Мийм (meme)-ний нууцад нэвтрэхүй: Юу, Яагаад, Яаж?


Орчин үед нэг зураг, видео, инээдтэй нүүрний хувирал л биднийг од болгодог болсон. Элдэв янзын инээдтэй царай төрх цахим орчинд хаа сайгүй таарч, жирийн нэгэн хором мөч л дэлхийн хүн бүр мэддэг алдартай зураг болж үлддэг болов. Тэгвэл мийм гэж чухам юу вэ? Бидний өдөр бүр хардаг, дотно танил болсон мийм зургуудын ард буй зургийн эздийн амьдрал хэрхэн өөрчлөгддөг бол? Бид ч яагаад тэдний энгийн нэг зургийг тэгж сайн санаж, дурсана вэ? Тэгэхээр миймний цаадах нууц ертөнцөд тавтай морил.
Мийм гэж ЮУ вэ?
“Meme” гэдэг үгийг Ричард Доукинс хэмээх эрдэмтэн 1976 онд бичсэн “The Selfish Gene” хэмээх алдарт номдоо анх дурджээ. Мэдээж энэ үед интернэт байгаагүй учраас Доукинс интернэтийн ярианы сэдэв болдог инээдтэй зургуудын талаар огт яриагүй. Харин тэр аливаа санаа, зан үйл нь бидний гентэй адил соёлоор дамждаг гэдгийг тайлбарлахыг хичээсэн юм. Ингэхдээ тэрбээр мийм гэдэг нь хүмүүсийн хуулбарлаж бусдад дамжуулдаг санаа, хэв маяг, хэллэг, зан төлөв хэмээжээ. Ген нь хүнээс хүнд дамжиж, цаг хугацааны явцад өөрчлөгддөгтэй адил миймүүд соёлд ч мөн адил нөлөөлдөг. Заримдаа бидний аманд нэг ая байнга л аялагдаад болдоггүй дээ. Доукинс яг ийм толгойд гацсан ая эсвэл загварлаг чиг хандлагын жишээг ашиглан уг ойлголтоо тайлбарлаж байв /Dawkins,R. (1976). The Selfish Gene. Oxford University Press/. Эдгээр трэнд хөгжим, хувцаслалт олон нийтэд тархаж, хөгжиж, зарим нь цаашид ч үргэлжилдэг бол зарим нь устан, алга болдог.
Тэгэхээр интернэтийн инээдтэй зургуудыг мийм гэж нэрлэхээс өмнө энэ нэр томьёог соёл хэрхэн өөрийгөө хуулбарладгийг тайлбарлахад ашигладаг байжээ.

Дижитал эрин үед мийм гэж юу вэ?
Өнөөгийн интернэтийн соёлд дижитал миймийг зүгээр л дээр нь тайлбар бичсэн хөгжилтэй зураг гэж харж боломгүй. Хэвлэл мэдээлэл судлаач Лимор Шифманы хэлснээр мийм бол "Хүмүүс хөгжилтэй эсвэл бүтээлч байдлаар танин мэдэж, хуваалцаж, өөрчилдөг дижитал контент" юм.
Тэгэхээр... мийм урлаг мөн үү. Эсвэл өөр зүйл үү?
Мэдээж хэрэг музейд байгаа баримал эсвэл галерей дахь уран зураг биш байж болох ч энэ нь урлагийн нэг хэлбэр биш гэсэн үг биш юм. Үнэн хэрэгтээ олон судлаач миймүүд нь урлаг, харилцаа холбоо, тэр байтугай ардын аман зохиол гэх мэт өөр өөр салбарт хамаардаг гэж үздэг. Мийм цахим орчинд “амь ордог” ч хүн төрөлхтний соёлтой гүнзгий холбоотой билээ. Яагаад гэвэл:
Мийм бол оролцооны урлаг
Хэвлэл мэдээлэл судлаач Хенри Женкинсийн үзсэнээр орчин үеийн соёлыг зөвхөн мэргэжлийн хүмүүс биш хүн бүр бүтээдэг аж. Хүмүүс зүгээр л үзэж, унших биш харин бүтээж, дахин найруулдаг. Бид миймээс санаа авч, өөрчилж, өөрсдийн хувилбарыг бүтээн, цааш нь түгээж хуваалцдаг шүү дээ. Энэ нь миймүүдийг энгийн хүмүүсийн бүтээсэн нэгэн төрлийн оролцооны урлагийн бүтээл болгодог ажээ.
Мийм бол постмодерн
Философич Жан-Франсуа Лиотар постмодерн урлагийг инээдтэй, өөрийгөө ухамсарласан, яаж ч тайлбарлаж болдог гэж тодорхойлсон байдаг. Үүний адилаар миймүүд ч ихэвчлэн өөрсдийгөө шоолсон хэв маягтай, поп соёлыг иш татах юм уу, түүх ярих уламжлалт дүрмийг зөрчдөгөөрөө постмодерн соёлд багтаж болохуйц аж.

Мийм бол соёлын тайлбар
Миймүүд эхэндээ тэнэг мэт санагдаж болох ч тэдний олонх нь нийгэм, улс төр, сэтгэл хөдлөл, хувийн шинж чанарыг хурцаар шүүмжилдэг. Зөв тайлбартай ганц зураг нь олон мянган хүний мэдэрч буй зүйлийг илэрхийлж чадах шидтэй. Ийм маягаар миймүүд тухайн агшинд нийгэмд ямар мэдрэмж төрж байгааг харуулах жижигхэн цонх болж хувирдаг билээ.
ЯАГААД мийм бидэнд ингэж их нөлөөлдөг вэ?
Тархи нь гайхширал, хошигнол, уур хилэн, баяр баясгалан зэрэг сэтгэл хөдлөлд илүү хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг. Иймээс ч миймний хэтрүүлэг, инээдтэй тайлбарууд сэтгэл хөдлөлийг өдөөж, бидний ой санамжид үлдэхэд тусалдаг аж. Товчхондоо миймний агуулга бидэнд танил санагддаг, амархан харагддаг, мөн бидний олонхын үзэл бодолтой нийцдэг нь миймийг хурдан түгж, тэр дүр зураг тархинд гацан, тэр ч байтугай бидний сэтгэхүйг төлөвшүүлэхэд оролцдог байх нь.
Мийм нь зургийн эздийн амьдралд ЯАЖ нөлөөлдөг вэ?
Аливаа мийм нь зургийн жинхэнэ эздийн амьдралд амжилт бүтээл эс бөгөөс сэтгэл гутралаар ч нөлөөлж болно. Тухайлбал, бидний мэдэх “Өвдөлтөө нууж буй Харолд” миймний зургийн дүр тэтгэвэртээ гарсан Унгарын цахилгааны инженер Андраш Арато зураг нь мийм болж дэлхий даяар тарсны дараа олон улсын сурталчилгаанд оролцож, TEDx яриа хүртэл хийжээ. Түүний гаднаа инээмсэглэж байгаа ч дотроо зовж байгаа мэт төрхийг хараагүй хүн ховор биз ээ.

Харин нөгөө талд өөр нэг мийм зургийн эзэн карьераа алдаж, сэтгэл гутралд орж байв. Хоёр царайлаг ази хосын хүүхдүүд нь царай муутай байгаа зургийг та харж л байсан байх. 2012 онд Тайванийн загвар өмсөгч Хэйди Йе гоо сайхны эмнэлгийн сурталчилгааны зурагт оржээ. Энэ зураг цаашид “Нэгэн залуу эхнэрээ царай муутай хүүхэд төрүүлснийх нь төлөө шүүхэд өгч, эхнэрээ гэрлэхээсээ өмнө их хэмжээний гоо сайхны мэс засал хийлгэсэн болохыг олж мэджээ" гарчигтай зураг болон тарсан юм. Хүмүүс үүнийг үнэн гэж хэт итгэсэн учраас бүсгүй моделийн карьераа алдаж, сэтгэл гутралд орсон билээ.
Миймний тухай юу, яагаад, яаж хэмээх асуултуудад бид хариулт авлаа. Мийм санаандгүй байдлаар бүтэж, улс орон даяар таран биднийг инээлгэдэг ч үүний цаана бодит хүн байгааг санах нь зүйтэй юм.
