MEF Youth 2025: Бид байгаль орчны асуудлыг “сонголт” гэж харахаа зогсоох хэрэгтэй


Таны өдөр бүр гаргадаг 2,000-3,000 шийдвэр дэлхийн ирээдүйг хэрхэн өөрчлөх вэ?
Дэлхий дахинаа тогтвортой хөгжил, ногоон ирээдүйд анхаарал хандуулах нэн шаардлагатай болсныг олон улсын болон дотоодын судалгаанаас харж болно. Тухайлбал, 2022 оны Тогтвортой хөгжлийн индекс (SDI)-ээр Монгол Улс 163 улсаас 137-д, Байгаль орчны гүйцэтгэлийн индекс (EPI)-ээр 180 улсаас 155-д жагссан нь агаарын бохирдол, хотжилтын нөлөө, хог хаягдлын менежмент зэрэгт яаралтай арга хэмжээ авах хэрэгтэйг сануулж байна. Хэдий манай улс 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эх үүсвэрээр хангахаар зорьж байгаа ч өнөөгийн байдлаар энэ үзүүлэлт ердөө 9.8% байгаа юм.

Байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маяг нь хувь хүний өдөр тутмын сонголтод нөлөөлж, хаана, юу идэх, хэрхэн зорчих, ямар бүтээгдэхүүн хэрэглэх зэргээр микро түвшний шийдвэр гаргалтад тогтвортой хөгжлийн зарчмуудыг баримтлах болжээ. Тухайлбал, манай Gen Z үеийнхэн ажлын байраа сонгох, тээвэр, ахуйн хэрэглээ, бүтээгдэхүүн худалдан авах зэрэг амьдралын бүхий л түвшинд байгальд ээлтэй хандлагыг илүүд үздэг бөгөөд тэдний 75 хувь нь танил брэндээс илүү байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг чухалчилдаг байна.
Иймд тогтвортой хөгжил, байгаль орчны тулгамдсан асуудалд залуусын оролцоог нэмэгдүүлж, шийдэлд суурилсан хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор MEF Youth 2025 арга хэмжээний хүрээнд “Ногоон ирээдүй” сэдвийг чухалчилж, хөндсөн юм. Тогтвортой хөгжил, байгаль экологийн сэдэвт ярилцлагын үеэр Монголын Байгалийн Өв Сангийн Гүйцэтгэх захирал, Fulbrighter Э.Номиндарь залуусыг байгаль орчны мэдээ мэдээлэлтэй ойр байж, ногоон хөгжлийн боломжуудыг карьер, амьдралдаа тусган, энэ чиглэлээр мэргэшихийг онцолж байлаа.
Тэрбээр, “Бид байгаль орчны асуудлыг “сонголт” гэж харахаа зогсоох хэрэгтэй. Бидэнд хоёр дахь дэлхий гэж байхгүй шүү дээ. Эдийн засаг, үйлдвэрлэл, өдөр тутмын амьдрал бүгд байгалийн нөөцөөс шууд хамааралтай. Тэр ч утгаараа дэлхий даяар ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн салбарт маш олон ажлын байр, боломжууд бий болж буй учраас залуусыг мэдээ мэдээлэлтэй ойр байхыг хүсэж байна” хэмээн залуусыг мэдлэгтэй, идэвхтэй, суралцагч байж, ногоон ирээдүйг хамтдаа бүтээхэд хувь нэмрээ оруулахыг уриалсан юм.
Тэгвэл энэ чиглэлд бодит оролцоотой байх эхний алхам бол мэдлэгээ тэлэх юм. Байгаль орчин, тогтвортой хөгжлийн талаар илүү өргөн хүрээний мэдлэг, мэдээлэл авахыг хүсвэл Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Нийслэлийн Байгаль орчны газар, Цахим байгаль хамгаалагч төв, Экологийн цагдаагийн алба, Өнгө нэмье зэрэг цахим сувгуудыг дагаж, мэдээлэлтэй, оролцоотой байх боломжтой юм шүү.