Залуусын орон зай

2024 оны онцлох уран зохиолын НОМУУД

Х.Умаахан2024.12.275 минут унших
2024 оны онцлох уран зохиолын НОМУУД - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Заавал унших ном гэж байдаггүй. Зөнгөөрөө уншигддаг ном л гэж бий. 2024 он зохиолч, хэвлэн нийтлэгчид, уншигчдын хувьд олз омог дүүрэн он жил болж өнгөрлөө. Уншигчдын оюун сэтгэлийн цангааг тайлах мэдлэг, мэдээлэл олгох номуудаар тасарсангүй. Ингээд улиран одож буй 2024 онд хэвлэлтээс гарч уншигчдад хүрсэн ОНЦЛОХ уран зохиолын номуудыг Posted.mn танилцуулж байна.

ҮРГЭЛЖИЛСЭН ҮГИЙН НОМ

Ч.ГАЛСАН “ХӨХ ТЭНГЭР СОНСОЖ БАЙ” 

2024 оны онцлох уран зохиолын НОМУУД нийтлэлийн зураг

Герман хэлээр 1988 онд бичиж, 1997 онд “Der blaue Himmel” нэрээр хэвлэгдсэн “Хөх тэнгэр сонсож бай” романыг энэ жил “Ножо” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан билээ. Уг романы тухай Шпийгель (Толь) сэтгүүлд: “Үнэр ялдам, өнгө хурц, үйл явдлаар халгим цалгим байна. Хэн нэгэн ид шидтэн холын холоос Германы орчин үеийн утга зохиол руу цоо шинэ салхи илгээсэн мэт эрч хүчтэй мэдрэмж төрүүлж байна” хэмээн бичжээ.

Энэ роман зохиолчийн хамгийн олон буюу 15 хэлээр хэвлэгдсэн бүтээл юм.

ЯРУУ НАЙРАГЧ, ЗОХИОЛЧ Г.БАРСБОЛДЫН “ХҮЛЦЭНГҮЙ 10 ДҮР”

2024 оны онцлох уран зохиолын НОМУУД нийтлэлийн зураг

Эл онд “gen z” үеийн зохиолчдоос Г.Барсболдын “Хүлцэнгүй 10 дүр” нэртэй богино өгүүллэгийн түүвэр гарсан билээ. Энэхүү бүтээлийг AUM Publishing-аас эрхлэн гаргасан ба нэр нь хүртэл “хүлцэнгүй” гэх бачуурмаар эл номд гайхмаар эргэлттэй 10 өгүүллэг бий.

ОНЦЛОХ ЯРУУ НАЙРГИЙН НОМУУД 

Б.Батрэгзэдмаа"Зөвхөн хайр"

2024 оны онцлох уран зохиолын НОМУУД нийтлэлийн зураг

Дэлхий ертөнц хайраас үүдээд, хайраар л үргэлжилнэ. Хайрыг гар дээрээ гарган ирж үзээд, олон талаас нь шинжсэн нэг л яруу найрагч бий. Өнөө бидний дунд үгүй ч гэсэн түүнийг диваажингийн хаа нэгтээ хайрын тухай шүлгээ бичиж суугаа гэдэгт итгэдэг. Тэр бол Б.Батрэгзэдмаа. 

Түүний “Зөвхөн хайр” хэмээх 300 гаруй нүүр бүхий номыг онцолж байна. Тус номыг “Улбар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан билээ. 

Ерөөс Б.Батрэгзэдмаа найрагчийг бид “хайрын доктор, профессор” хэмээн нэрийдээд, дараах шүлгүүдийг хавсаргалаа. 

ЦЭЦГЭН ЭЭМЭГ

Ээжээс минь үлдсэн энэ бөгжөөр би чамд ээмэг цохиуллаа

Би чихэнд чинь өөрөө зүүж өгье!

Ингээд чи минийх боллоо

Ээж маань бас залуу боллоо

Энэ өдрөөс эхлээд би чамайг хайрлах болно

Эхдээ зориулж чадаагүй бүхнээ би чамд зориулах болно

Нууцаар хэзээ ч битгий нулимс унагаарай

Надад хэлээрэй нулимсыг чинь арчих болно.

Оймсоо урагдсан ч бүү оёорой

Оёж суухад нь би ижийгээ

Өрөвдөж мэддэггүй байлаа

Үнсэх болно би

Үсийг чинь үргэлж илбэн хайрлана

Үүрд гил хар байдаггүй юм билээ

Эрт босож цай чанаж

Элдвийг хийж бүү санаашраарай

Энэ цагаас эхлэн би босож чамд цай чанаж өгнө.

Бүү гайх бүсгүй минь

Би эхдээ өртэй. Эмэгтэй хүнд өртэй

Би хийх ёстой бүхнийг хийх цагт нь хийгээгүй

Хөлөө жийж, чи хөнжилдөө цайгаа уу

Хүүхэд шиг чи эрхэлж

Хүссэнээ надаас нэх, би баярлах болно

Итгэхгүй байгааг чинь би харж байна

Ингэх ёстой. Чи бол миний боломж

Хөөрхий ээжийнхээ дэргэд би гял цал зогсоод

Хуучин дээлтэй эх минь

Хүүгээ харлуулчих вий гээд

Хүмүүсээс зайдуу хулмалзаж явдаг байжээ

Харин одоо минийх биш, ээж таны ээлж

Хүүхдүүд минь таныг бахархаж байх болно

Хүрэн зүрхийг нь би өөрөө хайлуулна

Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд явдаг бол

Үрийн санаа эхдээ, эхийн санаа ууланд явдаг

Үүнийг би энэ амьдралдаа өөрчлөх болно

Эмэгтэй хүн, эх хүн жаргаж болохыг

Энэ удаа би ертөнцөд бүтээж үзмээр байна

Бүсгүй минь цэцгэн ээмгээ тольдон

Бүх эмэгтэйчүүдийн өмнөөс жаргалтай дуу аял

Энэ л миний амьдрал байх болно

Эхийгээ хайрласан даа гэж би өөрийгөө аврах болно.

Чи бол миний боломж

***

Чиний нүдний зориглолд өртөж 

Чамд ялагдваас… 

Эзэмшил гэр оронд чинь дагаар орвоос 

Чи намайг аминыхаа алтан загас болгох уу

Би чиний голт судсаар гялалзтал сэлмээр…

***

Хүйтэн шөнийг хөлөөрөө тийрч, жийж 

Хөлийнхөө хуруугаар ч чимхэв 

Хар шөнийг гараараа ч базаж, атгаж 

Хаш цагаан шүдээрээ ч тасдав 

Хүнд хар шөнийг бид хоёр 

Хүний биеэрээ галдав

“ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ХҮМҮҮСИЙН ДУНДАХ АРИУН ӨДРҮҮД”
2024 оны онцлох уран зохиолын НОМУУД нийтлэлийн зураг

Бид яван явсаар чин шударга болоод, үнэний өмнө л шүүлтэд орох болов уу. Худал хуурмаг хийгээд үнэний замаар явсан ч ийнхүү бид нэгэн замын төгсгөлд уулзалдах болно. Тэгвэл яруу найрагч Т.Амар-Амгалангийн энэ онд гарсан “Эрээ цээргүй хүмүүсийн дундах ариун өдрүүд” болон “Хуучин байшингийн үг” гэх хоёр номд ердөөсөө үнэний тухай “хэрцгий” гэж хэлж болохуйц шүлгүүд багтсан буй. “Эрээ цээргүй хүмүүсийн дундах ариун өдрүүд” номын 57 дугаар хуудаст:

Хосын жор үзэж буй эхнэрээ өрөвднөм

Хорь дахь өгүүлбэр дээр надад зориулж дууг нь нэмнэм

Хоёулаа биеэ яаж хайрлахаа хүмүүсээс сурч аваад

Хоолоо чи хийж гар дээрээ би суниах уу... гэж эхлэх эл шүлгийн төгсгөл нь

...Наран жаргаж үнэгэн харанхуй байхуу цай руу унаж байна

Намайг үргэлж тэтгэсэн чиний инээмсэглэл унтарч байна хэмээжээ.

Эл шүлгийн ном тэр чигтээ ийм харгис гэж хэлж болно. Аливаа зүйлийг бичихдээ ямар ч өршөөл нигүүлсэлгүйгээр одоо салбал салъя, үхвэл үх гэж хэлсэнтэй агаар нэг буйд учир байна.

Т.Амар-Амгалангийн шүлгийг уянгын гэж хүмүүс тодорхойлох хэдий ч эл номд тийм зүйл байхгүй. 32 дугаар хуудаст байх нэргүй нэгэн шүлгийн дунд

...Ажлын газрын хүүхний нөхөр нь нүүрсний тэрэг барьдаг

“Алс дорнод хязгаарт хүүхнүүд нь алтан бэлхүүстэй болов уу хэмээн

Амсхийх зууртаа тэр асуух шиг гунигтай нүдээр хөцтэй шөлөө ширтэнэ

Амьдрал хэтдээ зэрэглээн дундаас ус хүртэх үйл явц...” ийм мөртүүд бий. Эднийг яавч уянгын гэж хэлж болохгүй. Нийгмийн болоод улс эх орны нөхцөл байдлыг гярхай олж харсан нь энэ. Үүнээс ч гадна Орос, Украины дайн зэргийг хавчуулсан мөртүүд өөр нэгэн шүлэгт нь байдаг даа.

Хувь хүний өр зөөлөн байдал зэргээс нь ангид ийм хэрцгий ном гэдгийг нотлоод “Охиндоо” гэсэн шүлгийг нь мөн хавсаргалаа. 

Охиндоо

Улиглан дуулах,

Үглэн тарчлаах,

Үгээ залгих

Үсээ зулгаах

-хүсэл алга

Эцэгт чинь!

Үр боловсорч,

Үр болох цагт

Үр чинь байх

Өгөөмөр нүгэл л

Өөртөө зэхсэн.

Тийм урхи

Тавьсан гэж саналгүй

Тайван,

Тайвуухан алхах

“САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД”
2024 оны онцлох уран зохиолын НОМУУД нийтлэлийн зураг

Нэг шүлгийн түүврээс нэг л сайн шүлэг байх үе бий. Тэр нэг сайн шүлэгт нэг сайн мөр байх ч тохиолдол байдаг. Гэтэл яруу найрагч Ц.Буянзаяагийн “Сайхны тухай санаанууд” шүлгийн түүвэр тэр чигтээ боловсорч дууссан “тоор” л гэсэн үг. Өөр зүйлээр зүйрлэвэл “цул алт” гэмээр юм уу даа.  "Сайхны тухай санаанууд" түүврийн захын шүлэг л сайханд, магад сайхны сайханд багтана. Таашааж, жаргаж, бүүвэйлэгдэж, нэг нэгээр нь унших шүлгүүд юм.

*  *  *

Өөрийнхөө хэтэвчийг гээчхээд харамсаж явсан харамсал минь

Өөр хэн нэгний хэтэвчийг олчхоод баясаж явсан баясалд минь эдгээгүй.

Гэм хийчихсэн мэт санагдах тэр олзондоо

Гэмшиж явсан зовнил минь гээсэн харууслаас ч түүртэй.

Хэн нэгэнд алдсан итгэл минь гунигийн будан аюулхайд үүсгэвч

Хэн нэгний өгсөн итгэлд зуурхан төдийд сарнидаг.

Алдах, гээхийн зовнил өөр өөр өнгөтэй байдаг хэдий ч

Аз жаргал гээч түүнээс олон өнгөтэй нь талархалтай.

Олох, алдахын дэнс тэс ондоо зүг рүү чиглэдэг ч гэлээ

Орчлонгийн бүх зүйл сэтгэлийн гүнд уяатай байдаг нь гайхалтай.

ОРЧУУЛГЫН БҮТЭЭЛ 

СТИВЕН КИНГ “БИЧИХҮЙН ТУХАЙ”
2024 оны онцлох уран зохиолын НОМУУД нийтлэлийн зураг

Америкийн алдарт зохиолч Стивен Кингийн "Бичихүйн тухай" туурвилчийн намтрыг "Тагтаа" хэвлэлийн газрын орчуулагч Б.Баясгалан орчуулан уншигчдадаа хүргэсэн билээ. Хэрвээ танд юм бичих хүсэл сонирхол төрдөг бол ширээний номоо болгоход тун буруудахгүй болов уу. Осолд орсон дараагаа бүрэн эдгээгүй байхдаа ч шүд зуун бичгийн ширээнийхээ ард сууж байсан түүхийг та унших болно. 

  1. Зохиолч болъё гэвэл бүхнээс урьтан хоёр л үйлийг тултал нь хий: маш их унш, маш их бич. Энэ хоёрыг тойрч гарах дөт зам гэж үгүй…
  2. Бичнэ гэдэг бол мөнгө төгрөгтэй болох, нэр хүнд олох, хайр дурлалд одтой байх, хормойн явдалд олзтой байх, найз нөхөд олонтой явахын төлөө хийдэг үйл огтоос биш. Эцсийн эцэст энэ бол бүтээлийг чинь уншиж буй хүн бүрийн, бас өөрийнхөө ч амьдралыг баялаг болгохын нэр. Энэ бол хөл дээрээ дахин босож ирж, ямар ч хэцүүг даван гарч чадахын нэр. Улам аз жаргалтай болохын нэр юм.

САЛМАН РУШДИ “ХУТГА”
2024 оны онцлох уран зохиолын НОМУУД нийтлэлийн зураг

Зохиолч Салман Рушди түүний амьдралыг орвонгоор нь эргүүлж, баруун нүдийг нь үүрд авч одсон хар өдрийн тухай, тайзан дээр гүйн гарч ирээд ямар ч үгийн сөхөөгүй олон удаа хутгалсан халдагчийн талаар, өөрийнхөө өнгөрсөн амьдрал, уран бүтээлийн замналын тухай ном бичихээр шийдсэн нь "Хутга" бүтээл юм. Зүгээр л ном бичсэнийхээ төлөө цаазын ял тулгуулж, бүхэл бүтэн шашны дэмжигчдийн заналхийлэлд өртөж бүр 10 гаруй хутгалуулсан бол та бичгийн ширээндээ сууж чадах байсан уу? 

Энэхүү бүтээлийг "Болор судар" хэвлэлийн газраас эрхлэн гаргасан билээ. 

1.Хэл ч бас хутга. Хорвоо ертөнцийг зүсэж, утга учир, дотоод ажиллагаа, нууцас, үнэнийг нь илрүүлэх чадвартай. Хэл нэг бодит ахуйг зүсэж нөгөөг дундуур нь шургуулдаг. Хогон мууг дуудаж, хүмүүсийн нүдийг нээж, гоё сайхныг ч бүтээж чадна. Хэл бол миний хутга.

МҮРАКАМИ “ГҮЙЛТИЙН ТАЛААР ХӨӨРӨЛДӨХӨД МИНИЙ ХЭЛЭХ ҮГ”
2024 оны онцлох уран зохиолын НОМУУД нийтлэлийн зураг

Мүракамигийн “Гүйлтийн талаар хөөрөлдөхөд миний хэлэх үг” болоод дээр дурдсан номуудыг ихэнх хүн уран зохиолын бус ном хэмээж буй. Зүгээр л нэг өөрт тохиолдсон сонин хачирхалтай зүйлсийг бичсэн мэт ойлгох нь өрөөсгөл билээ. Бичих, бичигсдийн туршлага ур чадвар, үзэл бодол үнэт зүйлсийг ердөөсөө л эл номуудаас харж болох юм. Эл ном хэвлэгдээд удаагүй тул уншигчдад орон зайг үлдээе гэж бодлоо. Мөн эл номоос өөрийн түүсэн цөөхөн эшлэлүүдээ хавсаргалаа. 

  1. Өчигдрийнхөө “би”-г өнөөдөр бага зэрэг давах л. Холын зайд гүйж байхад ялах ёстой хүн байна гэвэл тэр нь өчигдрийн би, тэр л илүү чухал. 
  2. Нас ахина гэдэг төрснөөсөө хойш анх удаа туулж буй туршлага юм. 
  3. Сэтгэлээсээ авсан амьд шарх гэдэг хүний ийм биеэ даахуйг энэ хорвоод төлөхгүй бол болохгүй төлөөс билээ. 
  4. Бүгдэд нь сайхан царайлж чадахгүй. Ерөнхийд нь хэлбэл ийм л. 
  5. Сургуульд бид суралцах ёстой илүү чухал зүйл бол чухал зүйлийг сургуульд сурдаггүй гэх бодит үнэн.

Эдгээр номуудаас гадна Хан Ганы “Цагаан хоолтон”, “Хөвгүүн ирлээ” зэрэг номуудыг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ жилийн Нобелийн шагнал хүртсэн зохиолчийн бүтээлүүд шүү дээ. Гэхдээ бид өмнө нь “Гавьяат Нобельтон Хан Ган” нийтлэлээрээ хүргэсэн тул та дараах холбоос дээр дарж орон https://posted.mn/posts/p13bgp/ танилцана уу. Мөн энэ оны төгсгөлд хэвлэгдсэн Д.Цахилгааны орчуулсан Данте Алигьерийн “Тэнгэрлэг туульс” номыг онцолж болно.

Ийнхүү бид энэ онд гарсан уран зохиолтой холбоотой онцлох номуудыг уншигч танаа хүргэлээ. Бидний бичвэр хайрын тухай номоор эхэлсэн шиг эрхэм уншигч таныг ч гэсэн 2025 оноо хайраар дүүрэн эхлүүлнэ хэмээн найдаж байна. Энэхүү номууд нь Монголын утга зохиолын салбарын энэ онд гарсан номуудыг бүрэн төлөөлж үл чадах бөгөөд зөвхөн нэг хүний сонголт гэдгийг ойлгоно буй за. 

Холбоотой нийтлэлүүд