Pro Dancers: “Ододтой бүжиглэе” шоуг чимдэг бүжгийн төрлүүдийн онцлог


“Ододтой бүжиглэе” шоу ням гараг бүр сэтгэл догдлом бүжгийн үзүүлбэрүүдийг үзэгчдэд үзүүлж, шат ахих тусам оролцогчдын ур чадвар сайжирч, өрсөлдөөн улам халуухан болж байна. Долоо хоног өнгөрөх тусам биднийг бүжгийн урлагт улам дурлуулж, уран бүтээлч сэтгэлгээгээр үзүүлбэрүүдээ амилуулж буй энэхүү гайхалтай шоуны мэргэжлийн бүжигчдийн бүжгийн онцлогийг хэрхэн тодорхойлсныг энэхүү нийтлэлээрээ хүргэж байна.
Pro Dancer Э.Түвшинзаяа: Аргентин танго бүжиглэх үед дотоод мэдрэмжээ хүчтэй илэрхийлэхийн тулд орчноос тасардаг

Аргентин танго нь жазз, рок-н-ролл зэрэг Латин Америк, стандарт бүжгүүдийг бодвол илүү дотогшоо чиглэсэн бүжиг. Аргентин танго бүжиглэхэд гадна орчноос тусгаарлагдаж, бүжигчдийн анхаарал зөвхөн нэг нэгэн дээрээ л байх ёстой. Эрэгтэй нь эмэгтэйгээ бүрэн сонсоно. Эмэгтэй нь эрэгтэйгээ бүрэн сонсоно. Тиймээс Аргентин танго бүжиглэх үед орчноос тасарч, түүгээрээ дамжуулан дотоод мэдрэмжээ хүчтэй илэрхийлдэг гэдгээрээ онцлог. Харин шоуны тайзнаа бүжгийн үзүүлбэрүүдийг үзүүлэхэд бүжгээ мэдрэхийн хажуугаар давхар камертай харьцах, үзэгчидтэй харьцах гэх мэт гадагшаа чиглэсэн энтертайнмент үзүүлбэрүүд хийх тохиолдол байдаг шүү дээ. Энэ нь оролцогчдын хувьд асар их сорилт болж байгаа.

Манай хамтрагч Э.Одбаяр бид хоёрын хувьд илүү сайн үзүүлбэрүүд үзүүлэхийн тулд мэргэжлийн бүжигчдийн хүсэж буй нарийн техникүүд дээр тулгуурлан бэлтгэлээ хийж байгаа. Шоуны шат ахих тусам хамтрагчийн маань өөртэйгөө ажиллах ур чадварууд нэмэгдэж байна. Э.Одбаярын маань хувьд өөрийнхөө хийх ёстой зүйлсийг заавал хийж байж дараагийн зүйлээ эхлүүлдэг тэр чанар нь үнэхээр бахархууштай.
Pro Dancer Б.Халиун: Самба бол эрч хүчтэй, маневр шаардсан бүжиг

Латин самба бол бусад бүжгийг бодоход уг суурь нь өөрөө баунстай /bounce/ бүжиг. Спорт бүжиг дотроо нэлээн эрч хүч шаардсан хүнд бүжигтээ ордог гэж би боддог юм. Самба бүжиглэх үед ташааны хөдөлгөөн, хөлийн хөдөлгөөн гээд өөрөөс улам их чадвар шаарддаг тул бүжигчнийхээ ур чадварыг харуулах боломжтой хөдөлгөөн ихтэй бүжиг. Латин Америк бүжгийн төрлүүдээс жайв, самба хоёр эрч хүчтэй бүжгийн төрөлдөө ордог шүү дээ. Харин самба нь илүү хөгжилтэй, авхаалж самбаа, маневр шаарддаг юм шиг санагддаг. Тэр ч утгаараа самба бүжиглэх үед нэг тийм сэтгэл дүүрсэн мэдрэмж төрдөг.

Хамтрагчийн маань хувьд маш сайн сонсогч, маш сайн суралцагч. Бүжгийн хөдөлгөөн бүрийг маш хурдан, өндөр гүйцэтгэлтэй сурдаг. Тайзан дээр гарах бүрдээ тайзан дээр гарахын өмнөх хяналт гэж юу юм, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх хэрэгтэй зэрэг үргэлж нэг шинэ зүйлийг сурсан байдаг.
Pro Dancer Б.Батманлай: Фокстрот бол чимхлүүр ихтэй маш дэгжин бүжиг

Фокстрот бүжиг бол хөдөлгөөн бүрээ маш болгоомжтой хийхийг шаарддаг хэр нь хэт зөөлөн байж болдоггүй бүжиг. Фокстрот гэдэг үг маань өөрөө fox /үнэг/ гэсэн үгээс гаралтай. Тэр ч утгаараа маш зальжин, яг л үнэг шиг өлмий дээрээ гэтэх тэр алхааг жазз хөгжмийн хэмнэлтэй хэв донжийг нь тааруулах зэргээс авхуулаад чимхлүүр ихтэй, сэвтээж боломгүй дэгжин бүжиг. Бүжиглэх үед үгээр хэлэхийн аргагүй төгс жаргалыг мэдрүүлдэг гэх үү дээ.

Бүжиг болгон өөрийн гэсэн онцлог, хэв маягтай учраас хамгийн түрүүнд тухайн бүжгийн уур амьсгалыг хамтрагчдаа мэдрүүлэхийг зорьдог. Тухайн бүжгийнхээ уур амьсгал, ерөнхий өнгө төрхийг мэдрээгүй хэр нь хэдэн тоот хөдөлгөөн дээр шууд бүжиглэнэ гэдэг боломжгүй зүйл шүү дээ. Тиймээс Т.Энэрэлдээ хамгийн түрүүнд бүжгийнхээ уур амьсгалыг мэдрүүлээд, дараа нь биеийн байрлал ийм байх ёстой гэсэн ерөнхий хэв маягийг нь бүр эхнээс нь заахыг эрмэлздэг. Эхлээд бүжгийн тоот, хөл, гарын байрлал, биеийн байрлал гэх мэтчилэн бүх зүйлсийг нарийн элемент, хөдөлгөөн бүрээр нь сурах арга барилаар бэлтгэлээ хийдэг. Хамтрагчийн маань хувьд аливаа бүжгийн хөдөлгөөнийг хүлээж авах тал дээр төрөлхийн ур чадвартай гэж хэлмээр санагддаг шүү.
Pro Dancer Б.Халиун: Пасодобль бүжиглэх үед өөрийн дотор асах галыг ил гаргадаг

Пасодобль бүжиг нь Латин Америк бүжгийн дотроос хамгийн их храктертай бүжиг. Бүжгийн хөдөлгөөн бүр нь бухтай тулалдаж буй эрэгтэй хүнийг илэрхийлдэг бөгөөд эрэгтэй хүний хүч чадал, дайснаа дарж буй тэр байдлыг бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлдэг гэдгээрээ онцлогтой бүжиг. Бүжиглэх үед өөрийн дотор асаж буй галыг хөдөлгөөнөөр илэрхийлж, өөрийнхөө бусад талыг олж нээхэд тусалдаг учраас хүчтэй, зэрлэг, бахархам мэдрэмж төрүүлдэг.

Б.Чинсанаагийн маань хувьд маш сайн суралцагч. Мэргэжлийн бүжигчид маань өөрсдийн мэддэг, чаддаг зүйлсээ зааж зөвлөх үе байна шүү дээ. Тэр болгонд хүн бүрээс нэг чанарыг нь аваад үлдчихсэн байдаг. Тэгэхээр маш сайн төвлөрч, шинэ зүйлсийг хүлээж авахдаа эхлээд дотроо бясалгаж байгаад хөдөлгөөнөө өөрийн болгох гэж хичээдэг хүн. Тиймээс дотоод мэдрэмжээрээ бүжгийн хөдөлгөөнөөр хэрхэн илэрхийлж, бусдыг байлдан дагуулах вэ гэдэг дээр илүү түлхүү ажиллаж байна.
Pro Dancer Б.Эрдэнэдулам: Салса бол эрч хүч, энерги ихтэй бүжиг

Салса гэдэг маань “халуун соус” гэсэн утгатай бөгөөд Латин Америк, тэр дундаа Куба улсаас үүсэлтэй бүжиг. Тэр утгаараа эрэгтэй нь эмэгтэйгээ удирддаг, эргэлтийн хүч ихтэй, яг л халуун соус шиг бүжиг бөгөөд трук ихтэй. Өргөлтүүд, эргэлтүүд, хөлийн ажиллагаа, цээж мөрний ажиллагаа, тахианы далавч шиг хөдөлгөөн гэх мэт эрч хүч, энерги ихтэй бүжиг. Зүйрлэвэл, салса бүжиглэх үед халуун ногоотой тахиа идсэний дараа араас нь хүйтэн хийжүүлсэн ундаа ууж байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг гэх үү дээ.

Г.Ариунболд маань маш сайн хамтрагч, маш сайн сонсогч. Хөгжмийн нот бүрийг тусгайлан сонсож, энэ аяны энэ аялгуун дээр энэ хөдөлгөөн орох юм байна гэж бүжгийн хөдөлгөөн бүрээ цээжилдэг учраас багшлахад үнэхээр таатай байдаг. Аливаа зүйлийг хийхдээ бүх анхаарлаа төвлөрүүлж, тултал нь сэтгэл зүрхээ гаргаж хийдэг учраас бүх дугаар, бүх үзүүлбэрүүддээ деталь болгонд нь анхаарч ажилладаг.
Pro Dancer Ч.Анхбаяр: Венийн вальсыг хүмүүс тасралтгүй эргэдэг гэж ойлгодог ч хамгийн чухал нь алхам байдаг

Венийн вальс нь Австрийн Вена хотоос үүсэлтэй стандарт бүжгийн таван төрлийн нэг. Дөрөвний гурав хэмжээнд бүжиглэдэг бөгөөд бусад бүжгүүдээс хамгийн хөдөлгөөн багатай гэдгээрээ онцлог. Үндсэн хөдөлгөөн нь баруун эргэлт, зүүн эргэлт гэх мэт баруун эргэсэн ч зургаан алхам, зүүн эргэсэн ч зургаан алхам буюу нэг эргэлт нь зургаан алхмаас бүрддэг бөгөөд заалыг тойрч эргэдэг. Венийн вальсыг хүмүүс тасралтгүй эргэдэг гэж ойлгодог ч хамгийн чухал нь алхам байдаг. Бүх алхмууд давшсан, том, их биеэрээ бага, ташаагаараа их эргэдэг бүжиг. Венийн вальс бүжиглэх үед яагаад ч юм далайн урсгалд хийлдэг гудсан дээр хөвж байгаа юм шиг маш зөөлөн мэдрэмж төрдөг юм.

Манай хамтрагч Г.Сүндэрмаа эгчийн маань хамгийн том давуу тал нь маш хичээнгүй. Хэдий ядарч байсан ч түүнийгээ ил гаргахгүйн тулд өөртэйгөө маш сайн тулж ажилладаг. Миний хувьд анхны техник, суурийг нь зөв заахыг хичээдэг. Анхны техник, зөв суурь гэдэг зөв зогсохоос, зөв алхахаас л эхэлнэ шүү дээ. Долоо хоног гэдэг маш богинохон хугацаа. Дээрээс нь телевизийн шоу нэвтрүүлэг учраас нэвтрүүлэгтээ зориулан энтертайнмент үзүүлбэрүүд үзүүлэхийн хажуугаар бүжгийн техникээ орхигдуулахгүй тэнцвэрийг нь хадгалахын тулд маш их хичээж байгаа.
Pro Dancer Р.Номинзаяа: Хамгийн их тэврэлддэг бүжиг бол румба

Румба бүжиг маань Латин Америкийн таван бүжгийн нэг бөгөөд бусад бүжгийг бодвол илүү тайван хэмнэлтэй. Тиймээс хоёр хүний нандин хайрыг илэрхийлэхэд хамгийн тохиромжтой бүжиг гэж боддог. Тухайлбал, эрэгтэй хүний эмэгтэйгээ удирдаж байгаа удирдлага, хөдөлгөөний уян налархай байдлаар дамжуулан эмэгтэй хүний биеийн шугамыг илүү тодотгож, илүү үзэсгэлэнтэйгээр харагдуулдаг бөгөөд хамгийн их тэврэлддэг бүжиг бол румба. Румба бүжиглэх үед яг л хайртай хүнтэйгээ бүжиглэж байгаа юм шиг тийм гоё мэдрэмжийг төрүүлдэг болохоор ур чадварын хувьд илүү торгон мэдрэмж шаарддаг.

Хамтрагч маань спортын хүн учраас маш сайн төвлөрч чаддаг хүн гэж хэлнэ. Төвлөрөл бол бүжгийн спортод маш чухал. Хэр хэмжээний төвлөрөлтэй байна төдий чинээ сайн үзүүлбэрүүд үзүүлэх боломжтой гэж би боддог юм. Өөрөө баг ахалдаг учраас бусдадаа маш сайн зааварлаж чаддаг. Тэр ч утгаараа миний хэлж буй зүйлийг маш сайн сонсож, толгойдоо боловсруулчхаад дараа нь туршиж үздэг маш мундаг хамтрагч байгаа.
Pro Dancer Б.Алтанхөлөг: Чача бол тэсрэлт, хурд шаардсан гал шиг бүжиг

Чача бүжиг маань дөрөвний дөрөв хэмнэлтэй, бүжиглэж байгаа хүнээс илүү хурд, тэсрэлт, уян хатан байдал шаарддаг. Минутад цохилох цохилтын тоогоороо хурдан бүжгийн төрөлд тооцогддог. Нэг болон гурвын тоонд хөдөлгөөнөө барьж, хоёр эсвэл дөрвийн тоон дээр илүү их хурдыг харуулдаг гэх үү дээ. Бусад бүжгийн төрлийг бодох юм бол ямар ч баунсгүй буюу нэг түвшинд бүжиглэдэг гэдгээрээ онцлог. Хэмнэлийн хувьд “чача банн”, “чача банн”, “чача бүүн”, “чача бүүн” гэсэн хурц, хурц, огцом, огцом тэсрэлтүүдийг харуулдаг, гал шиг дүрэлзсэн бүжиг.

Миний хувьд хүн бүр бүжгийн урлагаар хичээллэх боломжтой гэж боддог. Тиймээс тухайн хүний сурах арга барил, онцлогт тохируулан илүү зөөлөн аргаар багшлах гэж хичээдэг. Хамтрагчийн маань хувьд маш хичээнгүй, дайчин зан чанартай. Долоо хоног бүрийн шинэ сорилтуудыг амжилттай даван туулахын тулд маш сайн ярилцаж, өөрөө өөртэйгөө тулж ажилласан гэж хэлмээр байна.
"Ододтой бүжиглэе" шоуны бүжгээр амьсгалсан өдөр хоногууд үзэгч та бүхэнд таалагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ирэх дугааруудад илүү олон бүжиг, илүү гайхалтай үзүүлбэрүүд биднийг хүлээж байна. “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай!