Фото сурвалжилга: Та номын баяраар ямар ном авсан бэ?


Номтой учрал бүр өөрийн гэсэн дурсамжтай. Талбай дүүрэн инээмсэглэл, шинэхэн номоо уншихаар догдлох залуусын харц. Энэ бүхэн номд дурлагч хэн бүхний хүсэн хүлээдэг баярт өдрүүд эхэлснийг гэрчилж байлаа. Ингээд “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн “Номын баяр”-аас бэлтгэсэн фото сурвалжилгыг уншигч та бүхэндээ хүргэж байна.
Энэ баярын хамгийн чухал “зочин” бол яахын аргагүй уншигчид. Тэдний сонголт, сэтгэгдэл, номтой холбоотой түүх бүр номын баярыг илүү дотно, утга учиртай болгодог билээ. Тиймээс бид баярын талбайд хүрэлцэн ирсэн уншигчдаас ямар номыг яагаад сонгосон талаар ярилцсан юм. Харин та номын баяраар ямар ном авсан бэ?
Номын баярт оролцогч, уншигч П.Золжаргал

Би өөрөө кино урлагийн салбарын хүн учраас гэрэл зургийн номыг цоморлогоор нь цуглуулах дуртай. Монгол гэрэл зурагчдын маань ном хэвлэлтээс гарангуут хамгийн түрүүнд очиж авахыг хүсдэг. Тэр ч утгаараа энэ удаагийн номын баярыг их хүлээж, гэрэл зурагчин Б.Инжинаашийн “Glimpse of Us” гэрэл зургийн цомгийг авлаа. Б.Инжинааш бол Монгол Улсын төлөөлөл болохуйц, гайхалтай баримтат гэрэл зурагчин шүү дээ. Энэ хүний гэрэл зургийн цомог гэдэг бол маш нандин. Хайртай хүмүүстээ бэлэглэхэд ч гоё гэж бодож байна. Миний хувьд аялал болон ажлын шугамаар гадагшаа их явдаг учраас хамтран ажилладаг хүмүүстээ өгөх, “Монгол” гэдгийг амтлуулж, үнэрлүүлж, харуулах таван мэдрэхүйд нь хүргэж болох хамгийн гоё монгол бэлэг юу вэ гэдгийг үргэлж хайдаг. Харин энэхүү ном баримтат гэрэл зургуудаараа дамжуулан “бид хэн бэ” гэдгийг харуулж чадна гэж бодож байна. Номын баяртаа ирээд л нааш зорьсон учраас хараахан өөр ном авч амжаагүй байна. У.Бямбаням зохиолчийн “Дурсамжийн газрын зураг” болон залуу зохиолчдын номыг уншиж, сонирхъё гэж бодож байна.
Номын баярт оролцогч, уншигч Ж.Дэмбэрэл

Миний хувьд түүхийн ном зохиол унших дуртай учраас “Сайн хаан Бат”, “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо”, “Түүхийн үнэний мөрөөр” зэрэг номыг зорьж авлаа. “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил” хэмээх үг байдаг шүү дээ. Ерөөс хүн түүхээ мэдэхгүйгээс үндэсний бахархал, өв уламжлалын талаар таньж, мэдэхгүй, үр хойчийн чиг баримжаа тодорхой бус болж, эрэг хаашаа ус тийшээ болно гэдэг нь л болно шүү дээ. Тэгэхээр өвгөдийнхөө үүх түүхийг мэдэж байж тэд нарынхаа зан заншил, ёс суртахуун зэргийг судалж, үр хойчдоо өвлүүлж байж үндэстэн оршин тогтнох учиртай. Тэр утгаараа түүхийн тухай судлах, унших дуртай. Хүүхдүүддээ уншсан юмаа ярьж өгөх дуртай. Авсан ном маань хүнд болох шинжтэй болохоор нь эргэж ирээд илүү олон ном авъя гэж бодож байна.
Номын баярт оролцогч, уншигч Ү.Мөнх-Ирээдүй

Би номд нэг их дурладаг хүн биш л дээ. Гэхдээ Казүо Ишигүро зохиолчийн “Хөвөлзөх ертөнцийн зураач” гэх зураачийн амьдралын тухай өгүүлэх номыг уншаад таалагдсан учраас өөрийгөө нээх зорилгоор зохиолчийн бусад номыг ч бас уншиж үзье гэж бодсон юм. Тэгээд худалдааны зөвлөхтэй ярилцаж байгаад өөрт таалагдаж магадгүй “Намайг бүү явуулаач” гэх энэ номыг сонгож авсан. Казүо Ишигүро зохиолч нийт долоон роман бичсэн байдаг. Хамгийн гоё зохиол аль нь байх бол гээд эхнээс нь уншаад явж байна.
Номын баярт оролцогч, уншигч Б.Энхмаа

Ном бол ертөнцийг харах цонх гэдэг шүү дээ. Одоогоор би философийн ном болох “Чимээ үгүй” болон “Би хэрхэн ажилладаг вэ?” гэсэн хоёр ном авсан байна. Миний хувьд зохиогч Б.Санчирыг хүндэлж, биширдэг учраас философийн номыг нь авсан. Харин “Би хэрхэн ажилладаг вэ?” номын тухайд гэвэл бидэнд ажлын дарамттай аль эсвэл ажлаас халшрах үе тохиолддог шүү дээ. Тийм зүйлд өртөхгүй, бусдын туршлагаас суралцахын тулд энэхүү номыг сонгож авсан байгаа.
Номын баярт оролцогч, уншигч Б.Отгондаваа

Энэ удаагийн номын баяраар “Good vibes good life”, “Цэгцтэй сэтгэх урлаг”, “Улс төрийн философи”, “Мөнгөний ухаан” зэрэг хувь хүний хөгжлийн ном түлхүү авлаа. Миний хувьд философи, гүн ухааны талаар судлах сонирхолтой. Тиймээс “Улс төрийн философи” номыг сонирхож авсан. “Мөнгөний ухаан” номын тухайд гэвэл би өөрөө орлогоосоо давсан зарлагатай хүн. Тиймээс мөнгөтэй харьцах ухаанд суралцах үүднээс энэ номыг сонгож авлаа. Харин “Good vibes good life” номыг “өөрийгөө хайрлах ёстой юм болов уу” гэх үүднээс зорьж авсан юм. Бид өөрийгөө хайрлаж байж бусдыг хайрлана гэж ярьдаг шүү дээ.
Номын баяр бидний баяр
Энэ номыг багш маань санал болгож байсан шүү”, “Энэ зохиолчийг анх удаа сонсож байна” хэмээх энгийн хэр нь танил яриа хөврөх бидний баяр. Номын хорхойтнууд өөрсдийн сонирхсон номын эрэлд гарч, шинэ зохиолчидтой танилцаж байхад зарим нэг нь олонтоо уншсан номоо гартаа барин баярлан инээмсэглэнэ. Эгэл хэр нь цаанаа л дотно энэ л зураглал номын баярын үнэт утга учрыг улам тодруулдаг билээ.






Номын баяр гэдэг зүгээр л ном худалдаж авах газар биш. Харин өөртэйгөө чанартай цагийг өнгөрөөж, дуртай номынхоо хуудаснаас дурсамжаа эрж олох, шинэ мэдрэмж авах боломж билээ. Тиймээс амралтын энэ өдрүүдэд өөртөө цаг гаргаж, баярын уур амьсгалыг мэдрээрэй!
Гэрэл зургийг: Д.Занданбат