АНУ-ын 18-28 насны 2,500 орчим залуусыг хамруулсан судалгаагаар хэд хэдэн сонирхолтой үр дүн гарчээ. Тодруулбал, Gen Z-ийн ихэнх нь AI буюу хиймэл оюун ухааныг идэвхтэй ашигладаг ч тэдний AI-тай харьцах чадвар бусад үеийнхэнтэй харьцуулахад илүү практик буюу үр дүн, үйлдэлд төвлөрдөг болохыг уг судалгаанд онцолжээ.
Тус судалгааны явцад AI-ийн хэрэглээ хүний зан төлөв, оюуны чадамжид хэрхэн нөлөөлдөг болохыг ажигласан бөгөөд үр дүнд нь AI хүнийг илүү залхуу, ажлаа өөрөө хийх хүсэлгүй, шүүмжлэх чадваргүй болгохоос гадна нийгмийн харилцаанд оролцох, сурах боломжийг хязгаарладаг болохыг тогтоожээ. Гэвч судалгаа үргэлжлэх тусам залуус AI-аас үргэлж шинэлэг санаа олж, асуудлыг илүү ухаалгаар шийдэх боломжтой болсноор ажлаас илүү өөртөө гаргах цаг зав нь нэмэгддэг болсон зэрэг эерэг өөрчлөлтийг мөн тодорхойлсон байна.
Gen Z хиймэл оюун ухааны чатботыг нийгмийн харилцаанаас илүү бүтээмж, ажлын үр дүнгээ нэмэгдүүлэхийн тулд ашиглаж байгаа аж. 2025 оны хоёрдугаар сард гаргасан судалгаанд АНУ-ын залуусын 58% нь AI чатботыг хүссэн зүйлээ асуухаар сард хамгийн багадаа нэг удаа ашигладаг хэмээн хариулж байсан бол энэ оны судалгаанд 74% болон тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна.
Судалгаанд оролцогч Z үеийн 65% нь AI-ийг Google хайлтын оронд ашигладаг, 52% нь ажилдаа туслуулахад ашигладаг гэж хариулсан бол хосын болон найзын харилцааны талаар асууж, зөвлөгөө авах тохиолдол харьцангуй бага буюу 32%, 23%, 10%-тай гарчээ. Энэ нь сүүлийн үед гараад буй “залуус AI-тай хүнтэй харьцаж буй мэт ярилцаж, зөвлөлдөж байна” гэх ойлголтыг үгүйсгээд байгаа юм.
AI-ийн хэт хэрэглээний сөрөг үр дагаврыг мэддэг үеийнхэн
Gen Z-ийн хувьд өдөр тутмын амьдралдаа хиймэл оюун ухааныг ашиглах тусам AI-тэй харилцах харилцаа нь илүү төвөгтэй болсоор байгаа аж. Учир нь тэд AI-ийг идэвхтэй ашигладаг ч хиймэл оюун ухааныг байнга ашиглах нь бидний сэтгэн бодох чадвар, бүтээлч байдалд сөргөөр нөлөөлж урт хугацааны явцад үүсэх магадлалтай эрсдэлд санаа зовдог байна. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 79% нь AI хүмүүсийг илүү залхуу болгож байгаад санаа зовж явдгаа илэрхийлсэн бол, 62% нь хүний тархины үйл ажиллагааг алдагдуулдаг гэж үздэг болохоо хуваалцжээ. Залуусын дунд AI-ийн ашиглалт өндөр байгаа ч энэ үеийнхэн AI-ийн хэт хэрэглээ ямар сөрөг үр дагавар авчрахыг хамгийн сайн мэддэг ажээ.


Сэтгэгдэл