“Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр” сэдэвт шуудангийн марк худалдаанд гарлаа


Хэнд ч харагддаггүй бас өөрчлөгддөггүй заяагдмал үнэт зүйл бол нэр төр юм. Нэр төр хэмээх үл үзэгдэгч “титэм” нь хүн бүрийн тэргүүн дээр хаана төрсөн, яаж харагддаг, хэдэн настай, хэн байхаас үл хамааран ижил үнэ цэнтэйгээр оршиж байдаг. “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийг сурталчлан таниулж, нэр төрийн үнэ цэнийг түгээн дэлгэрүүлж буй “Global Dignity Day Mongolia”-гаас нэр төрийг илэрхийлсэн шинэ маркийг хэвлүүлэн гаргаж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаа хоёрдугаар сарын 10-ны өдөр Төв шуудангийн үйлчилгээний “А” зааланд боллоо. Тус маркийн загварыг 2024 оны Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх аяны сайн дурын ажилтан Г.Данзанбазар зохион бүтээсэн байна. Энэхүү шуудангийн маркийг 24,000 ширхэг хэвлэсэн бөгөөд дахин хэвлэгдэхгүй гэдгээрээ онцгой аж.

“Марк бол нэг талаасаа тэмдэглэлт ой, түүхэн онцлох үйл явдлыг тусган үлдээдэг баримтат түүх”
Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн
“Марк бол нэг талаасаа тэмдэглэлт ой, түүхэн онцлох үйл явдлыг тусган үлдээдэг баримтат түүх. Нөгөө талаасаа шуудангийн төлбөр төлөгдсөнийг илэрхийлсэн үнэ бүхий тэмдэгт юм. Монгол шуудангийн хувьд 1,000 гаруй сэдвийн 4,000 гаруй маркийг өнгөрсөн 100 жилийн хугацаанд гаргаж байсан бол өнөөдөр дахин нэг шинэ маркаа өлгийдөн авч гүйлгээнд гаргаж байна.
Монгол шуудан ХК нь жилдээ 20 орчим сэдвийн марк гаргадаг. Үүнд нөөц сэдэв гэж бий. Өмнө нь Ерөнхий сайд Монгол Шуудангийн маркийн хоёр жилийн сэдвийг баталдаг байсан бол одоо харьяа яамтай болсноор Сайд маркийн сэдвийг баталж байна. Энэ жилийн маркийн сэдэвт “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх” сэдвийг тусгах саналыг Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг захирал дэвшүүлсэн. Үүний үндсэн дээр “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр” сэдэвт маркийг түүхийн онцлох үйл явдлыг илтгэх, тодорхой шаардлагуудыг хангасны үндсэн дээр хамтран гаргаж байна.

Марк нь үнэ бүхий тэмдэгт учраас дэлхий дээр дөрвөн том байгууллага хэвлэдэг. Бид Францын “Cartor Security Printing” гэх байгууллагад энэхүү маркийг хоёр сарын хугацаанд хэвлүүлсэн байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сард “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлснээс хойш таван сарын хугацаанд энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлж, өнөөдөр олон нийтэд хүргэж байна.”
“Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийг анх 2006 онд “Дэлхийн эдийн засгийн форум”-д гурван залуу лидер болох Норвегийн ханхүү Хакоон, “The Hope Foundation”-ий үүсгэн байгуулагч Жон Браянт, зохиолч, гүн ухаантан Пекка Химанен нар тунхаглан санаачилсан байдаг. Үүнийг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэх, хүн бүр өөрийн гэсэн нэр төр, эрхэм чанартай гэдгийг ойлгуулах санаачилгыг 2009 онд “Дэлхийн эдийн засгийн форум”-ын дэргэдэх “Дэлхийн залуу манлайлагч” (Young Global Leader), “Global Dignity” Олон Улсын байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганхуяг гаргасан байдаг.

“Дэлхийн өнцөг булан бүрд нэр төрөө эрхэмлэх ойлголтыг хүргэх гэж байгаад баяртай байна”
Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга, “Global Dignity” Олон Улсын байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганхуяг “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр” сэдэвт маркийн нээлтийн үйл ажиллагааг нээн “2009 оноос хойш өрнүүлсэн хөдөлгөөнийг дэмжиж, нэр төрөө эрхэмлэх ойлголтыг Монгол шуудангийн энэхүү маркаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрд хүргэх гэж байгаад баяртай байна. Миний хүү Г.Данзанбазар 2024 оны Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх аяны сайн дурын ажилтнаар “ЦойлогсоZ” залуусын нэгдэлд ажиллаж байх хугацаандаа энэхүү маркийн загварыг зохион бүтээсэн. Дэлхийн хүн амын төлөөллийг зурагт буй таван хүнээр төлөөлүүлэн хүн бүр гарал үүслээсээ үл хамааран харц шулуун, нуруу цэх, нэр төртэй байдаг гэдгийг харуулахыг зорьсон.
Монголд нэр төрөө эрхэмлэх ойлголтыг эрт цагаас “ноён нуруу”-тай холбон тайлбарладаг. Тиймээс ч бидний өвөг дээдэс “Нэр хугарахаар яс хугар” гэж сургамжилдаг байсан учир хэнтэй ч харьцсан нуруу цэх, харц шулуун яриа өрнүүлж, үнэт зүйл, үүсэл гарлаа ямагт санадаг байх нь чухал гэдгийг энэхүү маркаараа дамжуулан уламжлахыг зорьсон юм. Өнөөгийн нийгэмд бид ямар ч хэцүү нөхцөл байдалд орсон үзэл бодол, гарал үүсэл, өвөг дээдсийнхээ хийсэн үйлсийг ямагт санаж, явахыг бэлгэдэн үндсэн сууриа хөх тэнгэрийн өнгөөр дүрсэлсэн” хэмээн ярилаа.
“Global Dignity Mongolia” нь 2024 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нэр төрийн тухай ойлголтыг түгээн дэлгэрүүлэх 150 гаруй амбан сайд, чиглүүлэгч оюутныг бэлтгэн, Нийслэлийн 30 гаруй Ерөнхий Боловсролын Сургуулийн 10,000 гаруй сурагчдад нэр төрөө эрхэмлэдэг, бусдын нэр төрийг хүндэлдэг нэр төртэй иргэн байхын утга учгийг таниулан, олон нийтийн сүлжээгээр дамжуулан 1,000,000 гаруй хүнд хүрч ажилласан байна.
“Нэр төр бол бидний нүдэнд үзэгдэхгүй ч цаг үргэлж дагаж ирсэн заяагдмал үнэт зүйл”
“Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр” сэдэвт маркийн загварыг гаргасан 2024 оны Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх аяны сайн дурын ажилтан Г.Данзанбазар

“Миний хувьд энэ жил анх удаагаа энэхүү аяныг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй “ЦойлогсоZ” залуусын коммьюнитигийн хамт олны нэг болон “Global Dignity Mongolia”-ийн ажилд сайн дурын ажилтнаар гар бие оролцож, Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдад нэр төрөө эрхэмлэх тухай сургалт хүртэл орсон. Энэхүү “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр” сэдэвт маркийн санааг олж, загвар гаргахад долоо хоногийн хугацааг зарцуулсан. Мэдээж баг хамт олны минь дэмжлэг, заавар зөвлөгөө надад зөв чиглүүлэг өгч байсан болохоор бүтээл маань өнөөдөр марк болон хэвлэлтэд гарч байна. Миний хувьд энэхүү бүтээлээрээ дамжуулан “Нэр төр бол бидний нүдэнд үзэгдэхгүй ч цаг үргэлж дагаж ирсэн заяагдмал үнэт зүйл” гэдгийг онцлохыг зорьсон. Мөн маркийн загварт усан цэнхэр өнгөөр бидний хаана төрсөн, хэн байхаас үл хамааран хүн бүрийн үзэл бодол үнэ цэнтэй болохыг харуулсан бол санаа бодлоо зоримог илэрхийлж, бусдын болоод өөрийн оршихуйг хүндлэх нь нэр төрөө тунхаглаж, хамтдаа хүчирхэг байхын илрэл гэдгийг таниулахыг хичээсэн.”