Залуусын орон зай

Billboard-оос гаргасан “2025 оны дэлхийн №1 артист”-аар Rosé нэрлэгдлээ

Д.Жавхлан2025.12.182 минут унших
Billboard-оос гаргасан “2025 оны дэлхийн №1 артист”-аар Rosé нэрлэгдлээ - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Борлуулсан цомгийн тоо, хөгжмийн чартуудад тэргүүлсэн байдал, дэлхий дахинд үзүүлсэн нөлөө зэргийн үндсэн дээр Billboard-оос энэ онд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан уран бүтээлчдийг онцлон “2025 Global No.1 Artist Series”-ийг зарлалаа. Энэхүү нэр хүндтэй жагсаалтад Blackpink хамтлагийн гишүүн Rosé-г Солонгос улсын хамгийн нөлөө бүхий уран бүтээлчээр сонгон 2025 оны Дэлхийн №1 артистаар нэрлэсэн байна.

2021 оноос хойш Blackpink хамтлагийн гишүүнээс гадна соло уран бүтээлээ туурвиж байгаа Rosé өнгөрсөн оны наймдугаар сард дуучин Бруно Марстай хамтран гаргасан “APT” дуу нь АНУ-ын Billboard Hot 100 чартын 3-р байранд бичигдсэн төдийгүй, 45 долоо хоногийн турш чартын эхний гурван байраас буугаагүй билээ. Энэ үйл явдал нь Billboard Hot 100 чартад K-POP уран бүтээлч хамгийн удаан бичигдсэн түүхэн рекорд болон үлджээ. Энэхүү амжилт нь “APТ” дуу бол орчин үеийн чиг хандлагыг тодорхойлсон, олон жил олны сонорт хүрэх бүтээл болохыг нь илтгэж байгаа юм. Одоогийн байдлаар Youtube, Spotify платформууд дээр ойролцоогоор 2 тэрбум хандалт авсан байна.

Rosé-гийн амжилтын цуваа ганц хөгжмийн чартуудаар хязгаарлагдсангүй. Дэлхийн хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох 68 дахь удаагийн Грэмми наадамд Rosé нэр дэвшсэн нь түүний уран бүтээлчийн үнэ цэнийг дахин нэг удаа баталсан явдал болсон билээ. “APT” дуу нь “Оны шилдэг дуу (Song of the Year)”, “Оны шилдэг бичлэг (Record of the Year)”, “Шилдэг поп дуэт/шилдэг хамтрал (Best Pop Duo/Group Performance)” хэмээх Грэмми наадмын дөрвөн том шагналын гуравт нэр дэвшин эцсийн шатанд шалгарсан нь Солонгост төдийгүй Азид анхны амжилт байв. 

Гэвч Rosé-г 2025 оны №1 уран бүтээлчээр тодорсонд олон нийтийн байр суурь зөрүүтэй байгаа бөгөөд зарим нь энэ шагналыг хүртэх хангалттай уран бүтээл хийгээгүй гэж үзэж байгаа бол зарим хэсэг нь чартуудын амжилт, шинэ рекорд, Грэммид нэр дэвшсэн зэрэг нь Rosé-г 2025 оны №1 уран бүтээлчээр тодроход хангалттай хэмээн үнэлсэн юм. Тэрбээр өнөөдөр K-POP хөгжмийн зах зээлээс давж, дэлхийн поп хөгжмийн өнгө төрхийг тодорхойлж яваа нөлөө бүхий дуучдын нэг болсон билээ.

Эх сурвалж: Billboard Korea

Холбоотой нийтлэлүүд