Тавдугаар сард таны заавал зочлох үзэсгэлэнгүүд


Тавдугаар сар бол шинэ үзэсгэлэн, шинэ уран бүтээлчдийн тухай яриа хөвөрч эхэлдэг үе билээ. Галерейн танхимууд шинэ үзэсгэлэнгүүдээр хөглөгдөж, уран бүтээлчдийн өвөрмөц бүтээлүүдээр дамжуулан үзэгчид цоо шинэ аль эсвэл танил дотно мэдрэмжийг ахин нэг мэдэрч, үзэсгэлэнгийн танхимаас эргэцүүлэл, аз жаргал дүүрэн гардаг нь хаврын бас нэгэн чимэг гэлтэй. Иймд энэ удаагийн нийтлэлээрээ тавдугаар сарын онцлох үзэсгэлэнгүүдийг танилцуулж байна. Завгүй амьдралаасаа түр амсхийж, урлагийн сайхныг мэдрээрэй!
"Археологийн олдворт нуугдсан урлаг"

“Олон улсын музейн өдөр”-ийг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран Монгол орны нутаг дэвсгэрээс олдсон чулуун зэвсгийн үеэс эртний төрт улсуудын түүхэн цаг үеийг хамарсан “Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэнг дэлгэж байна. Тус үзэсгэлэнгээр нүүдэлчдийн ахуй амьдрал, урлаг соёл, шүтлэг бишрэлийг илтгэх дахин давтагдашгүй ур хийц, дүрслэл бүхий 100 орчим археологийн олдворыг олны хүртээл болгож буйгаараа онцлог юм.
Байршил: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхим
Үргэлжлэх хугацаа: Тавдугаар сарын 09-20-ны өдрийг дуустал
Дэлгэрэнгүй мэдээллийг: Энд дарж аваарай
“Миний үйлдэл бол би”

Уран бүтээлч Б.Номингийн хүний мөн чанар, сүнсний дахин төрөлтийн тухай өгүүлэх “Миний үйлдэл бол би” бие даасан үзэсгэлэн нь “хүн бол бүхэл бүтэн ертөнц” хэмээх санааг уран бүтээлчийн дотоод оршихуй, торгон мэдрэмжээр илэрхийлснээрээ онцлог юм. Б.Номин нь Монголын орчин үеийн урлагийн салбарт өөрийн өвөрмөц дуу хоолойгоороо тодорсон уран бүтээлч бөгөөд түүний бүтээлүүд нь хүний дотоод ертөнц, ухамсар, оршихуйн тухай философийн асуултуудыг дэвшүүлдгээрээ онцлог билээ.
Байршил: B contemporary art gallery
Үргэлжлэх хугацаа: Тавдугаар сарын 16-31-ний өдрийг дуустал
Дэлгэрэнгүй мэдээллийг: Энд дарж аваарай
“Бүрэн бусын онол”

Уран бүтээлч Д.Дорждэрэмийн өөрийн найм дахь бие даасан үзэсгэлэнгээр дамжуулан өгөгдөл, зүй тогтлыг шүтэн, ухамсартай ухамсаргүйн заагт орших оюун ухаан, хүн төрөлхтний онцлогийг орчин үеийн баримал, зураг, абстракт илэрхийлэл, холимог техник зэрэг олон төрлөөр илэрхийлэхийг зорьжээ. Тэрбээр “Бүрэн бусын онол” хэмээх энэхүү өвөрмөц нэрийг хорьдугаар зууны Австрийн математикч Курт Гёделийн “Бүрэн бусын теоремууд”-аас санаа авч, батлах боломжгүй үнэний тухай уран бүтээлчийн эргэцүүллийг бүтээлүүдээрээ дамжуулан хүргэж буйгаараа онцлогтой.
Байршил: Монголын уран зургийн галерей
Үргэлжлэх хугацаа: Тавдугаар сарын 17-30-ны өдрийг дуустал
Дэлгэрэнгүй мэдээллийг: Энд дарж аваарай
“Хөрсөн кофе”

Зураач А.Дөлгөөн батик болон холимог техник ашиглан бүтээсэн өвөрмөц, уран сэтгэмжтэй 30 гаруй шинэ бүтээлээ “Хөрсөн кофе” бие даасан үзэсгэлэнгээрээ толилуулж байна. Тэрбээр энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан бидний өдөр тутмын энгийн мэт санагдах кофе уух тэрхэн агшин ч үнэ цэнтэй бөгөөд анхааралтай мэдрэхүй, тайвшралын бэлгэдэл болох боломжтойг уран сайхны аргаар харуулахыг зорьжээ.
Байршил: Монголын урлагийн зөвлөлийн дэргэдэх “Улаан гэр” галерей
Үргэлжлэх хугацаа: Тавдугаар сарын 09-29-ний өдрийг дуустал
Дэлгэрэнгүй мэдээллийг: Энд дарж аваарай
“ULAANBAATAR ARTWEEK 2025”

2021 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй Ulaanbaatar Art Week нь Монголын орчин үеийн дүрслэх урлагийг олон нийтэд таниулах, шинэ уран бүтээлчдийг дэмжих, урлагийн салбарт идэвхтэй оролцоо, бүтээлч уур амьсгалыг бий болгоход чиглэдэг билээ. Энэ жилийн “Дүрслэх урлагийн долоо хоног” үзэсгэлэнгийн кураторын багт Б.Бат-Эрдэнэ, Б.Батзориг, Т.Энхболд болон туслах куратораар Б.Мөнгөнчимэг нар ажиллаж байна.
Байршил: МУЭ-ийн Арт галерей, МУЭ-ийн Art space
Үргэлжлэх хугацаа: Тавдугаар сарын 23-30-ны өдрийг дуустал
Дэлгэрэнгүй мэдээллийг: Энд дарж аваарай