Coffee shop hunting: Кофе бүрээ гараар нэрдэг Cohi Haus

2026.06.183 минут унших
Coffee shop hunting: Кофе бүрээ гараар нэрдэг Cohi Haus - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Хүн бүрд уншиж дуусаагүй номоо үргэлжлүүлэн гарчиглах, дотнын нэгэнтэйгээ халуун яриа өрнүүлэх, эсвэл зүгээр л өөртэйгөө ярилцан хэсэг хугацаанд тухлах дуртай газар байдаг шүү дээ. Харин тэрхүү газраа хараахан олоогүй байгаа хүмүүсдээ зориулж энэ удаагийн Hunting цувралаараа бид зүгээр кофе ууж суухаас илүү кофены соёлыг түгээж, амьд харилцааг мэдрүүлэхийг зорьдог Cohi Haus хэмээх хотын нэгэн буйдхан буланг онцолж байна. Дотогш ороход гэр шиг дулаахан орчин, залуусын ажил хэрэг, амьдралын талаарх завсарлагагүй яриа, зөвхөн танд зориулан нэрэх шинэхэн кофе угтана.

Яагаад "Cohi Haus" гэж? 

Анх үүдний хэсэгтээ жижигхэн кофены булантай болъё гэсэн санаанаас эхэлсэн энэ газар өнөөдөр өөрийн гэсэн өнгө төрх, соёлыг бий болгож хүмүүсийн тухлах дуртай газруудын нэг болжээ. Тэгвэл тэрхүү жижиг булан хэрхэн "Cohi Haus" болсон талаар үүсгэн байгуулагч Э.Ундрахмөрөнтэй цөөн хором ярилцлаа. 

Coffee shop hunting: Кофе бүрээ гараар нэрдэг Cohi Haus нийтлэлийн зураг
“Cohi Haus” кофе шопыг үүсгэн байгуулагч: Э.Ундрахмөрөн

“Cohi Haus” гэдэг нь бидний бий болгохыг хүссэн соёлтой холбоотой нэр юм. Анх кофе шоп нь зөвхөн кофе уудаг газар биш, хүмүүс уулзаж ярилцдаг, санаа бодлоо солилцдог, хөгжим, урлаг, тоглоомоор дамжуулан холбогддог орон зай байсан гэдэг. Тэр соёлын нэг хэсгийг өнөө үед дахин мэдрүүлэхийг хүссэн юм. Cohi гэдэг нэрэнд ч олон утга бий. “Co” нь community, cooperation, coffee буюу хүмүүсийг холбох санааг, харин “hi” нь high буюу чанар, аливаа зүйлийг илүү гүн мэдэрч ойлгох гэсэн утгыг илэрхийлдэг.

Хүмүүстэй ярилцаж, танилцаж болох орчин

-Бид эспрессо машин ашигладаггүй. Бүх кофегоо гараар бэлтгэдэг онцлогтой. Кофены үрээ долоо хоног бүр шинээр татаж, аль болох шинэхэн, чанартай кофег хүмүүст хүргэхийг зорьдог. Өөр нэг онцлог маань тейкний соёл. Заавал алкохол хэрэглэхгүйгээр хүмүүс хоорондоо ярилцаж, танилцаж, шинэ харилцаа үүсгэж болох орчныг бүрдүүлэхийг хүссэн. Тиймээс манай бариста нар кофе хийж өгөхөөс гадна тухайн кофены үр хаанаас ирсэн, ямар хууралттай, ямар үнэр амттай вэ гэдгийг тайлбарлаж, үйлчлүүлэгчтэйгээ чөлөөтэй ярилцдаг.

Кофе өөрөө их сонирхолтой түүхтэй. Эртний Торгоны замаар дамжин соёл түгээж, худалдаа хийж, хүмүүс хоорондоо холбогдож байсан шиг кофе ч бас улс орнуудаар дамжин өөр өөрийн өнгө төрхтэй болж хөгжсөн гэж боддог юм. Тиймээс бид менюгээ бага багаар баяжуулж, аливаа улс орон кофег хэрхэн хэрэглэдэг, ямар соёлтой байдаг вэ, гэдгийг олон нийтэд мэдрүүлэхийг хүсдэг.

Монгол залуучууд уг нь тухтай орчинд аюулгүй мэдрэмжтэй байвал их нээлттэй, харилцаа сайтай хүмүүс шиг санагддаг юм. Заримдаа зүгээр л тийм орчин хэрэгтэй байдаг. Тиймээс бид кофегоор дамжуулан хүмүүс тухтай, аюулгүй мэдрэмжийг төрүүлж, хоорондоо танилцаж, ярилцаж, шинэ санаа, шинэ холбоо үүсдэг орчин бий болгохыг зорьдог доо.

Coffee shop hunting: Кофе бүрээ гараар нэрдэг Cohi Haus нийтлэлийн зураг

Сэтгүүлчийн тэмдэглэл:

Бид ихэвчлэн кофе шопоор үйлчлүүлэхдээ кофе захиалаад, аваад л гардаг бол нэг аяга кофе бидний гарт ирэх хүртлээ ямар аялал туулж, үр нь хаанаас ирсэн, ямар хууралт, үнэр амтыг өөртөө шингээсэн талаар баристатай нь чөлөөтэй ярилцах боломжтой санагдлаа.

Биднийг ороход эспрессо машины даралтаар бус, гар аргаар эспрессо гаргаж байсан нь хамгийн түрүүнд анхаарал татсан юм. Нэг аяга кофе хэдхэн секундэд бэлэн болох биш, харин кофе үйлчлүүлэгчийн гарт очих хүртэлх алхам бүр нь нүдний өмнө өрнөж, үнэр, өнгө, амт нь аажмаар бий болж байгааг харах сонирхолтой байлаа.  Мөн Cohi Haus-д Өвөр Монголын өөртөө засах орноос ирсэн уран бүтээлч хөөмийлж, уртын дуу эгшиглэж байв. Хамгийн гоё нь тэнд цугласан хүмүүс бүгд өөр өөр түүхтэй, өөр өөр газраас ирсэн ч эртний танилууд шиг ширээний ард ярилцан суух нь үнэхээр халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж байлаа. Магадгүй Cohi Haus-аас та зүгээр л кофе аваад гарах биш, дараагийн удаа кофе уухдаа арай өөрөөр харах жижигхэн мэдлэг, бас шинэ мэдрэмжтэй гарна гэдэгт итгэлтэй байна.

Hunting rating:

Уур амьсгал:  5/5  Хажууд сууж байсан залуу захиалсан цайгаа авахдаа “би ганцаараа барахгүй юм байна, хоёулаа хуваая” гээд танихгүй хүнтэй хуваалцах тэр жижигхэн мөч энэ газрын уур амьсгалыг шууд л илэрхийлэх шиг санагдсан. Дулаахан, нээлттэй, хүмүүсийг ойртуулдаг орчин.

Мэдрэмж: 4.7/5 Яараад гарах биш, хэсэг хугацаанд сууж, ярилцаж, тухлахад зориулагдсан орон зай. Харин үйлчлүүлэгч ихтэй үед та дуртай кофегоо авахын тулд бага зэрэг хүлээх хэрэг гарч магадгүй. Гэхдээ гараар нэрж, нэг бүрчлэн бэлтгэдэг кофены хувьд хүлээх нь хүртэл энэ газрын нэг хэсэг мэт санагдана.

Онцлог: 5/5 Хүн бүрийн кофег яг адилхан машинаар гаргах биш, өөр өөр арга барилаар гараар нэрж өгдөг нь хамгийн сонирхолтой байлаа.

Coffee shop hunting: Кофе бүрээ гараар нэрдэг Cohi Haus нийтлэлийн зураг
Coffee shop hunting: Кофе бүрээ гараар нэрдэг Cohi Haus нийтлэлийн зураг

Coffee shop hunting: Кофе бүрээ гараар нэрдэг Cohi Haus нийтлэлийн зураг

Coffee shop hunting: Кофе бүрээ гараар нэрдэг Cohi Haus нийтлэлийн зураг
Coffee shop hunting: Кофе бүрээ гараар нэрдэг Cohi Haus нийтлэлийн зураг

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Coffee shop hunting: Кофе бүрээ гараар нэрдэг Cohi Haus