Залуусын орон зай

Ингээд хавар намайг “ЭМОРУУЛАХААР” ирлээ гэж үү?

Х.Умаахан2025.03.205 минут унших
Ингээд хавар намайг “ЭМОРУУЛАХААР” ирлээ гэж үү? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Хавар эргээд ирлээ. Дэлхий яг л шүлэг мэддэг жаахан хүүхэд шиг л боллоо. 

Рейнер Мариа Рилкэ

Ингээд хавар намайг “ЭМОРУУЛАХААР” ирлээ гэж үү? нийтлэлийн зураг

Зун, намар, өвөл тэгээд л хавар. Хавар шиг найз, хавар шиг гэр орон, хавар шиг бүхнийг санана. Хавар л санана. Ааваа, ээжээ, эх орноо, элгэн саднаа санана. Хажууд нь байсан ч санана. 

Хавар бол санагалзлын, сайн сайхны бэлгэ тэмдэг. Таана, мангирын үндэс хөөж, шүдлэн ногоо дошгирон соёолох шиг чамайг л санана. 

Хавар л санана. Хамаг санагалзлынхаа зүг салхи татуулан исгэрч явна. Тийм ээ харих л гэж явна. 

“Манантай цэнхэр Алтай нутагт минь

Малын нүд сүүмийсэн хавар болж байгаа

Хөшигтэй цэнхэр Алтай нутагт минь

Хүний нүд сүүмийсэн хавар болж байгаа” хэмээн амандаа уншаад харьж явна. Харих зам үргэлж нэжгээдийг сануулдаг гэлтэй. Ээжийнхээ толгойд зүүх цэцгэн эрх бэлдэхээр хаврын яргуй түүх адил, хаана өөрийгөө гээж орхисноо харьж явахдаа л олж авдаг ажээ. 

Түм түжигнэж бум бужигнасан Улаанбаатарын нэгэн гудамжнаас гарч, Дундговь гэхээр л дуулмаар санагддаг нутгаа зорьж яваа нь энэ. 

Тийм ээ дуулмаар.

Зам зуур хургаа дагуулсан хонь, ботгоо дагуулсан ингэ, тугалаа дагуулсан үнээд айвуухан идээшилж, амгалан дэлхий яг л шүлэг мэддэг хүүхэд шиг яруухан болсонтой таарлаа. Уулс толгод жирэлзээд л сэтгэл гэдэг сэргээд ирэхүйд “ингээд хавар ирчихлээ гэж үү” гэж өөрөөсөө байн байн асуугаад л миний зам эхэлсэн юм. 

Ингэж сэтгэлээ чагнан явахуйд минь нэгэн бодол орж ирсэн нь зөвхөн надад л бүх зүйл ингэж гэгээлэг сайхан санагдав уу, аль эсвэл бусдад ч бас байгаль дэлхий өнгө орсон мэт сэтгэгдэл төрдөг болов уу гэсэн бодол орж ирлээ. “The Effect of Seasonal Changes on Mood and Behavior" гэх судалгаа улирлын өөрчлөлтүүд нь хүний сэтгэл санаа болон зан төлөвт хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоож л дээ. Хавар болон зуны улиралд серотонины түвшин нэмэгдэж, хүмүүс илүү сэргэг, эерэг сэтгэл зүйн төлөвт ордог гэж дүгнэсэн байна билээ. Тэгээд л надад таатай  санагдсан бололтой. Түүнчлэн, хавар, зуны улиралд хүмүүсийн биологийн цаг, гормоны түвшин, амьдралын хэмнэл өөрчлөгддөг. Халуун дулаан, нарны гэрэл нь бие махбодоос "серотонин" ялгаруулахыг нэмэгдүүлдэг учраас сэтгэл санааг өөдрөг болгоход нөлөөлж, хайр дурлал, харилцаа, нийгмийг илүү тааламжтай болгодог болж таарлаа.

Энэ бүхнээс харахад биологийн болон сэтгэл зүйн хүчин зүйлсэд хавар илүү нөлөөлж бид илүү олон хосуудыг олж хардаг ч байж мэднэ шүү дээ. 

ТӨЛИЙН ДУУТАЙ МАЛЧНЫ ХОТНООС /Мал төллөлт 50 хувьтай байна/

Ингээд хавар намайг “ЭМОРУУЛАХААР” ирлээ гэж үү? нийтлэлийн зураг

Цаг хугацааг нэхэн санахуйд ишигний чацга дээлийн энгэр хормойгоор нялгадсан сөөсгөр хүү явсан нь үнэн билээ. Малын өтөг бууцанд үс толгой шаралтаж өдөржин ишиг хургатайгаа хөөцөлдөн тоглосоор ядрахыг ч мэдэхгүй явсан сан. Өөрийн зохиосон ертөнцөд хурга, ишиг тугалаа өхөөрдөн өхөөрдөн нэрлэдэг байлаа. “Чацган ягаанаа, чөргөр халзан, хундан цагаанаа” гэх мэтчилэн тэднээ хүнчилдэг сэн. Орой мал хотлоход хэдэн арван төлийг андуурч эндүүрэлгүй эхэд нь тавьж өгдөг байв. 

Гэтэл одоо би чинь өөрийгөө ч танихаа байчихсан яваа юм биш үү дээ. 

Хөдөө үргэлж нэгийг сануулдаг. Тэр тусмаа хаврын урт өдрүүдэд бодохгүй цаг минут гэж үгүй. 

Энэ жил Дундговь, Өмнөговь аймгуудын нутгаар өвөлжилт өнөтэй сайхан болжээ. Малын жилбэ намрынхаасаа буугаагүй шахуу байна. Зам зуур малчин Ц.Хүрэлбаатарын хот айлаар зочиллоо. Өдрийн дөрвөн цаг өнгөрч ахуйд л өвсөндөө цадсан бог мал налайн хэвтэх аж. Цаашлаад төлөө дагуулсан эх малууд гэрийн гадуураа эргэлдэж амгалан тайван ноёлжээ. 

Малчин эзэн Ц.Хүрэлбаатар ярихдаа “Энэ жил сайхан өвөл боллоо. 350 гаран мал төллөхөөс 50 хувьтай байна. Төлийн гарзгүй л явна. Энэ жил цаг сайхан тулдаа бидний сэтгэл санаа ч их өөдрөг байна” гэв. 

Нээрээ л малчин хүнд цаг сайхан байхаас өөр амар жаргал гэж үгүй шүү дээ. Гадуур нь идээшлэх мал сүргийг хараад амар амгаланд эзэмдүүлэх шиг. Хотын бид ер нь юуны төлөө ингэтэл яардаг байна аа гэсэн бодол сэтгэлийг бүчин авна.

Одоо танаас асууя л даа “Та юунд тэгтэл их яарна вэ?”

ХӨДӨӨД ҮРГЭЛЖ ХӨДӨӨ БАЙДАГГҮЙ

Ингээд хавар намайг “ЭМОРУУЛАХААР” ирлээ гэж үү? нийтлэлийн зураг

Хөдөөгүүр явж ахуйд орсон 20 гаруй өрхийн бараг 90 хувь нь интернэттэй байна. Зөвхөн зурагт, радиогоос мэдээллээ авдаг асан тэд өдгөө фейсбүүк, инстаграм ашигладаг, мэдээллийн олон эх сурвалжаар өөрсдийгөө хангаж чаддаг болжээ. Энд найман настай балчраас 80 настай буурай хүртэл фейсбүүктэй болсон аж. Энэ талаар малчин Д.Пүрэвдулам ярихдаа “Би одоо 70 нас дөхөж явна. Ухаалаг утас барина. Хотын та нараас дутах юм үгүй шүү дээ. Техник технологи гэдэгтэй чинь мөр зэрэгцэж явна аа, хө” хэмээн цоглог гэгч нь ярьж байна. 

Цаашлаад “Цэнгэг агаар, хүнлэг сэтгэл манай хөдөөд л байна. Утаа, стресс бухимдал, түгжрэл алга. Эрүүл хоол хүнс байна уу. Байна. Нэг газраа л бөөгнөрөх юм. Залуучууд хөдөө орон нутагтаа ирж амьдраасай гэж бодох юм. Сургууль соёл гээд л хот хүрээ явах. Эргэж ирдэг нь гарын арван хуруунд багтахаар цөөхөн. Үүний хор уршиг ч их. Манай хөдөө эхнэргүй залуучууд олон. Хөөрхийс гэрт орж эм, гадаа гарч эр болж яваа л харагдах юм даа” гэж яриад санаа алдлаа. 

Нээрээ л хөдөөгөөр ганц бие малчин залуус элбэг болсон нь ажиглагдаж байлаа. Огт гэрлээгүй 18-34 насны малчдын 87 хувь нь эрэгтэй байгааг Үндэсний статистикийн хорооноос тогтоосон байгаа юм.

Иймд аль болох энэ асуудалд төр засгаас анхаарал хандуулж бодлогоор шийдэх хэрэгтэй болсон шиг санагдсан билээ. 

БОДЛЫН ЧАНАДАД

Ингээд хавар намайг “ЭМОРУУЛАХААР” ирлээ гэж үү? нийтлэлийн зураг

Хаврын тухай хөдөөгийн тухай бяцхан эргэцүүллүүд минь энд л амилж байна. Хавар, хөдөө хоёр л миний сэтгэлийг урин дуудсан нь энэ. Би хөдөөгөөс явсан ч хөдөө минь надаас хэзээ ч яваагүй гэдгийг ойлголоо. Суурин надад ирсэн ч хөдөө минь надад мөнхийн. 

Тийм ээ, миний мөнхийн хөдөө.

Бодлын чанадаас урин дуудах хаврын хонгор салхинд хамаг үнэнээ хэлчхээд хаашаа ч хамаагүй гүйчихмээр санагдсанаа энэ бичвэрээр илчиллээ. 

Цаашлаад малчны хотноос цэцэглэсэн хайрын түүх өгүүлэх “алтан хурганы эзэн”-ий хотноос бичсэн тэмдэглэлийг минь хүлээн аваарай. 

 

 

 

Холбоотой нийтлэлүүд