Залуусын орон зай

“Токсик” буюу хортой хосын харилцаанаас хэрхэн хол байх вэ?

Б.Отгонзаяа2025.01.275 минут унших
“Токсик” буюу хортой хосын харилцаанаас хэрхэн хол байх вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

"Энэ хорвоод хүн бүрд тохирсон нэгэн бий. Тэр хүн чамайг таньж, өөрийгөө бүхэл болгохын тулд ирдэг." хэмээн Бразилын нэрт зохиолч Пауло Коэльо хэлсэн байдаг. Магад бидний мэдэх зарим хүн өөрт тохирох хүнээ олохын тулд олонтоо болзоо товлодог биз. Бидний зарим нь амьдралынхаа хамтрагчтай эрт учирдаг бол зарим нь урсгал сөрж урагшилсаар хожуу учирдаг. Гэвч хэзээ учрах нь онц биш ч хэр удаан бүхэл байх нь чухал. АНУ-ын Ютагийн Их Сургуулийн доктор Тимоти Смит, Брайан Р.В.Бауком нарын судалгаагаар эрүүл аюулгүй, хосын харилцаатай хүмүүс зүрхний өвчин тусах эрсдэл бага байдаг бол харилцааны хувьд зөрчил, маргаантай, асуудалтай хосууд зүрхний өвчин тусах эрсдэл өндөр байдаг гэсэн байна. 

Гэр бүлд бага хэмжээний зөрчил маргаан байхыг хэвийн үзэгдэл гэж гэр бүл судлаачид үздэг. Амьдралд асуудал, үл ойлголцол их бага ямар нэг хэмжээгээр гарч ирж байдаг. Гагцхүү түүнийг эрүүлээр ярилцаж шийдэх тал дээр хосууд бүдэрч харилцаандаа цэг тавьдаг. Тэгвэл хортой харилцаа гэж юу вэ, энэ харилцаа нь хэзээ, хаанаас эхэлдэг вэ?

“Токсик” буюу хортой хосын харилцаанаас хэрхэн хол байх вэ? нийтлэлийн зураг

Хос хоёрын харилцаа нэг л өдөр тэнгэр бүрхэж, аянга буугаад токсик болчихдоггүй. Энгийн мэт санагддаг хортой жижиг үйлдлүүд даамжирч томорсоор цаг хугацааны явцад эрүүл бус харилцаа бий болдог.  Ингэснээр бие биедээ итгэх итгэл, хүндлэл нь бага багаар унтарч, харилцаа сэтгэл хангалуун бус мэдрэмийг төрүүлж, сэтгэл зүйн болон бие махбодын хүчирхийлэлд өртөж эхэлснээр хортой харилцаа хүндэрдэг байна. Өөрөөр хэлбэл, хамтрагчаа сэтгэл санааны болон бие махбодын хяналтад байлгах оролдлого хийж эхлэх үед харилцаа хортой болж эхэлдэг гэсэн үг.

Токсик харилцаандаа цэг тавьсан нь…

Бид анх инстаграммаар чаталдаг байлаа. Тухайн үедээ түрхэн зуурын харилцаа байх гээд их хуумгай ханддаг. Миний хээгүй юуг ч нуухгүй, бүгдийг үнэнээр нь хэлчихдэг зан түүнд таалагдсан юм байх. Анхны болзоон дээрээ догдлол дүүрэн уулзахад нөгөөх маань нэг л өөр юм хүсээд байгаа мэдрэмж төрөв. Тэр намайг үнсэв. Би ч тухайн үедээ юм бодоогүй учир хүндээр тусгаж аваагүй. Харин сүүл рүүгээ хөхөнд минь хүрч, тэр нь надад нөгөө хүнээ харах өнцгийг өөрчилсөн юм. Гэнэтхэн би “чи надтай унтах гэж л танилцсан юм уу?” гээд уурлан гэр рүүгээ орохоор болов. Намайг хүндэлдэггүй хүнтэй уулзахыг хүсэхгүй байна гээд уурлаад явах гэтэл дахиж ингэхгүй гэж гуйж сөгдсөөр байгаад намайг тайвшруулчхав. Нээрээ л анхны болзоон дээр учиргүй уурласнаас хойш намайг зөвшөөртөл миний биед хүрээгүй юм. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид токсик хос болж байлаа.  

“Токсик” буюу хортой хосын харилцаанаас хэрхэн хол байх вэ? нийтлэлийн зураг

Бие биеийнхээ хувийн орон зайд нь халдаж эхлэв

Бие биеийнхээ чатаар орно. Хамгийн сайн найз гэж танилцуулсан охинтойгоо өмнө нь харилцаатай байсныг мэдээд гомдож, хардах сэдэл улам ихээр төрдөг болов. Хоёулаа хартай болохоор бие биеэ найзуудтай нь уулзуулах дургүй. Би ч байнгын уулзаад байдаг нөгөө эмэгтэй найздаа өмнө нь хандтай байсныг мэдээд уулзуулахыг хүсдэггүй. Тэр ч манай найзуудыг их гарж ордог болохоор намайг гаргах дургүй. Ингээд бид албан ёсоор токсик хосууд болж байгаагаа ойлгосон юм. Тэгсэн хэр нь л салж чадахгүй. 

Тэр намайг хуурдаг болов

Нэг өдөр миний шүд тэсэхийн аргагүй өвдөөд хичээлдээ ч явж чадаагүй юм. Намайг өдөржин өвдөөд хэвтэхэд эм авч ирж өгөөгүй хэр нь охидын оюутны байранд нууцаар орж хоносон байв. Түүнийгээ хичээл хийж байгаад хоносон гэж хэлэхэд үнэхээр их гомдож байлаа. Надтай маргалдсан үедээ, тиндерээр нэг охинтой танилцаад очиж хоноход нь хүртэл би уучилж л байсан. Хамгийн тэнэг нь эмэгтэй хүн хайртай бол уучлаад байж чаддаг юм байна лээ гэдгийг би өөрөөрөө мэдэрсэн. 

“Токсик” буюу хортой хосын харилцаанаас хэрхэн хол байх вэ? нийтлэлийн зураг

Би түүнийг өөрийн хүслээр байлгах гэж зүтгэнэ

Эмэгтэй хүн хүнд ухаангүй дурлахаараа бүх зүйлээ зориулах гээд, нөгөө хүнээсээ байнга анхаарал халамж авах гээд ядаргаатай болчихдог юм шиг санагдсан. Магадгүй зөвхөн би л тийм юм болов уу. Экс маань ML тоглодог, түүнийгээ тоглочихоор үнэхээр намайг тоодоггүй. Ямар сайндаа л би хажууд нь гомдоод, бүр уурлаад, аргаа бараад “болиод өг” гээд уйлаад сууж байхад тоохгүй тоглоомоо тоглоод байж байх вэ дээ. “Надад хувийн орон зай хэрэгтэй байна. Байнгын залгах юм, ингэх юм” гэж надад гомдоллоно. Би утсаар ярьж, үргэлж хамт байхыг түүнээс хүсдэг байлаа. 

Удалгүй бид хоёр өмнөхөөсөө их маргалдаж нэгнээ жаргалтай байлгах гэхээсээ илүү хамаг энергийг нь сорж улам л хэцүү төвөгтэй байдаг болов. Байнга л маргалдаж өнгөрснөө ярьж, хэрэлдэнэ. Нөгөөдөх маань ч энэ бүхнээс залхаж байлаа. Ингээд бид хоёрт цаашдын ирээдүй байхгүйг ухаарч, харилцаандаа цэг тавьсан юм. 

Хосуудад өгөх түүний зөвлөгөө

Токсик хосын харилцааны тухай сэдэвтэй байсан учир сайхан дурсамжуудаа дурдсангүй. Энэ бүхний эцэст хортой харилцаандаа цэг тавьсан хүний хувьд охид бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд өөрийнхөө үнэ цэнийг битгий алдаарай. Чи хэчнээн хайртай байсан ч тухайн хүн чинь чамайг хүндэлж, хайрлахгүй бол та хоёрын харилцаа анхных шиг ээ халуун дотно байж чадахгүй. Токсик харилцаа яг л хорт утаа шиг даамжрах тусам та хоёрын сэтгэлд сэв суулгаж, бие биеэс чинь холдуулсаар байх  болно. Тиймээс анхнаасаа хоёр биеийнхээ хувийн орон зай, үзэл бодлыг хүндэтгэж, ярилцдаг харилцаандаа хил хязгаар тогтоож үерхлээ эхлүүлээрэй гэж хэлмээр байна.

“Токсик” буюу хортой хосын харилцаанаас хэрхэн хол байх вэ? нийтлэлийн зураг

Харилцаагаа хортой болсныг хэрхэн таньж мэдэх вэ?

Өөрийнхөөрөө байлгах гэж оролдох: Таныг байгаагаар тань хүлээн зөвшөөрөхөө больж, өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлэх гэж хичээх. Энэ нь энгийн жижиг үйлдлүүдээс эхэлнэ. Жишээ нь: Найз нөхдөөс тань холдуулахыг хичээх.  

Хувийн орон зайд тань халдах: Бие биеийнхээ гар утсыг шалгаж, цахим хаягаар нь нэвтэрч хэнтэй, хаана уулзахыг тандаж, хянадаг болох. 

Бие биедээ итгэх итгэл алдарч, хардах: Хайртай хүндээ болон өөртөө итгэхээ больсноор хардалт бий болдог. Энэ нь хамтрагчаа болон өөрийгөө сэтгэл санааны дарамтад оруулж буй оюун санааны хүчирхийллийн нэг хэв шинж юм. 

Хэрүүл маргаан удаан хугацаанд үргэлжлэх: Энгийн жижиг асуудлыг дэвэргэж, хэрүүлийн сэдэв гаргаж ирэх. Хэрүүл маргаан удаан хугацаанд үргэлжилж, маргаанд хэн нэгэн нь байнга ялах. Хамтрагчийн тань буруу байсан ч чи тэгээгүй бол ийм зүйл болохгүй байсан гэх мэтээр өнгөрснийг нь сөхөж хэрүүл үүсгэх. 

Өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавих: Хамтрагч тань таны оронд өөрийгөө тавьж үздэггүй аминч үзэлтэй байх. Би тэгмээр байгаа болохоор чи тийм байх ёстой гэдэг барьцаалагдсан харилцаа. Энэ мэтчилэн жижиг үйлдлүүд вирус шиг халдварласаар хос хоёрын харилцаа хүндлэл итгэлцлээ гээж, хайртай хүнээ гэмтээхэд хүргэдэг байна. 

“Токсик” буюу хортой хосын харилцаанаас хэрхэн хол байх вэ? нийтлэлийн зураг

Хортой хосын харилцаандаа хэрхэн цэг тавих вэ?

Грекийн философич Приен Биас “Нэг л өдөр үзэн ядах юм шиг хайрла, нэг өдөр хайрлах юм шиг үзэн яд.” гэсэн байдаг. Үүн шиг, нэг л өдөр үзэн ядахгүйн тулд  хайртай хүнээ ойлгож, хүлээн зөвшөөрч харилцаагаа хэрхэн урт удаан хугацаанд авч үлдэх вэ?

Харилцаагаа хортой болсныг хүлээн зөвшөөрөх: Хортой харилцаа нь хос хоёрт хоёуланд нь сөргөөр нөлөөлж байдаг. Тиймээс хортой харилцааны дээрх хэв шинжүүд ажиглагдаж байгаа бол хүлээн зөвшөөрч, харилцаагаа хэрхэн засах талаар ярилцах хэрэгтэй.

Тууштай байх: Хортой харилцаагаа өөрчлөхөд тууштай байдал хамгийн чухал. Хэрэв та хортой харилцаанаасаа гарах гарц хайж байгаа бол итгэлцэл, хүндэтгэлийг сэргээхэд хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Харилцаандаа хил хязгаар тогтоох: Хамтрагчийнхаа үзэл бодол, хүсэл сонирхол, шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, хувийн орон зайд нь халдахгүй байх. Надад санаа тавихыг би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ үндэслэлгүй хардаж, хаана юу хийж байгааг минь тандаж, шалгаахыг хүлээн зөвшөөрөхгүй гэх мэтээр. Харилцаандаа юуг хүлээн зөвшөөрөх, юуг хүлээн зөвшөөрөхгүй болохоо тодорхой ярилцаж, хил хязгаар тогтоогоорой. 

Мэргэжилтнээс зөвлөгөө, дэмжлэг авах: Найз нөхөд, гэр бүл, ойр дотнын хүмүүстээ хосын харилцааныхаа талаар дэлгэж, мэргэжлийн бус зөвлөгөө, шүүмж авснаас илүүтэйгээр мэргэжлийн зөвлөгөө өгдөг гэр бүлийн сэтгэл зүйч, сэтгэл засалчид хандаад үзээрэй. Энэ нь та хоёрт харилцаагаа ойлгоход туслахаас гадна хаана, юун дээр алдаад буйгаа олж мэдэхэд мөн түүнийгээ хэрхэн өөрчлөх тал дээр маш том дэмжлэг болно. 

Талархлын дасгал хийгээд үзээрэй: Бид өдөр тутамдаа хийдэг энгийн үйлдэл, дадал зуршлынхаа үнэ цэн утга учрыг тэр бүр мэддэггүй. Тиймээс орой унтахынхаа өмнө хайртай хүнээ үнэлдэг болон талархсан гурван үйлдлийг хуваалцаад үзээрэй. Энэхүү талархлын дасгал нь та хоёрын харилцааг эерэг болгоход тусалж мэднэ. 

 

 

Холбоотой нийтлэлүүд