас тасарч, материаллаг зүйлс дээр тулгуурласан хайр дурлал хайх эсвэл өөрийг нь халамжлах ханхүүг хүлээх хийсвэр сэтгэлгээг ийн егөөдөн нэрлэжээ. 

Кинон дээрх хайрын төсөөлөл ба бодит амьдрал

Романтик кино хосын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? нийтлэлийн зураг

Мичиган мужийн Их сургуулийн профессор Брэд Гринберг тэргүүтэй судлаачид Алберт Бандурагийн Нийгмийн танин мэдэхүйн онолыг ашиглан эмэгтэйчүүд кинон дээр харсан үйлдлээ бодит амьдрал дээр дуурайдаг болохыг тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс харж, сонсож, ажигласан зүйлсээ ой ухаандаа хадгалж, өөрийн зан авирт шингээн ижил нөхцөл байдалд түүнийгээ ашиглах хандлагатай холбон тайлбарлажээ. Энэ мэтчилэн судлаачдын таамаг болон бодит амьдрал дээрх туршлагаас үндэслэн үзвээс  бидний үзэж харж буй зүйлс өдөр тутмын амьдрал, шийдвэр гаргалт тэр бүү хэл хайр дурлалын талаарх ойлголтод хүртэл хүчтэй нөлөөлдгийг баталчхаж байгаа хэрэг. 

Ихэнх романтик кинонд хайр дурлалыг хэт хялбар, ид шидийн мэтээр дүрсэлдэгт гол асуудал байгаа аж. Киноны гол дүрүүд анхны харцаар дурлаж, гал халуун хайрынхаа төлөө ямар ч саад бэрхшээлийг даван туулж, хувь тавилангаар учирсан хүмүүс хамтдаа л үлддэг гэх аз жаргалтай, төгсгөл сэтгэл хөдөлгөм хайрын түүхийг үзэгчдэд харуулдаг. Гэвч бодит амьдрал дээр хайр гэдэг хоёр бие нэг болон хувирч, амьдралын олон давааг хамтдаа давахын төлөө асар их тэсвэр тэвчээр, харилцан ойлголцол, хүлцэнгүй тайван байдал, тасралтгүй хүчин чармайлт тэр бүү хэл золиос шаарддаг гэдгийг бид мартаж орхидог. Тэр тусмаа эмэгтэйчүүд ромком буюу романтик инээдмийн кино үзэгчдийн 77 хувийг эзэлж байгаа бөгөөд хайр дурлал, харилцааны талаарх хэвшмэл дүрслэлд илүү ихээр татагддаг болохыг Николетт Каперелло нарын судлаачид тогтоожээ. 

Романтик кино хосын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? нийтлэлийн зураг

Үүний үр дүнд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү дотно хайр дурлалын харилцааг хүсэн хүлээж, гэрлэлтээ төсөөлөн мөрөөдлийн хуримаа хүртэл төлөвлөдөг бөгөөд аз жаргалтай, тогтвортой амьдралыг илүүд үздэг аж. Өөрөөр хэлбэл, үлгэрийн мэт сайхан хайр, аз жаргалтай гэр бүлийн харилцааг харуулсан кинонууд эмэгтэйчүүдийн бодит амьдрал дээрх хүлээлт, туршлагын зөрүүг улам нэмэгдүүлдэг байна. Энэхүү романтик киноны нөлөөллийн талаар олон талаас нь судалсан судалгааны үр дүнгүүдээс харахад, ихэвчлэн романтик кино үздэг хүмүүс бодит харилцаанаас хангалттай хэмжээний сэтгэл ханамж авч чаддаггүй байх магадлалтай гэдгийг онцолж байсан юм. Учир нь тэдний бодит амьдрал кинон дээрх шиг хувь тавилангаар учирсан төгс, романтик, дүрэлзсэн харилцаатай адилгүй байх тохиолдолд “Бидний хосын харилцаа бусдынх шиг сайхан, аз жаргалтай харилцаатай биш” гэсэн сэтгэл ханамжгүй байдал үүсгэдэг байна. 

Хосуудын хүлээлт ба зөрчил

Романтик кино хосын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? нийтлэлийн зураг
Романтик кинонууд уламжлалт хүйсийн үүргийг дахин давтан харуулж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны талаар буруу ойлголт төрүүлдэг. Ихэнхдээ эрэгтэй баатрууд хайр сэтгэлээ нотлохын тулд томоохон үйлдэл хийх ёстой мэт дүрслэгддэг бол эмэгтэй дүрүүд ихэвчлэн хайрыг хүлээх, харилцаанд идэвхгүй оролцох  буюу хүлээгч байдлаар дүрслэгддэг нь бодит амьдрал дээр үүсдэг бас нэгэн зөрчил юм. Ингэснээр  бодит амьдрал дээр хосуудын хоорондын хүлээлтэд зөрчил үүсгэж болзошгүй. Жишээлбэл, эмэгтэй хүн романтик том үйлдлүүд хүлээдэг бол эрэгтэй хүн хайраа үргэлж нотлох шаардлагатай мэт дарамтад ордог бөгөөд харилцаандаа сэтгэл ханамжгүй байдлыг бий болгоход нөлөөлдөг байна.

Романтик кино ба хосын харилцаа 

Романтик кино хосын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? нийтлэлийн зураг

Зарим үзэгчид романтик кино нь харилцааг сайжруулдаг гэж үздэг бол нөгөө хэсэг нь хэт өндөр стандарт тогтоож, бодит амьдрал дахь сэтгэл ханамжийг бууруулдаг гэж үздэг. Харин романтик кино хамтдаа үздэг хосуудад хоёр талын нөлөө үзүүлдэг байна. Эерэг талаас нь авч үзвэл, тэднийг илүү романтик байх, хайр сэтгэлээ илэрхийлэхдээ идэвх, санаачилгатай байх хэрэгтэйг нэхэн сануулж, үйлдэл хийхэд нь урам өгдөг. Мөн  өөрсдийн харилцааны талаар бодож, хүлээлтээ нээлттэй ярилцахад тусалдаг аж. Иймд  энэ төрлийн кинонуудыг шүүмжлэлтэйгээр хүлээн авч үзвэл, тэдгээр нь хосуудын хооронд илүү нээлттэй харилцаа үүсгэхэд туслах боломжтой. 

Харин сөрөг тал нь бодит харилцаандаа сэтгэл дундуур байх шалтгаан болж, үл ойлголцол, маргаан гарахад хосууд бие биеийнхээ бодлыг төвөггүй уншиж, ямар ч үггүйгээр ойлголцох ёстой гэх бодлоор бие биедээ туньж, “Энэ харилцаа эхлэх ёсгүй байсан юм. Магадгүй миний заяаны хань биш байх” гэх хандлага үүсэхэд нөлөөлдөг ажээ. Судалгаагаар романтик инээдмийн кино их үздэг хүмүүс хортой харилцааны хэв маягийг хүлээн зөвшөөрөх магадлал өндөр байдаг гэдгийг тогтоожээ.

Тэгвэл Ромком үзэхээ болих хэрэгтэй юу?

Үгүй ээ! Романтик инээдмийн кинонууд бидэнд тайвшрал өгч, бодит амьдралаас түр хугацаанд ангижрах боломж олгодог. Амралтын өдрөө тайван өнгөрөөхөөр идэх дуртай амттанаа бэлдээд ромком төрлийн кино үзэхээс илүү сайхан амралт бий гэж үү? Харин кино дууссаны дараа бодит амьдралдаа эргэж орохын тулд “авахыг нь аваад, хаяхыг нь хаях” л хэрэгтэй гэдгийг маш сайн ухамсарлах хэрэгтэй. Амьдрал кино шиг байсан бол магадгүй амьдралын амтгүй ч болох юм бил үү хэн мэдлээ дээ. Тиймээс хамгийн чухал зүйл бол бодит байдал ба киноны уран сайхны дүрслэлийг ялгаж ойлгох явдал юм. Хосууд бие биеийнхээ хүлээлт, хүсэл мөрөөдлийн талаар нээлттэй ярилцаж, бодит амьдралын харилцаанд тохиолдох бэрхшээлийг ойлгон хүлээн зөвшөөрөх нь чухал юм шүү!

 

Ашигласан эх сурвалж: 

Influence of Romantic Films on Unrealistic Marriage Expectations (2020)

Холбоотой нийтлэлүүд