Залуусын орон зай

Төгсөлтийн баяр: Монгол vs Гадаад – Хэн их зарцуулдаг вэ? 

Б.Намуун2025.06.102 минут унших
Төгсөлтийн баяр: Монгол vs Гадаад – Хэн их зарцуулдаг вэ?  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Төгсөлтийн баяр бол оюутны амьдралын сүүлийн хуудас, шинэ амьдралын эхлэл. Хонхны баярыг олон хүн хүсэн хүлээдэг ч өнөөдөр энэ баяр зарим төгсөгчдийн хувьд хэт зардал өндөрт тооцогдох болжээ. Харин дэлхийн өөр улс оронд энэ баярыг хэрхэн, ямар хэмжээнд тэмдэглэдэг бол? Монголын болон Хятадын их сургуулийн нэг нэг төгсөгчийн түүхээр дамжуулан зардал, хандлагын ялгааг тольдъё. 

🎓 Хятадын Геологийн их сургуулийн төгсөгч Г.Өглөөнтуяа: Сургуулийн зүгээс бүхнийг бэлдсэн учраас би бараг мөнгө зарцуулаагүй 

“Би 2024 онд Хятадад их сургуулиа төгссөн. 6,800 гаруй оюутан төгссөний 4,000 гаруй нь бакалавр байсан. Том сургууль учраас төгсөлтийн баяр маань нэлээд нүсэр болж байлаа. Дипломоо авсны орой коллеж коллежоороо баярын хурал хийж, шилдэг оюутнаа тодруулж баяр хүргэж байсан.  

Монголоос ялгаатай нь багш, оюутнуудаараа ресторанд орж тэмдэглэдэггүй. Бүх зүйл цаанаасаа төсөвлөгдсөн байдаг. Төгсөлтийн хувцсыг ч сургуулиас төлбөрийг нь төлж, оюутнууддаа бэлэглэж байсан. Монтаж ч сургуулиас хийж өгсөн.” 

🎓 МУИС-ийн төгсөх курсийн оюутан: Нийтдээ 1 сая 400 мянган төгрөгийн зардал гарч байна 

Төгсөлтийн багц үйлчилгээ ангиараа авсан. Үүнд, монтаж, төгсөлтийн үдэшлэг зэрэг багтаад 410,000 төгрөг болсон. Мөн дипломын хавтас, хувцасны түрээс зэрэгт 100,000 орчим төгрөг тушаахаар байна.  

Түүнчлэн тэр өдрийн үс засалт, нүүр будалтад дунджаар 150,000 төгрөг. Өмсөх дээл 280,000, өндөр өсгийт 120,000, даашинз 100,000 төгрөг болохоор байна. Төгсөлтийн дараа ангиараа зугаалгаар явахад 250,000 орчим төгрөг болох юм билээ. Мөн диплом удирдагч багшид нэг хүний 100,000-аар нийлж, бэлэг бэлдэнэ гэсэн. Ингээд нийт миний хонхны баярын зардал 1,510,000 төгрөг болж байна.  

Зардлын харьцуулалтыг тоогоор илэрхийлбэл 

Зардлын төрөл Монгол  Хятад  
Төгсөлтийн хувцас 100,000₮ (түрээс) 0₮ (сургуулиас бэлэглэсэн) 
Дээл/Даашинз 280,000₮ + 100,000₮ 0₮  
Өндөр өсгийт 120,000₮ 0₮  
Гоо сайхан 150,000₮ 0₮ 
Монтаж, үдэшлэг 410,000₮ 0₮ (сургуулиас хийсэн) 
Багшид өгөх бэлэг100,000₮0₮
Бусад (зугаалга гэх мэт) 250,000₮ 0₮ (хийгээгүй) 
Нийт зардал 1,510,000₮ 0₮  

Дэлхийн улс орнуудын төгсөлтийн баярын уламжлал ба зардал 

Япон: Соёлын бүжигтэй даруухан баяр 

Японы сургуулиуд төгсөлтийн баярыг цэгцтэй хөтөлбөрийн дагуу зохион байгуулдаг. Эцэг эхийн өмнө дуу дуулж, марш тоглож, соёлын бүжиг хийдэг бөгөөд баярын зардлын дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ч харьцангуй бага байдаг гэнэ. 

Уганда: Тогтсон хураамжтай баяр 

Угандагийн Макэрэрэ их сургуульд төгсөлтийн баярын хураамж нь 208,000 уганда шиллинг (~150,000₮) бөгөөд диплом, ёслолын хувцас зэрэг ордог. Хувийн баярын зардал нэмэгдэж болох ч үндсэн зардал тогтмол байдаг аж. 

Вьетнам: Сургуулиудын ялгаатай хураамж 

Вьетнамд төгсөлтийн хураамж сургууль бүрд өөр. Зарим нь ердөө 90,000 VND (~13,000 төг), харин зарим нь 4.6 сая VND (~660,000 төг) хураамж авдаг. 

Кени: Төгсөлтийн тансаг баяр 

Кенид нийгмийн хүлээлт, гэр бүлийн шахалтаас үүдэн төгсөлтийн баяр нь нэлээд тансаг, өндөр зардалтай болох нь бий. Зарим их сургуулийн төгсөгчид 200,000 Кени шиллинг (~1.5 сая төг) зарцуулдаг. 

Төгсөлтийн баяр бол зөвхөн зураг авхуулж, гоё даашинз өмсөх төдий зүйл биш. Энэ бол залуу хүний амьдралын нэгэн чухал үе шатыг дуусгаж, дараагийн алхам руу зоригтой тэмүүлэх мөч. Дэлхийн улс орнуудын жишээнээс харахад баярын үнэ цэн зардал дээр бус, хэрхэн дурсамжтай, хүндэтгэлтэй тэмдэглэснээр хэмжигддэг аж.  

Хятадад их сургуулиа төгссөн төгсөгчийн ярианаас хонхны баярыг сургуулийн зүгээс бүрэн зохион байгуулж, оюутнуудад эдийн засгийн дарамт үүсэхгүй байхад анхаардаг бол, Японд чимээгүй, дэг журамтай ёслолоор дамжуулан амьдралынхаа шинэ шат руу гэгээлэг хандлагатай орж байна. Харин манай улсад энэ баяр нийгмийн сэтгэл зүй, хүлээлттэй уялдан илүү зардалтай, ачаалалтай болчхоод байна. Тиймээс “Хонхны баяр” хэмээх энэ дурсамжит өдрийг мөнгөний хэмжүүрээр бус, хамтдаа туулсан жилүүд, хичээл зүтгэл, амьдралын шинэ эхлэлийн утгаар нь дурсах сэтгэлтэй байгаасай. Үзэсгэлэнтэй дурсамж заавал өндөр өртөгтэй байх албагүй шүү дээ. 

Холбоотой нийтлэлүүд