Залуусын орон зай

Хүн төрөлхтний амьдралыг өөрчилсөн анхны бүтээлүүд

М.Энхмаа2025.08.014 минут унших
Хүн төрөлхтний амьдралыг өөрчилсөн анхны бүтээлүүд - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Орой унтахаар хэвтэх үед бидний толгойд олон бодол эргэлдэж эхэлдэг шүү дээ. “Гутлыг яагаад гутал гэдэг юм бол”, “Анхны гар утсыг хэн зохион бүтээсэн бэ”, “Ажлын найман цагийг хэн санаачилсан юм бол” гэх мэт энгийн хэр нь хариулт нь төдийлөн бодогдоод байдаггүй асуултууд шөнө дөлөөр хамгийн сонирхолтой сэдэв болж хувирдаг. Яг ийм бодлоос төрсөн сониуч зангийн хүрээнд цаг хугацаагаар хамтдаа аялж, бидний амьдралыг өөрчилсөн “анхны бүхний” түүхийг мэдэж авцгаая.

Өрсөлдөөний шугам дээр төрсөн анхны гар утас

Хүн төрөлхтний амьдралыг өөрчилсөн анхны бүтээлүүд нийтлэлийн зураг

1973 оны дөрөвдүгээр сарын 3-нд Нью-Йорк хотын гудамжнаас “Motorola” компанийн инженер Мартин Купер гар утсаар анхны дуудлагаа хийснээр утасгүй холбооны шинэ эрин эхэлжээ. Тэрбээр өрсөлдөгч “Bell Labs” компанийн инженер рүү залгаж, “Би чамаас түрүүллээ” хэмээн хошигносон нь түүхэн дуудлага болон үлдсэн юм.

Тухайн үед утасгүй холбоо зөвхөн машинд суурилуулсан төхөөрөмжөөр хязгаарлагдаж байсан бол Куперын санаачилгаар хүн гартаа барьж авч явах боломжтой зөөврийн утас бий болжээ. Түүний бүтээсэн анхны гар утас болох Motorola DynaTAC 8000X нь 1.1 кг жинтэй, 30 минут яриад цэнэг нь дуусдаг бөгөөд 10 цаг цэнэглэдэг байв. 1983 онд 3995 ам.долларын үнээр худалдаанд гарсан энэхүү төхөөрөмж тухайн үеийн тансаг хэрэглээнд тооцогдож байлаа. 

Аж үйлдвэрийн хувьсгалын дараах Фордын 8 цагийн хувьсгал

Хүн төрөлхтний амьдралыг өөрчилсөн анхны бүтээлүүд нийтлэлийн зураг

Өглөөнөөс орой болтол ажилласаар ядардаг байсан үйлдвэрийн ажилчдын өдөр тутмын амьдралыг өөрчилсөн хувьсгал 1914 онд АНУ-ын Детройт хотод эхэлжээ. Тэрхүү шинэчлэлийг санаачлагч нь автомашин үйлдвэрлэгч “Ford Motor” компанийн үүсгэн байгуулагч Хенри Форд байв. Тэрбээр үйлдвэртээ өдөрт 8 цаг ажиллах соёлыг албан ёсоор нэвтрүүлж, ажилчдынхаа цалинг хоёр дахин нэмсэн нь тухайн үедээ эрс шинэчлэл байлаа. 

Ингэснээр Фордын ажилчид илүү үр бүтээлтэй ажиллах болж, амьдралын чанар нь дээшилсэн төдийгүй эдийн засгийн эргэлтийг идэвхжүүлсэн юм. Түүнчлэн 1926 онд “Ford Motor” компани долоо хоногийн ажлын өдрийг 6-аас 5 болгон бууруулж, өнөөгийн “ажлын долоо хоног” хэмээх ойлголтыг тогтоожээ. Хенри Фордын санаачилсан ажлын цагийг багасгах хөдөлгөөн улам хүч авч, 1938 онд АНУ-ын Хөдөлмөрийн тухай хуульд өдөрт 8 цаг ажиллах, долоо хоногт 40 цагаас дээш цаг ажилласан тохиолдолд нэмэлт цагийн хөлс авах заалт оруулжээ.

Дайны сүүдэрт төрсөн анхны компьютер

Хүн төрөлхтний амьдралыг өөрчилсөн анхны бүтээлүүд нийтлэлийн зураг

Өнөөгийн ухаалаг гар утаснаас хэдэн сая дахин сул хүчин чадалтай, 27 тонн жинтэй аварга төхөөрөмж 1939-1942 оны хооронд АНУ-ын армийн захиалгаар бүтээгдсэн нь хүн төрөлхтний анхны “компьютер” хэмээн тооцогддог ENIAC байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр артиллерийн сумны нисэлтийн зам (траектори)-ыг тооцоолох шаардлага тулгарсан нь тус машиныг бүтээх үндэс болжээ. 

Пенсильваны Их сургуулийн инженер Жон Маучли, физикч Преспер Эккерт нарын удирдлага дор бүтсэн уг машин 150 киловатт эрчим хүч хэрэглэдэг бөгөөд 18,000 вакум хоолойноос бүрдэж, секундэд 5,000 тооцоолол хийх чадвартай байжээ. Өрөө дүүргэх хэмжээний энэхүү машин цахим тооцооллын эрин үеийг нээсэн түүхэн явдал байлаа.

Дэлхийг сүлжилдүүлсэн анхны систем

Хүн төрөлхтний амьдралыг өөрчилсөн анхны бүтээлүүд нийтлэлийн зураг

Европын атомын судалгааны байгууллага болох “CERN”-д ажиллаж байсан Британийн физикч Тим Бернерс-Ли 1989 онд “бие биетэйгээ мэдээлэл солилцож чаддаг судлаачдын сүлжээ”-г байгуулах санаагаа дэвшүүлсэн нь өдгөө бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон “World Wide Web”-ийн эхлэл байв. Тухайн үед интернэтийг зөвхөн цэргийн болон шинжлэх ухааны сүлжээний зорилгоор ашигладаг байсан бол түүний бүтээсэн  HTTP, URL, HTML гэсэн үндсэн протоколууд нь интернэтийг олон нийт нээлттэй ашиглах боломжийг бүрдүүлж, дэлхий нийтийн мэдээлэл хуваалцах орон зайг бий болгожээ. 

Ийнхүү 1991 онд анхны вебсайтыг www.info.cern.ch домэйн нэр дээр байршуулсан бөгөөд интернэт гэж юу болох, HTML, URL, HTTP гэх мэт вебийн суурь ойлголтууд зэрэг веб хэрхэн ажилладгийг тайлбарласан хуудас байлаа. 1993 онд CERN байгууллага World Wide Web-ийн технологийг олон нийтэд үнэгүй ашиглах боломжийг нээсэн нь интернэтийг дэлхий даяар хурдацтай тархахад шийдвэрлэх нөлөө үзүүлжээ.

Райтын ах дүүсийн 12 секундийн нислэг

Хүн төрөлхтний амьдралыг өөрчилсөн анхны бүтээлүүд нийтлэлийн зураг

Хүн төрөлхтний олон зуун жилийн мөрөөдөл биеллээ олсон өдөр болох 1903 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр АНУ-ын Орвилл, Вилбур Райт хэмээх ах дүүс анхны удирдлагатай, хөдөлгүүртэй нисэх онгоц “Flyer”-ээ амжилттай агаарт хөөргөсөн түүхэн мөчөө тэмдэглэжээ. Тухайн нислэг ердөө 12 секундийн турш үргэлжилж, 37 метрийн зайг туулсан ч энэхүү түүхэн мөч хүн төрөлхтөн сансар огторгуйд нисэх боломжтойг баталсан анхны баримт болсон юм.

Райтын ах дүүсийн энэхүү эгэл боловч эрс шийдвэртэй алхам нь орчин үеийн агаарын тээврийн салбарын эхлэл болж, өнөөдөр дэлхий дахиныг холбосон нисэх онгоцны замыг тавьсан билээ.

Өдөр тутмын ариун цэврийг өөрчилсөн металл тюбний нууц

Хүн төрөлхтний амьдралыг өөрчилсөн анхны бүтээлүүд нийтлэлийн зураг

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон шүдний оо 19 дүгээр зууны сүүлчээр орчин үеийн хэлбэрээ олж, ахуйн ариун цэврийг шинэ шатанд хүргэжээ. Тухайлбал, 1873 онд АНУ-ын Colgate компани анх удаа үйлдвэрлэлийн аргаар шүдний оо бүтээж,                                                                                                                                                                                                                                        нь шүд арчилгааны түүхэнд шинэ хуудас нээсэн хэрэг байв. 

Харин 1896 онд эмийн тосонд ашигладаг байсан металл тюбийг шүдний оонд нэвтрүүлснээр бүтээгдэхүүнийг илүү цэвэрхэн, зөөврийн, хялбар болгож, өдөр тутмын ариун цэврийн салшгүй хэрэглээ болоход чухал дэвшил болсон юм.

Төгсгөл гэхээсээ илүү асуултын эхлэл

Эдгээр түүхүүд бол хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэрэгцээнээс үүдэж, олон мянган жилийн турш туршилт, ололт амжилт, тэсвэр тэвчээр дээр суурилсан агуу нээлтүүдийн нэгээхэн хэсэг юм. Шөнийн цагаар бидэнд төрдөг “яагаад” гэх асуултууд бол бидний сэтгэн бодох чадвар, сониуч зангийн илэрхийлэл билээ. Иймд дараагийн удаа ямар нэгэн зүйлийн тухай мэдэхийг хүсвэл сониуч зангаа дэмжээрэй. Магадгүй тэр асуулт таны цоо шинэ бүтээлч санаа, бүр шинэ нээлтэд ч хүргэж мэдэх юм шүү.

Холбоотой нийтлэлүүд