Сагсан бөмбөг үзэгчдийн төрлүүд


NBA-ийн багуудын ааш хаврын тэнгэр шиг хуйсганаж Энтони Девис, Лука Дончич хоёрын солилцоо олны нүдийг орой дээр нь гаргах шахав. Энэ мэдээг сонссон Лейкерсийн дэмжигчид “Лука, Леброн хоёрыг хамт тоглохыг харах хувьтай хүн би байжээ” хэмээн толгойтой үсээ зулгаах шахам баярлаж байна.
Зарим үзэгчид Леброныг шахалт үзүүлж Энтони Девисийг явууллаа гэсэн дургүйцлийн хариуд ноён Леброн “Битгий худлаа яриад байгаарай” гэх агуулга бүхий постыг “X”-дээ жиргэж хариу барилаа.
Америкийн сагсан бөмбөгийн хамгийн дуулиант мэдээ энэ мэтчилэн ар араасаа хөвөрч байна. Гэтэл манай улсын сагсан бөмбөгийн эргэн тойронд болж буй мэдээлэл ч гэсэн дутах юм алга. Дутах юм алга гэдэг нь сагсан бөмбөгийн хөгжил төдий чинээ ахисанд байгаа юм.
Жишээ нь, Цагаан сарын өдрүүдэд л гэхэд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA (National Basketball Association) лигт 12 жил тоглосон, дөрвөн удаагийн “ALL STAR” “аварга мангас” Демаркус Казинс “Selenge Bodons” багтай нэгдсэн “хамар цоргим” мэдээ гарсныг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ.
Манай улсын сагсан бөмбөг ийнхүү хурдтайгаар хөгжиж буйн хамгийн гол тулгуур хүч нь мэдээж үзэгчид шүү дээ. Үзэгчид үгүй бол хэн л талбайд гараад хэдүүлхнээ гүйгээд байхыг хүсэх вэ дээ.
Тэгвэл энэ удаа манай сайтын зүгээс чимээгүй хэр нь хамгийн “нүргээн”-тэй хувь нэмрийг оруулж буй үзэгчдийн төрлүүдийг онцоллоо.

“ГЭР БҮЛЭЭРЭЭ ҮЗЭЖ ХАЙР ТҮГЭЭГЧИД”
Гэр бүлээрээ сагсан бөмбөгийн тоглолт үздэг хайр цацруулагч, түгээгч тэднийг онцлохоос өөр аргагүй билээ. Чөлөөт цагаараа, үр хүүхэд, ач зээгээ дагуулан ирж ордны уур амьсгалыг хайрын илчээр өрдөх тэд бол сагсан бөмбөгийн хөгжилд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулагчид юм. Ийм нэгэн гэр бүлийг онцолж сурвалжилсан сэтгүүлч Б.Отгонзаяагийн “Л.Пүрэвхүү: Чөлөөт цагаа гэр бүлээрээ зөв боловсон өнгөрөөх том боломж энд байна” хэмээх ярилцлагыг уншихыг хүсвэл та ЭНД дарна уу.
“ХАРАА МУУТАЙ Ч ХАШХИРАХ ДУРТАЙ”
Хараа муутай хэр нь сагсанд хайртай, дуртай байдаг, яая даа байз. Ер нь сагс ч гэлтгүй хараа муутай хүмүүс үзвэр үйлчилгээ үзэх хэцүү байдаг шүү дээ. Бөхийн өргөөнд бөх үзэх бүүр асуудалтай санагддаг юм. “Сая хэн шидсэн бэ. Орсон уу” гэж хажуудаа суугаа найзаасаа асууснаа орилж байх жишээтэй. Хэдийгээр ийм асуудалтай тулгардаг ч үргэлж ирж багаа дэмждэг үзэгчдийг сайшаах хэрэгтэй шүү. Харааны шил, линз байгаад ч нэмэргүй үе байдгийг бас ойлгоорой. Тэднийг ойлгож хэн тохож, орж, довтолж байгааг хэлээд өгчхөж байгаарай.
БАГИЙН ЭЗЭД БУЮУ “ЗОДООНЧ АЗАРГАН ТАХИАНУУД”
Төр засгаас “Татвар төлөгч компаниуд спортын салбарт хөрөнгө оруулалт хийсэн бол зургаан төрлийн хөнгөлөлт дэмжлэг үзүүлнэ” гэсэн шийдвэр гарснаас хойш бизнес эрхлэгч томоохон компаниуд сагсан бөмбөгийн багт хөрөнгө оруулалт хийж, тэрхүү хувь нэмэр нь нэг шат ахихад тус нэмэр болж буй билээ. Эдгээр багийн эзэд хортой шартай, үзэгчдээ уриалан дуудах, цахим хуудастаа маргаан өрнүүлэх зэргээр олон төрлийн маркетингийн аргууд хэрэглэж буй нь ёстой л “зодоонч азарган тахианууд” шиг харагддаг билээ.

ВОЛЕЙБОЛ ҮЗДЭГ Ч ГЭСЭН НАЙЗЫГАА ДАГААД ИРСЭН НЬ
Уг нь өөр спорт сонирхдог хэдий ч сагсан бөмбөгт “донтсон” найз нь хүчээр дагуулаад ирсэн хүмүүс байдаг шүү дээ. Юу ч ойлгохгүйн дээр фанатуудын чанга чимээ, хашхираан ч тээртэй санагдаж интроверт зан хөдөлчихдөг хүмүүсийн төрлүүд байдаг даа.
“НЯЛДАЙСАН, НЯЛУУН ЮМНУУД”
“Сагс үзэх гэж ирсэн юм уу, үнсэлцэх гэж ирсэн юм уу” гэж асуумаар нөхөд байдаг даа. Тэгвэл тэд ч гэсэн үнсэлцэж байхдаа үнэтэй хувь нэмэр оруулж байдаг юм шүү. Хэрвээ таны уур тэднийг хараад хүрдэг бол ганц бие байгаадаа битгий гутраарай. Сагс үзэж яваад заяаны ханьтайгаа учрах ч юм бил үү. Заяаны хань UG ARENA-д гээд сууж байх ч юм бил үү. Ямартай ч битгий шантраарай.

Нэмж сонордуулахад, 2025 оны хоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд “Юү Жи Арена”-д лигийн 30 дахь жилийн “Бүх оддын тоглолт”-ыг зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд уламжлал ёсоороо холимог оддын тоглолт, цагариган дээрээс довтлох тэмцээн, ур чадвар болон гурван онооны шидэлтийн тэмцээн болно. Түүнчлэн 30 жилийн ойн тусгай үзэсгэлэн, шилдэг 30 тоглогчийг шалгаруулах үйл ажиллагаа зэрэг сагсан бөмбөг сонирхогчдыг баярлуулах олон гэнэтийн бэлэгтэй аж. “Бүх оддын тоглолт”-д оролцох тоглогчдыг үзэгчдийн санал асуулгаар тодруулсан билээ.

Тэгвэл “Бүх оддын тоглолт”-ын дараа буюу хоёрдугаар сарын 9-нөөс Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийнхан нэгдсэн бэлтгэлд гарна. Учир нь, тухайн сарын 20, 23-нд Монголын шигшээ ААШТ-ний урьдчилсан хоёрдугаар шатны ээлжит тоглолтоо хийнэ.
Манай залуус хоёрдугаар сарын 20-нд Гуамын талбайд зочилж тоглох бол 23-нд Улаанбаатар хотын “Юү Жи Арена”-д Японы шигшээг хүлээн авна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон хоёр тоглолтод оролцсон шигшээ багийн бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт оруулж магадгүй аж.